Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 148/2016/00424/И |
Дугаар | 471 |
Огноо | 2016-09-05 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 471
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Б.Дамдинпүрэвийн нэхэмжлэлтэй “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал”-ыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотод 1972 оны 08 дугаар сарын 10-нд төрсөн, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, хийн гагнуурчин мэргэжилтэй, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчид гудамжны 48 дугаар байрны 25 тоотод оршин суух хаягтай, Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Улаанбаатар төмөр зам дахь Сүхбаатар өртөөний зангилаанд жижүүрийн цагдаа ажилтай гэх,
Алаг адуутийх овгийн Баастын Дамдинпүрэв
регистрийн дугаар: ЧГ- 72081011
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч: Б.Дамдинпүрэв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
.... Миний бие анх 1991 оны 8 сард Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн нийгмийн хэв журам хамгаалах тасгийн цагдаагаар ажиллаж байгаад 2001 онд Сүхбаатар зангилааны жижүүрийн цагдаагаар 4 ээлжээр 24 цагаар одоог хүртэл ажиллаж байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар жижүүрийн цагдаагаар ажилласан нэг жилийг 1 жил 3 сараар тооцохоор болсон. Уг хуулийн шинэчилсэн найруулга 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхлэсэн.
Иймд намайг Төмөр замын Цагдаагийн хэлтсийн Сүхбаатар өртөөний жижүүрийн цагдаа гэдэг албан тушаалд 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс одоог хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч: Б.Дамдинпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Би 1991 оны 09 дүгээр сарын 01-нд анх Төмөр замын цагдаагийн хэлтэст ажилд орсон. Ажилд орсноосоо хойш өнөөдрийг хүртэл 25 жил 1 сар тасралтгүй ажилласан. 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар... мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д цагдаагийн албан хаагчийн албадан саатуулах, байр, улсын онц чухал объектын хамгаалалтад болон эргүүл, харуул, жижүүрээр ажилласан нэг жилийг, нэг жил гурван сараар тооцно гэж заасан байгаа, уг хууль 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөгдөж эхлэсэн. Уг хууль мөрдөгдөж эхлэсэнтэй холбогдуулан би 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс өнөөдрийг хүртэл би Төмөр замын Цагдаагийн хэлтсийн Сүхбаатар өртөөнд жижүүрийн цагдаагаар ажиллаж байгаагаа тогтоолгох гэсэн юм.
Тушаал гаргахдаа “гэрээт цагдаа” гээд гаргачихсан байгаа боловч Төмөр замын байгууллага нь өөрөө нийгмийн хэв журам сахиулах чиг үүрэггүй. Тийм учраас мэргэжлийн байгууллага буюу Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж объектууддаа цагдаа ажиллуулж байгаа учраас тушаал дээрээ “гэрээт цагдаа” гээд бичигдээд байдаг юм билээ. Миний хувьд ажлын байрныхаа тодорхойлолтоор бол жижүүрийн цагдаа ажилтай. Бид 24 багаар жижүүр хийж нийгмиийн хэв журам сахиулах үүрэгтэй ажилладаг. Жижүүрийн цагдаагаар ажилладаг болохыг нотолсон жижүүрийн хуваарь, хамт ажиллаж байгаа хүмүүсийн тодорхойлолт зэргийг хавсаргасан байгаа...гэв.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж
Үндэслэх нь:
Б.Дамдинпүрэв нь 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс одоог хүртэл Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Улаанбаатар төмөр зам дахь Сүхбаатар өртөөний зангилаанд жижүүрийн цагдаагаар ажиллаж байгаа болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Нэхэмжлэгч Б.Дамдинпүрэв нь 1991 онд Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар тус хэлтэст цагдаагаар томилогдож тасралтгүй ажиллаж байгаа ба 2001 оноос Улаанбаатар төмөр зам дахь Сүхбаатар өртөөний зангилаанд жижүүрийн цагдаагаар ажилласан байна.
Нэхэмжлэгчийг Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн гэрээт албан тушаалд томилсон тушаалд “гэрээт цагдаа” гэж томилсон боловч төмөр замын жижүүрийг цагдаа нь 4-н ээлжээр, 24 цагаар ажилладаг болох нь Улаанбаатар төмөр замын Сүхбаатар өртөөний даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 245 тоот тодорхойлолтонд “ЦЕГ-ын харьяа Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн Сүхбаатар зангилааны цагдаа, цагдаагийн а/а Б.Дамдинпүрэв, цагдаа, цагдаагийн а/а Б.Гантөмөр нар нь 2001-2016 онд УБТЗ-ын Сүхбаатар зангилааны жижүүрийн цагдаагаар 4-н ээлжээр, 24 цагаар ажилладаг нь үнэн болно” гэх, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь салбар газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 14/135 тоот тодорхойлолтонд “ЦЕГ-ын харьяа Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн Сүхбаатар зангилааны цагдаа, цагдаагийн а/а Б.Дамдинпүрэв, цагдаа, цагдаагийн а/а Б.Гантөмөр нар нь 2001-2016 онд манай байгууллагатай хамтын ажиллагаатайгаар Сүхбаатар төмөр замын боомтод жижүүрийн цагдаагаар ажиллаж байсан болно” гэх албан бичгүүд болон жижүүрийн цагдаа нарын ажиллах ажлын хуваариуд, хамт ажиллаж байсан Ч.Анхбаяр, С.Нармандах, түүний цагдаагаар жижүүрлэн ажилладаг болохыг тодорхойлсон Төмөр замын Сүхбаатар өртөөний ажилчин Д.Оюунчимэг нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Алаг адуут овгийн Баастын Дамдинпүрэвийг 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Улаанбаатар төмөр зам дахь Сүхбаатар өртөөний зангилаанд жижүүрийн цагдаагаар ажиллаж байгаа болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-Т зааснаар Алаг адуут овгийн Баастын Дамдинпүрэвийг 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Улаанбаатар төмөр зам дахь Сүхбаатар өртөөний зангилаанд жижүүрийн цагдаагаар ажиллаж байгаа болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Б.Дамдинпүрэвийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцох болохыг анхааруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ