Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00848

 

 

 

 

 

 

 

 

2024 04 22 210/МА2024/00848

 

 

Б СӨХ нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/00591 дугаар шийдвэртэй,

Б СӨХ нэхэмжлэлтэй, Х.Э-т холбогдох

Б СӨХ тамгыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж, хариуцагчийн өмгөөлөгч С.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Тус СӨХ-ны үйл ажиллагааг хуулийн дагуу хэвийн явуулдаггүй, шаардлагатай засвар, үйлчилгээ хийдэггүй, санхүүгийн тайланг тавьдаггүй, бүх гишүүдийн ээлжит хурлыг хийдэггүй, дундын өмчлөлийн хөрөнгийг ашиглан олсон орлогоо хувьдаа зарцуулсан байж болзошгүй гэх олон зөрчил дутагдал гарсан, энэ талаарх оршин суугчдын шаардлагыг хүлээж авдаггүй, хэрүүл маргаан үүсгэдэг, СӨХ-ны төлбөрийг дур зоргоороо тогтоодог, үйл ажиллагааг зохих ёсоор явуулдаггүйгээс оршин суугчид хэвийн амьдрахад маш хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн.

Улмаар 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр бүх гишүүдийн ээлжит бус хурлыг хуулийн дагуу зарлан хуралдуулсан. Хурлаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.4-т заасны дагуу удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг шинээр сонгож, улмаар удирдах зөвлөлөөс тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-д заасны дагуу Х.Э-ийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, Б.Энхжаргалыг захирлаар томилсон шийдвэр гаргасан.

1.2. Бүх гишүүдийн ээлжит бус болон Удирдах зөвлөлийн хурлын хуралдуулах явц, хурлаас гарсан шийдвэртэй Х.Э тухайн үед танилцаж, мэдэгдлийг хүлээн авсан боловч уг шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан холбооны тэмдэг, бусад зүйлсийг Удирдах зөвлөлд хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасан хуулийг зөрчсөн, тамгыг хүлээлгэж өгөхгүйгээр зайлсхийж зугатаасаар байгаа нь СӨХ-ны үйл ажиллагааг хэвийн явуулахад ноцтой саад учруулж байна.

Иймд хариуцагч Х.Э-ээс Б СӨХ тамгыг гаргуулан нэхэмжлэгч Ж СӨХ-д хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Би Б СӨХ гүйцэтгэх захирлаар 2006 оноос хойш ажилласан бөгөөд СӨХ-ны үйл ажиллагаа хэвийн явагдаж ирсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь СӨХ-ны төлбөрөө төлдөггүй хүмүүс хууль бус хурал хийгээд тамга тэмдэг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.6, Сууц өмчлөгчдийн холбооны зрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.9-т зааснаар Ж СӨХ-ны тэмдгийг 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ээлжит бус хурлаар томилогдсон Удирдах зөвлөлд хүлээлгэн өгөхийг хариуцагч Х.Э-т даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Э-ээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Би тус СӨХ байгуулагдсан цагаас эхлэн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллуулж байсан боловч сүүлийн жилүүдэд СӨХ-ны гишүүд нь төлбөрөө төлөхгүйгээр үйл ажиллагааг санаатайгаар доголдуулах үйлдэл хийсэн. 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн СӨХ-ны ээлжит бус хурлыг хуралдуулсан гэх боловч тус хурал Монгол Улсын Засгийн газраас зарласан хөл хорионы дэглэмийн үед зохион байгуулагдсан, хуралд биечлэн оролцсон эсэх нь тодорхойгүй байдаг. Тиймээс СӨХ-ны удирдах бүрэлдэхүүнийг сольсон тогтоол шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

4.2. Тус шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг миний хувьд мэдээгүй, мэдэх боломжгүй, цаашид захиргааны тус шийдвэрт эрх ашиг хөндөгдөж буй иргэний хувьд дахин хүсэлт гарган шийдвэрийг дахин хянуулах нөхцөл байдал байсаар байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1. 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуралд оролцсон гишүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг Улсын бүртгэлийн газраас гаргуулаагүй нь процессын алдаа болсон гэж хариуцагчийн өмгөөлөгч тайлбарласан. Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ээлжит бус бүх гишүүдийн хурлыг хийхдээ сууц өмчлөгч, оршин суугч гэх 2 шалгуураар СӨХ-ны гишүүдийг харгалзан үзэж анх удаа ээлжит бус хурлыг хийхийн тулд хурлыг хэзээ товлох, процесс ажиллагаа ямар байх талаар хуульд нийцүүлэн хийсэн.

Мөн Сууц өмчлөгчдийн дээд зөвлөлийн захирал нь ажиглагчаар ирж оролцсон, хуульд нийцсэн үйл ажиллагаа болсон талаар албан бичгийг хэрэгт хавсаргасан. СӨХ-ны ээлжит бус хурал 2011-2021 оны СӨХ-ны болон гүйцэтгэх захирлын үйл ажиллагааг хэлэлцэх тул Х.Э-т хуралд оролцох талаар мэдэгдсэн. Хурлын дараа 10 дугаар сарын 06-ны өдөр Х.Э-т шуудангаар хүргүүлсэн мэдэгдэлд гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлсөн тул хуульд заасан 3 хоногийн дотор тамга тэмдгийг өгөх талаар сануулсан.

5.2. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт хариуцагч нь миний эрх ашиг хөндөгдсөн гэж тусгагдсан. Харин давж заалдах гомдолд эрх ашиг нь зөрчигдөж байгаа иргэний хүний хувьд гомдол гаргасан гэж дурдсан байсан. Энэ маргаан СӨХ-ны захирал байсан Х.Э-т холбогдох хэрэг болохоос хувь иргэн Х.Э-тэй ямар нэгэн маргаан үүсгээгүй. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэгч нь СӨХ, хариуцагч нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар хариуцагчаар татагдаж оролцсон.

Иймд анхан шатны шүүх хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг хангаж, процессын ямар нэгэн алдаа гаргаагүй үндэслэлтэй шийдвэр гаргасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3. Нэхэмжлэгч Жи энд Би сервис СӨХ нь хариуцагч Х.Э-т холбогдуулан Б СӨХ тамга хүлээлгэн өгөхийг даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...СӨХ-ны үйл ажиллагааг хуулийн дагуу хэвийн явуулаагүй, тайлангаа тавьдаггүй, бүх гишүүдийн ээлжит хурлыг зарладаггүй тул бүх гишүүдийн ээлжит бус хурал хийж, уг хурлаар удирдах болон хяналтын зөвлөлийн бүх гишүүдийг шинээр сонгон томилон, гүйцэтгэх захирлын албан тушаалаас Х.Э-ийг чөлөөлсөн... гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...бүх гишүүдийн ээлжит бус хурал хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарласан.

 

Хэргийн баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ.

 

4.1. Жи энд Би сервис сууц өмчлөгчдийн холбоо нь 2003 онд үүсгэн байгуулагдаж, Сүхбаатар дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдэж 2004 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 02 дугаартай сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг олгосон. /хх21/

 

4.2. Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороонд оршин байрлах, 48 айлын 53а, 53б орон сууцны оршин суугчдын зүгээс Жи энд Би сервис Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ/-ны удирдах болон хяналтын зөвлөл, захирал нарт хандан бүх гишүүдийн ээлжит бус хурал хуралдуулах шаардлагыг 2021 оны 09 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд гаргаснаар 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр бүх гишүүдийн ээлжит бус хурал 58.3 хувийн ирцтэйгээр зохион байгуулагдсан. /хх35-38/

 

4.3. Бүх гишүүдийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №01 дугаартай тогтоолоор 2011-2021 оны Б СӨХ үйл ажиллагааг хангалтгүй гэж үнэлэн, мөн өдрөөс удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь чөлөөлөн, шинээр удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгож, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Э-ийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, гүйцэтгэх захирлыг чөлөөлсөнтэй холбоотойгоор холбооны харилцах дансыг хаах, гэрчилгээ, тамга, СӨХ-ны эд хөрөнгийг хүлээн авахыг, холбооны мөнгө болон эд хөрөнгөд санхүүгийн шалгалт оруулах, шалгалтаар зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагад хандахыг удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлд тус тус даалгаж шийдвэрлэжээ. /хх-7/

 

4.4. Б СӨХ удирдах зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №2 тогтоолоор гүйцэтгэх захирал Х.Э-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, захирлын түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхжаргалыг томилсон, мөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №3 тогтоолоор холбооны гүйцэтгэх захирлаар Б.Энхжаргалыг үргэлжлүүлэн ажиллуулахаар томилсон. /хх8-9/

 

4.5. Б СӨХ удирдах зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №1 дугаартай мэдэгдлээр Х.Э-ийг үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн тул тус СӨХ-ны тамга болон гэрчилгээг хүлээлгэж өгөх талаар мэдэгдсэн байна. /хх10/

 

4.6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0149 шийдвэрээр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д заасныг тус тус баримтлан Г.Ц нар нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Жи энд Би сууц өмчлөгчдийн холбооны сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг гаргах хүсэлтийг шийдвэрлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж, үлдэх шаардлага болох Жи энд Би сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, шинэ зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирлыг томилсон шийдвэрийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Жи энд Би СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдээр Г.Ц, Г.У, А.Ц нарыг, хяналтын зөвлөлийн гишүүдээр Б.Э, Х.Г, Н.М нарыг, гүйцэтгэх захирлаар Б.Э-ыг бүртгэж, сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг гаргахыг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

 

Дээрх шийдвэрийн дагуу Б СӨХ гэрчилгээг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шинэчилж, гэрчилгээнд тус СӨХ-ны захирлаар Б.Э 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр томилогдсоныг бүртгэсэн байна. /хх6/

 

5. Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/02/42 тоот дүгнэлт хүргүүлэх тухай албан бичигт ..2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр болсон Б СӨХ бүх гишүүдийн ээлжит бус хуралд оршин суугчдын хүсэлтээр Дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Г хөндлөнгийн ажиглагчаар оролцож зөвлөх үйлчилгээ үзүүлсэн, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар хурал хүчин төгөлдөр болсон, хяналтын зөвлөл болон удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр чөлөөлж, шинэ бүрэлдэхүүнийг сонгосон, улмаар бүх гишүүдийн хурал хуулийн хүчин төгөлдөр болсон тул шинэ бүрэлдэхүүн нь холбооны ажлыг хүлээн авах эрх үүссэн талаар тусгажээ. /хх-58/

 

5.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0149 дугаар шийдвэрт ... Жи 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр болсон ээлжит бус хурал хуралдааны хүчин төгөлдөр эсэх байдлын талаар дүгнэж, улмаар хуульд заасан эрхийнхээ дагуу хуралдаж, нэхэмжлэгч нарыг удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдээр, гүйцэтгэх захирлаар тус тус сонгосон болон томилсон шийдвэр хүчинтэй байгаа тохиолдолд эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой талаар дүгнэгдсэн байна. /хх62-70/

 

5.2. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан тул Б СӨХ 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ээлжит бус хурал хуралдааны шийдвэрүүд хүчин төгөлдөр эсэх байдлын талаар шүүхээс дахин дүгнэх, удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирлыг чөлөөлсөн, шинээр томилсон асуудал нь хуульд нийцсэн эсэх асуудал нь энэхүү маргаанд ач холбогдолгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул хариуцагчийн бүх гишүүдийн хурлаас гарсан тогтоол хүчин төгөлдөр бус гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.

 

5.3. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар 12.4.9 дэх хэсэгт Гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай удирдах зөвлөлийн шийдвэр гарвал уг шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан холбооны тэмдэг болон бусад зүйлсийг удирдах зөвлөлд хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасан.

 

5.4. Анхан шатны шүүх хэргийн дээрх нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн Б СӨХ тэмдгийг тус холбооны бүх гишүүдийн 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ээлжит бус хурлаар томилогдсон удирдах зөвлөлд хүлээлгэн өгөхийг хариуцагч Х.Э-т даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

6. Харин захиргааны хэргийн шийдвэрийг гарсан талаар мэдээгүй, мэдэх боломжгүй байсан, мөн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлыг улмаас дахин хянуулах хүсэлт гаргах эсэх нь энэ хэрэгт хамааралгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/00591 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ