Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 26

 

                       

                Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

               Нэхэмжлэгч: Увс аймгийн Сагил сум Б  овогт Д-ын Н-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдох,

       Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/28 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: НэхэмжлэгчД.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2005-2013 онд Сагил сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, 2013-2014 онд Сагил сумын ЗДТГ-ын дарга, 2014 оны 5 дугаар сараас аймгийн БОАЖГ-ын Сагил сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Миний бие Монгол Улсын төрийн захиргааны албан хаагчаар 11 жил тасралтгүй ажилласан. Ажиллах хугацаандаа ажлын амжилтаа үнэлүүлэн МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медалиар 2007, “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдгээр 2011, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар 2011, МХЕГ-ын хүндэт тэмдгээр 2012, УНАСУТХГ-ын хүндэт тэмдгээр 2015 онд тус тус шагнагдаж байсан. Би 09 дүгээр сарын 01-ний өдрөөс амрах байсныг хойшлуулсаар 09 дүгээр сарын 07-ны өдөр БОАЖГ-ын хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Ж.Хүрэлбаатараас амралтын хуудсаа авч амарч эхэлсэн. Миний бие амралтын хугацаанд хувийн ажлаар Улаанбаатар хот явсан бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ажилдаа орохоор ирэхэд сумын Засаг дарга Л.Санжжав “Чамайг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл хэд хоногийн өмнө ирсэн” гээд 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай мэдэгдэх хуудсыг надад өгсөн. Мэдэгдэх хуудаст “...Сагил сумын байгаль хамгаалагч Д.Ням-Эрдэнийг 2016 оны 09-р сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдье.” гэсэн тул “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу сарын дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын газраас чөлөөлөгдсөн тушаалаа авах гэсэн боловч мэргэжилтэн Ч.Б “Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн тушаал одоогоор гаргаагүй байна. Дарга ирж байж өнөөдөр гаргах байхаа” гэснээр сум руугаа буцсан. Гэтэл 2016 оны 10-р сарын 18-ны өдөр сумын ЗДТГ-ын дарга Х.Баянмөнхөөс чөлөөлөгдсөн тушаалын хуулбарыг гардан авсанд 2016 оны 09-р сарын 30-ны өдөр буюу мэдэгдэл хүлээн авсны маргаашаар тасалбар болгон Б/28 дугаартай тушаалаар миний биеийг үүрэгт ажлаас чөлөөлсөн байсан. Уг тушаал нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/505 тоот захирамж, “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 38 дугаар зүйлийн 38.1.2, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэсэн байна. “Хөдөлмөрийн тухай хууль”-ийг үндэслэн ажлаас чөлөөлсөн юм бол уг хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй.” Гэж заасан үүргийг биелүүлэхгүй байгааг тодруулах шаардлагатай байгаа юм. Байгаль хамгаалагчийн албан тушаал нь төрийн захиргааны албан тушаал, иймд миий бие нь “Төрийн албаны тухай хууль”-иар төрийн захиргааны жинхэнэ албан хаагч байтал ажлаас чөлөөлсөн тушаалдаа “Төрийн албаны тухай хууль”-ийн 27 дугаар зүйлийн холбогдох заалтыг үндэслэлгүйгээр “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ийг үндэслэсэн ч ААН, байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан; орон тоо хасагдсан; ажилтны тоог цөөрүүлсэн зэргийн аль нь болохыг заагаагүй байна. Аймгийн Засаг даргын А/505 дугаартай захирамжаар аймгийн БОАЖГ-ын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан ба захирамжийн 3 дугаар хавсралтаар сумдад ажиллах байгаль хамгаалагчдын тоог тогтоон баталжээ. Байгаль хамгаалагчдын тоог тогтоохдоо заавал сумыг заах шаардлага байсан уу гэсэн асуулт урган гарч байгаа юм. Аймгийн төвд ойрхон, хууль бус мод бэлтгэл, ангийн зөрчил, хэрэг гарах магадлал өндөртэй, байгалийн баялаг бүхий Сагил, Түргэн, Тариалан, Улаангом сумаас хассан нь учир дутагдалтай байна гэж үзэж байна. “Байгаль орчныг хамгаалах тухай” Монгол Улсын хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дах заалтаар нэг байгаль хамгаалагчийн хариуцан хамгаалах газар нутгийн хэмжээг тогтоосон байдаг. Хуулийн дээрх заалтаар суманд хоёр байтугай байгаль хамгаалагч ажиллахаар байгаа юм.. БОАЖГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбаяр нь дээрх хуулиуд болон аймгийн Засаг даргын захирамжийг зөрчихөөс гадна захиргааны шийдвэр гаргахад хамгийн гол баримтлах “Захиргааны ерөнхий хууль”-ийг маш ихээр буюу хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 26, 27 дугаар зүйл, 31 дүгээр зүйлийн 31.1-ийг тус тус зөрчсөн байгааг тогтоолгох хүсэлтэй байна. Аймгийн БОАЖГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/28 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар Увс аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандсан боловч “...шийдвэр нь хууль зөрчөөгүй байна” гэсний дагуу өөрийн хөндөгдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Ийнхүү “Төрийн албаны тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Хөдөлмөрийн тухай” болон “Захиргааны ерөнхий хууль”-ийн холбогдох заалтуудыг зөрчин миний биеийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/28 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч миний биеийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлийг нөхөн олгуулж өгнө үү. Би төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан. Ямар учир шалтгаанаар ажлаас халсныг мэдэхгүй байна. Тухайн үед хамт ажиллаж байсан Батсүх гэдэг хүн бид хоёр хөдөө явж буцах замдаа архи уусны улмаас би сануулах арга хэмжээ, Батсүхэд цалингийн 20 хувь 6 сараар хасаж бид хоёр адилхан сахилгын арга хэмжээ авагдсан.Үүнээс өөр ямар нэгэн захиргааны зөрчил гаргасан зүйл байхгүй...” гэв.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Батбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Д.Ннь Байгаль орчны газрын даргын 2014 оны 05 сарын 26-ны өдрийн Б/05 тоот тушаалаар ажилд түр томилогдон ажиллаж байсан бөгөөд төрийн захиргааны албан хаагчийн шалгалтанд ороогүй, тангараг өргөөгүй байсан болно. Мөн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй, удаа дараа сахилгын арга хэмжээ авагдсан зэрэг алдаа дутагдал гаргаж байсан болно. Д.Н ажлаас чөлөөлөгдсөний дараа Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс 2016 оны 12 сарын 08-ны өдөр өргөдлийн хариу авсан байна. Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 01 сарын 09-ний өдөр буюу 32 хоногийн дотор өргөдөл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1, 14.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ням-Эрдэнийг ажлаас халаагүй. Бүтэц орон тоог цөөрсөн учир ажлаас чөлөөлсөн. Мөн Д.Н Сагил сумын Засаг даргын тамгын газрын даргын ажил хийж байгаад ажлаас чөлөөлөгдсөн байдаг тул байгаль хамгаалагчийн албан тушаалд ажиллахдаа төрийн албаны шалгалтанд орж тангараг өргөх ёстой байсан. Иймд тангараг өргөөгүй тул хүний нөөцөд бүртгэх боломжгүй болсон гэв.

                Гуравдагч этгээд Б.Батсүх шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Би 2005 оноос одоо хүртэл Сагил сумын  байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Манай сум аймгийн төвд ойрхон хууль бус мод бэлтгэл, ан агнах зөрчил гарах магадлалтай байгалийн баялаг ихтэй сум юм. Манай сумын нутаг дэвсгэр 379482 га тайлбаг хамардаг тул нутаг дэвсгэрийн хэмжээний хувьд 2 байгаль хамгаалагч ажиллах ёстой... ” гэжээ.

            Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Н нь Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдуулан Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 сарын 30-ны өдрийн Б/28 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж,байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах  тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч ,түүний төлөөлөгч, гуравдагч этгээд нарын тайлбар,  бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд  маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Д.Ннь Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 сарын 30-ны өдрийн Б/28 тоот тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд гомдол гаргасан байх ба Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөл 2016 оны 12 сарын 08-ны өдрийн 28 дугаартай албан тоотоор гомдлын хариуг өгчээ.

            Д.Н гомдлын хариу болох Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 12 сарын 08-ны өдрийн 28 дугаартай албан бичгийг 2016 оны 12 сарын 08-ны өдөр өөрийн дүүгийн эхнэр Д.Наранцэцэгээр дамжуулан авсан нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын явуулсан бичгийн бүртгэлийн дэвтрийн хуулбар,Д.Наранцэцэгийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг хуулийн хугацаа хэтрүүлэн 32 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж хариу тайбартаа дурджээ.

Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Захиргааны Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т  “Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна” гэж заасан ба Д.Ням-эрдэний шүүхэд нэхэмжлэл гаргах сүүлийн хугацаа болох 2017 оны 01 сарын 07-ны өдөр нь амралтын өдөр таарч байх тул 2017 оын 01 сарын 09-ний өдөр шүүхэд хандсаныг хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан гэж үзэх юм.

Иймд энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч нь “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд Төрийн албаны тухай хуулийг үндэслэхгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэл болгосон, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу Сагил суманд 2 байгаль хамгаалагч ажиллах зайлшгүй шаардлагатай, мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 13.3, 14.1, 26,27,31.1-ийг тус тус зөрчсөн “ гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс “ Нэхэмжлэлийг хуулийн хугацаанд шүүхэд гаргаагүй, мөн төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, тангараг өргөөгүй, түр ажиллаж байхдаа үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй, сахилгын зөрчил гаргаж байсан ” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гуравдагч этгээд Б.Батсүхийн хувьд Түргэн суманд хоёр байгаль хамгаалагч ажиллах шаардлагатай талаар талбар  гаргажээ.

Маргаан бүхий захиргааны акт буюу Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 сарын 30-ны өдрийн Б/28 тоот тушаалд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 сарын 03-ны өдрийн 09 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын 2016 оны 09 сарын 12-ны өдрийн А/505 тоот захирамж, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг тус тус үндэслэн Д.Ням-Эрдэнийг 2016 оны 09 сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Н нь Сагил сумын Засаг даргын 2005 оны 09 сарын 06-ны өдрийн 32 дугаартай захирамжаар Сагил сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажилд томилогдож байсан байх ба 2010 онд төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтанд тэнцэж 2011 оны 03 сарын 24-ний өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөжээ.

2013 оны 05 сарын 20-ны өдрийн Б/05 дугаартай Сагил сумын Засаг даргын захирамжаар Д.Ням-Эрдэнийг Сагил сумын Засаг даргын тамгын газрын даргаар түр томилсон байна.

Улмаар Д.Н 2013 оын 07 сарын 17-ны өдөр төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж, Төрийн албаны салбар зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2013 оны 08 сарын 05-ны өдрийн 47 дугаартай тогтоолоор түүнийг Сагил сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн байна.

Д.Ням-Эрдэнийг Сагил сумын Засаг даргын 2013 оны 12 сарын 30-ны өдрийн Б/04 дугаартай захирамжаар түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-т заасныг үндэслэн сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлжээ.

Үүний дараа Увс аймгийн Байгаль орчны газрын даргын 2014 оны 05 сарын 26-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар Байгаль орчны газрын Сагил сумын байгаль хамгаалагчаар түр томилсон байх боловч Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2015 оны 03 сарын 16-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар байгууллагын бүтэц, зохион байгуулалтанд өөрчлөлт орсонтой холбогдуулан Д.Ням-Эрдэнийг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Сагил сумын байгаль хамгаалагчаар томилсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-т “ энэ зүйлийн 23.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно “ гэж заасан байх тул Д.Н Сагил сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш 6 сарын дараа Байгаль орчны газрын байгаль хамгаалагчийн албан тушаалд дахин төрийн албан мэргэшлийн шалгалтыг өгөхгүйгээр томилогдох боломжтой юм.

Иймд хариуцагчийн “ Д.Н ажилд түр томилогдсон, төрийн албаны шалгалт өгч, тангараг өргөөгүй “ гэх тайлбар үндэслэлгүй болно.

Маргаан бүхий акт нь хууль зүйн үндэслэлийн хувьд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 сарын 03-ны өдрийн 09 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын 2016 оны 09 сарын 12-ны өдрийн А/505 тоот захирамж, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг тус тус үндэслэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 сарын 03-ны өдрийн 09 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоож,аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах хэрэгжүүлэгч агентлагуудын нэгэнд Байгаль орчин аялал жуулчлалын газар хамаарагдсан байна.

Увс  Аймгийн Засаг даргын 2016 оны 09 сарын 12-ны өдрийн А/505 тоот захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтэц орон тоо, сумдад ажиллах байгаль хамгаалагчдын тоог хавсралтаар баталсан байна.Тус захирамжаар Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт дарга-1, ахлах мэргэжилтэн-1, нягтлан бодогч-1, мэргэжилтэн- 9, хуулийн зөвлөх-1, нярав,бичиг хэргийн эрхлэгч -1,жолооч-1, үйлчлэгч -1,жижүүр-3,ойжуулагч-1, сумын байгаль хамгаалагчид-25 ажиллахаар, нийт 45 ажилтантай байхаар баталж үүний дотор Сагил суманд 1 байгаль хамгаалагч ажиллахаар тогтоожээ.

Уг захирамж гарсантай холбогдуулан Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 сарын 13-ны өдрийн Б/25 дугаартай тушаалын  1-р хавстралтаар ажилтнуудыг ажлаас чөдөөлж, 2-р хавсралтаар ажилд буцаан томилоход Д.Ням-Эрдэнийг Сагил сумын  байгаль хамгаалагчаар түр томилсон байна.

Увс  Аймгийн Засаг даргын 2016 оны 09 сарын 12-ны өдрийн А/505 тоот захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтэц орон тоог батлахаас өмнө Увс аймгийн Засаг даргын 2015 оны А/26 дугаартай захирамж гарч, уг захирамжийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2015 оны 03 сарын 16-ны өдрийн Ажилд томилох тухай тушаал гарч дарга-1, ахлах мэргэжилтэн-2, мэргэжилтэн-7, нягтлан бодогч-1, нярав, бичиг хэрэг-1, сумдын байгаль хамгаалагч-32, жолооч-1,жижүүр-2, сахиул, ойжуулагч-1 буюу нийт 48 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж , үүний дотор Сагил суманд 2 байгаль хамгаалагч ажиллаж байжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д “Нэг байгаль хамгаалагчийн хариуцан ажиллах талбайн хэмжээ нь өндөр уулын бүсэд 100.0 мянган га хүртэл байхаар тогтоож, тухайн бүсчлэлд хамрагдах сумдын нэрийн жагсаалтыг Засгийн газар батлахаар заажээ.

Тус хуульд заасны дагуу Засгийн газрын 2006 оны 4 сарын 5-ны өдрийн 71 дугаартай тогтоолоор Монгол Улсын байгалийн бүсчлэлд хамрагдах сумдын нэрийн жагсаалтыг баталсан ба Увс аймгийн Сагил сумын нутаг байгалийн өндөр уулын бүсчлэлд хамрагджээ.

Увс аймгийн Сагил сумын нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 379482 га талбайтай болох талаар Увс аймгийн Сагил  сумын  Засаг дарга тодорхойлсон болно.

Сагил сумын нутаг дэвсгэрээс 35970 га талбай нь Увс нуурын ай сав газрын дархан цаазат газарт хамаарагддаг байх бөгөөд Сагил суманд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагчаас гадна Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны хоёр байгаль хамгаалагч ажилладаг байна.

Сагил сумын нийт нутаг дэвсгэрээс дархан цаазат газрын талбайн хэмжээг хасаж тооцоход 343512 га талбай үлдэж байгаа бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д заасны дагуу Сагил суманд гурван байгаль хамгаалагч ажиллахаар байна.

Хуульд заасан журмын дагуу байгууллагын бүтэц, орон тоонд багтаж Сагил суманд хоёр байгаль хамгаалагч ажиллаж байсныг аймийн Засаг даргын 2016 оны А/505 дугаартай захирамжаар маргаан бүхий орон тоог цөөрүүлж хасаж шийдвэрлэсэн нь Байгаль орчныг хамгаалах тухай 16 дугаар зүйлийн 16.2.1-д аймгийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэх талаарх заасан хуулийн зохицуулалттай нийцээгүй байна.

Иймд аймгийн Засаг даргын 2016 оны А/505 дугаартай захирамжийг үндэслэсэн Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/33 тоот тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг алдагдуулсан байна.

Түүнчлэн маргаан бүхий актанд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг баримталжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 “.аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн “ бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох талаар заажээ.

Төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх харилцаатай холбоотой асуудлыг Төрийн албаны тухай хуулиар тусгайлан зохицуулсан байхад маргаан бүхий актанд Төрийн албаны холбогдох зохицуулалтыг баримтлаагүй, Хөдөлмрийн тухай хуулийг баримталсан нь төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх зарчмыг хангаагүй байна.

Төрийн албан хаагчийн албан тушаалын орон тоо цөөрсөн тохиолдолд хэрхэн зохицуулах талаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан байна.

            Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна “ гэж зохицуулсан хуулийн зохицуулалтыг хариуцагчийн зүгээс анхаараагүй, байгаль хамгаалагч нарын дунд сонгон шалгаруулалтыг явуулаагүй байх тул хариуцагчийн “ Д.Н нь үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй, төрийн албаны тангараг өргөөгүй, сахилгын зөрчил гаргаж байсан “ гэх тайлбаруудыг хүлээн авах боломжгүй байна.      

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа 1/ Оролцогчийг тодорхойлох, 2/ Нөхцөл байдлыг тогтоох, 3/ Нотлох баримтыг цуглуулах, 4/ Оролцогчийг сонсох ажиллагааг хийсэн байх шаардлагатай бөгөөд хариуцагч сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан дээрх журмыг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Ням-Эрдэний  эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзлээ.

            Нэхэмжлэгчээс Увс аймгийн Засаг даргын 2016 оны А/505 дугаартай захирамжтай маргаагүй, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Сагил сумын байгаль хамгаалагчийн орон тоо 1 –ээр батлагдсан, уг орон тоонд гуравдагч этгээд ажиллаж байгаа тул Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/28 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Д.Ням-Эрдэнийг урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоон шийдвэрлэв.

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т “ Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна “ гэж заасан ба  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заажээ.

Шүүхээс нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоон шийдвэрлэж байгаа тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “ Дундаж цалин хөлс толорхойлох журам”-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн цалингийн тооцооны картыг үндэслэн тооцоолж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

Тус журамд зааснаар нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг үндэслэн ажилгүй байсан нийт 6 сар 6 хоногийн цалинтай тэнцэх олговорт хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид олгосон 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг болох 1451583 төгрөгийг хасаж тооцон, нийт 1596783 төгрөгийн олговрыг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-д олгох үндэслэлтэй байна.

Цалингийн картнаас үзэхэд Д.Н нь 2016 оны 9 сард ээлжийн амралтын олговор авсан байх тул  сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг бүтэн цалин олгогдсон 2016 оны 6,7,8 дугаар саруудын цалингаар тооцов.

Дараах хүснэгтэд олговрыг тооцоолов.

Тооцоолол

Сарын ажлын өдөр

Ажлаас халагдахаас өмнөх 3 сард авсан цалин

/унаа, хоолны хөнгөлөлтийг журамд заасны дагуу хасаж тооцов/

 

2016 оны 6 сар

 

 

514361-6300=

508061 төгрөг

 

 

21 хоног

2016 оны 7 сар

464475-4800=

 459675 төгрөг

16 хоног

2016 оны 8 сар

             490768-6900=

483868 төгрөг

23 хоног

1 сарын дундаж цалин хөлс

483868 төгрөг

 

1 сарын дундаж ажлын өдөр

 

20 хоног

1 өдрийн дундаж цалин хөлс

24193 төгрөг

 

Ажилгүй байсан хугацаа

2016.10.01-ний өдрөөс 2017.04.10-ны өдөр буюу

 6 сар 6хоног

 

Нийт олгох олговор

             3048366 төгрөг

 

Нэхэмжлэгчид байгууллагаас олгосон 1 удаагийн тэтгэлэг

            1451583 төгрөг

 

Шүүхийн шийдвэрээр олгох олговор

            1596783 төгрөг

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ням-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/28 дугаартай тушаалыг  хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Д.Ням-Эрдэнийг Увс аймгийн Байгаль орчин,аялал жуулчлалын газарт урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд / ТЗ-2/ эгүүлэн тогтоосугай.

2.Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1596783 / нэг сая таван зуун ерөн зургаан мянга долоон зуун наян гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Н-с улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ