Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00885

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 26 210/МА2024/00885

 

 

Д ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2024/01189 дугаар шийдвэртэй,

Д ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.О-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 27,212,283 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х, хариуцагч Э.О, хариуцагчийн өмгөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Э.О-тай 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 40,565,718 төгрөгийг 30 сарын хугацаатай, 3.2 хувийн хүүтэйгээр зээл олгосон. Зээлийн мөнгөн хөрөнгөөс хариуцагчийн дансанд 25,000,000 төгрөгийг шилжүүлж, 15,565,718 төгрөгийг бэлнээр өгсөн.

1.2. Зээл олгосон өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хариуцагч 6 удаагийн төлөлт хийсэн бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 2,128,704 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 4,881,591 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 2,128,904 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 2,128,704 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 281,581 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,128,704 төгрөгийг тус тус төлсөн.

1.3. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч сар бүрийн 25-ны өдөр зээлээ төлж барагдуулах байсан боловч өнөөдрийг хүртэл үндсэн зээл 39,975,908 төгрөг, хүүгийн төлбөрт 17,116,443 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,782,930 төгрөг, нийт 62,275,281 төгрөгийг төлөөгүй.

1.4. 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр барьцааны зүйл болох ********* улсын дугаартай Мерседес бенз атенго маркийн автомашин, ****** улсын дугаартай Хьюндай Майти маркийн автомашинуудыг тус тус Д ХХК-д хүлээлгэн өгч, 14 хоногийн дотор барьцаа хөрөнгийг зарж өрийг барагдуулж дуусгах, мөн төлж барагдуулаагүй тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Барьцаа хөрөнгийг Э ХХК-иар үнэлгээ хийлгэсэн бөгөөд барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслүүд 35,313,000 төгрөгийн үнэлгээтэй болох нь тогтоогдсон.

Иймд тээврийн хэрэгслийн үнэ 35,313,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 250,000 төгрөгийг хасаж тооцож зөрүү 27,212,283 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д ХХК-д өөрийн эзэмшлийн автомашинуудыг хүлээлгэн өгсөн. Зээлийн гэрээний 3.1.4, барьцааны гэрээний 8.2-т заасны дагуу зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулан Д ХХК-ийн зүгээс зээлийн гэрээг цуцалсан.

2.2. ********* улсын дугаартай Мерседес бенз атенго маркийн автомашин, *********** улсын дугаартай Хьюндай Маяти маркийн автомашинуудыг тус тус 25,000,000 төгрөгөөр үнэлж бусдад зарж хохирлоо гарган авахаар тохиролцсон.

Гэтэл нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн үнэлгээгээр ************ улсын дугаартай Хьюндай Маяти маркийн автомашиныг 11,000,000 төгрөг, ************ улсын дугаартай Мерседес бенз атенго маркийн автомашиныг 23,373,000 төгрөг, нийт 35,313,000 төгрөгөөр үнэлж зээлийн төлбөрөөс суутган тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2020 онд ковид цар тахлын үед хилийн хорио, гаалийн зөвшөөрөл зэрэг гэнэтийн хүчин зүйлээс шалтгаалж шатахуун худалдан борлуулах үйл ажиллагаа тасалдаж, машины эвдрэл гарсан тул зээлийг төлж барагдуулах боломжгүй болсон талаар нэхэмжлэгчид удаа дараа хэлсэн.

2.3. Би 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үндсэн зээл 1,189,810 төгрөг, зээлийн хүүнд 938,894 төгрөг, нийт 2,218,704 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр зээлийн төлбөрт 931,236 төгрөг, зээлийн хүүнд 1,197,468 төгрөг, нийт 2,218,704 төгрөг, 7 дугаар сард зээлийн төлбөрт 1,074,532 төгрөг, хүүнд 1,054,172 төгрөг, нийт 2,218,704 төгрөгийг төлж, 624,183 төгрөгийн илүү төлөлтийг хийсэн. 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр зээлийн төлбөрт 996,646 төгрөг, зээлийн хүүнд 1,132,058 төгрөг, нийт 2,218,704 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн төлбөрт 1,064,604 төгрөг, зээлийн хүүнд 1,064,100 төгрөг, нийт 2,218,704 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 281,704 төгрөгийн сунгалт хийсэн байна. 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн төлбөрт 1,131,804 төгрөг, зээлийн хүүнд 996,900 төгрөг, илүү төлөлт 333,724 төгрөг, нийт 2,462,428 төгрөг, бүгд 14,011,835 төгрөгийг төлж барагдуулсан. Үүнээс үндсэн зээлийн төлбөрт 6,388,632 төгрөг, зээлийн хүүнд 7,623,203 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 48,709,542 төгрөгөөс барьцааны гэрээнд заасан түргэн борлогдох үнэ 45,000,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 3,709,542 төгрөг байна.

Мөн зээлдүүлэгчийн санаачилгаар зээлийн гэрээ цуцлагдсанд тооцогдсон тул мөн хугацаанаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх зээлдүүлэгчийн үүрэг дуусгавар болж, үндсэн зээлийн төлөх үүрэг үлдсэн гэж ойлгож байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.О-аас 7,134,647 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэлээс 20,077,636 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 219,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 129,104 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээлийн үлдэгдэл төлбөр 26,962,281 төгрөгөөс фидуцийн зүйл болох ******** улсын дугаартай, Mercedes benz atego маркийн ачааны автомашин, *********** улсын дугаартай, Hyundai agthy маркийн автомашиныг үнэлсэн Эби ХХК-ийн үнэлгээ болох 35,313,000 төгрөг, гэрээгээр тохиролцсон түргэн борлогдох үнэ 45,000,000 төгрөгийн зөрүү 9,687,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,782,930 төгрөг, мөн зээлийн зөрүү 5,300,428 төгрөгийг тус тус хасаж, үнэлгээний хөлс 250,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн зөрүү 499,231 төгрөгийг нэмж тооцохоор байна гэж дүгнэсэн. Мөн шүүхийн шийдвэрт нэмэгдүүлсэн хүү 3,024,025 төгрөгийг нэхэмжлэгч авахгүй байхаар тохирсон гэх агуулгатай байна гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлд хавсаргасан зээл эргэн төлөлтийн дансны хуулга зэргийг бодитойгоор харьцуулан үзээгүй.

Зээл эргэн төлөлтийн дансны хуулгын хүснэгтээр одоо байгаа үлдэгдэл өр 39,375,908 төгрөг, үндсэн хүү 17,116,443 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,542,665 төгрөг, нийт 62,035,016 төгрөг гэх тооцооллыг гаргасан. Энэхүү үнийн дүнгээс барьцааны хөрөнгийн үнэлгээ 35,313,000 төгрөгийг хасаж, үнэлгээ хийлгэсэн зардал 250,000 төгрөгийг нэмж тооцон 27,212,283 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заасан. Мөн талуудын хооронд байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний 3.1.2-т хариуцагч нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээсэн байхад нэхэмжлэлээс хасаж тооцсон нь үндэслэлгүй.

4.2. Барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.6.3 дахь заалтад хоёр тээврийн хэрэгслийг барьцаагаар хангагдах үүрэг үүссэн тохиолдолд түргэн зарагдах үнэ 45,000,000 төгрөг гэж тодорхойлсон боловч тухайн тээврийн хэрэгслүүд нь хөдлөх боломжгүй, уг үнээр худалдан борлуулах боломжгүй талаар нэхэмжлэлдээ дурдсан. Хөрөнгийн үнэлгээний Эбил эстимэйт ХХК-иар үнэлгээг 35,313,000 төгрөгөөр тогтоосон байхад зах зээлийн бодит бус үнэ болох 45,000,000 төгрөгөөр тооцож, зөрүү 9,687,000 төгрөгийг хасаж тооцсон үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Э.Оаас 27,212,283 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий үнэн зөв гарсан. Хариуцагчийн эзэмшил өмчлөлд байсан авто машиныг нэхэмжлэгч нь өөрийн эзэмшил өмчлөлд аваад зарж борлуулсан байсан учир үнэлгээг дахин хийх боломжгүй.Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээний 6.5.2-т Хьюндай Маяти маркийн авто машиныг 20,000,000 төгрөгөөр, Мерседес бенз атенго маркийн авто машиныг 25,000,000 төгрөгөөр түргэн борлогдоно гэж тохиролцсон боловч талууд гэрээний үүрэгтэй холбоотой маргаантай асуудлыг шийдвэрлэх, өр төлбөрийг барагдуулах асуудлаар гэрээний 6.5.2-т заасны дагуу иргэн зээлээ төлөөгүй тохиолдолд тухайн 2 авто машиныг түргэн борлогдох үнээр худалдан борлуулна гэж заасан байдаг.

Анхан шатны шүүх 45,000,000 төгрөгийн үнэлгээгээр тооцож нийт төлбөрөөс нь хасаж тооцсон нь үндэслэлтэй. Хариуцагч нь зээл төлсөнтэй холбоотой дансны хуулгын баримтаа гаргаж өгсөн ба 19,312,134 төгрөгийг гэрээний дагуу төлбөрт төлсөн боловч шүүх 14,011,830 төгрөг төлснөөр дүгнэсэн. Хариуцагч 2 удаагийн зээлийн гэрээгээр нийт 40,000,000 төгрөг зээлж аваад үүнээс 19,000,000 төгрөг төлж үлдэгдэл 3,000,000 төгрөг байх ёстой гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Э.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 39,975,908 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 17,116,443 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5,782,930 төгрөг, нийт 62,275,281 төгрөгөөс хоёр тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоосон 35,313,000 төгрөгийг хасч, 26,962,281 төгрөг, үнэлгээний хөлс 250,000 төгрөг, нийт 27,212,283 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Д ХХК нь Э.О нарын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч Д ХХК нь 40,565,718 төгрөгийг зээлдэгч Э.О-т сарын 3.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлүүлэх, зээлдэгч Э.О нь зээлийг зээлийн хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх 13-15/

 

3.2. Д ХХК  нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, Э.Оын эзэмшлийн ХААН банк ХХК дахь ************* тоот дансанд 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 25,000,000 төгрөгийг шилжүүлж, мөн өдөр 15,565,718 төгрөгийг бэлнээр өгсөн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигчид маргахгүй байна. /хх23-24/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

3.1. Мөн талууд уг өдөр гэрээ байгуулж, ********* улсын дугаартай, Мерседес бенз атенго /Mercedes benz аtego/, *********** улсын дугаартай, Хьюндай маяти /Hyundai migthy/ маркийн тээврийн хэрэгслүүдийг үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Д ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна. Уг гэрээний зорилго, талуудын хүлээсэн эрх үүрэг, гэрээний шинжээс дүгнэвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээ байгуулагдсан байна. /хх 16, 19-20/

 

3.3. Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээний хугацаанд 14,011,712 төгрөг төлсөн гэж тайлбар гаргасныг хариуцагч үгүйсгэж 19,312,140 төгрөг төлсөн гэж тайлбар гаргасан нь хэргийн 60-86 дугаар тал дахь Э.О-ын Хаан банкны депозит дансны хуулгаар нотлогдсон. /хх80-86/

 

3.4. Хариуцагч нь нэхэмжлэгчид 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр фидуцийн гэрээний зүйл болох 2 тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөхдөө баримт үйлдсэн байх бөгөөд уг баримтанд эдгээр тээврийн хэрэгслүүдийг 14 хоногийн хугацаанд худалдан борлуулж зээлийн төлбөрийг төлж барагдуулах талаар хүсэл зоригоо илэрхийлсэн байна. /хх17/

 

3.5. Үүний дараа нэхэмжлэгч Д ХХК-аас тухайн тээврийн хэрэгслэлүүдийн зах зээлийн үнэлгээг Эбил эстимэйт ХХК-иар тогтоолгоход ********* улсын дугаартай, Мерседес бенз атенго /Mercedes benz аtego/ маркийн тээврийн хэрэгслийг 23,373,000 төгрөгөөр, *********** улсын дугаартай, Хьюндай маяти /Hyundai migthy/ маркийн тээврийн хэрэгслийг 11,940,000 төгрөгөөр тус тус тогтоожээ. /хх27-31/

 

4. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.6.3-т фидуцийн зүйлээр хангагдах үүрэг үүссэн тохиолдолд хөдлөх эд хөрөнгийн түргэн зарагдах үнэ Мерседес бенз атенго /Mercedes benz аtego/ маркийн тээврийн хэрэгсэл 25,000,000 төгрөг, Хьюндай маяти /Hyundai migthy/ маркийн маркийн тээврийн хэрэгсэл 20,000,000 төгрөгөөр бусдад зарж хохирлоо гарган авахыг зээлдэгч зөвшөөрсөн байна.

 

4.1. Анхан шатны шүүх дээрх фидуцийн гэрээний зүйл болох 2 ширхэг тээврийн хэрэгслэлийг гэрээнд заасан 45,000,000 төгрөгийн хэмжээнд үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт заасантай нийцжээ. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл, түүний хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

Шүүх зээлийн үлдэгдэл төлбөр 26,962,281 төгрөгөөс фидуцийн гэрээний зүйл болох 2 ширхэг тээврийн хэрэгслийг үнэлсэн 35,313,000 төгрөг, гэрээгээр тохиролцсон үнэ 45,000,000 төгрөгийн зөрүү 9,687,000 төгрөг, мөн хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн 19,312,140 төгрөгийн зөрүү 5,300,428 төгрөгийг тус тус зээлийн гэрээний үүргээс хасч тооцсон нь үндэслэлтэй болжээ. Мөн анхан шатны шүүх үнэлгээний хөлс 250,000 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулахаар шийдвэрлэсэн хэсэгт зохигчид гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн хэвээр үлдээж шийдвэрлэв. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч ...шүүх зах зээлийн бодит бус үнэ болох 45,000,000 төгрөгөөр тооцон зөрүү 9,687,000 төгрөгийг хасаж тооцсон нь үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4.2. Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас нэмэгдүүлсэн хүү авахгүй байхаар тохиролцсон гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн хүү шаардсан хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар алдааг залруулах боломжтой.

 

4.3. Учир нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, талуудын байгуулсан гэрээний 3.1.3-т үндсэн зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцжээ. Иймд хариуцагч нь гэрээнд заасан үүргээ зөрчсөн буруутай байх тул нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

 

4.4. Хэргийн 18 дугаар талд авагдсан талуудын тооцоо нийлсэн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийн нэмэгдүүлсэн хүүнд төлөх 5,492,955 төгрөгөөс 3,024,025 төгрөгийг авахгүй байхаар тусгасан байх тул үлдэх 2,468,930 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг хариуцагч Э.О-аас нэмж гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

4.5. Түүнчлэн, анхан шатны шүүх нэмэгдүүлсэн хүүгийн зөрүү 499,231 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, мөн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх заалтыг баримталсан нь оновчгүй байгааг хасч, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг тус тус нэмж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

5. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 27,212,283 төгрөгөөс барьцааны гэрээнд заасан 45,000,000 төгрөгийн хэмжээнд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулсны зөрүү 9,687,000 төгрөг, хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн 19,312,140 төгрөгийн зөрүү 5,300,428 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,024,025 төгрөг, нийт 17,496,333 төгрөгийг хасч, үнэлгээ хийлгэсэн хөлс 250,000 төгрөгийг нэмж хариуцагч Э.Оаас үлдэх 9,715,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийн хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2024/01189 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Оаас зээлийн гэрээний үүрэгт 9,715,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,496,333 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын ...129,104 гэснийг ...170,405 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 294,020 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ