Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 466

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Б.Мөнхзул би В.Гэрэлийн нэхэмжлэлтэй Л.Баттулга, С.Жаргалсайхан нарт холбогдох “157.765 төгрөг гаргуулах”-ыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч В.Гэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Баттулга нь 2015 оны 05 дугаар сарын 10-нд манай нэг давхарын нэг өрөөг түрээслэж суусан юм. Түрээслэж сууж байх хугацаандаа гэр бүлийн маргааны улмаас сууж байсан өрөөнийхөө вакум цонх хагалж, үргэлж хэрүүл маргаан хийж байсан тул 2016 оны 5 дугаар сарын 01-нд өрөөгөө суллаж гарах шаардлага тавин өрөөнөөсөө гаргасан боловч сүүлийн сарын байрны түрээсийн мөнгө, тогны мөнгө, хагалсан вакум цонхны мөнгө зэргийг өгөхгүй, нөхөр Л.Баттулга болохоор би сүүлд байгаагүй, цонхыг ч хагалаагүй гээд эхнэр С.Жаргалсайханаас ав гээд,  эхнэр С.Жаргалсайханаас нэхэхэд өгнө гэж 2 сар болоод өгөхгүй болохоор нь уурлаад удлаа мөнгөө авъя гэхэд эхнэр С.Жаргалсайхан нь би өгье гэсэн боловч өгч чадахгүй нь өндөр цалинтай ганц бие Л.Баттулгаас ав гээд хоёр биеэн рүүгээ чихээд өнөөг хүргэсэн. 2016 оны 04 дүгээр сарын 10-наас 05 дугаар сарын  01-нийг дуустал байрны мөнгө нэг сарын 100.000 төгрөгнөөс 21 хоногийн 69.993 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 10-наас 05 дугаар сарын 01-нийг дуустал тогны мөнгө  37.772 төгрөг, хагалсан вакум цонхны үнэ 50.000 төгрөг нийт 157.765 төгрөгийг Л.Баттулга, С.Жаргалсайхан нараас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 8 дугаар баг, 2 дугаар хэсгийн 147 тоотод оршин суух хаягтай, Жохоон овогт Лхагвасүрэнгийн Баттулга /МЭ-76103067/ нь шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Баттулга миний бие нь иргэн В.Гэрэлийн нэхэмжилсэн 175.765 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд дээрх мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 20-нд төлж барагдуулах боломжтой байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В.Гэрэл нь хариуцагч Л.Баттулга, С.Жаргалсайхан нараас “175.765 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Л.Баттулга нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч В.Гэрэл нь хариуцагч С.Жаргалсайханд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурьдах зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5383 төгрөгийг орон нутгийн төвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2691 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 2691 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар В.Гэрэлийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Баттулгад холбогдох “157.765 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5383 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 2691 төгрөгийг, үлдэх 2691 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын  журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                       Б.МӨНХЗУЛ