Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 159/2017/00001/И |
Дугаар | 001/ХТ2017/01160 |
Огноо | 2017-10-12 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2017/01160
Р.О-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 153/ШШ2017/00152 дугаар шийдвэр,
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 14 дүгээр магадлалтай,
Р.О-гийн нэхэмжлэлтэй,
Ховд аймгийн Зэрэг сумын хүн эмнэлэгт холбогдох,
Б/09 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч М.Отгончимэгийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Р.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Зэрэг суманд эх баригч, бага эмч, дүн бүртгэгч эмчээр ажиллаж байсан ба энэ хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан. Би 1961 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 55 настай байтал Хөдөлмөрийн тухай хуулийн болон түүнтэй нийцүүлэн гаргасан Улсын дээд шүүхийн тогтоолыг зөрчин миний хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн. Иймд Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн Б/09 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, дүн бүртгэгч бага эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын хүн эмнэлэг шүүхэд гаргасан тайлбартаа: тус эмнэлгийн дүн бүртгэгч, бага эмчээр ажиллаж байсан Р.О- тэтгэвэртээ гарах тухай хүсэлтээ илэрхийлэн, 2016 оны 09 дүгээр сарын эхээр тэтгэмж төсөвт суусан. Гэтэл нас нь болоход 10 гаруй хоног дутуу байсан тул тухайн ажлын байранд ажиллах хүнийг төрийн зардлаар сургаж мэргэшүүлэх шаардлагатай байсан тул хүнээ сонгож Эрүүл мэндийн газарт нэрийг нь өгч сургалтад суулгасан. Гэтэл Г.Оюундэлгэр нь дүн бүртгэгч Р.О- нь тэтгэвэрт гарах гэж байгаа талаар мэдсэн гээд уг орон тоонд ажиллах талаар хүсэлт гаргасан бөгөөд үүнийгээ хугацаа хожимдуулан илэрхийлснээс болж энэ нь хэрэгжих ямар ч боломжгүй гэсэн хариуг өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 153/ШШ2017/00152 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлгийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Р.О-г Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлгийн дүн бүртгэгч, бага эмчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.О-д ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.941.878 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлгээс гаргуулан олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговор 2.941.878 /хоёр сая есөн зуун дөчин нэгэн мянга найман зуун далан найм/ төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нөхөн төлөхийг хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлэгт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлгээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, 2 941 878 /хоёр сая есөн зуун дөчин нэгэн мянга найман зуун далан найм/ төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 62.020 /жаран хоёр мянга хорь/ төгрөг нийт 132.220 /нэг зуун гучин хоёр мянга хоёр зуун хорь/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 14 дүгээр магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 153/ШШ2017/00152 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч тал давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч М.Отгончимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 22 ны өдрийн 153/ШШ2017/00152 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 сарын 11-ний өдрийн 14 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлгийн дүн бүртгэгч, бага эмчээр ажиллаж байсан Р.О- тэтгэвэртээ гарах тухай хүсэлтээ илэрхийлэн, тэтгэмжээ төсөвт суулгуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон гэрчүүдийн мэдүүлгээр Р.О- нь тэтгэвэртээ гарах хүсэлтээ өөрийн сайн дураар илэрхийлсэн байдаг. Энэ нь нэхэмжлэгч Р.О- нь Эрүүл мэндийн газарт тэтгэмжээ хойшлуулах хүсэлтээ илэрхийлсэн утга бүхий, түүний өмнө нь 12 сард багтаан тэтгэмжээ авахаар өргөдөл гаргаж байсан гэсэн агуулга бүхий өргөдлөөр нотлогдож байна. Р.О- нь тэтгэвэртээ гарах хүсэл сонирхлоо илэрхийлсэн тул тэтгэмж авах ажилчдын нэрст нэр нь багтсан бөгөөд тэтгэмж нь төсөвт нэгэнт суусан тул түүнийг тэтгэвэрт гаргасан. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.О-гийн тэтгэмж нь төсөвт нэгэнт суусан тул журмын дагуу тэтгэмж авах эрх үүсгэхийн тулд Р.О-г ажлаас чөлөөлсөн тушаал гарган түүнийг тэтгэвэрт гаргасан. Анхан шатны шүүхээс 2015 оны 10 сард болсон хамт олны хурлын тэмдэглэлийг хариуцагч байгууллагаас ирүүлээгүй гэж дүгнэсэн боловч нэхэмжлэгч Р.О- нь бичиг хэргийн ажлыг хавсарч байсан талаар шүүхэд талууд хэн аль нь мэдүүлж байсан бөгөөд Ховд аймгийн Зэрэг сумын хүн эмнэлгийн 2015 оны 10 сарын тухайн хурлын тэмдэглэлийг хөтлөх үүргээ Р.О- нь биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь нэхэмжлэгч Р.О-гийн хүсэлтийг үндэслэн түүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй.
Иймд Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 сарын 11 өдрийн 14 дугаар магадлал, Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 22-ны өдрийн 153/ШШ2017/00152 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.
Нэхэмжлэгч Р.О- нь хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлэгт холбогдуулан “..тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасан гэжээ.
Ажил олгогч нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б/09 дугаар тушаал гаргаж, Р.О-г ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3 дах заалтыг үндэслэжээ.
Нэхэмжлэгч нь ажил олгогчид хандаж өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Шүүх, ажилтан өндөр насны тэтгэвэрт тогтоолгох хүсэлт гаргаагүй байхад түүнийг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т нийцжээ.
Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлүүдийн аль нэгт хамаарахгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 153/ШШ2017/00152 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 14 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч М.Отгончимэг, өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ