Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсайханы Мөнхзул |
Хэргийн индекс | 148/2016/00346/И |
Дугаар | 460 |
Огноо | 2016-08-31 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 460
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг, 2-16 тоотод оршин суух, Баргил овогт Адъяасүрэнгийн Баасансүрэн /МО-71010617/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Адъяасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Баасансүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... А.Баасансүрэн миний бие нь Алтанбулагийн чөлөөт бүсэд харуулын цагдаагаар ажиллаж байсан юм. Би 2015 оны 02-р сард амралтын цагаараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад Захиргааны хариуцлагын тухай хуулиар шийтгэгдсэн юм. Гэтэл аймгийн цагдаагийн газрын дарга Д.Энхбаяр намайг ажил албаны талаар ямар ч дутагдал гаргаагүй байхад төрийн албаны тухай хуулийн 26.1.3, Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 12.10-р заалтыг үндэслэн төрийн албанд нэг жилийн хугацаагаар эргэн орох эрхгүйгээр ажлаас халлаа гэж амаар мэдэгдээд цол хувцсыг хураан авч албан ёсны тушаал шийдвэр өгөөгүй. Ингэж нэг зөрчилд 2 шийтгэл ногдууллаа. Төрийн албаны тухай хуулийн 26.1.3 дахь заалт болон Цагдаагийн албаны тухай хуульд согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон хүнийг жилээр ч юм уу бүр мөсөн халах заалт алга. Сахилга хариуцлагатай холбоотой заалтууд л байна. Цагдаагийн албаны дүрмийн 12.10 дахь заалт нь цагдаагийн албаны хуулийн 20.1.3-д заасан цагдаагийн байгууллагын дүрэм журмыг энэ хууль болон бусад хуулиудад нийцүүлэн баталж, мөрдөнө гэсэн заалттай зөрчилдөж байна. Энэ байдлыг миний бие Адъяасүрэн 2015 оны 03-р сард аймгийн Цагдаагийн газрын дарга Д.Энхбаярт хэлж ажилд нь эгүүлж оруулж өгөхийг хүсэхэд улсын баярын дараа өргөдлөө өг гэсэн. Баярын дараа өргөдлөө өгөхөд намайг өөрийг нь 9 сард уулзуул гэсэн байсан. Тэгээд би 9 сард орж уулзах гэтэл амралтаа аваад явчихсан байсан. 10 сард орж уулзсан чинь шийтгэлийн чинь хугацаа дуусах болоогүй гэсэн. Шийтгэлийн хугацаа дуусгаад очиход бүрмөсөн халсан тушаал өгсөн. Өөр газар ажилд орох гэхээр энэ тушаалыг үзээд архи ууж ажлаас халагдсан байна гээд ажилд авахгүй байна.
Ингэж миний амьдралыг бүрэн сүйрүүллээ. Би захиргааны хариуцлагын тухай хуулиас өөр ямар ч хууль дүрэм зөрчөөгүй, ажлын өчүүхэн ч алдаа дутагдал гаргаагүй болохоор би маш их гомдолтой байна.
Иймд намайг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан бүх хугацааны цалинг гаргуулж өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Адъяасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Манай хүү А.Баасансүрэн нь 2015 оны 02 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн үндэслэлээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авагдсан. Энэ талаар бол миний хувьд зүй ёсны асуудал гэж бодож энэ хуулийн зүйл заалттай маргахгүй.
Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.10-д заасны дагуу “Алба хаагч нь ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тухайн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулна” гэж заасан байдаг.
Гэтэл Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.10-д заалт нь цагдаагийн албаны тухай хуулийн 20.1.3-д заасан цагдаагийн байгууллагын дүрэм журмыг энэ хууль болон бусад хуулиудад нийцүүлэн баталж мөрдөх гэсэн заалттай зөрчилдөж байна.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасны дагуу “Төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэсэн сахилгын шийтгэлийг ногдуулсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан байна.
Манай хүү А.Баасансүрэн нь 2016 оны 02 дугаар сард ажилдаа оръё гэж очтол “цагдаагийн албанд орох сонгон шалгаруулалтаа өгөөд эргэж ажилдаа ор” гэж хэлсэн. Хүү маань цагдаагийн албан хаагчийн сонгон шалгаруулалтанд орох гэтэл цагдаагийн албан хаагчийн алба хаших нас нь өнгөрсөн байна гээд оруулаагүй.
Би тухайн үед Цагдаагийн дарга дээр энэ асуудлаар наадмын өмнө орж уулзтал намайг наадмын дараа ирж уулзаарай гэж хэлсэн. Тэгээд би наадмын дараа очтол хүүгээ 9 дүгээр сард аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд манай хүү 9 сард цагдаагийн дарга дээр орж уулзах гэтэл ээлжийн амралтаа авчихсан байсан.
Манай хүү А.Баасансүрэн нь 2016 оны 02 дугаар сарын 27-нд ажлаас халах тухай тушаалаа гардан авсан. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасны дагуу “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй” гэсэн заалтыг цагдаагийн байгууллага зөрчсөн байна.
Иймд миний хүү А.Баасансүрэнг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан авах хүсэлтэй байна! гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Тус аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн Адъяасүрэнгийн Баасансүрэн нь Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 20 дугаар тогтоолоор баталсан “Цагдаа, дотоодын байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэжлийн шалгалт авах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтанд тэнцэж ахлагч бэлтгэх дамжааг төгсч улмаар А.Баасансүрэнг Дотоодын цэргийн даргын 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаар тушаалаар Алтанбулаг сум дахь 815 дугаар тусгай салбарт харуулчнаар томилж, ахлагчийн бүрэлдэхүүнд орлуулан дэд ахлагч цол олгосон байна.
А.Баасансүрэн нь 2011-2014 онд Эдийн Засгийн Хөгжлийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга, Дотоодын цэргийн штабын дарга нарын байгуулсан 2013022 дугаартай “Хамгаалалтын гэрээ”-ний дагуу “Алтанбулаг” чөлөөт бүсийн объект хамгаалах харуулын цагдаагийн үүрэг гүйцэтгэж, цалин нэмэгдлээ зохих журмын дагуу авч ажиллуулж байсан байна.
Мөн 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дотоодын цэргийн штабын даргын 48 дугаартай “Ажлаас чөлөөлж, шилжүүлэх, томилох тухай” тушаалаар А.Баасансүрэнг 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс тасалбар болгон Дотоодын цэргийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын 3, 4 дүгээр заалтыг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын мэдэлд шилжүүлэн, 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 44 дугаартай тушаалаар А.Баасансүрэнг тус Цагдаагийн газрын “Объект хамгаалах хэсэг”-т 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Харуулын цагдаагийн албан тушаалд томилж, цагдаагийн дэд ахлагч цол олгож, 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 61 дугаартай тушаалаар А.Баасансүрэнг ажлаас чөлөөлж томилон, албан тушаалын цагдаагийн ахлагч цол олгожээ.
Тус цагдаагийн газрын “Олон нийтийн аюулгүй байдлыг хангах гэрээт хэсэг”-ийн харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч А.Баасансүрэн нь 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 869 дугаартай тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэг “Алба хаагч нь ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тухайн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулна” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн нь албаны шалгалтаар тогтоогдсон тул Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 39 дүгээр тушаалаар 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон албанаас халж ахлагчийн бүрэлдэхүүнээс гаргаж, цагдаагийн ахлах ахлагч цолыг хураасан байна.
А.Баасансүрэн нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр бүлгийн 129.2-т заасан “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэх заалтыг зөрчсөн байх тул А.Баасанүрэнгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Баасансүрэн нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: Ажил олгогч нь Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 39 дүгээр тушаалаар тус цагдаагийн газрын олон нийтийн аюулгүй байдлыг хангах гэрээт хэсгийн харуулын цагдаагаар ажиллаж байсан А.Баасансүрэнг ажлаас чөлөөлөхдөө Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, “Хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх” /код 900/-ын 900.3.4-ийн “б”, цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 869 тоот тушаалаар батлагдсан “ Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрэм”-ийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь заалт, Цагдаагийн газрын зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 5 дугаар хурлын шийдвэрийг үндэслэн түүнийг “2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр ажлаас халах тухай тушаал гаргажээ.
Нэхэмжлэгч дээрх тушаалыг 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гардан авснаа хүлээн зөвшөөрч маргадаггүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар ...хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл... гаргах хэлбэрээр шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан...тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн байна.
Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт “хөөн хэлэлцэх хугацаа хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх хугацааг сэргээн тогтоож” хэргийг хянан шийдвэрлэж болохоор заасан бөгөөд нэхэмжлэгч хүндэтгэн үзэх ямар шалтгааны улмаас хуульд заасан хугацааг хэтрүүлэн гомдлоо гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хугацаа сэргээх хүсэлт шүүхэд гаргаагүй байна.
Иймд нэхэмжлэгч А.Баасансүрэнгийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт холбогдуулан гаргасан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зүйтэй байна.
Нэхэмжлэгч А.Баасансүрэнгийн гаргасан нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх ажиллагаанд хамаарах бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Баасансүрэнгийн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт холбогдуулан гаргасан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ