| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0724/э |
| Дугаар | 316 |
| Огноо | 2019-04-17 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 316
2019 4 17 2019/ШЦТ/316
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
улсын яллагч М.Энхбаатар,
шүүгдэгч Ц.Б/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн холбогдох эрүүгийн 1911006190373 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
, 1967 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 31 дүгээр гудамжны 615а тоотод бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 68-32 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Ц.Бнь 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодон такси үйлчилгээнд явж байхдаа Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 27-354 тоотод хүргүүлж буухдаа машинд гээгдүүлсэн иргэн А.Уранчимэгийн Huawei P20 загварын 975.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ц.Бнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч А.Уранчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай нөхөр бид хоёр Багануураас 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хотод орж ирээд найзтайгаа уулзаад 1 шил архи хамт уусан. Тэгээд 100 айл орчимд байдаг нэг буудлаас гарах үед 22 цаг 30 минут болж байсан. Тэгээд гаднаас такси бариад Хайлааст руу явсан юм. Тэгээд очих үед би эгчийнхээ гэрийг мэдэхгүй байсан учраас таксины жолоочид гар утсаа өгч эгчтэй яриулсан. Тэгээд жолооч надад манай эгчтэй ярьж дуусаад миний гар утсыг өгсөн юм. Тэгээд манай нөхөр тасраад уначихсан байсан. Би нөхрөө таксинд үлдээгээд эгчийндээ ороод эгчийгээ дагуулж гарч ирээд нөхрөө авч гэрт нь оруулсан юм. Тэгээд тэр жолооч нь таксины мөнгө чинь 7000 төгрөг болсон байна гэж хэлээд эгчийнд орж ирсэн юм. Тэгээд манай дүү хашаанаас жолоочийг гаргаж өгсөн юм. 20-30 минутын дараа утсаа санаад цүнхээ ухсан чинь байхгүй байсан. Тэгээд манай эгч миний утас руу залгахад эхний удаа дуудаж байсан, 2 дахь удаагаа залгахад холбогдохоо больсон байсан. Тэр үед утсаа алга болсныг мэдсэн...” гэжээ /хх-20/.
Гэрч Ш.Түвшинтөгс мэдүүлэхдээ: “...маргааш өглөө нь сэрэхэд манай эхнэр Уранчимэг гар утсаа таксинд үлдээчихсэн энэ тэр гээд яриад байсан. Би тэгээд гар утсаа алга болгосныг мэдсэн...” гэжээ /хх-23-24/.
Гэрч Ч.Чулуунцэцэг мэдүүлэхдээ: “...Би энэ утсыг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай ээжтэй суусан Бат-Эрдэнэ гэдэг ахаас авсан. Манай Бат-Эрдэнэ ах жижиг машинтай таксинд явдаг юм. Бат-Эрдэнэ ах надад нэг гар утас байна. Зээлийн төлөх хугацаа хэтэрчхээд байдаг, энэ утсыг зарчихмаар байна гэхээр нь би Бат-Эрдэнэ ахад зээлийн үлдэгдэл болох 200.000 төгрөгийг нь өгөөд энэ гар утсыг авчихсан юм...” гэжээ /хх-27-28/.
Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан “Эд зүйлийн үнэлгээ” /хх-34-35/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-46/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-45/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-47/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 100 дугаар тогтоол /хх-68/, шүүгдэгч Б.Бат-Эрдэний гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-61/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Шүүгдэгч Ц.Бнь 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодон такси үйлчилгээнд явж байхдаа Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 27-354 тоотод хүргүүлж буухдаа машинд гээгдүүлсэн иргэн А.Уранчимэгийн Huawei P20 загварын 975.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийг бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэд ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав.
Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст хохирогч А.Уранчимэг нь “...Учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулж авсан. Ц.Бат-Эрдэнэтэй ямар нэгэн дарамт шахалтгүйгээр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” /хх-64/ гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Ц.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН