Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 00141

 

 

                                           Б.Батнямын нэхэмжлэлтэй

                                           иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 782 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Батнямын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Найдвар-Од Аудит” ХХК-д холбогдох

“Үнэлгээг хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Батнямын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Батням

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг

Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Батням шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-11-05 тоот 2 өрөө байрыг 67 100 000 төгрөгөөр үнэлсэн байгаа үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Үнэлгээг 67 100 000 гэж бодсон чинь дүгнэлт дээрээ 71 600 000 гэж бичсэн юм байна. Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр 39,0 сая төгрөг төлөх шүүгчийн захирамжийн дагуу төлөлт хийж явж байгаад 2 жил төлөөгүй юм. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-11-05 тоот 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаанд оруулна гээд үнэлгээ хийлгэсэн. Монгол банк 80.000.000 сая төгрөгөөр үнэлээд байхад “Найдвар-Од Аудит” ХХК уг орон сууцыг 71.600.000 төгрөгөөр үнэлсэн. Тухайн үеийн ханш 80,0 сая төгрөг байхад 71.600.000 төгрөгөөр үнэлээд байгаа нь үндэслэлгүй байна. Зурагтаар яваад байгаа зартай тохирохгүй байна. Тухайн үед зарын дагуу зарагдаж байсан байрнууд 80.000.000 сая төгрөгийн ханштай байсан. Иймд “Найдвар-Од Аудит” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-11-05 тоот 2 өрөө орон сууцыг 71 600 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэгч Б.Батням шүүхэд гаргасан хүсэлтдээ манай байгууллагын үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 67.100.000 төгрөгөөр үнэлсэн гэжээ. Манай 2015 оны 06 сарын 24-ний өдрийн 01 тоот үнэлгээний тайлангаар 71.600.000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2011.11.29-ны өдрийн 51/5 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-11-05 тоот 2 өрөө орон сууцыг үнэлүүлэх шинжээч томилсон тогтоолын дагуу уг байрыг 57 800 000 төгрөгөөр тухайн үед үнэлж байсан. Тэр үед бол засваргүй байсан. Дараа нь 2015.06.24-ны өдрийн 51/02 дугаартай тогтоолын дагуу үнэлгээ хийхэд бага зэрэг засвар хийсэн байсан. Ингээд бид Монгол Улсын хууль, заавар журам, стандартыг үндэслэн шинжээч үнэ тогтоосон. 2014 оны эхний хагас жилээс өмнө бол орон сууцны үнэ нэг хэсэг өссөн байсан. Уг байрыг манай компани 71 600 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшид тулсан үнэ гэж үзэж байна. 2015 онд бол орон сууцны үнэ маш их буурсан. Харин ч эдний байрыг өндөр үнэлсэн гэж үзэж байгаа. Үнлэгээг тогтоохдоо Монгол Улсын хууль, заавар журам, стандарт, мөн Засгийн газрын 336 тоот тогтоолыг бид ханш уналттай барьж хийдэг гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 782 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар 37.3-д заасныг баримтлан Б.Батнямын нэхэмжлэлтэй “Найдвар-Од Аудит” ХХК-д холбогдох “Үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Батням давж заалдсан гомдолдоо: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.06.07-ны өдрийн 782 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч Б.Батням миний бие шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.06.07-ны өдрийн 782 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.т заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Б.Батням нь “Найдвар-Од” ХХК-н Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-11-05 тоот орон сууцыг үнэлсэн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаар үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “Найдвар-Од” ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас томилсон тогтоолын дагуу зах зээлийн үнэ ханшаар үнэлж дүгнэлт гаргасан гэж мэтгэлцжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ирүүлэх талаар хоёр удаа албан тоот явуулсан боловч хэрэгт хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон баримт авагдаагүй, байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй этгээдийг шүүх хуралдаанд оролцуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т заасныг зөрчсөн.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Найдвар-Од” ХХК-ийн төлөөлөгч гэх Оюунчимэгт 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан. /хх-ийн 16/ Хэргийн зохигчид оролцогчдод эрх үүрэг тайлбарласан баримт огноогүй. Тус баримтанд хариуцагч хэд хоногийн дотор хариу тайлбараа гаргаж өгөх хугацаа тодорхойгүй. /бланк бөглөөгүй/ /хх-ийн 16/

Мөн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлуүүлэх захирамж гаргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Оюунчимэг 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн. 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрөө хэргийн материалыг нэхэмжлэгч хариуцагч нарт танилцуулсан зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд нийцээгүй.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч Б.Батнямын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжин төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 782 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Батнямын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН ҮҮРГИЙГ

       ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ                                  БАТТӨР

                                               ШҮҮГЧИД                                              Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                  С.УРАНЧИМЭГ