Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/01063

 

 

 

 

 

 

 

 

2024 05 20 210/МА2024/01063

 

 

Ө.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.******* даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2024/01308 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ө.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М*******д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгэх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие *******-д 2001 оны 12 дугаар сараас эхлэн Ган зам сонины сурвалжлагчаар ажиллаж эхлэн улмаар 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс тус нийгэмлэгийн харьяа ийн даргаар 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад хууль бусаар албан тушаал бууруулж Төмөр замын дээд сургуулийн номын санчийн ажил руу шилжүүлсэн.

1.2. *******-ийн дарга нар 2021 онд солигдож шинэ удирдлага бий болсноос хойш намайг удаа дараалан ажлаа өгөхийг шаардсаныг миний бие огт хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд ажил олгогчоос илтэд худал шалтаг гаргах замаар хууль бусаар Ө.*******т албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/169 дугаартай тушаал гарган намайг Төмөр замын дээд сургуулийн номын санчаар томилсон.

Өмнөх удирдлагад ажиллаж байсан хүмүүс солигдож одоо шинэ дарга нар бүрдэн ажиллаж эдгээр хүмүүс надтай ажиллах хүсэлгүй байгаа, цаашид миний бие ажил олгогчтой эвлэрэн хэлэлцэх ямар ч боломж байхгүй, шударга шүүхээр хянан шийдвэрлүүлэх замаар хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэн хуучин ажилдаа томилуулах туйлын хүсэлтэй байна.

1.3. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Улаанбаатар Төмөр зам ХНН даргын Ө.*******т албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/169 дугаартай тушаалыг хууль бусад тооцуулж ажилд эгүүлэн томилуулах, дутуу авсан цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна. Хуулийн хүрээнд шийдэн хөдөлмөрлөх эрхийг маань сэргээж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Ө.*******д Замын даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Б-2-169 дугаар тушаалаар ногдуулсан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд ажилтны гаргасан зөрчилд нийцсэн, хууль хэрэглээний алдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

2.2. *******-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас нэхэмжлэгчийн ажилладаг *******-ын д шалгалт хийсэн ба шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн. Үүнд: Ажлын цаг ашиглалт хангалтгүй, цагийн бүртгэл дутуу талаар Ө.*******ийн ажлын байранд дээрх ажлын цаг ашиглалтыг цахим төхөөрөмжид бүртгүүлсэн байдлыг шалгахад 2023.03.01-ний өдрөөс 2023.09.20-ны өдрийн хооронд 44 өдөр буюу 1112 минутын хоцролттой байсан ба харин цаг бүртгэл дутуу хийсэн хоног 40 хоног гэж бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл, өглөө ажилдаа ирээд орой ажлын цаг тарахаас өмнө буюу 17.00 цагаас өмнө ажлын байрыг орхиж явсан өдөр нь нийтдээ 40 хоног гэж бүртгэгдсэн.

*******-ын Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.2-т ажлын цаг 08.00 цагт эхэлж, орой 17.00 цагт дуусахаар заасан. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.6-д зааснаар ажилтан ажилд ирсэн, явсан цагаа цахим төхөөрөмжөөр бүртгүүлнэ, 9.1.17-д ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа хоцорч ирсэн, эрт тарсан цаг нь нийтдээ нэг өдөрт 30 минут буюу түүнээс хэтэрсэн, сард нийтдээ 120 минут буюу түүнээс хэтэрсэн, ажлын цагаа 3 удаа /үүнд ирсэн, явсан цагийг тусад нь ойлгоно/ бүртгүүлээгүй нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно гэж заасныг, *******-ын даргын 2019.04.08-ны өдрийн А-170 дугаар тушаалын хавсралтаар баталсан ажилтнуудын цаг бүртгэлийг цахимаар хөтлөх, хяналт тавих журам-ын 3.13.1-т ажлын өдрүүдэд урьдчилан мэдэгдээгүй болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил эхлэх цагаас хойш ажилд ирсэн ажилтныг ажлаас хоцорсон гэж үзнэ, 3.13.2-т ажилтан удирдлагадаа мэдэгдээгүй, төлвийн хүсэлт илгээлгүй ажил тарах цагаас өмнө ажлын байрыг орхин явсан бол ажлаас эрт явсанд тооцно, 3.14-т ажилтан цахим бүртгэлд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирсэн болон явсан цагаа бүртгүүлээгүй, дутуу бүртгүүлсэн, төлвийн хүсэлт илгээгээгүй бол ажил тасалсанд тооцно, 9.4-т ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас хоцорсон, эрт тарж явсан, цагийн бүртгэл дутуу, ажил тасалсан тохиолдолд Хөдөлмөрийн дотоод журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Ө.*******т сахилгын арга хэмжээ авах үндэслэл болсон.

Ө.*******ийн ажлаас тогтоосон цагаас эрт тардаг байдлыг цахим бүртгэлд маргааш өдөр нь нөхөн бүртгэдэг талаар тус төвийн бичиг хэргийн ажилтан Л.******* нотолдог ба энэ талаар тайлбараа гаргасан. *******-ын хэмжээнд ашиглагдаж буй АВ1_Е удирдлагын онлайн систем дэх Ө.*******ийн бүртгэлтэй хаяг дээр цаг бүртгэлийн хэсгээс тодорхой нотлогддог. Түүнчлэн нэхэмжлэгч Ө.*******т *******-ын даргын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б-2-103 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж байсан, сахилгын шийтгэлтэй байх хугацаанд давтан зөрчил гаргасан нь шат дараалсан арга хэмжээ авах үндэслэл болсон гэдгийг шүүхээс анхаарах шаардлагатай.

2.3. Ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй талаар: д 2023 оны 04 дүгээр сард *******-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас төлөвлөгөөт шалгалтыг хийж 2023.04.24-ний өдөр Т-63/04/17 дугаартай тайлан гарсан. Тус шалгалтаар д дараах 6 зөвлөмжийг өгч хэрэгжүүлж ажиллахыг даалгасан. Төвийн ажилтнуудын Эйбл системийн цаг бүртгэлийн програм, ажлын цаг ашиглалтыг сайжруулах; Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа хангалтгүй байгаа тул холбогдох хууль, журам стандартын дагуу хэрэгжилтийг зохион байгуулах; Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх, баталгаажуулах ажлыг эрчимжүүлэх, холбогдох арга хэмжээг авах; Хамт олны хурал, шийдвэрлэсэн асуудлыг тэмдэглэж, хөтөлж баримтжуулан баталгаажуулж байх; е. Худалдан авах ажиллагаа болон гэрээ байгуулах журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах, гэрээ бүрт гэрээ дүгнэсэн акт үйлдэж байх; Хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг холбогдох журмын дагуу хийж сул орон тоог нөхөх. Дээрх 6 зөвлөмжийн биелэлтийг Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас биелүүлж ажиллаж буй эсэхийг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шалгасан ба 6 зөвлөмжөөс 2 нь биелэгдэж, 4 зөвлөмжийг хэрэгжүүлэх, биелүүлэх арга хэмжээг аваагүй талаар шалгалтын тайлан гарсан болно. Иймд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаагүй нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн болно.

2.4. Санхүүгийн зөрчил гаргаж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан талаар Тус төвд 2021 болон 2023 онд иргэн Б., А. нарын захиалгын дагуу ном хэвлэх ажлыг хийж гүйцэтгэсэн ба номны хэвлэлтийн ажлын төлбөр болох 5,000,000 төгрөгийг байгууллагын дансанд бус өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч хувьдаа ашигласан зөрчил илэрсэн. Тодруулбал, Б.аас ном хэвлүүлсэн төлбөрт 2,000,000 төгрөгийг, А.гээс 3,000,000 төгрөгийг тус тус авч байгууллагад орох ёстой байсан орлогыг завшсан байна. Тус төвд 2022 оны 12 дугаар сард хэвлэлийн үндсэн үйл ажиллагаанд зориулан Лакны машиныг 20,000,000 төгрөгөөр худалдан авсан ба шинээр авсан гэх тус тоног төхөөрөмж нь хэвийн ажилладаггүй, худалдан авсан зориулалтын дагуу ашиглах боломжгүй нь тогтоогдсон ба шаардлага хангаагүй тоног төхөөрөмж худалдан авсан, Худалдах, худалдан авах гэрээ хэрэгжих үед тухайн лакны машины хэвийн үйл ажиллагааг шалгалгүйгээр хүлээн авч төлбөрийг шилжүүлсэн зөрчил гаргасан. Иймд Ө.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.*******ийг М*******ын ийн даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч М*******аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7,618,304 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлж, тайлагнан баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М*******аас 136,842 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэр нь ИХШХШтХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйгээс гадна хэргийн үйл баримт, ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан байна гэж зөв дүгнэсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан ажилтанд сахилгын арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацааг буруу тайлбарлан хэрэглэсэн.

4.2. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар: Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 5-9 дэх хэсгээр нэхэмжлэгч Ө.*******т гаргасан зөрчлүүд нь хөдөлмөрийн дотоод журам, бусад дүрэм журамд зааснаар сахилгын шийтгэл ногдуулах зөрчилд хамаарахаар байна гэж хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөв дүгнэсэн.

4.3. Харин Үндэслэх хэсгийн 10 дахь хэсгээр ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулах тушаал үндэслэлтэй гэсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан сахилгын шийтгэл ногдуулах хуулийн хугацааг хэтрүүлсэн байна гэж дүгнэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлсэнээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан.

Нэхэмжлэгч Ө.*******т ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шуурхай хуралдаанаар 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хэлэлцсэн ба хурлаар үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй гэж үзээд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах саналыг ажил олгогчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

Улмаар *******-ын даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/169 дугаар тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлээгүй болно. Өөрөөр хэлбэл ажилтан байгууллагын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой дотоод эрх зүйн баримт бичиг, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр асуудлыг хэлэлцэхэд илэрсэн бөгөөд эл өдрөөс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан байгааг шүүхээс буруу үнэлсэн.

4.4. Шүүхээс ажил олгогч зөрчлийг 2023.09.14-ний өдөр мэдсэн буюу илрүүлсэн гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Ажил олгогч гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа байгууллага гэж тодорхойлсон ба нэхэмжлэгч Ө.*******ийн ажил олгогч нь түүнтэй хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан *******-ын дарга Х. болно.

4.5. Ажил олгогчийг төлөөлж *******-ын удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга Н. 2023.10.12-ны өдөр Ө.*******ийг оролцуулан хуралдсан ба эл өдрөөс зөрчлийг мэдсэн гэж үзнэ. Шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо яагаад 2023.09.14-ний өдрөөс эхлэн тоолсон талаар шүүхийн шийдвэртээ дүгнэлт өгөөгүй.

4.6. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хуралдаанд хэргийн үйл баримтад холбогдуулан удаа дараа хүсэлтүүдийг гаргаж байсан боловч шүүхээс хүлээн аваагүй нь хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөн.

4.7. Нэхэмжлэгч Ө.******* нь *******-ын худалдан авах ажиллагааны журам, гэрээ байгуулах, бүртгэх хэрэгжүүлэх журмын дагуу Ганзам хэвлэх үйлдвэрт 20 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж худалдан авсан боловч тухайн хэвлэлийн төхөөрөмж нь ажилладаггүй, дагалдах хэрэгслүүд нь дутуу зэрэг зөрчилтэй байсан ба Ө.******* нь нийлүүлэгчтэй байгуулсан тоног төхөөрөмж худалдан авалтын гэрээгээ дүгнэж бараа хүлээн авсан акт үйлдэлгүйгээр бүрэн бус, хэвийн ажиллагаагүй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй тоног төхөөрөмж хүлээн авч төлбөрийг шилжүүлсэн байсан тул бусдад давуу байдал олгосон эсэх, ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тогтоолгохоор Төмөр замын цагдаагийн газар гомдол гаргаснаар тус цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба хэргийг харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн ба энэ талаарх албан бичиг хэрэгт авагдсан. Хөөн хэлэлцэх хугацаа тасарсан гэж үзэхгүй бөгөөд зөрчил нь үргэлжилж байгаа, тэр баримтыг гаргаж өгөхөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчих гээд байгаа талаар шүүхэд удаа дараа тайлбарлаад байхад шүүхээс огт анхаарсангүй. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар мөнгө угаах гэмт хэрэг үргэлжилсэн болохыг нотлох завшсан мөнгөө байгууллагад өөр хүний нэрээр буцаан тушаасан үйл баримтыг үнэлээгүй.

4.8. Ө.*******ийн нэхэмжлэлийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үед Авлигатай тэмцэх газарт хэрэг шилжсэн, хяналт шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ИХШХШтХ-ийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл түдгэлзүүлэх хүсэлтүүдийг өгсөөр байтал хүлээн авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

4.9. Авлигатай тэмцэх газар шалгагдаж буй хэрэг нь нэхэмжлэгчид ногдуулсан сахилгын шийтгэлд заасан зөрчилтэй холбоотой бөгөөд бусдад давуу байдал олгож байгууллагаас 20 сая төгрөгийг эвдэрхий тоног төхөөрөмж авч шилжүүлэн санхүүгийн зөрчил гаргасантай холбоотой байхад шүүхээс дээрх байдлын ач холбогдлыг анхаараагүй.

4.10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, энэ байдал шүүх хуралдааны үед илэрвэл хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох учиртай байтал дээрх байдлыг Төмөр замын цагдаагийн газраас албан бичгээр мэдэгдсээр байтал шүүхээс хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн.

4.11. Эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өвөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бол шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх талаар хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан. Хуульд заасан үндэслэлээр хэргийг түдгэлзүүлэх шалтгаан байсаар байтал энэ талаар хүсэлт гаргаад байхад хүлээж аваагүй нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2024/01308 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шатны шүүхэд буцааж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Аудитын шалгалт 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хийгдсэн бөгөөд маргаан бүхий зөрчил гэх зүйлийг тус өдөр мэдсэн гэж хариуцагч тал тайлбарладаг. Гэвч 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гүйцэтгэлийн шалгалт хийж тайлан гаргасан. Үүнээс хойш буюу миний үйлчлүүлэгчийн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор засах боломжтой. Гэтэл 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр биш 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тооцоход 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор сахилгын шийтгэл ногдуулах ёстой байтал энэхүү байдал алдагдсан тул хөөн хэлэлцэх хугацаанд шийдвэрлэгдээгүй гэж үзнэ.

5.2. Хавтаст хэргийн материалд авагдсан баримтаас харахад миний үйлчлүүлэгч Ө.*******той холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн яллагдагчаар татсан прокурорын тогтоол байхгүй ба хэрэг үүссэн эсэх асуудал нотлогдоогүй. Мөн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ хэргийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг өөрөө шийдэх эрхтэй байдаг болохоос заавал түдгэлзүүлнэ гэх ойлголт байхгүй. Мөн энэ талаар баримт хэргийн материалд огт байхгүй бөгөөд энэ нь хариуцагч талын хугацаа хожих, ямар нэгэн байдлаар хэргийг удаашруулах арга хэрэгсэл гэж үзэж байна. Худалдан авахтай холбоотой асуудлаар хариуцагч тал маргадаг боловч тухайн худалдан авалтыг нэхэмжлэгч хийдэггүй бөгөөд Улаанбаатар төмөр замаас үнэлгээний комисс гарган гуравдагч этгээд болох компанитай Ө.******* гэх хүн гэрээ байгуулдаг тул энэ нь нэхэмжлэгчид хамааралгүй асуудал юм.

5.3. Мөн тушаал дээр Ө.*******ийг шалгасан талаарх үйл баримтад нэхэмжлэгчийн тайлбар байдаггүй ба нэхэмжлэгч нь тухайн үед байсан талаар тэмдэглэлд тусгагдаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид албан бичгээр мэдэгдэн нэхэмжлэгч хариу тайлбар өгсөн үйл баримт хэргийн материалд авагдаагүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн зөвлөмжийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэсэн баримт болон тэмдэглэл зөрчил гаргасан гэх хүний тайлбар байхгүй байгаа нь хариуцагчийн тайлбарыг бүрэн нотлохгүй гэх зохицуулалт байна. Мөн зөрчил шалган шийдвэрлэхэд үйлдвэрчлэлийн эвлэлийг байлцуулаагүй буюу хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч М*******д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон, давж заалдах шатны шүүхээс санхүүгийн зөрчилтэй холбогдох дүгнэлтийг залруулна.

3.1. М*******ын даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/II/169 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, Улаанбаатар төмөр замын дүрмийн 22 дугаар зүйлийн а, и заалт, Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Н.ын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр удирдан хийсэн шуурхай хурлын тэмдэглэлийг баримтлан ийн дарга Ө.******* нь цаг ашиглалт хангалтгүй, цагийн бүртгэл дутуу, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан, санхүүгийн зөрчил гаргаж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөр цуцалж, мөн өдрөөс төмөр замын дээд сургуулийн ном зүйч, номын санчийн алба тушаалд ажиллуулахаар шийдвэрлэж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх-6 дугаар тал/

Дээрх тушаалд сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлийг заажээ.

3.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Энэ тохиолдолд зөрчил тус бүр тогтоогдсон байхыг шаардах бөгөөд үүнийг ажил олгогч нотлох үүрэгтэй.

3.3. Нэхэмжлэгчийг хэд хэдэн сахилгын зөрчил гаргасан талаар маргасны дотор ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх, ажил тасалсан болон ажлын цаг бүртгүүлээгүй эсэх, мөн санхүүгийн зөрчил хамаарч байна. Үүнд:

3.3.1. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг д 2023 оны 4 дүгээр сарын 11-24-ний өдрүүдэд хийсэн төлөвлөгөөт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгах талаар тайланд тусгасан зөвлөмжийг хэрэгжүүлээгүйгээс ийн тушаал, албан бичиг боловсруулалтын байдал нь Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмыг хангалтгүй хэрэгжүүлсэн, 2023 онд 3 худалдах, худалдан авах гэрээ, 4 ажил үйлчилгээний гэрээг дүгнэсэн акт үйлдээгүй, ажилтнуудын цагийн бүртгэлд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэр бүхий ажилтнууд ажлын цагаас хоцорсон, ажилд ирсэн, тарсан цагаа бүртгүүлээгүй зөрчил илэрсэн, түүнчлэн тус төвийн ажилтнуудад хор саармагжуулах ундааг 2023 оноос 2 сардаа 1 удаа, тухайн сард нь бус дараа сард нь нөхөж олгож байгаа нь *******-ийн хэмжээнд хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлэх, хангах, олгох, хяналт тавих ажлыг зохион байгуулахыг журмыг зөрчсөн нь ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй үндэслэлд хамаарна гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод зааснаар ажлын байрны үндсэн зорилтын хүрээнд төвийн үйл ажиллагааг удирдлагаар хангах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллах чиг үүргийг хэрэгжүүлж, энэ хүрээнд ажиллагсадын аюулгүй, эрүүл ажиллах нөхцөлийг бүрдүүлэн бүх төрлийн зааварчилгаагаар ханган ажиллуулах, ажлын цаг ашиглалтад анхаарч ажиллах үүрэг хүлээсэн байна. Эдгээр чиг үүргийн хүрээнд нэхэмжлэгч нь ийн үйл ажиллагаанд 2023 оны 4 дүгээр сард хийсэн төлөвлөгөөт шалгалтын биелэлтийг хангах талаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зөрчил тогтоогдсон, энэ нь ажлын байрны тодорхойлолтод заасан болон хөдөлмөрийн гэрээний чиг үүргээ хэрэгжүүлээгүй сахилгын зөрчилд хамаарах талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

3.3.2. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг 2023.03.01-2023.09.20-ны өдрийн хооронд Эйбл программын ажлыг цаг бүртгэл дээр 44 өдөр 1,112 минут буюу 18 цаг 53 минут ажлаас хоцорсон, 6-8 дугаар саруудад 40 өдөр ажилд ирсэн болон тарсан цагаа бүртгүүлээгүй зөрчил гаргасан гэж буруутгасан.

Тухайн зөрчилтэй холбогдох асуудлаар нэхэмжлэгч тайлбар гаргаж мэтгэлцээгүй, үгүйсгэсэн ямар нэг баримт гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэгчийн ажилд ирсэн, явсан цаг бүртгэгдээгүй байсныг нөхөж бүртгэсэн талаар бичиг хэргийн ажилтан Л.*******гийн тодорхойлолт, мөн д хийсэн гүйцэтгэлийн шалгалтын 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн тайланд тодорхой тусгагдсан байх тул дээрх зөрчлийг гаргасан нь тогтоогдсон, тухайн зөрчил нь хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн сахилгын зөрчилд хамаарах талаарх шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй байна.

3.3.3. Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчийг санхүүгийн зөрчил гаргаж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж буруутгасан боловч хэзээ гаргасан ямар зөрчил болохыг тушаалд тодорхой дурдаагүй ба шүүхэд гаргасан тайлбартаа уг зөрчилд Б., А. нарын захиалгаар ном хэвлүүлэх төлбөрт нийт 5,000,000 төгрөгийг өөрийн хувийн дансаар авч, хувьдаа ашигласан, мөн 2022 оны 12 дугаар сард 20,000,000 төгрөгөөр худалдан авсан лакны машин хэвийн ажилладаггүй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй нь тогтоогдсон учир шаардлага хангаагүй тоног төхөөрөмж худалдан авсан үйлдэл хамаарсан гэжээ.

Хэрэгт авагдсан д хийсэн төлөвлөгөөт шалгалтын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн тайлан, уг шалгалтын биелэлтийг хангах зорилгоор хийсэн гүйцэтгэлийн шалгалтын 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн тайланд дээрх санхүүгийн гэх зөрчилтэй холбоотой асуудлыг тусгаагүй байна. /хх-ийн 19-29, 30-35 дугаар тал/

Түүнчлэн, ийн захиргааны гишүүдийн 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн хурлаар ном хэвлэлтийн 5,000,000 төгрөг, мөн гишүүдийн 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар лакны машины талаар хэлэлцсэн хурлын тэмдэглэл, мөн лакны машин доголдолтой гэх 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн тодорхойлолт хэрэгт авагджээ.

Иймд нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үед дээрх санхүүгийн зөрчил буюу хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзнэ.

4. Түүнчлэн, ажил олгогчийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/II/103 дугаартай тушаалаар ийн дарга Ө.******* нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх-ийн 18 дугаар тал/

Дээрх сахилгын шийтгэлийг хэзээ гаргасан, ямар зөрчилд ногдуулсан нь тодорхойгүй, мөн 2023 оны 4 дүгээр сард д хийсэн төлөвлөгөөт шалгалтын үр дагаврыг арилгахтай холбоотой эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримтгүй байх тул хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна.

5. Ажилтныг сахилгын зөрчил гаргасан гэж үзвэл ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дүгээр зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах эрхтэй бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ мөн зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан хугацааг баримтлах учиртай.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна. гэж заасан.

Ажил олгогчийн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан тушаалд баримталсан Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Н.ын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр удирдан хийсэн хуралдаанаар д хийсэн гүйцэтгэлийн шалгалтын 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн тайланг хэлэлцэж, тус төвийн дарга Ө.*******т албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэж, ажил олгогчийн дээрх тушаал 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гарсан.

Тус хуралдаанаар 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр илэрсэн нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн талаар хэлэлцэж, уг зөрчил илэрснээс хойш 1 сар 19 өдрийн дараа сахилгын шийтгэл ногдуулж буй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан хугацааг баримтлаагүй хууль зөрчсөн талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон.

д гүйцэтгэлийн шалгалтыг 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн удирдамжаар хийсэн талаар тус шалгалтын тайланд дурдсан байх ба шалгалтын тайлан гарсан өдрөөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөр нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зөрчлийг ажил олгогч мэдсэн буюу илэрсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл нэгэнт урьд илэрсэн зөрчлийг хожим хэлэлцсэн өдрөөс тооцож ажил олгогч зөрчлийг илрүүлсэн гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдол үндэслэлгүй.

6. Дээр дурдсанаар ажил олгогчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/II/169 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт нийцээгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй.

7. Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 7,618,304 төгрөг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, уг үнийн дүнгээс зохих шимтгэлийг төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус нийцжээ.

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын дараах гомдлыг мөн хангахгүй орхино.

8.1. Ганзам хэвлэх үйлдвэрт 20 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж худалдан авсан асуудал нь ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд хамаарахгүй байх тул тухайн асуудлыг Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарахгүй бөгөөд энэ нь хэргийг шийдвэрлэхгүй байх үндэслэл болохгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байсаар байтал хэргийг шийдвэрлэж хууль зөрчсөн, завшсан мөнгөө өөр хүний нэрээр буцаан шилжүүлсэн үйл баримтыг үнэлээгүй гэх гомдол хангагдахгүй.

8.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5 дахь хэсэгт заасан асуудлаар талууд мэтгэлцэж, маргаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх хуулийн зохицуулалтын талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй.

9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2024/01308 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136,842 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Т.ГАНДИЙМАА