Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2019/0541

 

“Л” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Н.Хонинхүү, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 110/ШШ2019/0066 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Л” ХХК-ийн гомдолтой, Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 110/ШШ2019/0066 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Л” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0175152 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудасны 5 768 159 төгрөгийн нөхөн төлбөр, 20 765 373 төгрөгийн нийт төлбөрийг тус тус 3 460 896 төгрөгөөр багасгаж, үлдсэн хэсэг болох 3 460 896 төгрөгийн торгууль, 11536318 төгрөгийн хохирол, 2 307 263 төгрөгийн нөхөн төлбөрийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч “Л” ХХК давж заалдах гомдолдоо: “...2015, 2016 онуудын борлуулалтад хийсэн үйлдэлд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Зөрчлийн тухай хуулийг баримталж, мөн хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулж, хохирол, нөхөн төлбөр зэрэг 20 765 373 төгрөг төлүүлсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж гомдол гаргаж байна. Энэ талаар анхан шатны шүүхээс буруу дүгнэлт хийж, улсын байцаагчийн алдааг залруулаагүй.

...өмнө үйлчилж байсан хуулиар зөрчилд тооцоогүй үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт шинээр зөрчилд тооцсон учир хууль буцаан хэрэглэх заалт үйлчлэхгүй болно. Холбогдох хуулийн дээрх заалтуудыг анхан шатны шүүх буруу хэрэглэсэн.

...хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудсаар хариуцлага тооцож, шийтгэл ногдуулж байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. ...зөрчил гарсанаас хойш 2.8-3.6 жилийн дараа хариуцлага тооцсон нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

...ямар ч нотлох баримт байхгүй, зөрчил үйлдсэн эсэх нь нотлогдон тогтоогдоогүй байхад хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. ...НӨАТ төлсөн үндсэн баримтыг шалгаж, нотлохгүйгээр шийтгэл оногдуулсан нь хууль зөрчсөн, ... шийтгэх хуудсыг гардуулах, танилцуулах журам зөрчигдсөн байхад анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүй, уг зөрчлийг шийдвэрийн үндэслэл болоогүйд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0175152 дугаартай шийтгэлийн хуудсаар “Л” ХХК-ийг хуурамчаар үйлдсэн падааныг ашиглан 2015, 2016 онуудад “Мгэи” ХХК-иас нийт 126 899 500 төгрөгийн бараа, материал худалдан авсан хэмээн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаж, татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчил гаргасныг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 20 765 373 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Үүнийг эс зөвшөөрч, гомдол гаргагч “Л” ХХК-иас “...“Мгэи” ХХК-тай 2015, 2016 онд байгуулсан “Бараа материал худалдах, худалдан авах тухай” гэрээний дагуу 75 100 000  төгрөгийн барааг 0018312798 тоот, 51 799 500 төгрөгийн барааг 0011945983 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар тус тус худалдан авч, төлбөрийг төлж барагдуулсан, ...ийнхүү тухайн онд хамаарахгүй хуулийн зохицуулалтыг баримталж шийтгэл оногдуулсан нь буруу” гэх үндэслэлээр маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэмэгдсэн өртгийн албан татварын цахим системд татвар төлөгчдөд бараа материал худалдан борлуулсан мэтээр шивэлт хийж, бусдад татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон гэх асуудалд “Мгэи” ХХК-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаатай холбогдуулан Татварын ерөнхий газраас тухайн компанийн бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч падаанд холбогдох аж ахуйн нэгжүүдийн татварын ногдуулалт, төлөлтийг шалгах үүрэг өгсний дагуу Баян-өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчаас “Л” ХХК-ийн татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг хэсэгчлэн шалгахад тус компани нь “Мгэи” ХХК-иас 115 363 181.82 төгрөгийн үнэ бүхий бараа худалдан аваагүй, 11 536 318.18 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй атлаа уг хий бичилттэй падааныг 2015, 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг бууруулсан болох нь тогтоогджээ.

Үүнээс үзвэл, “Л” ХХК нь “Мгэи” ХХК-иас 115 363 181.82 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг огт худалдан аваагүй, тухайн компанитай эрх зүйн харилцаа үүсгээгүй, 11 536 318.18  төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг “Мгэи” ХХК-д төлөөгүй атлаа хуурамчаар үйлдсэн падааныг нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаж, татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоол болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”; 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн”, 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж,

Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 он/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно”, 14.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн”, 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж тус тус заасан тул төлөөгүй татварт холбогдох зөрчилд  Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Гомдол гаргагчийн “...манай компанийн 2015-2016 онуудын зөрчилд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийг хэрэглэсэн” гэх гомдлын тухайд,

Хэдийгээр 2015-2016 онд Зөрчлийн тухай хууль мөрдөгдөж эхлээгүй байсан боловч дээрх зөрчилд хариуцлага хүлээлгэх талаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд зохицуулсан байсныг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд адил агуулгаар оруулсан байх тул хариуцагчийг Зөрчлийн тухай хуулийг баримтлан шийтгэл ногдуулсанд буруутгах үндэслэлгүй, мөн энэ үндэслэлээр гомдол гаргагчийн “...өмнө үйлчилж байсан хуулиар зөрчилд тооцоогүй үйлдлийг шинээр зөрчилд тооцсон” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг үндэслэлтэй зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаарх гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, “Л” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 110/ШШ2019/0066 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Л” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                              Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                             Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН