Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00935

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 03 210/МА2024/00935

 

 

Д.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2024/01179 дугаар шийдвэртэй

Д.Н-ийн нэхэмжлэлтэй, О.Х-т холбогдох,

Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

О.Х-той 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, Баянголын ам гудамж хаягт байрлах *** м.кв талбайтай зуслан, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаас бусад зориулалтай газрын эрхийг худалдахаар гэрээ байгуулсан. Гэрээний 3.1-д газар эзэмших эрхээ шилжүүлэгч тал эрх хүлээн авагч талаас 450,000,000 төгрөг шилжүүлэхээр тохиролцсон.

Мөн гэрээний 3.1.1-д 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 50,000,000 төгрөг, үлдэх төлбөрийг 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төлж дуусган эзэмших эрхийн нэр шилжүүлэхээр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. Үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч худлаа хэлдэг, улмаар утсаа авахаа болиод алга болсон.

Иймд хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, цаашид биелүүлэх боломжгүй байх тул гэрээнээс татгалзаж байна гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үндэслэлгүй тул газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээнээс татгалзах тухай Д.Н-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар Д.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,407,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдсэн 2,337,750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Д.Н-т олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа гаргаагүй, мөн шүүх хуралдааныг товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан. Гэтэл шүүх хууль зөрчиж нэг талд илтэд үйлчилж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

4.2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа ...хариуцагч О.Х-оос үлдэгдэл мөнгөө олон удаа шаардсан боловч өдийг хүртэл өгөөгүй, сүүлдээ утсаа авахгүй хэл амаар доромжлох болсон тул шүүхэд хандсан гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь амаар О.Х-оос үлдэгдэл төлбөрөө нэхэж, хугацаа тогтоож байсан гэж тайлбарласан боловч шүүх үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулах болон гэрээнээс татгалзах журмыг зөрчсөн, үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэхээр байна гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгч нь маш олон удаа гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө нэхсэн ч өгөхгүй байсан тул хийсэн наймаагаа буцаах талаар хэд хэдэн удаа хэлж байсан. Мөн утсаа авахгүй алга болсон түүнийг эрэн сурвалжлуулж байж олж авсан. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан. Гэрээнээс татгалзах тухай мэдэгдэх хэлбэрийн шаардлага хуулиар тавигдаагүй, зарчмын хувьд эцсийн шинж чанартай бөгөөд болзол тавигдахгүй.

4.3. Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсгийг баримталсан. Иргэний хуулийн 221 дүгээр зүйл буюу Хүндэтгэн үзэх үндэслэлээр талууд гэрээнээс татгалзах тухай хуулийн зохицуулалт бөгөөд мөн хуулийн 221.1 дэх хэсэгт заасныг харвал ихэвчлэн урт хугацаатай гэрээнд хамаарахаар байна. Талуудын хооронд байгуулсан гэрээ нэг удаагийн шинжтэй худалдах, худалдан авах гэрээний төрөл бөгөөд үүргийг урт хугацаанд гүйцэтгэхгүй. Хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, шаардаж байсан боловч энэ нь үр дүнд хүрээгүй. Гэтэл шүүх хариуцагчийн одоогийн бодит нөхцөл байдлын талаар тайлбарласан тайлбарыг мушгин гуйвуулж буруу дүгнэсэн.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Д.Наранцэцэг нь хариуцагч О.Х-т холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах ажиллагааг хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

3.1. Учир нь нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах шаардлага гаргаж байгаа тохиолдолд үр дагаварыг хэрхэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, газрын эзэмшлийг буцаан шилжүүлэх эсхүл бусдын хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх эсэхийг тодруулах шаардлагатай байхаас гадна шүүх энэ чиг үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

3.2. Дээрх байдлаар шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах чиг үүргээ хэрэгжүүлснээр энэ талаар талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатай.

 

Иймд дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2024/01179 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ