Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00903

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 29 210/МА2024/00903

 

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2024/00631 дугаар шийдвэртэй

Б.М-ын нэхэмжлэлтэй, Ц.А-д холбогдох

2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай үндсэн,

2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнэ 109,050,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагчийн өмгөөлөгч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Ц.А нь Х ХХК-ийг галт зэвсэг болон сумыг нийтэд худалдаалах зорилгоор хилээр оруулах, галт зэвсгийг нийтэд худалдах, галт зэвсгийг нийтэд худалдах төвийн үйл ажиллагаа явуулахаар хамтран ажиллах саналыг тавьснаар 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Х ХХК-ийн 50 хувийн буюу 10,905 ширхэг хувьцааг 109,050,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

1.2. Х ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болж компанийн нэр дээр бүртгэлтэй буу, сумны төвийн үйл ажиллагаанд оролцож галт зэвсэг, сумыг нийтэд худалдан борлуулж ашиг олох зорилготой байсан боловч буу, сумны худалдаа эрхлэх ажилд хамтран ажиллана гэж хууран мэхэлсэн. Буу, сумны төвийн үйл ажиллагаанд оролцуулаагүй атлаа хувьцаа худалдан авсан мөнгөө төлөөгүй.

Х ХХК-ийн хувьцааг надад шилжүүлэх болсон нь компанийн өмнө үүссэн бусдад төлөх өр төлбөрийг төлүүлэх зорилготой байсан. Ц.А ч анхнаасаа буу, сумны төвийн үйл ажиллагаанд намайг оролцуулж галт зэвсэг худалдах, буу заруулах хүсэл сонирхолгүй байсан. Гэрээ байгуулж мөнгө аваад уг мөнгөөр бусдад төлөх өр төлбөрөө төлөх санаатай байсан.

1.3. Ц.А нь Х ХХК бусдад төлөх ямар нэгэн төлбөргүй, шүүх, цагдаагийн байгууллагад маргаан байхгүй, уг компанийн 50 хувийн хувьцааны эрх нь эрхийн болон биет байдлын доголдолгүй гэж худлаа хэлж итгүүлэн компанийн хувьцааг шилжүүлсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Х ХХК-ийн бусдад төлөх өр төлбөрийг төлөх нөхцөл байдал үүсэж болзошгүй, хуурч мэхлэгдсэнээс болж миний эрх ашиг, сонирхол хөндөгдөхөөр байна.

Иймд 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Х ХХК-ийн 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлж авахыг Ц.А-д даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Х ХХК нь галт зэвсэг болон сумыг нийтэд худалдаалах зорилгоор хилээр оруулах, худалдаалах, спорт агнуур зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Б.М нь манай компанитай хамтран ажиллаж компанийн 50 хувийн хувьцааг эзэмших санал тавьсан тул компанийн 50 хувийн хувьцааг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Б.Мд шилжүүлсэн. Х ХХК-ийн төвийн байр, хаягийг ашиглан Б.М өөрийн нөхрийн компанид галт зэвсэг, сум худалдаалах тусгай зөвшөөрлийг гаргуулан авч, бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж нөхрийнхөө компаниар Х ХХК-тай адил чиглэлийн үйл ажиллагаа явуулж орлого олсноос маргаан үүссэн.

2.2. Галт зэвсгийн худалдаа эрхлэхтэй холбоотой тендер сонгон шалгаруулалтад Б.М-ын хүсэл зоригийн дагуу оролцох үед Х ХХК нь татвар бусад төрлийн өргүй байсан. Б.М нь Чингис хаан банк ХХК-аас зээл авахдаа миний төрсөн а гийн С ХХК газар, үл хөдлөх хөрөнгийг 150,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавина гэж залилан барьцаалсан атлаа бидэнд мэдэгдэлгүй өндөр зээлийн барьцаанд тавьж, зээлээ төлөлгүй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар газар, үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдахаар болсон. 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээг хууран мэхэлж хийсэн гэх үндэслэл байхгүйгээс гадна Б.М өөртөө ашиг олж, Х ХХК болон иргэн Ц.А, С ХХК-ийг тус тус хохироож залилан мэхэлсэн.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Талуудын хооронд 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Х ХХК-ийн хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлсэн, Б.М нь төлбөрийг төлөөгүй. Б.М нэхэмжлэл гаргаснаар төлбөрийг төлөхгүй байх санаа зорилготой байх тжл гэрээний үнэ 109,050,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

4.1. Талууд хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан нь Х ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг буу, сум импортолж оруулж ирэх, худалдах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож галт зэвсэг, сумыг нийтэд худалдан борлуулж ашиг олох, олсон ашгаа хувааж авах байсан. Тохиролцоог биелүүлээгүй буу, сумны худалдаа эрхлэх ажилд хамтран ажиллана гэж намайг хууран мэхэлсэн. Хариуцагчийн төлбөрийг төлнө гэдэг байсан гэх тайлбар үндэслэлгүй. Намайг компанийн үйл ажиллагаанд оролцуулдаггүй, оролцуулдаг байсныг баримтаар нотлоогүй, компанийн хувьцаа эзэмшигчээр нэмж бүртгүүлсэн нь бусдад төлөх ёстой өр төлбөр, татварыг төлүүлэх гэсэн зорилго байсан.

4.2. Гэрээний 6 дугаар зүйлд гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш компанийн үйл ажиллагаатай холбогдон гарсан хариуцлагыг эрх шилжүүлэгч тал хариуцахгүй гэж гэрээнд оруулсан. Би компанийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй тул бусдад төлөх төлбөрийг хариуцахгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр авагч Баунти Э ХХК, иргэн Ю.Доржханд нарын төлбөр барагдуулах ажиллагаанд намайг татан оролцуулж миний гадаадад зорчих болон эд хөрөнгүүдийн эрхийг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн энэ ажиллагаанд компани хөрөнгөгүй учраас 50 хувийн хувьцаа эзэмшигч Б.Маас төлбөр гаргуулах ажиллагааг явуулж өгөх саналыг гаргаснаар надад холбогдуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан.

Улмаар шүүхэд ханданж нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнийг Улсын дээд шүүхэд гомдол гаргахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Б.Мд холбогдуулан явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн.

4.3. Би М ХХК-ийг үүсгэн байгуулсан ба Чингис хаан банк ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1,050,000,000 төгрөгийн зээлийг авсан. Уг зээлийг Ц.Агийн хүсэлтээр авсан. Тухайн үед Ц.А нь галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдан борлуулах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохоор болсон гэж зээл авахуулах хүсэлтийг тавьснаар дээрх зээлийг би өөрийн үүсгэн байгуулсан компанийн нэр дээр авсан. Учир нь Х ХХК буу сумны бизнесийн зээл авах гэсэн боловч уг нийлүүлэгч болгож хамтрах санаа агуулж байсантай холбоотой. Уг зээлээс Ц.Агийн үүсгэн байгуулсан Х ХХК нь 650,000,000 төгрөгийг үйл ажиллагаандаа ашиглах ба уг дүнгээс бодож банкинд зээл, зээлийн хүү төлөх, М ХХКүлдэх 400,000,000 төгрөгт ногдох хэсгээр зээл, зээлийн хүүг банкинд төлөхөөр бид тохиролцсон. Энэ тохиролцооны дагуу Х ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээг бичгээр манай компанитай байгуулж 650,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай, бизнесийн зээлийн зориулалтаар зээл авсан боловч уг мөнгөө эргүүлж төлөөгүй. Чингис хаан банк ХХК-аас зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлсэн ба барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гарсан шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.А-д холбогдох 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Х ХХК-ийн 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнэ 109,050,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ц.А сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлалыг баталж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1,74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 773,400 төгрөг, хариуцагчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 703,200 төгрөгөөс 351,600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 351,600 төгрөгийг гаргуулж хариуцагч Ц.А-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Хувьцаа шилжүүлэх болсон гол зорилго нь талууд хамтран буу, сумны төвийг ажлуулж ашиг, алдагдалаа хуваах зорилготой байсан. Дээрх хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч нь Х ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болсны дараа тус компанид холбогдох шүүхийн шийдвэр гарсан талаар худалдан авагч олж мэдсэн тул эрх, ашиг сонирхол хөндөгдөж эхэлсэн. Энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

6.2. Ц.А нь Х ХХК-ийн 50 хувийн хувьцааг Б.Мд шилжүүлж өгснөөс хойш тус компанийн үйл ажиллагаанд нэхэмжлэгчийг оролцуулаагүй, буу сумны төвийн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх, буу сумыг нийтэд худалдан борлуулах талаар хамтарч ажлаагүй. Улмаар компанийн үйл ажиллагаанд оролцуулна гэдэг боловч оролцуулалгүйгээр хууран мэхэлсэн. Мөн хувьцаа шилжүүлэхээс өмнө бусдад төлөх өр төлбөрийг төлүүлэх зорилгоор маргаан бүхий гэрээг байгуулсан гэж бид үзэн гэрээнээс татгалзаж байна.

6.3. Шүүхээс гэрээний үүрэгтэй холбоотой гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Б.М-ын үүсгэн байгуулсан М ББСБ XXK нь Ц.Агийн хүсэлтээр Ч ХХК-аас 1,050,000,000 төгрөгийн зээлийг аваад зээлээс 650,000,000 төгрөгийг Ц.А зээлээд буу сумны төвийн үйл ажиллагаанд ашигласан боловч уг зээлийг буцаан төлөөгүйтэй холбоотой банк болон ББСБ-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэг гурван шатны шүүхээр хянагдаж дууссаны дараа нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

6.4. Хариуцагч нь үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлүүлэх зорилгоор хувьцааны үнийг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь хувьцааг буцаан шилжүүлж авахыг хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байхад шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй.

Иймд шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Хууран мэхэлж хийсэн хэлцэл, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж гомдол гаргаж байна. Гэтэл хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх тухай 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний 5-д эрх шилжүүлэн авагч тал компанийн татварын албанд төлж барагдуулах өр, төлбөрийг бүрэн хариуцах болно гэж заасан. Гэрээний 6-д үйл ажиллагаатай холбогдон гарсан бүх хариуцлагыг өөрөө хүлээнэ гэдэг байдлаар зохицуулсан. Хувьцааны үнэ төлсөн эсэх нь гол асуудал биш, харин нэхэмжлэгч тал компанийн 50, 50 хувийг эзэмшээд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хамтарч байсан. Өөрөөр хэлбэл, 3 шатны шүүхийн шийдвэрт хамтын ажиллагаа болохыг нотолсон үйл баримт байдаг бөгөөд 650,000,000 төгрөгийг өгсөн, авсан бүх үйл ажиллагаанууд үргэлжлээд явж байсан.

Мөн Х ХХК нь галт зэвсэг худалдаалах тусгай зөвшөөрөлтэй болох нь хэрэгт авагдсан 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Хууль зүйн яамнаас олгосон тусгай зөвшөөрлөөр нотлогдоно. Тус тусгай зөвшөөрөлд Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Дүнжингарав гудамж гэх хаягт галт зэвсэг худалдах тусгай зөвшөөрлийг авсан. Түүнчлэн, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Б.М-ын нөхөр тус хаягт тусгай зөвшөөрөл авсан бөгөөд хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлж байгаа нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдоно. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд энэ гэрээ 2016 онд байгуулагдсан тул 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шаардах эрхийн 3 жилийн хугацаа дуусгавар болсон. Ч ХК 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ хугацаанд мэдсэн байх боломжтой, шаардах эрхтэй байхад нэхэмжлэл шүүхэд гаргаагүй. Хариуцагч талын зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, дүгнэлтийг өөрчлөв.

 

2. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Ц.А-д холбогдуулан 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнэ 109,050,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Хариуцагч нь 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнэ 109,050,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

4. Талууд 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Ц.А нь Х ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 50 хувь болох 10,905 ширхэг хувьцааг нэг бүр нь 10,000 төгрөг буюу нийт 109,050,000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг худалдах, худалдан авагч Б.М нь төлбөрийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. /хх 10/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

4.1. Хэргийн баримтаар хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлж, Х ХХК-ийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 7 дугаартай хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр тус компанийн эзэмшигчээр Б.Мыг нэмж оруулан, хувь нийлүүлсэн хөрөнгийн 50 хувийг эзэмшүүлж, компанийн шинэчилсэн дүрмийг баталж улсын бүртгэлд бүртгүүлсэн, харин нэхэмжлэгч нь гэрээнд заасан төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдсон.

 

Зохигчдын хооронд гэрээ байгуулахдаа хуурч мэхлэсэн эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

 

5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ...компани дээр өмнө үүссэн бусдад төлөх өр төлбөрийг төлүүлэх гэсэн санаа зорилготойгоор өр төлбөргүй гэж хууран мэхэлж хэлцэл байгуулсан тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж тайлбарласан.

 

5.1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/00409 дугаар шийдвэрээр хариуцагч Х ХХК-аас 423,593,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ББСБ ХХК-д олгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 183/ШШ2016/01243 дугаар шийдвэрээр хариуцагч Х ХХК-аас 155,915,159 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/00341 дугаар захирамжаар хариуцагч Х ХХК-аас 91,015,843 төгрөгийг гаргуулан Ю.Доржхандад олгохоор зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 210/МА2023/01910 дугаар магадлалаар хариуцагч Х ХХК-аас 800,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгож тус тус шийдвэрлэснийг нэхэмжлэгчийг хууран мэхэлсэн гэж дүгнэх үндэслэл болохгүй.

 

5.2. Учир нь дээрх шийдвэрүүдийн дагуу хариуцагч бусдад төлөх өр төлбөр бий болсон нөхцөл байдал нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан  хууран мэхлэсэн гэж үзэх үндэслэл болохгүйгээс гадна ямар нэгэн төөрөгдлийг сэдэж бий болгосон, бодит нөхцөл байдлын талаар хуурч мэхлэх тодорхой үйлдэл хийгдсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

5.3. Харин талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлд эрх шилжүүлэн авагч тал нь компанийн татварын албанд төлж барагдуулах өр, төлбөрийг бүрэн хариуцахаар тохиролцсоныг анхан шатны шүүх нэхэмжлэгч нь өр төлбөрийг хариуцахаар тохиролцсон гэх агуулгаар дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан бөгөөд дээрх гэрээний тохиролцоо нь зөвхөн татварын албанд төлж барагдуулах өр төлбөрт хамаарахаар байна. Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хуулиар зохицуулагдах өр төлбөрийг нэхэмжлэгч хариуцахаар байхад шүүхийн шийдвэрийн дагуу гарсан өр төлбөрт хамааруулан тайлбарласан нь үндэслэлгүй болсныг тул давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэв.

 

6. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаанд хамааруулан дүгнэсэн нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөнө дүгнэв. Учир нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан. Нэхэмжлэгч хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулах шаардлага гаргасан нь дээрх хуульд заасан ерөнхий хугацаа арван жилд хамаарч байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2024/00631 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 774,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ