| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Оюунбат |
| Хэргийн индекс | 107/2019/0037/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/37 |
| Огноо | 2019-04-04 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/37
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Д-д холбогдох эрүүгийн 1804000550038 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Л.Отгончимэг
Улсын яллагч Д.Аянагүл
Шүүгдэгч О.Д- нар оролцов.
Шүүгдэгч:
Монгол улсын иргэн, 19.. оны ... дугаар сарын ..-ний өдөр Нийслэлийн .. дүүрэгт төрсөн, .. настай, .. боловсролтой, мужаан мэргэжилтэй, “...” ХХК-д үйлдвэрийн дарга ажилтай, ам бүл 3, эхнэр .. хүүхдийн хамт .. дүүргийн 2 дугаар .. тоот хашаанд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х- овгийн О-ы Д-
Яллах дүгнэлтэд тодорхойлсноор :
Яллагдагч О.Д- нь 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Багануур дүүргийн .. дүгээр хороо .. дугаар байрны .. тоотод оршин суух М-аас тавилгын захиалга, хэмжээ аван 1 000 000 төгрөгийн урьдчилгаа авч тавилга хийсэн боловч тухайн хийсэн тавилга нь чийг авч эвдэрсэн бодит байдлыг нууж “таны тавилга зүсвэрт орчихсон байгаа” гэж дахин 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 300 000 төгрөг авсан боловч тухайн тавилгыг засварлаж хийж өгөлгүй хохирогчид 1 300 000 төгрөгний хохирол учруулж, залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Д-д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ
“Цахим хаягын зараар М- гэгч нь захиалга өгөх хүсэлт гаргасны дагуу 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Багануур дүүрэгт ирж М-ын гэрт орж гал тогооны тавилга, үүдний өлгүүр хоёрыг хийх захиалгын дагуу хэмжээг нь авсан. Бонуст нь булангийн тавиур сандал хийж өгөхөөр тохиролцож нийт хөлс 1550 000 төгрөгийн нэг сая төгрөгийг урьдчилгаа болгон аваад буцсан. Материалаа авч хийтэл мөнгө дутагдаж бонусаа хийж чадахгүй хугацаа хэтэрсэн. 17-18 хоноод хийсэн тавилгаа ачаад гартал пронтер машин эвдрээд тавилга цан авч гэмтэл үүссэн. Буцаж хот руу ирээд М-тай энэ тухайгаа ярихад нэг мөсөн ханын стенк хийлгэе гэсэн тул нэмж 300 000 төгрөг түүнээс шилжүүлж авсан. Гэтэл хүүхэд өвдөж эмнэлэгт хэвтээд санхүүгийн хүндрэл үүсч 8 дугаар сар хүртэл хойшилж захиалагчтай дахин холбоо бариагүй юм. Би худлаа ярьсандаа санаа зовоод түүнтэй дахин холбогдоогүй юм. Хохирогч М-д 1300 000 төгрөгийг төлсөн. Гэм буруугаа хүлээж үйлдэлдээ гэмшиж байна гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч Ц.М- мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:
“2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Уран хийц гэсэн цахим хаягаар мессеж бичиж холбогдоод Багануур дүүргийн 1-р хороо гэх мэтээр хаягаа хэлж тавилга хийлгэх захиалга өгсөн. Тухайн өдрийн орой 22 цагийн үед Уран хийц компанаас явж байна гээд 3 залуу ирээд гал тогооны болон том өрөөний тавилганы хэмжээ аваад 1 600 000 төгрөгөөр хийнэ гээд урьдчилгаанд нэг сая төгрөг аваад 7-10 хоногийн дотор хийж өгнө гээд явсан. 1 сарын 8-ны өдөр Д- гэгчтэй холбогдож асуухад хэд хоногоос гарна гэж хэлсэн. 1 сарын 15-17-ны үед дахин асуухад Д- орой хүргэж өгнө гэсэн. Ирэхгүй болохоор нь дахин асуухад Налайх дүүрэгт машин эвдэрсэн гэж хэлсэн тул 2 хоногийн дараа холбогдоход гараашд машинаа тавилгатай нь тавьчихсан чинь тавилга чийг аваад цантаад хуурсан байна, дахин хийх шаардлагатай гэж хариулсан. 7 хоногийн дараа Булгантамир гэгчтэй цахим хаягаар нь холбогдоход Д- ажилдаа ирэхгүй байгаа, би хийж өгнө гэж хэлсэн. Ахиад хэд хоногийн дараа мөн хаягаар нь захирал Хаш-Эрдэнэ гэгч утсыг олж аваад ярихад “танай тавилга зүсвэрт орсон, та 300 000 төгрөг нэмж хийх хэрэгтэй, О- гэгчтэй утсаар холбогдоод данс руу нь хийгээрэй гэсэн. Би 2 сарын 12-ны өдөр данс руу нь 300 000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш хэн ч надтай холбогдоогүй юм” гэжээ хх-5-6 дахь тал/
Гэрч Ц.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн
“...Би Чингэлтэй дүүргийн Хүчит Шонхор захын ойролцоо Уран хийц захиалгат тавилгын үйлдвэрт дизайнерын буюу захиалгын дагуу тавилгыг 3D аргаар зурж гаргадаг ажилтай байсан. 2018 онд /сар өдрийг санахгүй байна /Багануур дүүрэгт Д- бид нар ALLION маркийн машинтай ирээд М- гэх эмэгтэйгийнд Д- намайг дагуулж орсон. Би гал тогооны өрөөнд тавилгын хэмжээ авсан. Д- урьдчилгаанд 1 000 000 төгрөг аваад баримт бичиж өгсөн. Уран хийц гэх компани байхгүй, аж ахуй нэгжийн гэрчилгээ болон хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ байгуулдаггүй байсан. Захирал болон удирдах албан тушаалтан гэж байхгүй. 2018 оны 1 дүгээр сарын 30-ны орчмоос “Уран хийц” цахим хаягаар тавилгын захиалга авахаа больсон. 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн орчим Д-гээс Багануур дүүргийн захиалга гарсан юм уу гэхэд маргааш юм уу нөгөөдөр гарна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх 66-67, 74-75 дахь тал/
Хохирогч М-аас урьдчилгаа авсан 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн зарлагын баримтад:
Гал тогоо 3,1м гээд 1 550 000 төгрөгөөс урьдчилгаа 1 000 000 төгрөгийг бэлэн авсан гээд О.Д- гэж гарын үсэг зурсан байна /хх-3 дахь тал/
ХААН банкны дансны хуулгат:
Ц.М-ын дипозит дансны дэлгэрэнгүй хуулгын 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 5017342361 тоот дансанд тавилгын үнэ 300 000 төгрөг шилжүүлсэн тухай тусгагджээ. /хх-26 дахь тал/
Ц.О-ийн дипозит дансны дэлгэрэнгүй хуулгын 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 5750268446 тоот данснаас тавилгын үнэ 300 000 төгрөг шилжиж орсон тухай тусгагджээ /хх-30 дахь тал/
Хохирогч Ц.М-, Ц.О- нарын мөнгө хүлээлцсэн тухай баримтад:
О-ээс нэг сая гурван зуун мянган /1 300 000/ төгрөг хүлээн авсан Ц. М-, хүлээлгэн өгсөн Ц.О- гэжээ /хх-69 дэх тал/
Ц.О-ийн мөрдөн байцаалтын үед өгсөн бичгийн баримтад:
Би М-ын хохирол 1300 000 төгрөгийг төлсөн. Үүнийг Д-гээс нэхэмжлэхгүй гэжээ /хх-76 дахь тал/
Хохирогч Ц.М- шүүхэд ирүүлсэн бичгийн баримтдаа:
“Би шүүх хуралдаанд оролцохгүй. Төлбөр 1300 000 төгрөгөө буцааж авсан” гэжээ.
Улсын яллагч дүгнэлтдээ:
О.Д- нь хохирогчид 1 300 000 төгрөгний хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэв.
Шүүгдэгч О.Д- дүгнэлтдээ:
Би өөрийгөө өмгөөлж оролцож байгаа ба гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Прокурорын оногдуулж байгаа 1 000 000 төгрөгийн торгуулийн ялыг зөвшөөрч байна гэв.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Яллагдагч О.Д- нь Ц.М-д гал тогооны 3,1 метр тавилгыг 7-10 хоногт багтааж хийж өгөх, тавилга болоод ажлын хөлсөнд нийт 1 550 000 төгрөг авахаар “Уран хийц” ХХК нэрээр нээсэн цахим хаягаар тохиролцоод 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос Багануур дүүрэгт хохирогчийн гэрт ирж тавилгын хэмжээ авч бонус буюу шагналд нь үүдний өлгүүр, сандал зэргийг хийж өгөхөөр амалж урьдчилгаанд 1 000 000 төгрөгийг авсан байна. Энэ нь шүүгдэгчийн “М-ын гэрт орж гал тогооны тавилга, үүдний өлгүүр хоёрыг хийх захиалгын дагуу хэмжээг нь авсан. Бонуст нь булангийн тавиур сандал хийж өгөхөөр тохиролцож нийт хөлс 1550 000 төгрөг болно гэж тохирооп нэг сая төгрөгийг урьдчилгаа болгон аваад буцсан” тухай мэдүүлэг, хохирогчийн “2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Уран хийц гэсэн цахим хаягаар мессеж бичиж холбогдоод Багануур дүүргийн 1-р хороо гэх мэтээр хаягаа хэлж тавилга хийлгэх захиалга өгсөн. Тухайн өдрийн орой 22 цагийн үед Уран хийц компанаас явж байна гээд 3 залуу ирээд гал тогооны болон том өрөөний тавилганы хэмжээ аваад 1 600 000 төгрөгөөр хийнэ гээд урьдчилгаанд нэг сая төгрөг аваад 7-10 хоногийн дотор хийж өгнө гээд явсан” тухай мэдүүлэг, Уран хийц ХХК-ний “Гал тогоо 3,1м гээд 1 550 000 төгрөгөөс урьдчилгаа 1 000 000 төгрөгийг бэлэн авсан” тухай 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн зарлагын баримт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Гэвч тохирсон хугацаанд тавилгыг хийгээгүй, хийсэн тавилга нь чанарын шаардлага хангаагүй тул дахин хийж байгаа гэж итгүүлэн 300 000 нэмж шаардсаны дагуу 2018 оны 2 сарын 12-ны өдөр Ц.М- 300 000 төгрөгийг О.Д-д шилжүүлсэн, энэ үеэс Д- хохирогчтой дахин холбоо бариагүй сураггүй болсон нь “Би тавилгаа шаардаж олон удаа утсаар ярьсан, 2018 оны 2 сарын 12-нд 300 000 төгрөгийг нэмж шилжүүлж авснаасаа хойш дахин холбогдоогүй” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.О-ийн “Уран хийц гэх компани байхгүй, аж ахуй нэгжийн гэрчилгээ болон хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ байгуулдаггүй байсан. Захирал болон удирдах албан тушаалтан гэж байхгүй. 2018 оны 1 дүгээр сарын 30-ны орчмоос “Уран хийц” цахим хаягаар тавилгын захиалга авахаа больсон. 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн орчим Д-гээс Багануур дүүргийн захиалга гарсан юм уу гэхэд маргааш юм уу нөгөөдөр гарна гэж хэлж байсан” тухай мэдүүлсэн мэдүүлэг, ХААН банкнаас шаардан гаргуулсан “Ц.М-ын данснаас Д-гийн түр ашиглаж эзэмшиж байсан /Ц.О-ийн гэх/ 5017342361 тоот дансанд 300 000 төгрөг шилжүүлсэн” тухай дипозит дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогджээ. Дээрх үйлдлийн улмаас Ц.М-д 1 300 000 төгрөгийн хохирол учирч цагдаагийн байгууллагат 2019 оны 2 дугаар сарын 28-нд гомдол гаргасан байх ба мөн үед хохирогчийн хохирлыг буюу 1 300 000 төгрөгийг төлж барагдуулсан нь хохирогчийн тайлбар, гэрч Ц.О-ийн мэдүүлэг зэргээр тодорхойлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтэд тодорхойлсон хэргийн байдалтай нийцжээ. Үүнийг шүүгдэгч хүлээн мэдүүлж байна.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг гаргуулахдаа үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу гаргуулж бэхжүүлсэн, гэрч хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалж тогтоогдсон, мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна. Мөн шүүгдэгчийн гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Мөрдөн байцаалтын явцад банкнаас эрх бүхий албан тушаалтан дансны хуулгуудыг гаргуулж авсан нь хуульд нийцжээ.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн гэж дүгнэлээ.
Талууд ажил гүйцэтгэх талаар амаар гэрээ байгуулсан ба хохирогчоос урьдчилгаа болгон 1 300 000 төгрөг аваад ажлаа дуусгалгүй зайлсхийж сураггүй болсон нь шүүгдэгч О.Д- хохирогчийн итгэлийг эвдэх аргаар залилан мэхэлсэн гэж дүгнэхэд хүргэж байна. Шүүгдэгч нь Уран хийц ХХК гэсэн компаны нэр бичиж цахим хаяг нээж захиалга авсан хэдий ч бодит байдал дээр ийм компани албан ёсоор байгуулагдаагүй, өөр “Булангийн говь” НҮТББ гэсэн байгууллагын нэрээр зарлагын хуурамч баримт үйлдэж урьдчилгаа мөнгө авсан, хохирогчтой гэрээ хийх үедээ захиалгын урамшуулалд булангийн тавиур, сандал зэргийг хийж өгөхөөр амалж хохирогчийг төөрөгдүүлсэн зэрэг залилсан шинжтэй нөхцөл байдлууд тогтоогджээ.
Шүүгдэгч О.Д-гийн үйлдэл нь иргэн Ц.М-ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “эд хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх” эрхэд нь халдсан байна.
Иймд О.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :
Шүүгдэгч нь гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлт зэргээр нь батлагдаж байна. Шүүгдэгч хохирогчийн 1300 000 төгрөгийг төлсөн байна. Хохирогч Ц.М- нь гомдол саналгүй цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг тэмдэглэе.
Иймд О.Д-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар гаргасан прокурорын саналыг харгалзан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэвэл зохино.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНБАТ