Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2017/01175

 

Г.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/00742 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1179 дүгээр магадлалтай,

Г.Б-гийн нэхэмжлэлтэй,

“Т” ХХК-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны олговор 6.545.440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгалийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч Г.Б-, П.Еркебулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгал, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т ХХК-ийн Хан-Уул дүүрэг салбарын харьяа Дунд гол тооцооны төвийн захирлаар ажиллаж байгаад 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/578 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Дээрх тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2016/00172 дугаар шийдвэрээр намайг ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж шийдвэрлэсэн. Хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/1313 тоот тушаалаар намайг Хан-Уул дүүрэг салбарын харьяа Дунд гол тооцооны төвийн захирлын ажил албан тушаалд буцаан томилсон боловч анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш, ажилд томилох өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг олгохоос татгалзсан.

Иймд хариуцагчаас 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс ажилд томилогдсон 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 80 хоногийн хугацааны цалинтай тэнцэх олговорт 6.545.440 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Т” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж аваад хуульд заасан эрхийнхээ дагуу давж заалдах гомдол гаргасан. Ингээд Т ХХК-ийн гүйцэтгэх удирдлагууд өөрчлөгдсөн учраас шүүхийн шийдвэрүүдийг шинэ удирдлагуудад танилцуулсны дараа гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/1313 тоот тушаалаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж, Г.Б-г урьд эрхэлж байсан ажилд нь томилж, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговорт 4.009.082 төгрөгийг олгосон. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт 4.009.082 төгрөгийг олгохоор заасан байдаг хэдий ч ажилд эгүүлэн тогтоосон тушаал гарах хүртэл хугацааны цалинг олгох тухай дурдаагүй байдаг. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/00742 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Т ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 6.545.440 төгрөг гаргуулахыг хүссэн Г.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119.677 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1179 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/00742 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “Т” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 6.545.440 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгосугай” гэж, 2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Г.Б-гийн төлсөн 119.677 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-иас 119.677 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 119.677 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1179 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Хариуцагч Т ХХК нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1627 дугаар магадлалыг хүчин төгөлдөр болсны дагуу 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/1313 тоот тушаалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2016/00172 дугаар шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгч Г.Б-г Дунд гол тооцооны төвийн ажилд эгүүлэн ажилд нь томилсон. Мөн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1650 тоот тушаалаар анхан шатны шүүхийн 182/ШШ2016/00172 дугаар шийдвэрт дурдсан 4.009.082 төгрөгийн нөхөн олговрыг олгосон. Нэхэмжлэгч Г.Б- нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг Т ХХК-аас гаргуулахаар 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг 30 хоногоор хэтрүүлсэн байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлага 6.545.440 төгрөгийн төлөх, хууль эрх зүйн үндэслэл байхгүй байх бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дах хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч Т ХХК-с 6.545.440 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг буруу халсан үеийн олговор гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...шүүхийн шийдвэрт ажилд эгүүлэн тогтоосноос хойш хугацааны цалингийн талаар дурдаагүй” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Нэхэмжлэгч Г.Б-г “Т” ХХК-ийн Хан-уул дүүрэг салбарын харьяа Дунд гол тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2016/00172 дугаар шийдвэр хүчин төгөлдөр байна /хавтаст хэргийн 5-12 дугаар тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй болно. Тны гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/1313 дугаар тушаалаар Г.Б-г ажилд нь эгүүлэн томилжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан, нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан 2016 оны 6 дугаар  сарын 28-ны өдрөөс ажилд томилсон өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардсан нь ажилгүй байсан хугацаанд хамаарна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо маргааны талаар гомдол гаргах хугацааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон үеэс гомдол гаргах хугацааг тоолох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т нийцнэ. 

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасантай нийцсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1179 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгалын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 119.677 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ