Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00887

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 26 210/МА2024/00887

 

 

Е ББСБ нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/00791 дугаар шийдвэртэй

Е ББСБ нэхэмжлэлтэй, О.У-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 25,048,278.53 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Зээлдэгч О.У нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр 16,500,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авч, зээлийн барьцаанд Toyota рrius /цагаан/ маркийн 50-86 УНН улсын дугаартай автомашин барьцаалсан.

1.2. Хариуцагч нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлээ төлөөгүй, улмаар зээл, зээлийн хүү төлөхийг шаардахад төлнө гэсэн боловч хугацааг 395 хоног хэтрүүлсэн. Мөн хариуцагч нь үндсэн зээл 16,500,000 төгрөгөөс 1,057,042.42 төгрөгийг, зээлийн хүүнд 5,681,128,08 төгрөг төлөхөөс 663,217,25 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 227,232.79 төгрөг төлөхөөс 740.32 төгрөгийг тус тус төлсөн.

1.3. Хариуцагч нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээл 15,442,987.58 төгрөг, үндсэн хүү 6,934,529.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 464,181.90 төгрөг болсон тул нэхэмжлэлийн шаардлагаа 2,154,308.55 төгрөгөөр, мөн хариуцагч нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 15,442,987.58 төгрөг, зээлийн хүү 8,812,735.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 792,585 төгрөг болсон тул нэхэмжлэлийн шаардлагаа 2,206,608.71 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж байна.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 25,048,278.53 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний танил Ц.Х гэх хүн лизингээр автомашин авах гэсэн юм, чи надад туслаад өөрийн нэр дээр аваад өг, би сар бүрийн төлөлтийг өөрөө хийгээд явах учраас ямар ч асуудал гаргахгүй гэж гуйсан тул түүнд итгээд 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Тоёота приус маркийн 50-86 УНН улсын дугаартай автомашиныг Е ББСБ-аас 16,500,000 төгрөгийн зээлийн барьцаанд бүртгүүлэн Ц.Х-т өгсөн. Зээлийн урьдчилгааг Ц.Х өөрөө төлж зээл авснаас хойш нэхэмжлэгчид хоёр сарын төлөлтийг хийсэн.

Харин Е ББСБнэр дээр бүртгэлтэй тоёота приус маркийн 50-86 УНН улсын дугаартай автомашин Ц.Х-ын эзэмшил ашиглалтанд байгаа тул зээлийн барьцаа хөрөнгө болох автомашинаар төлүүлэх саналыг гаргаж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.У-гаас 25,048,278.53 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Е ББСБ-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Е ББСБ-аас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361,066 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.У-гаас 283,191 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Е ББСБ-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч өөрийн танил Ц.Х-т тус зээлийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр авч өгснийг нэхэмжлэгч Е ББСБ нь мэдэж байхаас гадна зээлийн урьдчилгаа мөнгө, автомашины даатгал, зээлийн хоёр сарын эргэн төлөлтийг Ц.Х төлсөн. Зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Е ББСБ нэр дээр бүртгэлтэй тоёота приус маркийн ******* улсын дугаартай автомашиныг Ц.Х нь зээлийн гэрээ байгуулснаас хойш эзэмшиж, ашигласан. Зээлийн төлөлтөөс 2 сарын төлөлт хийгдээд цаашид хийгдэхгүй байсан байхад зээлийн гэрээний дагуу сарын төлөлт тасалдаж эхэлмэгц зээлдүүлэгч барьцаа хөрөнгөө хураан авах ёстой байсан боловч гэрээ зөрчигдснөөс хойш 12 сарын дараа буюу 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд хандаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, алдангийг шаардаж байгаа нь хуульд нийцэж байгаа эсэхийг шүүх дүгнээгүй.

4.2. Хариуцагчаас зээлийн төлөлтийг барьцаа хөрөнгө болох Е ББСБ нэр дээр бүртгэлтэй тоёота приус маркийн 50-86 УНН улсын дугаартай автомашинаар төлөхийг зөвшөөрсөн. Уг автомашин Ц.Х-ын эзэмшил ашиглалтанд байсан тул тус зээлийн барьцаа хөрөнгө одоо хаана байгаа талаар тодруулах, барьцаа хөрөнгийг хураан авах зорилгоор Ц.Х-ыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргахад шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Мөн зээлдэгчийн гэрээг дүгнэж байгаа тохиолдолд барьцааны гэрээг мөн нэг мөр шийдвэрлэх ёстой байтал шүүх барьцаа хөрөнгийн асуудлыг шийдэлгүй орхигдуулж харилцан мэтгэлцэх эрхийг хангаагүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчийн шүүхэд гаргаж байгаа гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Манай компанитай О.У зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж, зээлийн харилцаа үүсгэсэн. Барьцаа хөрөнгийг барьцааны гэрээний 2.3-т заасны дагуу барьцааны гэрээг зээлдэгч О.У өөрөө унаж явах, ашиглах нөхцөлтэйгөөр барьцаалсан. Барьцааны гэрээний 2.3-т ...барьцаа хөрөнгийг гэрээний хугацаанд барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр худалдах, бэлэглэх, барьцаалах, батлан даалт гаргах зэргээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх үүрэгтэй гэж заасан. Барьцаа хөрөнгийг Ц.Х гэх хүнд унуулсан, өгсөн гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Учир нь энэ талаар нотолсон баримт хэрэгт байхгүй, зээлдэгч зээлийг графикийн дагуу төлөхгүй байсан тул О.Уянгыг зээлээ төлөхийг шаардахад машинаа олоод төлнө гэдэг байсан. О.У нь барьцаа хөрөнгө олдохгүй байгаа талаар манайд хүсэлт бичгээр гаргаж байгаагүй.

5.2. Анхан шатны шүүхийн шийдвэр 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гарсан ба шүүхийн шийдвэрийг уншиж сонгомогц хүчинтэйд тооцогдож 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Энэ өдрөөс хойш давж заалдах гомдол гаргах хугацааг тооцоход 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болсон байхад 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр давж заалдах гомдол гаргасан нь хуулийн хугацаанд гомдол гаргаагүй гэж үзэж байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Е ББСБ нь хариуцагч О.У-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,687,360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 2 удаа ихэсгэн, зээлийн гэрээний үүрэгт 25,048,278 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор аваагүй, өөр этгээдэд өгсөн гэж маргажээ.

 

3. Е ББСБ нь О.Утай 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Гэрээгээр зээлдүүлэгч нь 16,500,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлэх, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд сарын хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцсон. /хх7/

 

3.1. Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж, хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

3.2. Хариуцагч нь зээлд 1,057,042.58 төгрөг, зээлийн хүүнд 663,217.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 740.33 төгрөг, нийт 1,721,000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгтээр тус тус тогтоогдсон. /хх 6, 78/

 

3.3. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан. Гэтэл хариуцагч О.У нь Е ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээгээр тохиролцсон зээл эргэн төлөх хуваарийг зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй  нь зээлийн гэрээний 3.4-т заасан гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх үүргийг гүйцэтгээгүйгээс гадна зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн байна.

 

3.4.Талууд гэрээний 3.6 дахь хэсэгт нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон бөгөөд уг тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. Иймд нэхэмжлэгч Е ББСБ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч О.У-аас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, алдангийг шаардсан нь хуульд нийцсэн эсэхийг шүүх дүгнээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

3.5. Хариуцагч нь зээлийг өөрөө ашиглаагүй гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй талаар хийсэн анхан шатны шүүүхийн дүгнэлт зөв байна. Түүнчлэн, хариуцагч нь зээл аваад өөрөө ашиглаагүй, тэрээр өөр этгээдэд өгсөн, зээлийн эргэн төлөлтийг өөр этгээдээс төлж байсан нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

3.6. Анхан шатны шүүх хариуцагч О.У-аас үндсэн зээл 15,442,987 төгрөг, зээлийн хүү 8,812,735 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 792,585 төгрөг, нийт 25,048,278 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е ББСБ-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...барьцааны гэрээг мөн нэг мөр шийдвэрлэх ёстой байхад шүүх уг асуудлыг шийдэлгүй орхигдуулсан.... гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

4.1. Хэргийн баримтаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******** улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Монгол улсад орж ирсэн, тоёота приус /toyota prius/ маркийн цагаан өнгийн суудлын автомашиныг барьцаалсан үйл баримт тогтоогдсон. /хх8/

 

4.2. Дээрх гэрээний дагуу барьцааны зүйл болох автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгч Е ББСБ-д шилжүүлсэн боловч уг автомашин талуудын хэн алины эзэмшилд байхгүйгээс нэхэмжлэгч Е ББСБ-аас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй, анхан шатны шүүх нэхэмжлэлийг шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн зөв байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...гэрч оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан.

 

5.1. Шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШЗ2024/02437 дугаар захирамжаар гэрчээр Ц.Х-ыг оролцуулах нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж дүгнэн хүсэлтийг хангахаас татгалзаж шүүгч хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/00791 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283,191 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ