Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00886

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 26 210/МА2024/00886

 

 

Ш.Ш-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/00838 дугаар шийдвэртэй

Ш.Ш-ны нэхэмжлэлтэй, М ХК-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт зээлийн үлдэгдэл төлбөр 40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Г ХХК-иас 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 85,200,000 төгрөгийг 23 жилийн хугацаатайгаар авч ипотекийн зээлээр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 19 дүгээр хороолол, ****************тоот хаягт байрлах 2 өрөө 62.33 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авсан.

1.2. Зээл авахад банкнаас тавьсан шаардлагын дагуу ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээг М ХК-тай байгуулж, жил бүр даатгалын гэрээгээ сунгуулж хураамжийг cap бүр төлж ирсэн.

1.3. Миний нөхөр Б.А нь зүрхний шигдээс өвчний улмаас 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэнэт нас барсан. М ХК-д гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр гаргуулах хүсэлт гаргахад 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 22/668 дугаартай нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариу өгсөн тул эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд хандсан.

Санхүүгийн зохицуулах хорооноос 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 9/3072 тоот албан бичигтээ ...М ХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Даатгуулагчийн нас барсан шалтгаан нь даатгалын гэрээнд заасан гэнэтийн ослын эрсдэлд хамаарахгүй. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөж байна гэсэн хариу өгсөн.

1.4. Зүрхний шигдээс өвчин өмнө нь мэдэгдэх боломжгүй, гэнэт тохиолддог учраас ердийн өвчин гэдэг шалтгаанаар даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл болохгүй. Иймд бидний зээлийн үлдэгдэл төлбөр 80,000,000 төгрөгийн 50 хувь буюу болох 40,000,000 төгрөгийг М ХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Даатгуулагч Б.А нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нас барсан бөгөөд нас барсны гэрчилгээнд Булган аймаг, Могод сумын нутагт 121.9 /I21.9/ оношоор нас барсан гэж дурдсан байх бөгөөд энэхүү онош нь Олон улсын өвчний ангилалд зүрхний шигдээс өвчнийг тэмдэглэсэн тэмдэглэгээ юм. Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрхний төвийн эмнэлгээс гарах үеийн дүгнэлтэд даатгуулагч нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 09-ний хооронд зүрхний эмчилгээ хийлгэж байсан, түргэн тусламжийн дуудлагын хуудсанд гэнэт ухаан алдсан зэрэг баримтаас үзэхэд даатгуулагчийн зүрхний өвчин сэдэрч нас барах шалтгаан болсон байна.

Даатгалын гэрээний амь насны даатгал хэсэгт даатгуулагч дараах эрсдэлүүдийн улмаас амь насаа алдах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгана. Үүнд: Үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, Зам тээврийн осол, Байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол гэж заасан бөгөөд даатгуулагчийг нас барахад хүргэсэн шалтгаан, нөхцөл нь даатгалын гэрээнд тусгасан эрсдэлд хамаарахгүй.

2.2. Даатгуулагч Б.Атай байгуулсан зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 7.3-д Амь нас эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл, 7.3.1-д Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан 7.3.14-д Даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл шалтгааны улмаас учирсан хохирол, мөн Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно гэж, мөн хуулийн 8.5.3 дахь хэсэгт Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна.

Иймд даатгагчийн гаргасан нөхөн төлбөрийн шийдвэр үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар хариуцагч М ХК-аас 40,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Шд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 357,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Шд олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. М ХК болон Б.А нарын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ юм. Даатгалын гэрээ байгуулагдсанаар нөхөн төлбөр олгох үүрэг үүсдэггүй, харин гэрээнд заасан даатгалын тохиолдол болсноор даатгалын нөхөн төлбөрийг олгох зохицуулалттай болзол тавьж хийсэн хэлцэл байдаг. Гэрээнд заасан даатгалын тохиолдол болсон эсэхийг гэрээний дагуу шалгаж нөхөн төлбөр олгох үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэдэг. Даатгуулагч Б.А 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нас барсан бөгөөд нас барсны гэрчилгээнд Булган аймаг, Могод сумын нутагт 121.9 оношоор нас барсан гэж дурдсан байх бөгөөд энэхүү онош нь Олон улсын өвчний ангилалд зүрхний шигдээс өвчнийг тэмдэглэсэн тэмдэглэгээ байдаг.

Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрхний төвийн эмнэлгээс гарах үеийн дүгнэлтэд даатгуулагч нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 09-ны хооронд зүрхний эмчилгээ хийлгэж байсан тухай баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Гэтэл шүүх талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд заагдсан эрсдэл биш болох нь холбогдох эрхий бүхий байгууллагын тодорхойлолтоор нотлогдсоор байхад хавтаст хэрэгт авагдсан даатгалын гэрээ болон эрх бүхий байгууллагаас ирүүлсэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн шийдвэр гаргаагүй.

4.2. М ХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамд нийцүүлэн ипотекийн зээлдэгчийн амь насанд гэнэтийн ослоос үүдэн учрах эрсдэлийг даатгаж ажилласан. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудаас хэрэгт энэхүү мэдүүлгийн маягтыг ирүүлээгүй, маягт үйлдэгдсэн эсэх талаар хэн аль нь тайлбар гаргаагүй тул маягтыг үйлдээгүй байна гэж үзнэ гэж дүгнээд даатгагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн буруутай тул нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасан бөгөөд хэргийн материалд байхгүй баримтыг үндэслэл болгон талуудаас асууж тодруулсан зүйлгүйгээр өөрийн дураар дүгнэн, талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээ болон хууль, дүрэм, журмын заалтыг буруу тайлбарлан шийдвэрлэсэн.

Даатгагчийн хувьд талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний дагуу даатгуулагч Б.Аын нас барсан шалтгаан нөхцөл нь зүрхний шигдээс өвчин байх тул гэрээний 7.3.1-т аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл эрсдэл шалтгааны улмаас учирсан хохирол болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3 дахь хэсэгт Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэх заалтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан, энэхүү даатгагчийн татгалзсан шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хорооноос урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулан холбогдох баримтуудын үнэлж дүгнэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан даатгагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь Голомт банк ХХК-аас 25 жилийн хугацаатай орон сууцны ипотекийн зээл авсан бөгөөд энэ хугацаанд ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал хийлгэсэн. Гэтэл даатгалын тохиолдол биш ердийн өвчний улмаас нас барсан тул нөхөн төлбөр олгох боломжгүй гэж хариуцагч тал тайлбарладаг.

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаартай тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмыг анхан шатны шүүх зөв хэрэглэн даатгалын тохиолдол Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжилсэн даатгалын нөхөн төлбөр болох 40,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон.

Иймд хариуцагчийн гомдол үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзсэн болно.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна. 

3. Нэхэмжлэгч Ш.Ш нь хариуцагч М ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4. Б.А, Ш.Ш нар нь Г ХХК-иас 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 85,200,000 төгрөгийг зээлсэн бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр ипотекийн гэрээг тус тус байгуулсан. Улмаар талууд 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, энэ гэрээгээр зээлийн хугацааг 2043 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгасан өөрчлөлтийг оруулсан. /хх 7, 12-21/

4.1. Түүнчлэн дээрх зээлийн эрсдлийг даатгуулах зорилгоор Б.А Ш.Ш нар нь М ХК-тай 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 12105119108 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ-г 2043 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулж, уг гэрээний 1.1-д даатгалын хамгаалалтад даатгуулагч амь насаа алдах эрсдлийг тохиролцсон гэрээнд даатгалын нөхөн төлбөрийг зээлийн төлбөрийн Б.А 50 хувь, Ш.Ш 50 хувиар тус тус тооцон хариуцах, гэрээний 1.3-т амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийн хэмжээг 82,021 төгрөг, барьцаа хөрөнгийн хураамжийн хэмжээг 149,592 төгрөг, нийт 231,613 төгрөгийн даатгалын хураамжийг даатгуулагч төлөхөөр тохиролцжээ. /хх11/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

4.2. Б.А, Ш.Ш нар 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба даатгуулагч Б.А 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зүрхний цочмог шигдээс, тодорхойгүй I21.9 өвчнөөр Булган аймгийн Могод сумын 1-р багт нас барсан, нэхэмжлэгч Ш.Ш хууль ёсны өвлөгч энэ талаар хариуцагч маргаагүй. Иймд нэхэмжлэгч нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХК-иас даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. /хх10/

4.3. Нэхэмжлэгч Ш.Ш нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар шаардаж М ХК-д хүсэлт гаргасан боловч М ХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 22/668 тоот албан бичгээр ...даатгуулагч Б.Атай байгуулсан зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 7.3-д Амь нас эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл, 7.3.1-д Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан, 7.3.14-д Даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл шалтгааны улмаас учирсан хохирол, Монгол Улсын даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно гэж, мөн хуулийн 8.5.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариу өгсөн.

4.4. Мөн Санхүүгийн зохицуулах хороо 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 9/3072 тоот албан бичигт ...даатгагчийн зүгээс зээлдэгчийн нас барсан шалтгааныг даатгалын гэрээнд заасан эрсдэлд хамаарахгүй гэж үзээд... нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 210 дугаар тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 2 дугаар зүйлийн 2.1.1-т заасан үндсэн эрсдэлийн дагуу даатгагчтай харилцан тохиролцож гэрээг байгуулсан байх ба мөн даатгуулагчийн нас барсан шалтгаан нь даатгалын гэрээнд заасан гэнэтийн ослын эрсдэлд хамаарахгүй гэж үзэхээр байна гэжээ. /хх5/

4.5. Даатгалын тухай хуулийн 8.5.3, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 7.3, 7.3.1, 7.3.14-т заасан заалтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 9/3072 тоот албан бичгээр М ХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй гэх хариу мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон тул Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Зохигчдын хооронд даатгуулагч зүрхний цочмог шигдээс, тодорхойгүй I21.9 өвчнөөр нас барсан нь гэрээгээр тохирсон даатгалын эрсдэлд хамаарч буй эсэх нь маргааны зүйл болжээ.

5. М ХК нь гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлагаа даатгуулагчид ойлгуулж танилцуулах, загвар бүхий мэдүүлгийн маягт хуудас баримтыг баталгаажуулан үйлдэх хуулиар хүлээсэн болон гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй, зөрчсөн нь Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, 9.1.6, Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 4.5-д тус тус заасантай нийцээгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Өөрөөр хэлбэл даатгагч М ХК нь даатгуулагч Б.А, Ш.Ш нарт даатгалын гэрээний нөхцөлийг танилцуулж, мэдүүлгийн маягтийн загварын дагуу мэдээллийг өгч нэхэмжлэгчээр баталгаажуулсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

5.1. Учир нь Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 3 дугаар хавсралтын 3-т гэнэтийн ослын улмаас нас барах эрсдэлийг даатгуулах талаар заажээ. Зээлдэгчийн хуулиар олгогдсон амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлийн сонголтоо хийх эрхийг нь эдлүүлэлгүй, даатгуулагчид гэрээний заалт түүний агуулгыг тайлбарлан ойлгуулаагүй, амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлүүдээс сонголт хийлгээгүй нь даатгуулагчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд даатгагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн буруутай тул даатгуулагчийн даатгалын зүйл болох амь насаа өвчний улмаас алдсан эрсдлийг даатгалын тохиолдол биш гэж үгүйсгэх үндэслэл болохгүй тул даатгуулагчийн хохирлыг даатгагч хариуцан төлөх үндэслэлтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

5.2. Нөгөөтэйгүүр, даатгалын гэрээний төрөл нь амь нас, эрүүл мэндийн даатгал гэж тодорхойлогдсон, талийгаач Б.А нь зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан учир түүний гэнэт нас барсантай холбоотой эрсдлийг хариуцагч хүлээх учиртай. Иймд хариуцагчийн даатгалын гэрээний 7.3.1-д аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан гэдгийг үндэслэл болгож нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй.

5.3. Мөн даатгуулагч нь өмнө зүрхний эмчилгээ хийлгэж байсан, хууч өвчин сэдэрч нас барах шалтгаан болсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр даатгалын тохиолдолд хамаарахгүй гэх хариу өгсөн гэх үндэслэлээр хариуцагч даатгалын нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ тул даатгуулагчид гэрээг тайлбарлах, даатгалын эрсдлийн талаарх үндсэн болон нэмэлт нөхцөлийн ялгааг ойлгомжтой байдлаар тусгасан байхыг шаардана.

5.4. Анхан шатны шүүх М ХК нь зээлдэгчийн амь насаа алдах эрсдлийн даатгалын үнэлгээг 82,021,015 төгрөгөөр тохиролцсон дүнд багтаан, даатгуулагч Б.А нас барах үеийн зээлийн үлдэгдэл 81,912,720.72 төгрөг боловч нэхэмжлэгч нь 80,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан гэж нэхэмжлэлээ тодорхойлсныг үндэслэн даатгуулагч Б.А ногдох нөхөн төлбөрийг гаргуулахаар шаардсан тул 40,000,000 төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг хууль ёсны өвлөгч болох Ш.Шд төлөх үндэслэл тогтоогдсон гэж дүгнэж М ХК-аас даатгалын нөхөн төлбөр 40,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Ш-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасантай нийцжээ.

5.5. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзээгүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/00838 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ