Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 306

 

Ш.Р-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1948 дугаар оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаар тогтоолоор таслан шийтгэсэн Ш.Р-д холбогдох 17259 дугаартай эрүүгийн хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1948 оны байдлаар: Ш овогт Р-, нас 50, ард, Завхан аймгийн Чандмань-Өлзийт сумын 3 дугаар багийн харьяат, ам бүл 4, тэмээ 2, адуу 7, үхэр 2, хонь 90, гэр 1 зэрэг хөрөнгөтэй, цэрэг ба сургуульд яваагүй, урьд Галуутайн хүрээнд сууж байсан.

Ш.Р- нь шашны мухар сүсгээр ард олныг мунхруулан өргөл барьц болгон 1 гүү, 1 хадаг авч ашигласан, мөн бусдын эрх чөлөөнд халдах буюу бузар арга маягаар бусдыг доромжлох гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Прокуророос Ш.Р-д 1942 оны Эрүүгийн хуулийн 137, 156 дугаар зүйлд зааснаар ял төлөвлөж, аймгийн шүүх таслах газрын тогтоолоор тус хуулийн 137 дугаар зүйлд зааснаар 3 жил хорих, 156 дугаар зүйлд зааснаар 1 жил хорих ял шийтгэж, 1 морь, 1 хадгийг тус тус хураан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Прокурор Ц.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд бичсэн болон шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлээр 1 жил хорих ял шийтгэсэн хэрэг нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй байна.

Харин Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд зааснаар улс төрийн хэрэгт 3 жил хорих ялаар хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Ш.Р-гийн үйлдсэн гэх гэмт хэргийн санаа зорилго, хэргийн улмаас тухайн үеийн нийгэм, ард иргэдэд ямар хор, хохирол учруулсныг шалгаж, баримтаар бүрэн тогтоогоогүй, зарим гэрч нарын мэдүүлэг, баримтыг үндэслэл болголгүй ард олны хүсэл сэтгэлээр ном гүрэм уншиж, ашгийг хичээсэн баримтгүй байхад тухай үеийн төр засгаас шашны талаар баримталж байсан бодлогын золиос болгож, Ш.Р-гийн өөрийнх нь мэдүүлгийг нотлох баримт болгож, улс төрийн хэрэгт шийтгэсэн. Энэ нь дараах баримтуудаас харагдаж байна. Үүнд:

Гэрч Цогтоос 1947 оны 10 дугаар сарын 22-ны өдөр авсан мэдүүлэгт: “миний хүүгийн бие ханиад хүрч муудах үед нэг дор айл байсан лам Раднааг гуйж, ном уншиж аргалж өгөхийг хүсэхэд манайд ирж ном уншсан бөгөөд юунаас болсныг мэдэхгүй маргааш нь манай хүү зүгээр болсон. Би ном уншиж өгсөнд нь нэг морь өгөхөөр амласан боловч надаас одоо болтол аваагүй” гэж мэдүүлсэн.

Ш.Р- нь 1948 оны 1 дүгээр сард мэдүүлэхдээ: Би ямар нэгэн айлд ном уншиж өргөл барьц авч байгаагүй. 1946 оны намар Чандмань сумын “Морьт” хэмээх газар Цогтын гэдэг айлтай хамт нутаглаж байхад Цогт орж ирээд “манай хүү ухаан алдаж унаад туйлын муу байна, та манайд очиж аргалж өгнө үү” гэхээр нь миний бие очиж “Гурван гүрэм” уншиж өгөхөд надад “Даш хадаг” барьж, атан тэмээ 1-ийг аваарай гэсэн ба тэр тэмээг аваагүй байтал тэмээний оронд цагаан зүсний морь өгье гэсэн боловч одоо болтол өгөөгүй байна. Цогтынхоос өөр айлд ном уншиж байгаагүй” гэж мэдүүлсэн байна.

1934 онд батлагдсан Төр шашныг тусгаарлан явуулах тухай хуулийн 20 дугаар зүйлд: “...Гагцхүү сайн дураар өргөн барьсныг авах явдлыг үл цаазална” гэснээс үзвэл албадан авахыг хориглосноос бус сайн дураар өгсөн өргөл барьцыг авахыг хориглоогүй байна.

Иймд Ш.Р- нь нэг дор айл саахалт нутаглаж байсан нутгийн ард Цогтын гуйлт, хүсэлтээр ном, гүрэм уншиж, тэдний сайн дураараа өгсөн хадаг нэгийг авсныг буруутгаж, мухар сүсгийг төрүүлэн ашгийг хичээсэн гэж үзэж улс төрийн хэрэгт зориудаар холбогдуулан хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг/... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн .../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1948 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаар тогтоолоор Шагдар овогтой Раднаад Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд заасан улс төрийн хэрэгт 3 жил хорих ял оногдуулсан байх тул, Ш.Р-г улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Ш.Р-г шашны мухар сүсгээр ард олныг мунхруулан өргөл барьц болгон 1 гүү, 1 хадаг авч ашигласан, бусдын эрх чөлөөнд халдах, бусдыг доромжлох гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1948 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаар таслан шийтгэх тогтоолоор 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 3 жил хорих ял, мөн хуулийн 156 дугаар зүйлд зааснаар 1 жил хорих ял шийтгэж, ард олноос барьцанд цуглуулсан 1 морь, 1 хадгийг тус тус хураан авч, улсын орлого болгон шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд Ш.Р- нь ард олны сүсэг бишрэлийг далимдуулан мухар сүсгийг төрүүлэн эд зүйлийг авч ашигласан гэж 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд зааснаар шүүхээс хорих ял оногдуулж шийдвэрлэсэн боловч түүнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, бусдыг шашнаар төөрөлдүүлж, арга заль хэрэглэн өргөл барьц авсан гэх үйл баримт, гэм буруугийн санаа зорилго зэргийг бодитой тогтоогоогүй байх бөгөөд энэ талаар өөрийнх нь “шашны сурталыг дэлгэрүүлэх зорилгоор ном уншаагүй, ах, дүүгийн гуйлт хүсэлтээр ном уншиж, юм өгөхөд авч ашигласан” гэсэн тогтвортой мэдүүлгүүдийг ямар үндэслэлээр няцаасан талаарх баримтгүй, мөн хохирогч нарыг байцаагаагүй, гэрч, дам сонссон гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн хилсээр ял шийтгэсэн болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн Ш.Р-г хилсээр ял шийтгэсэн 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйл дэх “Ямар нэгэн ашгийг хичээж ард нийтийн дотор мухар сүсгийг төрүүлэн гаргах зорилгоор зальт мэхт явдлуудыг гаргах” үйлдэл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд тодорхойлон зааснаар түүнийг “улс төрийн хэрэгт хэлмэгдэгч” гэж тооцох үндэслэлд хамаарч байгаа болно.

Харин Ш.Р-гийн бусдын бие махбодид санаатайгаар халдсан үйлдэл нь түүний өөрийн хэргээ хүлээсэн мэдүүлэг, мөн гэрч Цогт, Дагва-Очир, Рэгмаа нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул 1942 оны Эрүүгийн хуулийн 156 зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 20 дугаар тогтоолын тэрхүү хэсэг нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авч, Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1948 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаар тогтоолоор Ш.Р-д 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлээр ял шийтгэсэн хэсгийг хүчингүй болгож, тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1948 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаар тогтоолын Ш.Р-г 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн хэсгийг хүчингүй болгож, дээрх зүйлээр прокуророос ял төлөвлөсөн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, прокурорын дүгнэлтийг хангаж шийдвэрлэсүгэй.

 

                                                                ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                                ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                                    С.БАТДЭЛГЭР

                                                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН