Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 110/2019/0010/З |
Дугаар | 221/МА2019/0499 |
Огноо | 2019-09-19 |
Маргааны төрөл | Газар, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2019/0499
2019 оны 09 сарын 19 өдөр | Дугаар 221/МА2019/0499 | Улаанбаатар хот |
|
|
|
“Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2019/0049 дүгээр шийдвэртэй, “Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд “К” хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2019/0049 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 53 дугаар зүйлийн 53.2, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ногооннуур сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар 28-ны өдрийн 83 дугаар захирамжийн “Ф” ХХК-д холбогдох хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х давж заалдах гомдолдоо: “ ... хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй зөвхөн нэг талыг баримталсан ямар ч хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Олон жил ашиглаж эзэмшиж ирсэн хадлангийн талбайд нэхэмжлэгч компани маргаан үүсгэн нэхэмжлэл гаргасан.
“К” хоршооны гишүүд нь Харатханы даршан гэдэг газраас 16 га хадлангийн талбайг 1990-ээд оноос эхлэн 2010 оныг хүртэл он удаан жил ашиглаж ирсэн. Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хадлангийн талбайн асуудлыг хэлэлцээд, уг хуралдаанаар илүү хадлангийн талбайтай иргэдийн хадлангийн талбайг дахин хувиарлах нь зүйтэй гэж үзээд мөн өдрийн Тэргүүлэгчдийн хуралдааны “Хадлангийн талбай хувиарлах тухай" 39 дүгээр тогтоолыг гаргасан. Мөн Хурлын тогтоолыг үндэслэн сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хүчин төгөлдөр Хадлангийн талбай ашиглах тухай 55 дугаар захирамж гарч тус сумын иргэдийн урьд нь ашиглаж байсан хадлангийн талбайг өөр өөрсөд нь өгч илүү гарсан хадлангийн талбайг дахин хувиарлах комисс байгуулагдсан.
Тус сумын Хартахарын Даршан гэдэг газраас 1990-ээд оноос эхлэн 16 га хадлангийн талбайг ашиглаж эзэмшиж ирсэн “Көк балхаш” хоршооны гишүүдийн Хадлангийн талбай илүү хадлангийн талбайтай иргэдийн нэрсийн жагсаалтанд байсан тул бидний эзэмшиж ашиглаж ирсэн хадлангийн талбайд комиссын гишүүд хэмжилт хийж бидний урьд нь ашиглаж эзэмшиж ирсэн 16 га хадлангийн талбайгаас Көк балхаш хоршооны гишүүд болох Х.Х, Х.Р, Р.Ж, Х.Т, Х.Ниетхан, Х.Н, Х.Кадирбек, Ө.У нарын нэрэнд нийтдээ 10 га хадлангийн талбайг хувиарлан өгч үлдсэн 6 га хадлангийн талбайг иргэн Савидолда овогтой Алибект 1,5 га, Сани овогтой Айнурд 1,5 га, Хадай овогтой Авлашт 1,5 га, Асганбай овогтой Ерген нарт 1,5 га хадлангийн талбайг хувиарлаж өгсөн. Үүнийг Савидолда овогтой Албекийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөр гаргасан 2010 онд сумын Засаг даргын Тамгын газраас хадлангийн талбай хувиарлах “Харатахарын даршан буюу иргэн Абу овогтой Аманбекийн баруун талаас иргэн Х.Хайратханы үрьд ашиглаж эзэмшиж ирсэн хадлангийн талбайн хэсгээс тасалж 1,5 га хадлангийн талбайг надад өгсөн үнэн болно” гэсэн тодорхойлолт мөн иргэн Х овогтой А-н 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөр гаргасан “2010 онд сумын Засаг даргын газрын хадлангийн талбай хувиарлах үеэр Харатахарын даршан гэдэг газраас Х.Х-ны урьд нь ашиглаж ирсэн хуучин хадлангийн талбайгаас 1,5 га хадлангийн талбайг хувиарлуулан авсан болно” гэсэн тодорхойлолтууд гэрчлэн нотолж байгаа.
“К” хоршоо 2010 онд уг 10 га хадлангийн талбайг Хартахарын Д гэх газар буюу А.А-ийн өвөлжөөний баруун талаас, иргэн А.А, Ш.М, Б.О нарын хадлангийн талбайтай хил залгаа баруун талаас иргэн Х.К-ийн хадлангийн талбайтай хил залгаа зүүн талаас, иргэн С.А-н хадлангийн талбайтай хил залгаа өмнөд талаас, иргэн Д.Серикжаны хадлангийн талбайтай хил залгаа дээд талаас сумын Хурлын хүчин төгөлдөр тогтоол, Засаг даргын хүчин төгөлдөр захирамжаар байгуулагдсан хадлангийн талбайг дахин хувиарлах комиссын шийдвэрээр хувиарлуулан авсан. Үүнийг тухайн үед тус газраас “К” хоршооны гишүүд болох бидэнтэй хамт хадлангийн талбай хувиарлуулан авсан бидний хадлангийн талбайтай хил залгаа иргэн А.Аманбекийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөр, иргэн Ш.Мерейханы 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөр, иргэн Б.Оронбасарын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөр, Д.Серикжаны 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөр, иргэн С.Алибекийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөр иргэн Х.Кк нарын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөр, 2010 онд Х.Х, Х.Р, Р.Ж болон нэр бүхий дээрхи “К” хоршооны гишүүд Харатахарын даршан гэдэг газраас бидний хадлангийн талбайн хажуугаас хил залгаа 10 га хадлангийн талбайг хадлангийн талбайг дахин хувиарлах комиссын шийдвэрээр хувиарлуулан авсан нь үнэн болно” гэж гаргасан дээрхи нэр бүхий иргэдийн өөрсдийн гарын үсэг бүхий тодорхойлолтуудаар тус тус нотлогдоно.
Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр 2010 онд иргэдэд хувиарлаж өгсөн хадлангийн талбайд Засаг даргын Тамгын газраас Хадлан ашиглах зөвшөөрлийн бичгийг анх нэг жилийн хугаацаагаар Засаг дарга А.А, Газрын даамал Б.А нарын гарын үсгээр олгож, нэг жилийн хугаацаагаар иргэдтэй Газар ашиглуулах гэрээ байгуулж гэрээнийхээ хугацааг жил жилээр сунгаж, жил жилийн хадлангийн төлбөрийг төлүүлэн ажиллаж ирсэн.
Дээрхи нэр бүхий хоршооны гишүүд “К" хоршоогоо Газар тариалан, хадлан бэлтгэх, мал аж ахуй эрхлэх зориулалтаар 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулан хоршооны даргаар Р.Ж-ийг томилон өнөөдрийг хүртэл ажиллуулж байгаа ба “К" хоршоо 3074692 регистрийн дугаартай, 000126578 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээтэй үйл ажиллагаа явуулж байгаа тул нотлох баримтаар 000126578 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээг хавсарган хэрэгт авагдсан байгаа.
Тухайн үед тус суманд газрын даамлаар ажиллаж байсан Имашхан овогтой Оналбек нь Засаг даргын даалгавраар 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр уг газарт өөрийн биер “К” хоршооны Харатахарын Даршан гэх газар буюу Абу овогтой Аманбекийн өвөлжөөний баруун талаас хувиарлуулан ашиглаж ирсэн уг 10 га хадлангийн талбайд дахин хэмжилт хийж ямарч маргаангүй “Көк балхаш" хоршооны хадлангийн талбай мөн болохыг тогтоосон. Үүнийг газрын даамал И.Оналбекийн өөрийн гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөр гаргасан тодорхойлолт нотолно.
Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2019/0049 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Гуравдагч этгээд “К” хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хайратханаас хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн боловч тус хоршоог төлөөлж Х.Хайратханаас гадна итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ... нь шүүх хуралдаанд оролцох боломжтой атал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй гэж үзэв.
Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлж, нэхэмжлэлийг хангасан байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Нэхэмжлэгч “Ф” ХХК-иас “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсэг, мөн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2017 оны 83 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг тус тус үндэслэн тус сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хадлан бэлтгэх зориулалтаар 5 жилийн хугацаатай 10 га газрыг “Ф” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 115 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон байна.
Хадлангийн талбайг зохистой ашиглах, хамгаалах талаар зохицуулсан Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Сум, дүүргийн Засаг дарга мэргэжлийн эрх бүхий байгууллагатай хамтран хадлангийн талбайд газар зохион байгуулалтын арга хэмжээ авч, түүний хэрэгжилтийг хангана.”, 53.2-т “Сум, дүүргийн Засаг дарга хадлан авах бололцоотой талбайг жил бүр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулахаар баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн хуваарилж, түүний хэрэгжилтийг зохион байгуулна” гэж зааснаас үзвэл хадлан авах бололцоотой талбайг жил бүр зохион байгуулалт, хуваарилалт хийж иргэдэд ашиглуулдаг байх бөгөөд газрыг хадлан бэлтгэх зориулалтаар олон жилийн хугацаатай, нэг этгээдэд эзэмшүүлдэггүй байна.
Гэтэл анхан шатны шүүх уг онцлог байдлыг харгалзалгүй, газрыг эзэмшүүлэхэд тавигдах шаардлага, газар эзэмших эрхтэй холбоотой дүгнэлт, хуулийн заалтуудыг хэрэглэж, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй болжээ.
Нэхэмжлэгч компани нь ямар зорилгоор /ямар хэрэгцээнд ашиглахаар/ хадлангийн талбайг ашиглах хүсэлт гаргаж байсан нь тодорхойгүй, Газрын тухай хуулийн 53.1-д заасны дагуу хадлангийн талбайг ашиглах хуваарилалтад хамрагдаж байгаагүй бөгөөд хариуцагч Засаг дарга нь анхнаасаа дээрх хуулийн зохицуулалтыг зөрчиж нэхэмжлэгчид 10 га газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн хууль зөрчсөн захирамжаа хүчингүй болгосныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчид хууль ёсоор газар эзэмших, ашиглах эрх нь үүсээгүй тул уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөхгүй.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь уг газрыг усалж, арчилсан тул Газрын тухай хуулийн 53.5-д зааснаар эзэмшүүлсэн гэж тайлбарлан усалгаа нэг удаа хийж байсан талаар гэрчлүүлсэн боловч мөн хуулийн 53.5-д “... өөрийн хүч, хөрөнгөөр сайжруулалт хийж, ургацыг нь тогтвортой дээшлүүлсэн иргэн, аж ахуйн нэгжид ... эзэмшүүлж болно” гэж зааснаас үзвэл тухайн талбайн ургацыг тогтвортой дээшлүүлсэн гэх баримт байхгүй байна.
Харин гуравдагч этгээд “К” хоршоог малчид нэгдэж байгуулсан байх бөгөөд тухайн хоршооны гишүүн малчид 2010 онд хадлангийн талбай хуваарилах үед ашиглах эрх авч, дахин нэг жил сунгуулж байсан болох нь хэрэгт авагдсан 2010 оны “Хадлангийн зориулалтаар газар хуваарилах” зөвшөөрлийн гэрчилгээ, 2010 оноос хойш тус сумын 7 багийн нутаг дэвсгэрт нутаглаж, хадлан хураан ургац авдаг гэсэн гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд уг нөхцөл байдлыг харгалзан хариуцагч Засаг дарга нь 2018 оны 62 дугаар захирамжаар уг хоршоонд ашиглуулахаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-т нийцсэн гэж үзэхээр байна.
Учир нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор хадлангийн талбайг сумын аж ахуй нэгж, малчин иргэдэд хуваарилж, уг тогтоолыг үндэслэн мөн сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Хадлангийн талбай ашиглуулах тухай” 55 дугаар захирамжаар сумын хэмжээнд байгаа өрх бүрт 1.5 га, аж ахуйн нэгжид 10 га хадлангийн талбайг хуваарилахаар зохион байгуулалт хийж байсан нь Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.2-т заасан хуулийн зорилгод нийцсэн бөгөөд гуравдагч этгээд “К” хоршооны гишүүн малчид одоо ч тэр хавиар нутаглаж, уг хуваарийн дагуу хадлангаа авсаар байгаа нь тогтоогдож байх тул тэдэнд хадлангийн зориулалтаар газар ашиглах эрх хууль бусаар олгосон гэх үндэслэлгүй.
Харин “5 жил /30 жил/” гэсэн хугацаа зааж олгосон, хадлангийн талбайн хил хязгаарыг баталгаажуулаагүй зэрэг нь дээрх хуульд нийцээгүй, бусад малчид болон нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн зохих журмын дагуу жил бүрийн хуваарилалтад хамрагдах хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрх, ашиг сонирхлыг хөндөхөөр байх боловч малчин иргэдийн хууль ёсоор олж авсан газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул уг нөхцөл байдлыг тодруулж, алдааг залруулж дахин шинэ акт гаргах хүртэл дээрх 62 дугаар захирамжийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.