Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/01139

 

 

 

 

 

 

2024 05 29 210/МА2024/01139

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/02097 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.*******од холбогдох

14,539,920 төгрөг гаргуулах хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* ХХК нь иргэн Б.*******той 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 23-0133 тоот түрээсийн гэрээг байгуулж, уг гэрээгээр хэв, труба, булан гэх нийт 250 ширхэг бараа материалыг түрээслэн авч, 60-96 хоног ашигласан. Гэвч түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 9,693,280 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй.

1.2. Хариуцагч нь түрээслэсэн 250 ширхэг бараа материалаас булан 10*20 хэмжээтэй 4 ширхэг, булан 2,4 хэмжээтэй 40 ширхэг, хэв 30*120 хэмжээтэй 3 ширхэг, хэв 40*120 хэмжээтэй 1 ширхэг, хэв 50*120 хэмжээтэй 6 ширхэг, хэв 60*120 хэмжээтэй 6 ширхэг, v2 тулаас 30 ширхэг, 2 м труба 3 ширхэг, 4 м труба 4 ширхэг, нийт 97 ширхэг бараа материалыг буцаан хүлээлгэн өгөлгүй дутааж актлуулсан. Актын задаргаагаар 97 ширхэг бараа материалын үнэ 6,337,000 төгрөг болсон.

Актын төлбөрийг Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний 7.3 дах хэсэгт Түрээслэгч нь түрээсэлж байгаа бараа материалыг хүлээн авснаас хойших эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах бөгөөд эд зүйлийг бүрэн устгасан эсхүл дахин ашиглагдахгүйгээр эвдэж, гэмтээсэн тохиолдолд тухайн түрээсийн зүйлийг зах зээлийн үнээр тооцож 100 хувь төлөх үүргийг хүлээх бөгөөд үүнд тухайн эд зүйлийг худалдан авч хүргэсэн буюу тээвэрлэсэн, ашиглалтад оруулахаар угсарсан бүхий л зардлыг мөн хамааруулан төлнө заасны дагуу тус барааг зарах үнээр тооцоолсон.

1.3. Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2 дахь хэсэгт зааснаар алдангийг түрээс зогссон өдрөөс буюу 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцоход гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дүгээр хэсэгт нийцүүлэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар бодож 4,846,640 төгрөгийн алданги тооцов.

1.4. Манай байгууллагын зүгээс удаа дараа Б.*******той холбогдож түрээсийн үлдэгдэл тооцоог шаардаж, бүх нөхцөл байдлыг албан бичгээр мэдэгдсэн. Бид утсаар ярьж, гэрийн хаягаар нь эрэн хайн очиж уулзсан ба удахгүй төлнө, дуусгачихна, ямар ч асуудалгүй, мөнгө ороод ирвэл шууд хийнэ гэх зэргээр бидэнд хэлсэн. Гэвч сүүлийн 2 сарын турш бидэнд та нар шүүхээрээ яв, одоо боломжгүй гээд утсаа салгаж, гэртээ байсан ч хаалгаа нээхгүй хариу өгөхгүй байгаа. Энэхүү нөхцөл байдал нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заагдсан өөрийн үүргийг хүлээхгүй байгаа учир манай байгууллагын эрх ашгийг хохироож байна.

Иймд хариуцагч Б.*******оос барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр, дутагдуулсан бараа материалын үнэ болон засварын зардалд 9,693,280 төгрөг, алданги 4,846,640 төгрөг нийт 14,539,920 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагч нь тайлбар гаргаагүй болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 243 дугаар зүйлийн 243.1, 326 дугаар зүйлийн 326.2, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.*******оос 1,409,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,130,820 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,643 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37,495.60 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 6.60 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/02097 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт: ... 6а Түрээсийн гэрээний үүргийн 7.4-т зааснаар түрээсийн гэрээний зүйлийг буцаан өгөхөд засварлах шаардлагатай бол засварын зардлыг хариуцагч төлөхөөр тохиролцжээ. Хэрэгт байгаа орлогын падаанаас үзэхэд буцаан авсан материалын засварт нөхөөс 7 ширхэг, гагнуур 2 ширхэг, сапуд резва засвар 2 ширхэг хийгдсэн байна. Гэрээний 7.4-т зааснаар эдгээр засварын үнийг тооцвол нөхөөс хийхэд 56,000 /8,000*7/ төгрөг, гагнуур хийхэд 10,000 /5,000*2/ төгрөг, сапуд резва засварт 10,000 /5,000*2/ төгрөг, нийт 76,000 төгрөгийн зардал гарсан байна. гэж дүгнэжээ.

2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн орлогын падаан дээр бичигдсэн 2 ширхэг панер солих засварын нэршилийг буруу харж сапуд резва засвар хэмээн андуурч буруу тэмдэглэж, үнийн дүнг буруу гаргасан байна. Мөн сапуд резва засвар нь зөвхөн сапуд буюу тулаас төмөр нь дээр гардаг засварын ажил ба манайд ирсэн засвартай бараа бол хэв хашмал юм. Иймд Хэв 60*120 хэмжээтэй 1 ширхэг панер солих 35,000 төгрөг, Хэв 30*120 хэмжээтэй 1 ширхэг панер солих үнэ 32,000 төгрөг, нөхөөс 56,000 /8,000*7/ төгрөг, гагнуур 10,000 /5,000*2/ төгрөг, нийт 133,000 төгрөг болж анх гаргасан нэхэмжлэлд дурьдсан үнэ үндэслэлтэй байгаа юм.

4.2. Үндэслэх хэсгийн 6б хэсэгт: ... Түрээсийн гэрээг 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдөр байгуулж материалыг 6-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд 1 сарын түрээсийн төлбөр төлөгдсөн байх тул 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс хойших хугацааны түрээсийн төлбөр тооцно. Улмаар хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан ашигласан хугацааны талаар маргаагүй тул эд зүйл бүрээр ашигласан хугацаа тус бүрд төлбөрийг тооцвол: ... гээд нийт 6,313,700 төгрөгийн түрээсийн төлбөр тооцогдсон байна гэж дүгнэжээ.

Үндэслэл хэсгийн 6б-д шүүгч нэхэмжлэлд дурдсан нийт тооцооны хүснэгтийг тооцож үзэхдээ 2023 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн түрээсийн тооцоог хасаж бодохдоо 2 м хар хуучин трубаг 6 ширхэг гэж тооцон 180,840 төгрөгөөр бодсон байна. Гэтэл 6 ширхэг биш 3 ширхэг 2 м-ийн хар хуучин трубаг ашигласан бөгөөд үнийн дүнг 90,420 төгргөөр илүү бодсоныг эс тооцвол шүүгчийн гаргасан тооцоолол зөв бөгөөд 6,313,700 төгрөг биш 6,223,280 төгрөг болж байна.

4.3. Үндэслэх хэсгийн 7-д ... Эдгээр үндэслэлээр түрээсийн болон худалдах худалдан авах гэрээний харилцааны дагуу хариуцагчид үүссэн үүргийг нэгтгэн тооцвол түрээсийн төлбөрт 6,313,700 төгрөг, эд зүйлийн засварт 76,000 төгрөг, жижиг эд зүйлийн үнэд 373,600 төгрөг, нийт 6,763,300 төгрөг төлөх үүрэг үүсжээ.

Шүүгчийн тооцооллоор гаргасан 6,223,280 төгрөг, гэмтэлийн төлбөр 133,000 төгрөг, худалдсан эд зүйлийн үнэ 373,600 төгрөг, нийт гэрээний дагуу үүссэн төлбөр 6,729,880 төгрөг.

Үндэслэх хэсгийн 7-д ...Түрээсийн гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх үед хариуцагч нь 5,354,200 төгрөг төлснөөс худалдсан эд зүйлийн үнийг хасвал түрээсийн төлбөрт 4,980,600 төгрөг төлсөн. Иймд хариуцагч нь түрээсийн гэрээний дагуу үүссэн 6,763,300 төгрөг төлөх үүргээс 4,980,600 төгрөг төлж, 1,333,100 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй байна. гэж дүгнэжээ.

Шүүгч хариуцагчийн төлсөн 5,354,200 төгрөгийг хасаж тооцохдоо зөвхөн худалдсан эд зүйлийн үнийг хасаж 2023 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хооронд 30 хоногийн түрээсийн төлбөр 1,980,600 төгрөгийг хасаж тооцоогүй байгаа бөгөөд зөв тооцоолол нь /5,354,200-1,980,600=3,373,600/ төгрөг гарч байна.

4.4. Үндэслэх хэсгийн 8-д ...Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт 1,333,100 төгрөг, гэрээний зүйлийг гэмтээсэн хохиролд 76,000 төгрөг, нийт 1,409,100 төгрөг гаргуулах нь зүйтэй... гэж дүгнэжээ.

Хариуцагчид үүссэн үүргийг нэгтгэн тооцсон дүнгэж төлбөр төлсөн дүнг хасахад, /6,729,880-3,373,600=3,356,280/ төгрөг гарч, 3,356,280 төгрөгийн түрээсийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй байгаа юм.

4.5. Үндэслэх хэсгийн 7-д ...Энэхүү гүйцэтгээгүй үнийн дүнгээс алданги тооцох боломжтой боловч түрээсийн гэрээнд ерөнхий болон төлбөр төлөх хугацаа заагаагүй байх тул хариуцагчийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгчид түрээсийн гэрээний дагуу алданги шаардах эрх үүсэхгүй. Харин эд зүйлийн засварын зардал болон худалдсан эд зүйлийн төлбөрт алданги шаардах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцэхгүй гэж дүгнэжээ.

Хариуцагч Б.*******той байгуулсан 23-0133 тоот барилгын туслах материал түрээслэх гэрээний төлбөр төлөх хугацааг талууд хооронд байгуулагдсан гэрээний 4.1 дүгээр зүйл болон 8.3 дугаар зүйл, 8.4 дүгээр зүйлд тус тус зааж өгсөн байх бөгөөд энэ нь хавсралт 2 хэсэгт 2023 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн зарлагын падаан дээр хүлээлгэн өгсөн бараа материалын тоо ширхэг, үнийн дүн, 30 хоногийн хугацааны төлбөр, хариуцагчийн 2023 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн төлбөр 5,354,200 төгрөг төлсөн үйл баримтаар нотлогдсон.

4.6. Гэрээний ерөнхий хугацааны хувьд Иргэний хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-т Эд хөрөнгө хөлслөх гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулж болно гэж хуульчилсан, мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-т Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэж тус тус заасан нь талуудын байгуулсан гэрээтэй уялдаж байгаа бөгөөд шаардах эрх нь 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хамгийн сүүлд бараа хүлээлцэж өгснөөр үүссэн.

4.7. Үндэслэх хэсгийн 6в-д Нэхэмжлэгч нь анх 60*120 хэв 68 ширхэгийг хүлээлгэн өгч, 62 ширхэгийг буцаан авсан, 50*120 хэв 28 ширхэгийг хүлээлгэн өгч, 22 ширхэгийг буцаан авсан 40*120 хэв 16 ширхэгийг хүлээлгэн өгч, 15 ширхэгийг буцаан авсан, 30+120 хэв 20 ширхэгийг хүлээлгэн өгч, 17 ширхэгийг буцаан авсан, 10+20 булан 32 ширхэгийг хүлээлгэн өгч, 28 ширхэгийг буцаан авсан, 2,4 булан 40 ширхэгийг хүлээлгэн өгч буцаан аваагүй, 4 м труба 12 ширхэгийг хүлээлгэн өгч, 8 ширхэгийг буцаан авсан, 2 м труба 4 ширхэгийг хүлээлгэн өгч, 1 ширхэгийг буцаан авсан, v2 төмөр 30 ширхэгийг хүлээлгэн өгч буцаан аваагүй болох нь зарлага болон орлогын падаанаар тогтоогдсон.

Тодруулбал, нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний дагуу 250 ширхэг эд зүйл хүлээлгэн өгөөд 153 ширхэгийг буцаан авсан байх тул хариуцагч нь 97 ширхэг эд зүйлийн хувьд гэрээний 2.2-т заасан эд зүйлийг буцаан өгөх үүргээ гүйцэтгээгүй. Иймд нэхэмжлэгч гэрээний 7.3 болон Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т зааснаар эдгээр 97 ширхэг эд зүйлийн үнийг шаардах эрхтэй.

Гэвч эдгээр эд зүйл нь нэхэмжлэлд дурдсан үнэ бүхий гэдгийг баримтаар нотлоогүй зарлагын баримтад үнийг бус түрээсийн төлбөрийг тусгасан. Иймд нэхэмжлэгчийг өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотолж чадаагүй гэж үзэх тул буцаан хүлээлгэж өгөөгүй эд зүйлийн үнэд холбогдох шаардлагыг хангах боломжгүй. гэж дүгнэжээ.

Хариуцагчийн зүгээс 97 ширхэг барааг манайд хүлээлгэн өгөөгүй гэдэгт маргаагүй бөгөөд шүүгч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6в дээр талуудын байгуулсан гэрээний 2.2-т зааснаар 97 ширхэг барааг буцаан хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т зааснаар шаардах эрхтэй гэсэн атлаа нэхэмжлэлд дурдсан актын төлбөр 6,337,000 төгрөгийг хангаж шийдвэрлээгүй нь үндэслэлгүй.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/02097 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******од холбогдуулан 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 23-0133 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний үүрэгт 14,539,920 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан, хариу тайлбар ирүүлээгүй.

3.  Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3.1. Нэхэмжлэгч талаас 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр бичсэн гар бичмэл гэх баримтыг шинээр баримтаар гаргасан байх ба шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШЗ2024/10818 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй үндэслэлээр дээрх нотлох баримтыг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэхээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг хянан шийдвэрлэжээ.

Шүүх хариуцагчийн гарын үсэг бүхий баримтыг нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгснийг хүлээн аваагүй атлаа хариуцагч нь 97 ширхэг эд хөрөнгийг буцаан өгөөгүй нь тогтоогдсон, түүний үнийг нэхэмжлэгч шаардах эрхтэй боловч баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэс болж байгаа нотлох баримтыг гаргаж өгөх эрхийг эдлүүлээгүй зөрчсөн гэж үзэхээр байна.

4. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцээж хийх, хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/02097 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,604 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай..

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

  ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

Т.ГАНДИЙМАА