Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00902

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 29 210/МА2024/00902

 

 

П ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/00310 дугаар шийдвэртэй,

П ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, ********* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг 158,517,364 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, ***************** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *********** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг 177,998,300 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, ************* хаягт байрлах, ********* дугаарт бүртгэлтэй, 48 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцанд хийсэн Б ХХК-ийн үнэлгээ, Хан-Уул дүүрэг, ***************хаягт байрлах, ******** дугаар бүртгэлтэй, 46,88 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцанд хийсэн А ХХК-ийн үнэлгээтэй танилцаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэл гаргасан.

Учир нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр 9.2.1-т хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, мөн хуулийн 9.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх гэж заасан. Гэтэл хөрөнгөд үнэлгээ хийсэн үнэлгээний тайлангууд дээрх хуулийн шаардлагыг хангаагүй, үл хөдлөх хөрөнгийн онцлог шинж байдал, зах зээлийн үнэлгээг тогтооход ашигтай давуу талуудыг судлаагүй, үндэслээгүй, тэр талаараа үнэлгээний тайландаа тусгаагүй, ижил төстэй барилгуудтай харьцуулан жиших шаардлагыг хангаагүй үнэлгээ гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн хөрөнгийн зах зээлийн ханшийг бодитоор тогтоогоогүй буюу хамаагүй бага үнэлсэн байна. Иймд үл хөдлөх хөрөнгүүдэд хийсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 149 дүгээр захирамжаар П ХХК-аас 173,790,605 төгрөгийг гаргуулан П ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид төлбөр төлөх талаар мэдэгдлийг удаа дараа хүргүүлэхэд төлбөрийг төлж барагдуулаагүй.

2.2.Төлбөр төлөгч П ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Х.Б-гийн өмчлөлийн эрхийн улсын ******** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, *************тоот хаягт байрлах 46.88 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, П.Э-гийн өмчлөлийн эрхийн улсын ********* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, **************** тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны хамт битүүмжлэн, хураан авсан.

2.3. Шинжээч А ХХК нь эрхийн улсын ******** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 158,517,364 төгрөгөөр, шинжээч Б ХХК нь эрхийн улсын ********* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 177,998,300 төгрөгөөр тус тус зах зээлийн үнэлгээг тогтоосон нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга:

П ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, төлбөрөө төлөхгүй гэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зориуд удаашруулж байна. Учир нь П ХХК болон П ХХК нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 01/19 тоот, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 03/19 тоот, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 04/20 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээг тус тус байгуулж, 689,269,000 төгрөгийн үнэ бүхий 347,100 литр түлш авсан. Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн захирамжаар 262,144,025 төгрөг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн захирамжаар 173,208,409 төгрөгийг тус тус гаргуулан манай компанид олгож шийдвэрлэсэн.

П ХХК нь П ХХК-тай 01/19 болон 04/20 тоот барьцааны гэрээ байгуулахдаа Бүбүбегимийн өмчлөлийн ******** дугаарт бүртгэгдсэн, Хан-уул дүүрэг, 1 дүгээр хороо, ******************тоот хаягт байрлах, 46.88 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 45,000,000 төгрөгөөр, П.Эрболдын өмчлөлийн ********* дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, ************** тоот хаягт байрлалтай 48 м.кв талбай бүхий 4 орон сууцыг 80,000,000 төгрөгөөр тус тус үнэлж барьцаалсан.

Харин шинжээч нь хөрөнгийн үнэлгээг гаргахдаа зах зээлийн үнэлгээг зөв тогтоосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч П ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, 120 мянгат, *********** тоот хаягт байрлах ******** дугаарт бүртгэлтэй, 46,88 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 158,517,364 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, ***************тоот хаягт байрлах, ********* дугаарт бүртгэлтэй, 48 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зэх зээлийн үнэ цэнийг 177,998,300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Нэхэмжлэгч нь шаардах эрхээ ...хөрөнгийн үнэлгээний тайлангууд үл хөдлөх хөрөнгийн онцлог шинж байдал, зах зээлийн үнэлгээг тогтооход ашигтай давуу талуудыг судлаагүй, үндэслээгүй, тэр талаараа үнэлгээний тайландаа тусгаагүй, ижил төстэй барилгуудтай харьцуулан жиших шаардлагыг хангаагүй үнэлгээ гаргаж, барьцааны хөрөнгийн зах зээлийн ханшийг бодитоор тогтоогоогүй буюу хамаагүй бага үнэлсэн тул зөвшөөрөхгүй гэж тодорхойлсон. Гэтэл шүүхийн шийдвэрт дээрх байдал дурдагдаагүй буюу маргасан үндэслэлд үндэслэл бүхий тайлбар, дүгнэлт өгөөгүй.

5.2. Шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай тогтоолд Х.Б өмчлөлийн Хан-Уул дүүрэгт байрлах орон сууцны үнэлгээг тогтоохоор Ч.Ж шинжээчээр оролцуулсугай гэж, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэлд А ХХК, Ч.Ж хууль тайлбарлан өгсөн болно гэж, мөн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10/312 тоот шинжээч томилох тогтоолд С.Ц-ыг томилж, Б компанийн шинжээч С.Ц-д хууль сануулав гэсэн баримтууд авагдсан байна.

Эдгээр баримтуудаас үзэхэд А ХХК, Б ХХК-иудыг шинжээчээр томилсон байхад тус компаниудын шинжээч мөн эсэх нь тодорхойгүй шинжээч С.Ц, Ч.Ж нар хөрөнгийн үнэлгээ гаргасан нь хуульд заасан журмын дагуу томилогдсон этгээд мөн эсэхэд эргэлзээтэй байна. Тодруулбал, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргасан С.Ц нь Б ХХК-ийн ажилтан, Ч.Ж нь А ХХК-ийн ажилтан мөн эсэх, уг компаниудаас тэдгээрийг уг хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор томилсон эсэх нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байна.

Шүүх дээрх маргасан үндэслэлд тайлбар хийхгүйгээр анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл болгосон, мөн үнэлгээчин Ч.Ж, С.Ц нарыг зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий этгээдүүд байх тул хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д энэ талаар товч бөгөөд тодорхой тайлбарласан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, нэмэгдүүлээгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

3. Нэхэмжлэгч П ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, 120 мянгат, *********** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг 158,517,364 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, ***************тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ********* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг 177,998,300 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/00149 дугаар захирамжаар хариуцагч П ХХК-аас 173,208,409 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож, хариуцагч П ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 01 дүгэр хороолол, ************тоот хаягт байрлах, ********* дугаарт бүртгэлтэй, 48 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, *********************тоот хаягт байрлах, ******** дугаарт бүртгэлтэй, 46.88 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх 49/

 

4.1.Төлбөр төлөгч дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтээр тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 568 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. /хх47, 50/

 

4.2. Эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, 120 мянгат, *********** тоот хаягт байрлах, 46.88 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн ********* дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 01 дүгэр хороолол, ************тоот хаягт байрлах, 48 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 22280570/150-01, 22280570/150-02 дугаартай тогтоолуудаар битүүмжлэн, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 22280570/150-04, 22280570/150-05 дугаартай тогтооолуудаар хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх57-64/

 

4.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгч П ХХК-д 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4-150/18765 тоот мэдэгдлээр мэдэгдэхэд үнийн санал өгөхөөс татгалзсан хариу өгчээ. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10/312 дугаартай тогтоолоор Б ХХК-ийн үнэлгээчин С.Ц-ыг, 10/313 дугаартай тогтоолоор Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээчин Ч.Ж-ыг тус тус шинжээчээр томилон эрх, үүргийн тайлбарласан. /73-75, 78-80/

 

4.4. Шинжээч Б ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 01 дүгэр хороолол, ************тоот хаягт байрлах, 48 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнийг 177,998,300 төгрөгөөр, шинжээч Ашид билгүүн ХХК нь Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, 120 мянгат, *********** тоот хаягт байрлах, 46.88 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнийг 158,517,364 төгрөгөөр тус тус үнэлснийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4-150/20098 тоот мэдэгдлээр нэхэмжлэгч П ХХК-д мэдэгдсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогджээ. /хх83/

 

5. Шинжээч нар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан арга аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийснээс гадна хөрөнгийн үнэлгээний тайлан нь хууль, Олон улсын үнэлгээний стандартад нийцсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Тодруулбал, үнэлгээчин С.Ц шүүхэд ...өртгийн, орлогын, зах зээлийн гэсэн 3 хандлагаас орлогын болон зах зээлийн хандлагаар тайланг гаргасан, харин өртгийн хандлагыг хэрэглэх шаардлагагүй, үнэлгээ хийхдээ хөрөнгөтэй очиж танилцсан, байршлын хувьд зам дагуу байрлалтай орон сууц байсан тул ижил орон сууцтай харьцуулахад бэрхшээл гараагүй... гэж, үнэлгээчин Ч.Ж шүүхэд ...өртгийн, орлогын, зах зээлийн гэсэн 3 хандлагаас зах зээлийн хандлагаар тайланг гаргасан, орон сууцыг үйлчилгээний болон бусад зориулалтаар ашиглах боломжгүй учраас энгийн орон сууцтай харьцуулсан, ашигтай давуу тал байхгүй, ашиглалтын хугацаа дууссан байсан... гэх агуулга бүхий тайлбар тус тус гаргасан. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...үл хөдлөх хөрөнгийн онцлог шинж байдал, зах зээлийн үнэлгээг тогтооход ашигтай давуу талуудыг судлаагүй, ижил төстэй барилгуудтай харьцуулан жиших шаардлагыг хангаагүй... гэх гомдол үндэслэлгүй. /хх188-192/

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...А ХХК, Б ХХК-иудыг шинжээчээр томилсон байхад тус компаниудын шинжээч мөн эсэх, шинжээч нар хуульд заасан журмын дагуу томилогдсон этгээд болох нь эргэлзээтэй... гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

6.1. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт Үнэлгээний хуулийн этгээд дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна гэж, мөн хуулийн 16.2.1 дэх хэсэгт Хоёроос доошгүй үндсэн орон тооны үнэлгээчинтэй байх бөгөөд гүйцэтгэх захирал нь үнэлгээчний хугацаагүй эрх авсан байх гэж заасан.

 

6.2. Үнэлгээчин Ч.Ж нь А ХХК-ийнгүйцэтгэх захирал, үнэлгээчин С.Ц нь Б ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин байхаас гадна хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээдүүд болох нь хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн болон хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна. Хариуцагч байгууллагаас хуульд заасан журмын дагуу үнэлгээчин томилсон, мөн хуулийн этгээдээс хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлснийг буруутгахгүй. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй. /хх142-144, 173/

 

6.3. Мөн нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбар болон гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.

 

7. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэсэн нь хэргийн нотлох баримтад үндэслэгджээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/00310 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ