Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2019/ШЦТ/38

 

 

                                                                                                                                                                                                                                                                             

 

 

 

 

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Нямпүрэвт холбогдох эрүүгийн 1904000390031 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            Л.Отгончимэг

 Улсын яллагч                                              Ж.Бүрэнжаргал

 Хохирогч                                                 Б.Төмөрбаатар

 Шүүгдэгч                                                 П.Нямпүрэв нар оролцов.

 

Монгол улсын иргэн, халх, 1979 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, 5-12 насны 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, 59 дүгээр байрны 22 тоотод оршин суух, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700.000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн, Монгол овгийн Пүрэвдоржийн Нямпүрэв /РД:УЮ79032611/

       

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар П.Нямпүрэв нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 23-ны шөнийн 23 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 59 дүгээр байрны 22 тоотод өөрийн гэрийн гал тогооны өрөөнд эхнэр Т.Бибишийг “гадуур хаагуур тэнэж яваад ирэв” гэж маргалдаж байхдаа ширээн дээр байсан шилэн аяга авч түүний нүүр лүү шидсэний улмаас баруун хөмсөгний гадна дээд хэсэгт онож язарсан шарх бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч П.Нямпүрэвийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2018 оны 7 дугаар сард манай талийгаач эхнэр Бибиш өөр эрэгтэй хүн дагаад гэрээсээ яваад аав Төмөрбаатар нь авчирч өгсөн. 2018 оны 9 дүгээр сарын 20-ны үед орой 22 цагийн үед манай эхнэр гэртээ согтуу ирчихээд гэрийнхээ юмнуудыг зарна, сална гээд хэрүүл хийгээд байхаар нь гал тогооны өрөөнд ширээн дээр байсан шаазан аяга авч шидтэл духанд нь оносон. Тухайн үед хажууд хадам аав, ээж хоёр байсан, эхнэр бид хоёр хоёулаа архи уусан байсан. Хадмууд эхнэрийг эмнэлэг авч яваад духан дээр нь оёдол тавиулаад ирсэн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Төмөрбаатарын шүүх хуралдаанд мэдүүлсэн “Би охиноо алдаж их хохирол хүлээсэн. Гэхдээ хүргэндээ гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо хоёр хүүг нь манай хөгшин харж байгаа. Үлдэж байгаа хүүхдүүдэд эцэг нь хэрэгтэй гэж бодоод Нямпүрэвийн эцэг байх эрхийг хасах асуудлаа хойшлуулсан байгаа. Одоо хүргэн архи уух нь гайгүй болсон. Өөр хэлэх зүйл алга. Би архи ууж болохгүй амьдралаа бод гэж их л хэлдэг байсан. Аль болох хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсч байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Төмөрбаатарын мэдүүлсэн: “...Би яг өдрийг нь санахгүй байна 2018 оны 10 дугаар сарын дундуур би охин Бибишийг Улаанбаатар хотоос олж аваад Багануурт гэрт нь авчирсан. Тухайн үед манай охин Бибиш архи уучихсан согтуу байсан бөгөөд хүргэн Нямпүрэв ч бас архи уусан согтуурсан байдалтай байсан. Би охиноо 21 цагийн үед Багануурт гэрт нь авчирсан бөгөөд гал тогооны өрөөнд Нямпүрэв Бибишийг “хаагуур тэнэж байгаад ирэв” гэж маргаан үүсгэсэн. Ингээд Нямпүрэв, Бибиштэй маргаж байгаад гал тогооны өрөөний ширээн дээр байсан бариултай шаазан аяга аваад миний охин Бибиш рүү чулуудсан. Шидсэн аяга нь охины баруун хөмсгийг онож сэтэлсэн. Би ч охиноо аваад Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт очиж баруун хөмсөгт нь 6 ширхэг оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Наранчимэгийн мэдүүлсэн: “...2018 оны 10 дугаар сарын сүүлээр нөхөр Төмөрбаатар бид хоёр эдний гэрт ирчихсэн байж байсан чинь Нямпүрэв, Бибиш рүү стакан шидээд хөмсгийг нь сэтэлж байсан бөгөөд тухайн үедээ эрүүл мэндийн төвд очиж оёдол тавиулж байсан. Тэр үед би цагдаад хэлнэ гэхэд охин маань хэрэггүй ээжээ наадах чинь шоронд орчихвол яах юм бэ гээд гуйгаад байхаар нь цагдаад хандаагүй. Хөмсгөн дээр нь үүсгэсэн шархыг лав миний хажууд аяга шидэж гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 32-33/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Оюуны мэдүүлсэн: “...Энэ хоёр хааяа архи уучихдаг юм. Тэр өдрийн зодооныг би хараагүй. Хэн хэндээ л буруу байгаа байх...” гэсэн мэдүүлэг /хх-н 34/,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн нэмэлт шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №09шэ/002 дугаартай дүгнэлтэд: “Талийгаач Т.Бибишийн биед баруун хөмсөгний гадна дээд хэсэгт оёдолны оромтой язарсан шарх гэмтэл байна. Уг гэмтлийн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломж муутай байна.  Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хуучин гэмтэл. Дээрх язарсан шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачийн биед учирсан баруун гарын шуу, зүүн гарын бугалга, зүүн гуяны өмнөд доод хэсэг, зүүн өвдөгний өмнөд хэсэгт үүссэн цус хуралт гэмтлүүд тогтоогдсон. Дээрх цус хуралт гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх цус хуралт гэмтэл нь гэмтэл аваад нас барахаас өмнө 3-5 хоносон байх боломжтой. Зах ирмэгээр шарлаж эдгэж байсан. Дээрх цус хуралт гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн гарын сарвууны ар хэсэгт үүссэн өнгөц зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх язарсан шарх, цус хуралт, зүсэгдсэн зулгаралт зэрэг нь өөр өөр цаг хугацаанд үүссэн байх боломжтой” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 62/,

2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 00 цаг 15 минутын яаралтай тусламжийн хуудаст “Т.Бибиш нь дух руугаа аягаар шидүүлээд зүсэгдсэн, лугшиж өвдөнө гэсэн зовиуртай. Одоогийн өвчний түүхээр шилэн аяга шидэж цохьсон, баруун нүдний дээр духнаас цус гарна. Үзлэгээр дух баруун талдаа 6 см орчим гүнзгий зүсэгдсэн шархтай ирснийг шархыг цэвэрлэж, 7 оёдол тавьж цэвэр боолт хийв” гэжээ. /хх-ийн 60-61/

Нас барсны гэрчилгээний “УГ81060509 дугаарын регистрийн дугаартай 1981 оны 6 дугаар сарын 5-ны өдөр төрсөн Багануур дүүрэгт оршин суух Шарнууд овгийн Төмөрбаатарын Бибиш нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрт өвчнөөр нас барсныг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нас барсны бүртгэлийн 127 дугаарт бүртгэв” гэсэн хуулбар /хх-ийн 12/

Шүүгдэгч П.Нямпүрэв нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд 1 удаагийн ял шийтгэлтэй” гэх ял шалгах хуудас /хх-н 76/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 73/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.  

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 Шүүгдэгч П.Нямпүрэв нь согтуугаар 2018 оны 9 дүгээр сарын 23-ны орой 23 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 59 дүгээр байрны 22 тоотод өөрийн гэртээ гал тогооны өрөөнд эхнэр Т.Бибишийг “гадуур хаагуур тэнэж яваад ирэв” гэж маргалдах үедээ ширээн дээр байсан шилэн аяга авч түүний нүүр лүү шидсэний улмаас баруун хөмсөгний гадна дээд хэсэгт онож язарсан шарх бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би эхнэрийнхээ духан хэсэгт нь шаазан аяга шидсэн, эмнэлэг явж оёдол тавиулаад ирсэн” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Б.Төмөрбаатарын “Би охиноо 21 цагийн үед Багануурт гэрт нь авчирсан бөгөөд гал тогооны өрөөнд Нямпүрэв Бибишийг “хаагуур тэнэж байгаад ирэв” гэж маргаан үүсгэсэн. Ингээд Нямпүрэв, Бибиштэй маргаж байгаад гал тогооны өрөөний ширээн дээр байсан бариултай шаазан аяга аваад миний охин Бибишрүү чулуудчихсан. Шидсэн аяга нь охины минь баруун хөмсгийг онож сэтэлсэн. Би ч охиноо аваад Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт очиж баруун хөмсөгөнд 6 ширхэг оёдол тавиулсан” талаарх мэдүүлэг /хх-н 17-18/, гэрч Ж.Наранчимэгийн “Нямпүрэв, Бибиш рүү стакан шидээд хөмсгийг нь сэтэлж байсан бөгөөд тухайн үедээ эрүүл мэндийн төвд очиж оёдол тавиулж байсан” талаарх мэдүүлэг /хх-н 32-33/, гэрч Ц.Оюуны “Энэ хоёр хааяаа архи уучихдаг юм аа. Тэр өдрийн зодооныг би хараагүй. Хэн хэндээ л буруу байгаа байхаа” талаарх мэдүүлэг /хх-н 34/, нэмэлт шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №09шэ/002 дугаартай дүгнэлт /хх-ийн 62/, 2018 оны 9 сарын 24-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 61-62/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч П.Нямпүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч Б.Төмөрбаатар, гэрч Ж.Наранчимэг нарын мэдүүлэг, шинжээчийн нэмэлт дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч П.Нямпүрэв нь эхнэр Т.Бибишийг “гадуур тэнэлээ” гэж уурласан сэдэлтээр үйлдэлдээ санаатай хандаж, түүнд хүч хэрэглэжээ.  Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч  П.Нямпүрэв, хохирогч Т.Бибиш нар нь согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн нь нөлөөлсөн гэж үзэв. 

Иймд П.Нямпүрэвийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Төмөрбаатарын Бибишийн биед баруун хөмсөгний гадна дээд хэсэгт язарсан шарх бүхий гэмтэл бүхий гэмтэл учирчээ. Хохирогч Т.Бибиш нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өвчнөөр нас барсан болох нь №0000196360 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх ба түүний хууль ёсны төлөөлөгчөөр эцэг Бадамсүрэнгийн Төмөрбаатарыг томилсон байна. /хх-н 17/. Хохирогч Б.Төмөрбаатар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй.

 

II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга зурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан.

Улсын яллагчаас П.Нямпүрэвт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялыг оногдуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч нь ялын төрөлтэй маргаагүй болно.

 

Шүүгдэгч П.Нямпүрэв нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн ба уг торгуулийн ялыг биелүүлсэн болох нь Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-427 дугаар хаалттай хорих ангийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн эрүүгийн шийдвэр гүйцэтгэгч Б.Түвшинжаргалын 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн №62 дугаартай “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан тухай” тогтоолоор тогтоогдож байна. /хх-н 83/

П.Нямпүрэвт “ эрхэлсэн тодорхой ажилгүй, 5-12 насны 2 хүүхдийн хамт амьдардаг ганц бие эцэг” зэрэг хувийн байдал тогтоогдов. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч П.Нямпүрэвт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Иймд шүүхээс П.Нямпүрэвийн хувийн байдал болон дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан ялуудаас торгох ялыг сонгож оногдуулсан ба түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоов.

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Монгол овгийн Пүрэвдоржийн Нямпүрэвийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Монгол овгийн Пүрэвдоржийн Нямпүрэвт 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны дотор хэсэгчлэн биелүүлэх, шүүхээс тогтоосон уг хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан П.Нямпүрэвт мэдэгдсүгэй.
  4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол П.Нямпүрэвт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.Төмөрбаатар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
  6. П.Нямпүрэвт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                         

                           

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАЙГАЛМАА