Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 470

 

  Зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбатар хот Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо 31-4 тоотод оршин суух Х.Эрхэмбаяр /ТЕ-76092178/ /”Дөрвөлжийн бэл” ХХК/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7 дугаар баг 2 дугаар хэсэг 5 дугаар байр 31 тоотод оршин суух Гурван сонгол овогт Цэдэнбалын Нарангэрэлд /МЭ-74041200/ холбогдох

“49.500.000 төгрөг гаргуулах“ тухай иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрхэмбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:                              

Нэхэмжлэгч “Дөрвөлжин бэл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...2014 оны 11-р сард Ц.Нарангэрэл нь өөрийгөө “Алтан барга” ХХК-ийн захирал гэж танилцуулан 33.000.000 төгрөгний үнэ бүхий 10 ширхэг 5 ханатай давхар дулаалгатай монгол гэрийг “Хас банк”-ны 109-р салбарын мэргэжилтэн н.Алтанхуягаар дамжуулан танилцан 2015 оны 03-р сард төлбөр хийхээр тохиролцон гэрээ байгуулан худалдан авсан. Ингээд 2015 оны 03-р сард тогтоосон хугацаандаа төлбөрөө хийхгүй байхаар нь дахин уулзаж “Бид нар чамайг танихгүй, “Хас банк”-ны н.Алтанхуяг танайхыг ”манай найдвартай харилцагч, асуудал байхгүй“ гэхээр нь танайд зээлээр өгсөн. Тийм учраас нэмэлт барьцаа өг” гэж шаардахад “одоохондоо барьцаа өгч чадахгүй байна. Манай бас нэг компани “Энсонголия холдинг” ХХК-иар давхар баталгаа хийж өгье” гээд бас гэрээ хийсэн. Үүнээс хойш удаа дараа “мөнгөө авъя” гэсэн шаардлагыг тавьсан боловч тухайн үедээ “хэд хоногоос орж ирнэ , түр байж бай” гэх мэтээр түр аргалж байгаад сүүлдээ оффисдоо байхгүй /байнга хаалттай/, гар утсаа авахгүй зугатаж байна. Тухайн үедээ Ц.Нарангэрэл нь өөрийгөө танилцуулж байсан ”Алтан барга” ХХК-ийн захирал биш байсан бөгөөд албан ёсоор томилогдоогүй, дээрх компанийг худалдан авна гэж хуурамч гэрээ хийгээд компанийн тамга тэмдэгийг ашиглаж байсан болохыг тухайн үед болон одоог хүртэл захирал хийж байгаа Олзвой овогтой Оргилболд нь нотлож байгаа тул бид иргэн Ц.Нарангэрэлээс дээрхи мөнгийг гаргуулан өгөхийг хүсэж нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ц.Нарангэрэл нь шүүхэд гаргасан тайлбартаа:

...Миний бие нь “Алтан барга” ХХК-ийн хувьцааг худалдан авсаны үндсэн дээр Дорноговь аймгийн Айраг сумын нутагт байршилтай Цагаан дэл  хэмээх жоншны орд дээр олборлолтын үйл ажиллагааг эхлүүсэн юм. Ажиллагсад амьдрах зориулалттай 10 ширхэг Монгол гэрийг “Хас” банктай олон жил харилцаж буй гэх “Дөрвөлжийн бэл” ХХК-иас худалдан авахаар тохирч 2014 оны 11-р сарын 15-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан юм. Гэрийг 2014 оны 11-р сарын 29-нд, 2014 оны 12-р сарын 15-нд тус тус 5, 5-н ширхэгээр нь кемпийн дарга  Г.Гантулга ахлан “Нарантуул” захын урд агуулахаас ачсан юм. Очоод гэрээ барих гэтэл чанарын байдал танигдаж, 10 гэрийг 45 хоног барьсаныг ажилтан Гантулга, Наранбат, Мөнх-Эрдэнэ, Мөнхтөгөлдөр, Энхболд, Аюурзана нар болон жонш ялгагчаар ажилласан Айраг сумын 10 орчим иргэн гэрчилнэ. Айраг суманд миний бие маш бага буюу 6 сар ажиллахад 5 удаа л очсон юм. Энэ гомдлын шаардлагыг ажиллагсад тухай бүр надад утсаар мэдэгдэж байсан.

2015 оны 1-р  сараас Н.Энхцэцэг захиралд  гэрээг цуцалж, гэрийг буцаан өгч тухайн хугацаанд тохирох төлбөрийг төлөөд л дуусгах талаар олонтаа ярилцсан боловч нэгэнт өгсөн л бол мөнгөө авна гэсэн байр суурийг үзүүлсээр өдий хүрч байгаа билээ.

Н.Энхцэцэг захирлын нөхөр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар ажиллаж байсан н.Эрдэнэбаттай хамт ирж 2015 оны 04-р сард манай оффисын хажуу талын Чингэлтэй дүүргийн 1-р хороо жуулчны гудамжинд байрлах “Winner’s” кафед дуудаж уулзахад нь “...мөнгөө нэхэж болно. Гагцхүү чанарын тал дээр сэтгэл дундуур байна. 40 мянган төгрөгний ус буцалгагч авсан хүн 6 сарын баталгаа гаргуулдаг шүү дээ. Тийм байтал 1 жилийн баталгаат хугацаат гэрийн байдал одоо ямар байна вэ гэвэл хана нь хэт нимгэн учраас говийн байнгын талын шуурганд тогтохгүй байна. Шал нь нойтон 2-ын банзаар хийсэн тул цөмрөөд байна. Унь, тооно, хаалгыг мөн нойтон модоор углуурагдаж биш, нааж хийсэн учраас наалтаараа салаад унасан. Үдээс, хошлон ирээгүй тул орлуулж хийх гэж маш урт хугацаанд махаа идсэн. Ханын толгой нийлэхгүй, унь тоонын голтойгоо зөрсөн, яртай олон унь нь хугарсан, шалавч гээд бас бус дагалдах хэрэгсэл дутуу, тооно салхивчгүй зэрэг олон шаардлага байна” гэхэд “хүн явуулж засуулъя” гэсэн. Гэрээнд солино гэсэн болохоос засна гэж байхгүй гэхэд “бид гэрийг өөрсдөө үйлдвэрлэдэггүй хүн хүнээс хана, тооно зэргээр цуглуулдаг тул хүн явуулж хүлээлцэж авъя” хэмээн тохирч салцгаасан.

2015 оны 04-р сарын сүүлээр манай кемп технологийн боловсруулалтаа зогсоож өөр тийш шилжих болтол тэдний тал утсаа авахгүй ирэхгүй байсаар аргагүй 7-р сарын сүүлээр нүүхдээ ачаад нүүсэн. Ийнхүү ачаад бууснаас хойш мөнгөө эрчимтэй нэхэмжилж байгаа болно.

Иймд уг асуудлыг 2014 оны 11-р сарын 15-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний нөхцлийг үндэслэн шийдэх нь зөв хэмээн үзэж байна.

Гэрээний 2-р зүйл болох “чанар”, 3-р зүйл болох “иж бүрдэл”-ээр хүлээсэн үүргээ худалдагч тал бүрэн биелүүлээгүй тул гэрээний 5-р зүйл үнэ  төлбөрийн нөхцлийг чанарт тохируулан төлөх хэмжээг өөрчлөхийг шаардах эрхтэй хэмээн үзэж байна. Гэрээний 5-р зүйл болох үнийг тохиролцохдоо дараа тооцооны нөхцлийг харгалзан хүлээлтийн зардлыг тооцон нэг бүрийг нь нэмэгдэл өртгийн албан татваргүй үнээр 3.190.000 төгрөг гэж үнэлсэн.

Хүлээлтийн зардалтай нэмэгдүүлсэн үнэ болон чанарын доголдлын гомдлыг шилэн дансны албан ёсны нээлттэй сурвалжийг үнэ ханшийн мэдээллийг нотлох баримтаар иш татаж үнийг бодитой тогтоох саналтай байна. Үүнд:

www.mm.gov.mn/infos/201605/01104 20/image.pdf

2015 оны 11-р сарын 01-ний өдрийн Газрын тосны газрын 2013-2014 оны үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын ажлын тайлангийн 32-р хуудасны дээрээс 28-р мөрөнд 2014 онд “...Газрын тосны газар Төлөөлөгчийг дэмжих сангийн хөрөнгөөр 950.000 төгрөгний үнэтэй 4 ханатай гэр, 2.808.900 төгрөгний үнэтэй 5 ханатай гэр худалдан авч” гэж дурьдсаныг

www.audit.mn/wp-content/uploads/2015/06/OSHILGOO.pdf

Үндэсний аудитын газрын Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтын байдалд хийсэн ҮАГ-НАГ/03-НА дугаартай нийцлийн аудитын тайлангийн 12 дугаар хуудасны дээрээс 13-р мөрөнд “24.700.000 төгрөгөөр 10 ширхэг гэр худалдан авсан” гэж дурьдсаныг.

Эдгээр албан ёсны эх сурвалжийг үндэслэн нэмэгдэл өртгийн албан татвартай нэг гэрийн үнийг чанарын байдалд нийцүүлэн хамгийн бага үнээр буюу нэг гэрийг 2.400.000 төгрөгөөр, нийт 24.000.000 төгрөгөөр үнэлэн тооцох нь бодитой юм.

Учир нь худалдагч тал гэрийн чанар байдлаараа өөрөө эргэлзээгүй байсан бол гэрээний 2, 3-р зүйлийг шаардуулахгүй биелүүлж, шүүхэд ч чанар стандартын шаардлага хангасан гэр хүлээлцсэнээ хангалттай нотлох байсан. Гэрээний 5-р зүйлд алданги төлөхөөр заагаагүй бөгөөд худалдагчийн чанаргүй бараа нийлүүлснээс үүссэн нөхцөл байдал ч алдангийг хүлээн зөвшөөрөх үндэсгүй юм. Иймд шүүх нөхцөл байдлыг зөв үнэлж гэрийн үнийг бодитойгоор нийт 24.000.000  төгрөгөөр тогтоож өгнө үү гэжээ.

Зохигчид нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрхэмбаяр би итгэмжлэлээр олгосон эрхийн дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарантуяатай дараах байдлаар тохирч эвлэрлийн гэрээ байгуулав.

            1.Нэхэмжлэгч “Дөрвөлжийн бэл” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 49.500.000 /дөчин есэн сая таван зуун мянга/ төгрөгийг багасгаж, 33.000.000 /гучин гурван сая/ болгох

            2.Багасгасан үнийн дүн болох 33.000.000 төгрөгний 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг 2016 оны 09-р сарын 15-ны өдрийн дотор хариуцагч нэхэмжлэгчид өгөх

            3.Үлдэх 31.000.000 /гучин нэгэн сая/ төгрөгийг 2017 оны 03-р сарын 05-ны дотор нэхэмжлэгчид өгөхөөр тохиролцов.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарантуяа нь 2016 оны 09-р сарын 15-ны өдөр 2.000.000 /хоёр сая/ төгрөг, 2017 оны 03-р сарын 05-ны өдөр 31.000.000 /гучин нэгэн сая/ төгрөгийг тус тус төлөхөөр хэлэлцэн тохиролцов.                                                                                                                                                                       

Эвлэрлийн гэрээ байгуулсан:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн

                          төлөөлөгч:                          Х.Эрхэмбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн

                      төлөөлөгч:                            Ц.Нарантуяа   гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Дөрвөлжийн бэл” ХХК нь хариуцагч Ц.Нарангэрэлээс “49.500.000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч “Дөрвөлжийн бэл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрхэмбаяр нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 16.500.000 төгрөгийг багасгаж, үлдэх 33.000.000 төгрөгийг хариуцагч Ц.Нарангэрэлээс гаргуулахаар, уг мөнгийг хариуцагч нь 2016 оны 09-р сарын 15-нд 2.000.000 төгрөгийг, 2017 оны 03-р сарын 05-нд 31.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харицан тохиролцож зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй  байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураажинд урьдчилан төлсөн 405.450 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага 33.000.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 322.950 төгрөгний тал хувь болох 161.475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, үлдэх тал хувь болох 161.475  төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.”Дөрвөлжийн бэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Нарангэрэлд холбогдох “49.500.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн зохигчид нь 33.000.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагын  хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106-р зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 405.450 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 33.000.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 322.950 төгрөгийн тал хувь болох 161.475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, үлдэх тал хувь болох 161.475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.МӨНХЗУЛ