Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01107

 

 

 

 

 

 

 

2024 05 24 210/МА2024/01107

 

 

 

Д.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/01312 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.*******д холбогдох

Зээлийн гэрээний үүрэг болон алдангид 142,406,250 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний төрсөн эгч Д.*******ын өмчлөлийн Баянгол дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Б.******* нь 300,000,000 төгрөгөөр худалдан авахаар тэд хоорондоо тохиролцсон. Хасбанкны зээлийн хорооны шийдвэр 225,000,000 төгрөгөөр гараад Б.*******г урьдчилгаа төлбөрөө Д.*******д өгөх шаардлагыг банк тавьсан байдаг.

1.2. Үүний дагуу Б.*******г урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжийг олгож зээлийн шийдвэр гарснаас хойш тодорхой хугацаа өгсөн ч мөнгөө олж чадаагүйн улмаас зээлийн хорооны шийдвэр цуцлагдаж болзошгүй цаг үед Б.*******, эгч хоёр надтай уулзаж мөнгө зээлүүлэх хүсэлт гаргасан.

1.3. Миний зүгээс зээлээс гадна миний мөнгийг яаж төлөх талаар түүнээс асуухад худалдан авч буй хөрөнгөд бизнесийн үйл ажиллагаа явуулна үүнээс таны зээлийг хангалттай төлнө гээд тооцоолол гаргаж үзүүлж байсан. Ингээд түүний саналыг би хүлээн зөвшөөрч 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.*******тэй зээлийн гэрээ байгуулан 75,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, нэг сарын 1,7 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

1.4. Б.******* нь зээлийн төлбөрийг 2019.03.25-ны өдөр төлж барагдуулах ёстой байсан хэдий ч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа бөгөөд үндсэн зээл 75,000,000 төгрөг, 1 сарын хүү 1,275,000 төгрөг, 5 сарын хүү 6,375,000 төгрөг, нэг хоногийн алданги 406,875 төгрөгийг 150 хоногоор тооцвол 61,031,250 төгрөг, нийт 142,406,250 төгрөгийг үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Б.*******гээс зээлийн гэрээний үүрэгт 142,406,250 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Би зээлийн гэрээг Д.*******тай бичгээр байгуулсан боловч энэ нь дүр үзүүлсэн зээлийн гэрээ бөгөөд Д.******* нь бодит байдлаар надад 75,000,000 төгрөгийг хүлээлгэн өгч, зээлийн харилцаа үүсээгүй.

2.2. Д.******* нь энэ хугацаанд надтай нэг ч удаа холбогдож байгаагүй. Учир нь тэрээр 75,000,000 төгрөгийг бодитоор зээлдээгүй учраас над руу нэг ч удаа залгаж мөнгөө нэхээгүй. Харин тухайн үед би түүний эгч Д.*******ын үл хөдлөх хөрөнгийг худалдан авах зорилгоор банкнаас зээл хөөцөлдөж байсан бөгөөд урьдчилгаа төлбөрийг банкинд байршуулах эсвэл Д.*******д бэлнээр хүлээлгэн өгсөн баримтаа хавсаргаад зээлийн хурлаар орох байсан. Үүнээс улбаалаад үл хөдлөх хөрөнгө худалдаж авах урьдчилгаа төлбөрийг Д.*******д хүлээлгэн өгсөн хөрөнгийн эх үүсвэрээ нотлох шаардлагатай болоод түүний дүү Д.*******тай зээлийн гэрээ байгуулсан мэтээр дүр үзүүлэн гэрээ хийсэн.

2.3. Иймд би Д.*******аас зээлийн гэрээний дагуу 75,000,000 төгрөгийг бодитоор хүлээж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.*******гээс 142,406,250 төгрөг гаргуулах тухай Д.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдварлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн 2023.11.02-ны өдөр төлсөн 870,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Д.*******, Б.******* нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар, гэрээний дагуу нэхэмжлэгч мөнгө шаардах эрхтэй болохыг, мөнгө хүлээлгэн өгсөн зэрэг шаардах эрхийн талаар шүүх үндэслэл бүхий дүгнэсэн хэдий ч гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4.2. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг асуудлаар 2021 онд зээлийн гэрээний үүрэг шаардаж нэхэмжлэл гаргасан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 00750 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. /хх-ийн 10х/

4.3. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03322 дугаартай захирамжаар хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. /хх-9/

Ингээд 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 00028 дугаартай шийдвэрээр хариуцагчийн эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хариуцагч Б.*******гийн оршин суух хаягийг олж тогтоосон албан бичгийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уг хаягаар 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл хариуцагчийг олох ажиллагаа хуульд заасан журмын дагуу тасралтгүй үргэлжилсэн.

4.4. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан ... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, мөн хуулийн 79.2-т Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ. гэж заасны дагуу Д.*******, Б.******* нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Тухайлбал, хөөн хэлэлцэх хугацааг мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт заасны дагуу хаягийг олж тогтоосон хугацаанаас шинээр тоолох нь хууль хэрэглээний хувьд зөв юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийи 78 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох нөхцөл байдал бий болоогүй, манай тохиолдолд хуулийн энэ зүйлийг хэрэглэхгүй ба Иргэний хуулиийн 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан нь баримтаар тогтоогдсон тул шүүхийн дүгнэлтийг зөвтгөх нь зүй ёсны юм.

4.5. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу гурван жилийн дотор зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан.

4.6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй, шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/01312 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Д.******* нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 75,000,000 төгрөг, хүү 6,375,000 төгрөг, алданги 61,031,250 төгрөг, нийт 142,406,250 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээг бичгээр байгуулсан хэдий ч бодитоор 75,000,000 төгрөгийг өгөөгүй гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. Талууд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Зээлийн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр Д.******* нь 75,000,000 төгрөгийг, 5 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэй зээлдүүлэх, Б.******* нь тохирсон хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөх, үүрэг хүлээжээ. /хх-ийн 5-6 дугаар тал/

3.2. Тухайн гэрээний дагуу Д.******* нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 75,000,000 төгрөгийг Б.*******д бэлнээр өгсөн талаар мөнгө хүлээлцсэн акт үйлдэж, талууд гарын үсэг зурж, нотариатчаар гэрчлүүлсэн. /хх-ийн 6 дугаар тал/

3.3. Дээрх зээлийн гэрээг байгуулсан болон мөнгө хүлээлцсэн баримт үйлдсэн асуудлаар талууд маргаагүй, тэдний маргааны зүйл нь тухайн гэрээг дүр үзүүлж хийсэн эсэх, мөнгөн хөрөнгө шилжүүлсэн эсэх асуудал болсон.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй алдааг залруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулна.

4.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлдүүлэгчид зээлийг буцаан шаардах эрх үүснэ.

Дээрх зээлийн гэрээгээр хариуцагч нь мөнгө хүлээж аваагүй гэсэн тайлбара нотлуулах зорилгоор гэрч Ч.Сайханчимэгээс мэдүүлэг авсан, тэрээр ...мөнгө аваагүй мөртлөө мөнгө өгсөн, авсан гэдэг гэрээ хийсэн гэж мэдүүлсэн, түүний мэдүүлэг нь эргэлзээгүйгээр маргаж буй үйл баримтыг нотолсон баримт гэж үзэхэд хангалтгүй, мөн өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй нөхцөлд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Иймд зээлийн гэрээгээр хариуцагч мөнгө аваагүй болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсон гэж үзэхгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв болсон.

Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчийн эгч Д.*******аас үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зорилгоор банкнаас зээл авах шаардлагын улмаас урьдчилгаа төлбөрийг банкинд байршуулах эсвэл Д.*******д бэлнээр өгсөн баримт хавсаргах шаардлагатай болсон, үүний улмаас түүний дүү Д.*******тай зээлийн гэрээ байгуулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолж чадаагүй байна.

Иймд хэрэгт авагдсан мөнгө хүлээлцсэн актыг үндэслэн зээлийн гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцжээ.

Учир нь талууд мөнгө өгсөн, авсан талаар баримт үйлдэн гарын үсэг зурж, гарын үсгийн үнэн зөвийг нотариатчаар гэрчлүүлсэн нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсныг зөвшөөрсөн үйлдэл юм.

4.2. Хариуцагчийн зээл авах хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал болох нэхэмжлэгч хүлээн авснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан байх тул дээрх гэрээг дүр үзүүлэн хийсэн гэж дүгнэхгүй. Иймд энэ талаарх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

4.3. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан ...үеэс үүснэ гэж тус тус заасан.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр дуусаж, энэ үеэс шаардах эрх үүсэх ба 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгч шаардах эрх хэрэгжүүлнэ.

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШЗ2022/00750 дугаартай шүүгчийн захирамжаар Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 307,190,625 төгрөг гаргуулах тухай Д.*******ын нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэжээ. Тус захирамжид тусгагдсанаар талуудын маргаж буй 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний асуудлаар Д.******* нь Б.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан, тухайн хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч буюу Д.*******ыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан болох нь тогтоогджээ.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл үргэлжилж, мөн өдрөөс хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг дахин шинээр эхлэн тоолох бөгөөд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй үйл баримт тогтоогдсон.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт заасан зохицуулалт нь нэхэмжлэгчийн үйлдлээс хамааран шаардах эрх үүсэх үеийг тодорхойлж буй бөгөөд нэхэмжлэгч үүргээ эхлэн гүйцэтгэхтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг тодорхойлсон.

Талуудын тохиолдолд дээрх зохицуулалт хамааралгүй тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолно.

Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болоогүй.

4.4. Талууд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээг 5 сарын хугацаатай байгуулсан тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2, 282.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 5 сарын хүү шаардах эрхтэй.

Иймд хариуцагч зээлийн үндсэн төлбөр 75,000,000 төгрөг, түүний 5 сарын хүү 1.7 хувиар тооцож 6,375,000 төгрөг нийт 81,375,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

4.5. Зээлийн гэрээний 2.8-д Гүйцэтгээгүй үнийн дүнгийн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно гэж талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцсэн тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

Хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 81,375,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн тооцоолсон 150 хоногоор тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул хуульд заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр 40,687,500 төгрөгөөр алдангийг тогтоох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцнэ.

5. Иймд хариуцагч Б.*******гээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 75,000,000 төгрөг, хүү 6,375,000 төгрөг, алданги 40,687,500 төгрөг, нийт 122,062,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,343,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/01312 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******гээс 122,062,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 20,343,750 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 870,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 768,262 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 870,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.ГАНДИЙМАА