| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2017/0021/з |
| Дугаар | 22 |
| Огноо | 2017-03-29 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 22
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан
татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг би Увс аймгийн Өндөрхангай сумын ... багт оршин суух, иргэн Тугч овгийн Б-ийн Б-ын “Увс аймгийн Засаг даргын 2017 оны 01 сарын 25-ны өдрийн Б/11 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Өндөрхангай сум дахь Сум дундын ойн ангийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймгийн Засаг даргын 2017 оны 01 сарын 25-ны өдрийн Б/11 тоот захирамжаар намайг ажлаас чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр томилсон.Би уг захирамж гарсныг 2017 оны 2 сарын 07-ны өдөр Өндөрхангай сумын Засаг даргад шуудангаар ирснийг мэдсэн. Уг захирамжид Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60-р тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмыг үндэслэн чөлөөлсөн байна.Гэтэл миний бие уг журам батлагдахаас өмнө буюу 2011 оны 04 сарын 01-ний өдөр Увс аймгийн Засаг даргын А/149 тоот захирамжаар томилогдсон болно.Мөн уг захирамжийн 3-р зүйлд сарын үндсэн цалинг ТҮ-9 ангиллын 1-р шатлалаар тогтоосон нь миний улсад ажилласан жилийг буруу тооцож тогтоосон.
Увс аймгийн Засаг даргын 2017 оны 1 сарын 4-ний өдрийн “ Сонсох ажиллагаа явуулах” 01/26 албан бичигт Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60-р тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмыг зөрчин томилогдсон гэж бичсэн байна.Үүний дагуу ойн ангийн 2017 оны 1 сарын 9-ний өдрийн 01 тоот албан бичгээр хариу өгсөн.
Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60-р тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 7-р зүйлийн 7.5-д төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалт шинээр зохион байгуулна гэж заасан.Гэтэл миний бие 2011 оноос хойш ойн ангийн даргаар тасралтгүй ажиллаж байгаа болно.
Иймд Увс аймгийн Засаг даргын 2017 оны 01 сарын 25-ны өдрийн Б/11 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Өндөрхангай сумын Сум дундын ойн ангийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б 2017 оны 03 сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ Миний бие нь тус шүүхэд 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Засаг даргын 2017 оны 01 сарын 25-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулан урьд эрхэлж байсан Өндөрхангай сум дахь Сум дундын ойн ангийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд Увс аймгийн Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Засаг даргын 2017 оны 01 сарын 25-ны өдрийн Б/11 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Өндөрхангай сум дахь Сум дундын ойн ангийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь болон хэсэгчлэн татгалзах эрхтэй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Өндөрхангай сумын .... багт оршин суух, Тугч овгийн Б-ийн Бын “Увс аймгийн Засаг даргын 2017 оны 01 сарын 25-ны өдрийн Б/11 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Өндөрхангай сум дахь Сум дундын ойн ангийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 , 69 дүгээр зүйлийн 69.2 дахь дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон захирамжинд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ