Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 213/МА2018/00041

 

 

*******ы нэхэмжлэлтэй *******д

 холбогдох иргэний хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 131/ШШ2018/00758 дугаар шийдвэртэй

 Нэхэмжлэгч *******ын *******ы нэхэмжлэлтэй

 Хариуцагч *******ын *******д холбогдох

 Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн 30.090.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******гийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нар оролцов.

Нэхэмжлэгч *******ын *******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2004 онд *******тай гэр бүл болж, дундаасаа 4 хүүхэд төрүүлэн амьдарч байгаад 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр шүүхээр гэр бүлээ цуцлуулан, хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон билээ.

Хамтран амьдарч байх хугацаанд бий болсон зарим хөрөнгийг хуваалгаагүй тул одоо нэхэмжилж байна. Хамтран амьдарч байх хугацаанд Хаан банкнаас авсан зээл 14.000.000 төгрөг, хүү 5.000.000 төгрөг бүгд 19.000.000 төгрөг, Баян-Өндөр сумын Өлийн-Уулзвар гэдэг газар байрлах өвөлжөөний үнэ 1.000.000 төгрөг, хүү *******ийн сэвлэгний найранд ирсэн унагатай гүүний үнэ 500.000 төгрөг, хоёр хязаарлан морь буюу үнэ 500.000 төгрөг, 2017 оны ноолуурын мөнгө 8.000.000 төгрөг нийт 29.000.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч *******ын *******аас нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Нарны толь ком 500.000 төгрөг, ддш телевизорын хүлээн авагч станц буюу 150.000 төгрөг, телевизор, зурагт буюу үнэ 200.000 төгрөг, богино долгионы станц 2 ширхэг буюу үнэ 240.000 төгрөг бүгд 1.090.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би 2008 онд өөрийн цалингийн зээл 3 сая төгрөг авч *******гийн нурууны эмчилгээнд зарцуулсан, 2011 онд 5 сая төгрөг зээлж *******д алтны хайгчны үнэнд өгсөн, 2013 онд 4 сая төгрөг зээлж *******гийн нуруу, хоолойг Эрээн хот явж эмчлүүлэхэд зарцуулсан. Ингээд банкны хүүтэйгээ нийлээд 19.000.000 төгрөг нэхэмжилсэн. Би банкнаас авсан зээлүүдийн үлдэгдэл 14.852.792 төгрөг байсныг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төрийн банкнаас 19.000.000 төгрөгийн зээл авч ХААН банкны өр төлбөрөө дарсан. Одоо сард Төрийн банкинд 563.950 төгрөг төлж байна. Банкнаас авсан зээлийг бүгдийг нь *******гийн хувийн хэрэгцээнд зарцуулсан тул гаргуулах болно.

Өвөлжөөний гэрчилгээ нь *******д байгаа, энэ өвөлжөөг хүнээс 1 сая төгрөгөөр худалдан авч байсан. Өөрт ногдох хэсгээ нэхэмжилнэ. Унагатай гүүний хувьд манай хүүгийн сэвлэг үргээхэд хүн өгсөн юм. Тэр унагатай гүүг ******* өөрөө явж авчирсан байгаа, 2 морь хүнээс худалдан авч хүүхдүүддээ өгсөн байх ёстой. Бид нарын 2017 оны хаврын ноолуур 8.000.000 төгрөг болсон, энэ мөнгийг бидэнд огт өгөөгүй энэ мөнгийг нэхэмжилнэ. Нарны тольны ком, зурагт, богино долгионы станц 2 ширхэг буюу нийт 1.090.000 төгрөгийн өөрт ногдох хэсгээ нэхэмжилнэ. Би одоо 4 хүүхэд өсгөх, зээл төлөх зэргээр мөнгөний хэрэг шаардлагатай байна. ******* үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй энэ дагуу нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч *******ын *******гаас шүүхэд гаргасан тайлбартаа:

*******тай 2004 онд айл болж 4 хүүхэдтэй болон амьдарч байгаад таарч тохироогүйн улмаас 2017 оны 9 дүгээр сарын 06-нд шүүхээр орон гэр бүлээ цуцлуулж дундын өмч хөрөнгө болох 300 толгой малаас 250 толгой мал, гэр орон, хашаа байшингаа *******д өгсөн бөгөөд сар болгон хүүхдийн тэтгэлэг болох 560.000 төгрөг өгч байгаа. Би өөрийн биеэр 2017 оны 12 дугаар сард хүргэн дүү болох т 250 толгой мал тууж аваачиж өгсөн болно. Хамтран амьдарч байх хугацаанд ХААН банкнаас зээл авсан гэжээ. ******* нь 2015 онд хэрүүл хийж салж явахдаа банкнаас зээл аван хот оронгоор хэсэж яваад ирсэн. Би зээл авахуулаагүй. Хэдэн төгрөгийн зээл авдагийг ч би мэдэхгүй надад энэ хүнд өгөх юм алга. 3 адууны нэг нь үхсэн, 2 нь хаана явдагийг би мэдэхгүй гэжээ.

Хариуцагч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Гэр бүл цуцлуулахдаа мал болон хашаа гэр тавилга хэрэгсэлээ бүгдийг нь ******* авсан, одоо би 4 хүүхдийн тэтгэлэгт 560.000 төгрөг нэг сард төлж байна. Мал гээд байх юм байхгүй хэцүү байна. Энэ хүнтэй амьдарч байхад эмчилгээнд явж байсан нь үнэн. Би ч бас группын зээл, малчны зээл авч байсан. Энэ хүний цалингийн зээлээс төлөлцөж л байсан байх. Би ганцаараа хэрэглэсэн юм байхгүй. Ноолуурын мөнгө 5 сая гаран төгрөг болсон би үүнийг хүүхдийн тэтгэлэгтээ төлөөд дууссан. Энэ хүн 3 адуу нэхэмжилж байна. Унагатай гүү нь аргамжаандаа орооцолдоод үхсэн байсан. Нарны толины ком, зурагт, богино долгионы станц 2 ширхэг зэрэг зүйлүүд байхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2, 130 дугаар зүйлийн 130.3-д хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******гаас гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хязаалан морь 2 ширхэг үнэ 500.000, телевизор 1 ширхэг үнэ 200.000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20.390.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333.660 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 21.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хязаалан морь 2 ширхэг үнэ 500 000 төгрөг, телевизор 1 ширхэг үнэ 200.000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20.390.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон.

Үүнээс 2017 оны ноолуурын мөнгө болох 8.000.000 төгрөг нэхэмжилсэнээс хариуцагч 2017 онд ноолуурын мөнгө 5.000.000 төгрөг гарсан гэж хүлээн зөвшөөрсөн гэтэл шүүх 2017 оны ноолуурын үнэ 8.000.000 төгрөг гаргуулах шаардлага нь мөн л нотлогдоогүй, 2017 онд хэдэн ямаанаас хэдэн кг ноолуур самнаж хэдэн төгрөгөөр үнэлэгдсэн болох нь түүний үнэ 8.000.000 төгрөг нь хуримтлал, орлого байдлаар одоо байгаа эсэх нь тодорхойгүй байна гэж дүгнэсэн.

Гэтэл хариуцагч 2017 оны ноолуурын мөнгө 5.000.000 төгрөг гарсан нэхэмжлэгчид өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч мөн түүний өмгөөлөгч үүнийг бас тайлбараараа давхар нотолсоор байхад шүүх үнэлээгүй. /Шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж хуульчилсан.

Иймд хариуцагч *******гаас 2017 оны ноолуурын мөнгө болох 5.000.000 төгрөгийг гаргуулан тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 131/ШШ2018/00758 дугаартай шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч *******гаас гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн 30.090.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх 700.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаад үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

*******, ******* нар нь 2004 онд гэр бүл болж хамтран амьдарч байгаад Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 00633 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулжээ.

Нэхэмжлэгч *******аас шүүхэд гаргасан тайлбартаа “…би 2008 онд өөрийн цалингийн зээл 3 сая төгрөг авч *******гийн нурууны эмчилгээнд зарцуулсан, 2011 онд 5 сая төгрөг зээлж *******д алтны хайгчийн үнэнд өгсөн, 2013 онд 4 сая төгрөг зээлж *******гийн нуруу, хоолойг Эрээн хот явж эмчлүүлэхэд зарцуулсан. Ингээд банкны хүүтэйгээ нийлээд банкний зээлэнд 19.000.000 төгрөг нэхэмжилнэ..” гэж тайлбарладаг боловч эдгээр зээлүүд нь зохигчид нь хамтран амьдарч байх хугацаанд авсан зээлүүд байх бөгөөд зээлээс хэдэн төгрөгийг нь хамтын амьдралдаа зарцуулсан, хэдэн төгрөгийг нь *******гийн эмчилгээнд зарцуулсан талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Мөн нэхэмжлэгч *******, хамтран зээлдэгч нарын 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Төрийн банкнаас авсан 19.000.000 төгрөгийн зээл нь /хх-ийн 26-30 дугаар тал/ зохигчид 2017 онд гэрлэлтээ цуцлуулснаас хойш авсан зээл байгаа тул гэрлэгчдийн дундын эд хөрөнгөнд хамааруулж шийдвэрлэх үндэслэлгүй юм.

Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны а/81 тоот захирамжаар өвөлжөөний газар эзэмшүүлэх иргэдийн нэрсийг баталсан бөгөөд энд *******гийн нэр дээр Өлийн уулзвар гэсэн өвөлжөөний нэр байгаа боловч эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй, тухайн өвөлжөөний үнэлгээ байхгүй байна.

Нэхэмжлэгч талаас давж заалдсан гомдолдоо зөвхөн 2017 оны ноолуурын мөнгө 5.000.000 төгрөгийг гаргуулахаар гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр буюу 5.000.000 төгрөгт оногдох хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж төлжээ.

 Нэхэмжлэгч *******аас тайлбарлахдаа “…2017 оны ноолуурын мөнгө 5.000.000 төгрөг болсон гэдгийг хариуцагч ******* зөвшөөрсөн тул гаргуулж өгнө үү..” гэж тайлбарлаж байгаа

Гэтэл гэрлэгчид 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр анхан шатны шүүхээр гэрлэлтээ цуцлуулах үедээ дундын эд хөрөнгөө хуваах асуудлаар харилцан тохиролцож эвлэрсэн байдаг бөгөөд тухайн асуудлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа болно.

Тодруулбал 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн анхан шатны шүүхийн 00633 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 7 дугаар заалтанд “…нэхэмжлэгч ******* гэр бүлийн дундын эд хөрөнгөнөөс 45-56 БНХ улсын дугаартай пургон автомашин, хятад мотоцикль зэрэг нийт 10.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгүүдийг хуваалгах шаардлагаасаа татгалзан хариуцагчид хэвээр үлдээж, хариуцагч ******* нь хонь 50 толгой, эр ямаа 50 толгой, эм ямаа 50 толгой, эр борлон 35 толгой, эм борлон 35 толгой, ишиг 30 толгой нийт 250 толгой малыг *******д өгөхөөр харилцан тохиролцож зохигч нар эвлэрсэн болохыг дурьдсугай..” гэж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д 250 толгой малыг тууж очоод хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 46-50 дугаар тал/ гэрэл зурагт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гаас гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнд 2017 оны ноолууны үнэ 5.000.000 төгрөг гаргуулахаар давж заалдах гомдол гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож байгаа үнийн дүнг 29.390.000 төгрөг гэж бичих байтал 20.390.000 төгрөг гэж буруу бичсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******гийн давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч *******ы давж заалдах гомдлыг хангаагүй тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй байна.            

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 131/ШШ2018/00758 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын

“…нэхэмжлэлийн шаардлагаас 20.390.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг

“…нэхэмжлэлийн шаардлагаас 29.390.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай…” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

 

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

 

                                        Г.УЛАМБАЯР