| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 182/2023/04739/И |
| Дугаар | 210/МА2024/00937 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2024/00937
2024 05 03 210/МА2024/00937
Т банк ХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/01114 дугаар шийдвэртэй,
Т банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Э, Б.Э нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 21,360,520 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Д.Э, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Б.Этай 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 17,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, нэг сарын 2.1 хүүтэй зээл олгохоор тохиролцсон.
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Т банк ХК болон Б.Э нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Б.Э-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, Туулын 13 гудамж ***** тоот хаягт орших 91 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт орших **** м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалсан барьцааны гэрээ байгуулагдсан.
1.2. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,573,628 төгрөг, хүү 5,110,288 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 256,702 төгрөг тус тус төлсөн. Гэрээний хугацаа 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр дууссан.
Иймд хариуцагч нараас үндсэн зээл 10,426,371 төгрөг, зээлийн хүү 9,739,544 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,177,605 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, нийт 21,360,520 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:
Миний бие өөрийн дүү Б.Э-ийн хувийн сууцыг барьцаалан 2018 онд Т банк ХК-аас хэрэглээний зээл авсан. Энэ зээлийг өөрийн найз Ү.Хүрэлтулгын хүсэлтээр түүнд өгсөн боловч тэрээр зээлээ төлөөгүй байдал үүссэн. Тухайн үед миний бие зээлийн төлбөртэй, найдваргүй зээлдэгчийн бүртгэлтэй байхад Т банк ХК-аас зээлийг сайтар судлаагүй зээл олгосонд гомдолтой байна.
Иймд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжилсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй, барьцааны гэрээний тухайд тайлбаргүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Э-аас үндсэн зээл 10,426,371 төгрөг, хүү 3,937,568 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,649 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, нийт 14,399,588 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүү, нэмэгдүүлсэн хүү 6,960,932 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Э шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Б.Э-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ***** дугаар хороо, Туулын 10 гудамж, ******тоотод байрлах 91 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-******дугаарт бүртгэлтэй, хувийн сууц, мөн хаягт бүртгэлтэй 449 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн Г-***** дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 336,627 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Э, Б.Э нараас 229,948 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т банк ХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:
Учир нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасны дагуу гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд зээлийг төлж дуусах хүртэл хугацаанд зээлдэгч үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
4.2. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай тогтоолд ...үндсэн хүү гэж зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр буюу зээлийн үнийг хэлнэ гэж, ...зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэж, ...нэмэгдүүлсэн хүү гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ гэж тус тус тайлбарлажээ. Мөн Т банк ХК нь зээлдэгч Б.Этай байгуулсан зээлийн гэрээний хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн графикийг талууд харилцан тохиролцсон бөгөөд тухайн график зөрчигдсөн буюу графикийн дагуу cap бүр зээлээ төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэл үүсэн гэж тохиролцсон.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:
2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэмэгдүүлсэн хүү тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний 6.1.1-д ...зээл, хүүгийн төлбөр бодогдсон бол нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар буюу гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн биелэгдсэнээр гэрээ дуусгавар болно гэж заасан. Харин гэрээ дуусах цаг хугацааг заагаагүй бөгөөд гэрээний хугацаа дууссан байхад нэмэлт гэрээ хийх байсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Т банк ХК нь хариуцагч Б.Э, Б.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,360,520 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Т банк ХК нь Б.Э-тай 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 17,000,000 төгрөгийг сарын 2.1 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлэх, зээлдэгч нь зээлийг зээлийн хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 7-8/
3.1. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Б.Энхгэрэлээс Б.Эт 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр олгосон итгэмжлэлийг үндэслэн талууд мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, Б.Э-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, Туулын 13 гудамж, ******* тоотод байрлалтай, 91 м.кв талбайтай, 6 өрөө хувийн сууцы зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлалтай, 449 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх 57-61/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн болон барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
3.2. Зээлдүүлэгч Т банк ХК нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр зээлдэгч Б.Э-ын эзэмшлийн Төрийн банк дахь ******* тоот данс руу 17,000,000 төгрөгийг шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн нь зээлийн дансны хуулгаар тогтоогдсон бөгөөд хариуцагч энэ талаар маргахгүй байна. /хх19-22/
3.3. Хариуцагч Б.Э-аас зээлийн төлбөрт 6,573,628 төгрөг, зээлийн хүүнд 5,110,288 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 256,702 төгрөг, нийт 11,940,618 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгтээр тус тус нотлогдсон. /хх 64-65, 11-18/
3.4. Хэргийн баримтаас үзвэл гэрээний хугацаа 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дуусахад хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зээлийн буцаан төлөөгүй байхаас гадна зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн буруутай байна. Улмаар нхэмжлэгч Т банк ХК-аас 2020 оны 06 дугаар сарын 25, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрүүдэд өр төлбөрийн зөрчил арилгах талаар хариуцагчаас шаардаж мэдэгдэл хүргүүлж байсан. /хх 17-19/
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх ёстой гэж тайлбарлажээ.
4.1. Анхан шатны шүүх талууд гэрээний хугацааг сунгах талаар бичгээр гэрээ байгуулаагүй тул хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардахгүй гэж дүгнэн, нэхэмжлэлээс 6,960,932 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсныг давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар алдааг залруулна.
4.2. Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэжээ.
Дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан зохицуулалт нь зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй бол зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд хэтэрсэн хугацааны зээлийн хүүг төлнө, энэхүү хүү нь гэрээгээр тохирсон үндсэн зээлийн хүүнээс хэтрэхгүй байхаар талууд тохиролцож болно гэсэн агуулгатай байна.
4.3. Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхээс үл хамааран хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэж зохицуулсан.
Иймд хариуцагч Б.Э нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,426,371 төгрөг, зээлийн хүү 9,739,544 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,177,605 төгрөг, нийт 21,360,520 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангав.
5. Мөн шүүх нэхэмжлэгчийн нотариатчийн зардалд төлсөн 17,000 төгрөгийг хариуцагч Б.Эаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь оновчгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 гэж гэсэн хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
6. Харин анхан шатны шүүх барьцааны гэрээ, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Б.Эаас төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Б.Э-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ******дугаар хороо, Туулын 13 гудамж, ******* тоотод байрлалтай, 91 м.кв талбайтай, 6 өрөө хувийн сууцы зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Г-**********- дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлалтай, 449 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Э-аас 21,360,520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХК-д олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/01114 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Эаас зээлийн гэрээний үүрэгт 21,360,520 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т банк ХК-д олгосугай. гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтын ...229,948 гэснийг ...264,753 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 126,324 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ