Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/35

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 201601070226 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                          Л.Отгончимэг

 Улсын яллагч                                                            Б.Буяндэлгэр

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        Д.Ц

 Шүүгдэгч                                                                Д.Э- нар оролцов.

 

Шүүгдэгч:

Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .. дүүрэгт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ганцаараа, Багануур дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр байрны .. тоотод  оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,  

Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах,

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 396 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял тус тус шийтгүүлж байсан,  Э-ийн овгийн Д-ын Э-

Прокуророос үйлдсэн яллах дүгнэлтэд дурдсанаар

 Д.Э- нь 2016 оны 9  дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Багануур дүүргийн .. дугаар хороо .. тоот хашаанд үйл ажиллагаа явуулдаг “.....” ХХК-ий хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай байрны цонхоор нэвтрэн орж “DELL” маркийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч А.У 400 000 төгрөгийн хохирол учруулсан.

Мөн 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр .. дүүргийн .. дугаар хороо Хамбын .. тоотод оршин суух Д.Нгийн амьдарч байсан нийтийн байрны 01 тоот хүн байнга амьдрах зориулалттай өрөөний хаалгыг түлхүүрдэн орж “SHARP” маркийн 42 инчийн зурагт, “HITACHI” маркийн будаа агшаагч, цэнхэр өнгийн газан пелитка зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Д.Нд 546 440 төгрөгийн хохирол учруулж нийт бусдад 946 440 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                           

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

            Би 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр бааранд хамт архи уусан найзтайгаа муудалцаж байтал цагдаа ирсэн. Цагдаад баригдаад явж байхдаа хашаа давж зугатаагаад тэр чигтээ ..... гэх нарийн боовны цехийн цонхыг түлхэж ороод 2 давхрын өрөөний ширээн дээр байсан Делл маркийн зөөврийн компютерийг аваад цонхоороо буцаж гарсан. Би тэндээс гэр лүүгээ явж байснаа санаж байгаа ба өглөө 7 цагийн үед сэрэхэд гэрийнхээ буюу 49-р байрны 4 давхарт компьютер тэвэрчихсэн унтаж байсан. Шараа тайлахаар засварчин Өнөрбуян гэгч залууд компьютерийг 20 000 төгрөгөөр зараад 10 000 төгрөгийг авсан. Уг мөнгөөрөө пиво авч уусан /хх-88-89 дэх тал/ би энэ хэргээр цагдаад шалгагдаж байгаад Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын уулын баяжуулах үйлдвэрт Дундговь аймгийн Мандалговь сумын цахилгаан станцад тус тус хамгаалагчаар ажиллаж байгаад ирсэн ба Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд байх нийтийн байрны 4 тоотод 2018 оны 2 дугаар сараас 6 дугаар сарын 5-ныг хүртэл түрээсэлж амьдарсан. Байрнаас гарах өдөрөө 16 цагийн үед 01 тоот айлын хаалганы түлхүүрийг хаалганыхаа бүрээсний хойд талд хийснийг нь авч гэрт нь ороод 42 инчийн зурагт, будаа агшаагч хоёрыг нь аваад ойролцоох нийтийн байр луу очиж 80 000 төгрөгөөр зарсан. Газын плиткийг нь аваагүй” гэсэн мэдүүлэг /хх-196-198 дахь тал/

Хохирогч   А.У  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

 “2016 оны 9 дүгээр сарын 9-ний өглөө Багануур дүүргийн Нарлаг хотхоны 21  тоотод байх ..... ХХК-ны байрнаас “DELL” маркийн зөөврийн компьютер алдагдсан. Зөөврийн компьютерийг 400 000 төгрөгөөр үнэлсэн. Гэвч зөөврийн компьютерийг буцааж авахгүй ба үнэ болох 400 000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэжээ. /хх  51-52 дахь тал /

Хохирогч Д.Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

            “Би 2018 оны 6 дугаар сарын 6-ны өглөө дүү Дулам 9 цагийн орчимд гэрээ цоожлоод түлхүүрээ хаалганы доогуур хийсэн байсан. Би 19 цагийн үед гэртээ ирэхэд түлхүүр хийдэг газартаа байхгүй байсан. Гэрээс “SHARP” маркийн 42 инчийн зурагт, “HITACHI” маркийн будаа агшаагч, цэнхэр өнгийн газан пелитка алдагдсан. Хохирол болох 545 000 төгрөгийг авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. /хх 165, 170 дахь тал/

Гэрч Д.Алимаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

            “Би 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өглөө ажил дээрээ очоод хаалга онгойлгоод гэрэл асаатал цонх онгорхой, ногоон өнгийн хөшиг байхгүй байсан. Би захирал руу залгаж хэлээд захирал ирсэн. Тэгээд эд хогшилоо бүртгэж үзэхэд 2 давхарт байрлах захирлын өрөөнд байсан зөөврийн компьютер алга болсон байсан” гэжээ. /хх 54 дэх тал/

Гэрч А.Өнөрбуян мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

            “2016 оны 9 сард үл таних махлаг залуу орж ирээд “DELL” маркийн зөөврийн компьютерийг 40 000 төгрөгөөр зарах гэсэн юм, авчихаач гэхээр нь “мөнгө алга 20 000 төгрөгөөр авъя одоо надад 10 000 төгрөг байна гээд өгч компьютерийг авсан, маргааш нь ирээд 10 000 төгрөг аваарай” гээд явуулсан боловч залуу маргааш нь ирээгүй гэжээ. / хх 56 дахь тал/

Гэрч Д.Дулам мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

“ 2018 оны 6 дугаар сарын 5-ны өглөө гэрээс гарахдаа түлхүүрээ үүдний довжоон доогуур хийчихээд явсан. Эгч Н 21 цаг өнгөрч байхад над руу залгаад “гэрийн түлхүүр довжоон доогуур алга байна” гэсэн ба 22 цагт ирэхэд эгч орж чадаагүй намайг хүлээж байсан. Хажуу айлын Аранжин гэгч ахаар хаалгаа эвдүүлээд орсон чинь хамаг эд зүйлс хөглөрсөн, зурагт радио, будаа агшаагч миний саравчтай малгай алга болсон байсан” гэжээ  /хх-175 дахь тал/

Гэрч Т.Т- мөрдөн байцаалтад 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлэхдээ:

“ Өнөөдөр 13 цагийн үед нийтийн байранд амьдарч байсан Э- гэгч залуу өөр нэг залуугийн хамт хашаа руу орж харагдсан. Өчигдөр өдөр Э- хулгай орсон гэх айлын үүдэнд сууж байсан” гэжээ  /хх-178 дахь тал/

Гэрч Б.П- мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

“Би СХД-ийн 30 дугаар хорооны Хилчин 1-2 тоотод байрлах нийтийн байранд амьдардаг ба 6 сарын 5-ны 14 цагт үл таних залуу зурагт радио хямдхан зарна гэхээр нь үзэхэд асаж байсан тул 70 000 төгрөгөөр худалдаж авсан” гэжээ /хх-182 дахь тал/

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд:

            “Хэрэг учрал болсон гэх Багануур дүүргийн 3-р хороо, Нарлагийн 21 тоот хашаанд байх 2 давхар тоосгон байшингийн гаднаас харахад баруун талын цонхны салхивч онгорхой, хөшиг тогтоогч цагаан хуванцар газарт унасан байв. Байшингийн дотор ороход тухайн өрөөний шал нь шавар мэт зүйлээр бохирлогдсон /гутлын мөр илрээгүй/ ” гэжээ. /хх-28-37 дахь тал/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд:

“Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 3 дугаар гудамжны 30 тоот хашаанд байх нэг давхар цагаан өнгийн байшингийн 01 тоот өрөөнд байх эд зүйлүүд эмх цэгцгүй хөглөрсөн байх ба Д.Дулмаа нь тавиур дээрх зурагт, үүдний хэсгийн хайрцаг дээрх будаа агшаагч байхгүй байгааг заав” гэжээ /хх159-160 дахь тал/

Хохирлын үнэлгээ тогтоосон баримтад:

“14 инчийн DELL” маркийн зөөврийн компьютер 400 000 төгрөг” гэжээ. /хх 67 дахь тал/ “SHARP” маркийн 42 инчийн зурагт 449 940 төгрөг,  будаа агшаагч 76 500 төгрөг, газан пелитка 20 000 төгрөг нийт 546 440 төгрөг гэжээ. /хх 186 дахь тал/

Эд зүйл хураан авсан тэмдэглэлд:

            “2018 оны 10 дугаар сарын 09-ны өдөр 14 цаг 21 минутад А.Өнөрбуянгаас Делл маркийн зөөврийн компьютерийг хураан авав, фото зургийг хавсаргав” гэжээ /хх-42,43 дахь тал/

Ял шийтгэлийг шалгах хуудаст:

      Э-ийн овгийн Д-ын Э- нь “Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 2 дугаар сарын 07-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ял, Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 сар 12 хоногийн ялаас тэнсэн суллагдсан, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 396 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял тус тус шийтгүүлсэн, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 58 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан” тухай тэмдэглэжээ” /хх-98-107 дахь тал/

Хохирогч Н шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа:

            “Э- нь 2019 оны 3 дугаар сарын 27-нд надад учруулсан хохирол 545 000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 04-ны өдөр төлсөн тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэжээ”

Хохирогч А.У мөрдөн байцаалтад /2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр/ өгсөн мэдүүлэгтээ:

            “Компьютер эвдэрсэн тул одоо буцааж авахгүй. Э-гаас компьютерийн үнийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэжээ /хх-52 дахь тал/

Улсын яллагч дүгнэлтдээ:

              Д.Э- нь бусдад 946 440 төгрөгийн хор уршиг учруулсан нь нотлогдсон. Түүнд 2 жилийн хорих ялыг оногдуулж ялыг нээлттэй хорих байгууллагат эдлүүлэх саналтай гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ:

              Д.Э-н гэм бурууг маргахгүй. Шүүгдэгч үйлдлээ, хуулийн зүйл хэсэг, хор уршгийг хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирогч А.У хохирол 400 000 төгрөг авахаас татгалзсан. Д.Нд хор уршиг болох 545 000 төгрөгийг төлж барагдуулсан. Үүнийг хохирол арилсан гэж дүгнэх боломжтой. Иймд ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан ялыг дахин багасгаж өгнө үү гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судалж, талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Д.Э- нь 2016 оны 9  дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Багануур дүүргийн 3 дугаар хороо Нарлаг хотхоны 21 тоот хашаанд үйл ажиллагаа явуулдаг “.....” ХХК-ний үйл ажиллагаа явуулах зориулалттай байрны цонхоор нэвтрэн орж “DELL” маркийн зөөврийн компьютерийг хулгайлан авч компаний ажилтан А.Ут 400 000 төгрөгийн хохирол, 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хамбын 3 дугаар гудамжны 30 тоот хашаанд байрлах нийтийн байрны 01 тоот сууцны хаалгыг /түлхүүр хаана байдгийг мэдсэнээр/ онгойлгон орж “SHARP” маркийн 42 инчийн зурагт радио, “HITACHI” маркийн будаа агшаагч, цэнхэр өнгийн газын пелитка зэргийг хулгайлан авч Д.Нд 546 440 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.

Эдгээр үйдлүүд нь хохирогч А.Уийн “2016 оны 9 дүгээр сарын 9-ний өглөө Багануур дүүргийн Нарлаг хотхоны 21  тоотод байх ..... ХХК-ны байрнаас “DELL” маркийн зөөврийн компьютер алдсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Нгийн “2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр гэрээс “SHARP” маркийн 42 инчийн зурагт, “HITACHI” маркийн будаа агшаагч, цэнхэр өнгийн газан пелитка алдагдсан” тухай мэдүүлэг, яллагдагчийн “би согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Багануур дүүрэг дэх “.....” компаний байрны цонхоор орж компютер авсан байсан”, 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр амьдарч байсан нийтийн байрны 01 тоот хаалгыг нуусан газраас нь түлхүүрийг  нь авч онгойлгон ороод зурагт радио, будаа агшаагчийг авсан гэсэн мэдүүлгүүд, Гэрч Д.А-гийн “2016 оны 9 дүгээр сарын 9-ний өглөө ажилдаа ирэхэд цонх онгорхой байсан ба захирлын өрөөний зөөврийн компьютер алга болсон байсан” гэсэн мэдүүлэг, гэрч А.Өнөрбуянгийн “2016 оны 9 сард үл таних махлаг залуугаас “DELL” маркийн зөөврийн компьютерийг 20 000 төгрөгөөр авсан” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Д-мын “6 дугаар сарын 5-ны 21 цаг өнгөрч байхад эгч Н залгаад “гэрийн түлхүүр довжоон доогуур алга байна” гэсэн. хаалгаа эвдүүлээд орсон чинь зурагт радио, будаа агшаагч алга болсон байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Т-ын “2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн үед Э- гэгч залуу нэг залуугийн хамт нийтийн байрны хашаа руу орж харагдсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.П-гийн “6 сарын 5-ны 14 цагт үл таних залуугаас 70 000 төгрөгөөр зурагт радио худалдаж авсан” гэсэн мэдүүлэг, хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи үйл баримт нь прокурорын яллах дүгнэлтэд тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн эсэхийг шалгахад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, гэрч хохирогч нарын мэдээллийн эх сурвалж тодорхойлогдсон, мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй зэрэг байдлууд тогтоогдлоо. Дээрх нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг гүйцэд нотолж чадсан ба талуудаас нотлох баримтын талаар маргаж мэтгэлцээгүй болно. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Шүүгдэгч нь хулгайлсан эд зүйлээ маш хямдаар борлуулж тухайн үеийн хэрэгцээгээ хангах сэдэлтээр хохирогч нарын эд хөрөнгийг нууцаар авсан тул үйлдэлдээ шууд санаатай хандсан байна. Хохирогч Уийн зөөврийн компютерийг “компаны удирдлага зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулдаг албан өрөөний цонхоор орж авсныг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, хохирогч Нгийн гэрийн хаалгыг хууль бусаар онгойлгон орсныг хүн байнга амьдрах орон байр гэж тус тус үзсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй.  Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” 4.2 дахь заалтад “үлэмж хэмжээний хохирол гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс дээш хэмжээг” тус тус ойлгоно гэж заасан бөгөөд гэмт үйлдлийн улмаас хохирогч нарт нийт  946 440 төгрөгийн хохирол учирсан нь  бага хэмжээнээс дээш үлэмж хэмжээнээс доош хэмжээний хохирол учруулжээ гэж дүгнэв.

Д.Э- Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 396 дугаартай шийтгэх тогтоолоор согтуугаар бусдын хацрыг хутгаар хатгаж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял тус тус шийтгүүлж ялыг эдэлж байгаад Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 58 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан ба тэнссэн хугацаа нь 2017 оны 1 дүгээр сарын 21 ний өдөр дуусах байхад 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Уийн эд зүйлийг хулгайлсан буюу тэнсэж хянан харгалзсан хугацаанд санаатай гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдлоо.  Гэвч 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд заасан танхайрах гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дүйцэж байх ба уг зүйл хэсэгт хорихоос өөр төрлийн /торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах/ ялууд хэрэглэхээр заасан тул прокурорын дүгнэлтэд ялтныг тэнсэн хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж хүндрүүлээгүй нь зохистой болжээ.

Мөн Д.Э-н үйлдсэн хулгайн хоёр үйлдлийн эхнийх нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байхад,  сүүлчийн үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хууль  үйлчилж байхад тус тус үйлдэгдсэн байх ба 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтуудыг тус тус журамлан Э-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дүгнэж ирүүлсэн нь зөв байна.

 Иймд Д.Э-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Д.Э-н үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “хүний өмчлөх эрх”-ийг  зөрчсөн үйлдэл мөн.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Хувийн байдлын хувьд Д.Э- нь 2007-2011 онуудад бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх болон бусдын эрүүл мэндэд хохирол учруулах зэрэг гэмт хэргүүдэд тус тус гэм буруутайд тооцогдон 3 удаа ял шийтгүүлж байсан нь  ял шийтгэлийг шалгах хуудасны бичилтээс харагдаж байна

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн  хэр хэмжээ, нийгмийн хор аюулыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээг баримтлан ял оногдуулах үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь мөрдөн байцаалтын үе шатнаас эхлэн гэмт үйлдлээ болон гэм буруугаа шударгаар хүлээн мэдүүлсэн, хохирогч Д.Н хохирол төлбөрөө бүрэн авсан,  хохирогч А.У нь гэмт хэргээс учирсан хохирол болох 400 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан ба гомдол саналгүй гэжээ. Үүнийг хохирогч өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхээ эдэлсэн гэж үзэх ба шүүгдэгчийг хохирол төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зохистой гэж үзэв.

Шүүгдэгч Д.Э- нь энэ хэрэгтээ 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш 75 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцвол зохино.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зайгүй /батерейгүй/ хар өнгийн “DELL” маркийн зөөврийн компьютерийг хохирогч У буцааж авахгүй гэдгээ бичгээр ирүүлсэн байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүйг дурдах нь зүйтэй.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э-ийн овгийн Д-ын Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг  хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Э-ийн овгийн Д-ын Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нэг /1/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. МУ-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Э-н ялыг нээлттэй хорих байгууллагат эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э-н энэ хэрэгт цагдан хоригдсон 75 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай
  5. Тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Э-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч А.У нь өөрт учирсан хохирол  400 000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзсаныг, Д.Э- нь хохирогч Д.Нд  545 000 төгрөгийн хохирол төлснийг  тус тус баталж, цаашид төлөх төлбөргүйг дурдсугай.
  7. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зайгүй /батерейгүй/ хар өнгийн “DELL” маркийн зөөврийн компьютерийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  8. Энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, энэ хэрэгт шүүгдэгчид холбогдох хувийн бичиг баримт шилжиж ирээгүй зэргийг тус тус мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй, гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гаргах журамтайг тус тус  мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                  Д.ОЮУНБАТ