Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2019/ШЦТ/44

 

.......... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн .......... дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Э-т холбогдох эрүүгийн  1804002860046 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                               З.Ганцоож    

 Улсын яллагч                                                 Д.Аянагүл  

 Шүүгдэгч                                                   Ц.Э- нар оролцов.

Шүүгдэгч:

Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Ө- аймгийн ... суманд төрсөн, .. настай, бүрэн  дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ иргэн Х-тай гэрээ хийж машиныг нь эзэмшин уурхайн дотор нүүрс зөөх ажлыг гүйцэтгэж байсан, ам бүл 4, эхнэр М- /ажилгүй/ 7-21 насны 2 хүүхэд нарын хамт ...аймгийн ...сум 2 дугаар багийн 11 дүгээр гудамжны 22 тоот хашаанд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ц- овгийн Ц-ын Э-

Яллах дүгнэлтэд тодорхойлсноор :

            Яллагдагч Ц.Э- нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “..........” ХК-нд нүүрс тээвэрлэж байгаад “..........” ХК-ний үйлдвэрийн хашаан дотор байсан хохирогч Ц.Х-ы итгэмжлэн хариуцуулсан 52-31 УБХ улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй, 1 ширхэг дугуй наадаг багаж, 1 ширхэг ком түлхүүрийн багаж зэргийг худалдан борлуулахаар авч улмаар бусдад 1 912 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч  Ц.Э- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ

             “ Би Х- ахтай ярьж байгаад түүний өмчлөлийн “Хово” маркийн 52-31 улсын дугаартай машиныг 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлж барьж “..........” ХК-ны экскавотороос нүүрсийг вагонд ачуулдаг цэгт буулгах” ажлыг хийж эхэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 16-нд ажилдаа гарах гэж байтал эхнэр утсаар яриад Чимгээ эгч харваад бие нь тааруу байна гэсэн. Би энэ мэдээг сонсоод явах болоход замын зардалгүй байсан тул надтай адил нүүрс тээвэрлэдэг  Э-өд “Чиний дугуй муу юм чинь миний 2 шинэ дугуйг аваад хуучин 2 дугуйгаа өгөөд зөрүүд нь 300 000 төгрөг өгчих” гэхэд тэр зөвшөөрсөн. Би барьж байгаа машиныхаа буруу талын  шинэ хоёр дугуйг тайлж өгөөд Э-өөс авсан  хуучин дугуйг оронд нь тавьж 300 000 төгрөгтэй болсон. Мөн машинаасаа дугуйны дотуур хаймар нөхдөг хайрцагтай багаж, түлхүүрийн иж бүрдэл зэргийг авсан. Эдгээрийг борлуулж замын зардалд хэрэглэе гэж бодсон. Би Х-д энэ тухай мэдэгдээгүй, тэр чигтээ явж байгаад цагдаад баригдсан. Х- ахад дотуур хаймар нөхдөг хайрцагтай багаж, ком 17 ширхэг түлхүүрийн хамт буцааж өгсөн. Э-өд дугуйны зөрүү болох 300 000 төгрөгийг буцааж өгсөн ба дугуй болон түлхүүр багажийг цагдаа хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн. Гэм буруугаа хүлээж үйлдэлдээ гэмшиж байна гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэл/                     

 

Хохирогч  Ц.Х- мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

“...Ц.Э- гэдэг хүнээр машинаа бариулахаар амаар тохиролцоод “Хово” маркийн 52-31 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслээ хүлээлгэн өгөөд .......... дүүрэг рүү өгч явуулсан юм. Тэгтэл Ц.Э- нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ажиллаж байгаад тус бүр нь 680 000 төгрөгний үнэлгээтэй 2 ширхэг шинэ дугуйны оронд элэгдэж муудсан хуучин дугуй тавиад дугуй нөхөж наадаг багаж 1 ширхэг,  түлхүүрүүдийн комклекс, нэг бүр нь 290 000 төгрөгийн үнэлгээтэй 2 ширхэг хуучин дугуй, дугуйны шинэ олгой хаймар 2 ширхэг, дугуйны элгэвч хаймар 2 ширхэг зэргийг аваад хамаатны бие муудаад явах хэрэгтэй байна гэж худлаа хэлээд ажилдаа ирэхгүй алга болсон юм” гэжээ  /хх-8-9 дэх тал/

Гэрч  Г.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн

“... 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр миний 27-16 УНУ улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгслийн дугуйнууд 2 өдөр дараалж хагарсан үед Э- нь хямдхан дугуй авах уу гэхээр нь авсан ба 270 000 төгрөг түүнд өгсөн юм. Ц.Э-ыг өөрийнхөө машины дугуйг зарж байна гэж бодсон. Цагдаагийн байгууллагат 2 дугуйг өгсөн тул Э-аас 300 000 төгрөгөө буцааж авсан” гэх мэдүүлэг, ярианы бичлэг /хх 18 дахь тал, бичлэг бүхий сиди/

Гэрч Д.Ж-ын мөрдөн байцаалтад өгсөн:

            2018 оны 2 сарын 19-ний өдрийн 12 цагийн үед миний хөлсөөр жолооддог 32-55 УББ Хово маркийн тээврийн хэрэгслийн эзэн Х- ах ирээд 52-31 УБХ   дугаартай хово маркийн тээврийн хэрэгслийн буруу талын голын тэнхлэгээс байвгай хээтэй 2 шинэ дугуй солигдсон байна гэхээр нь харахад оронд нь баавгай хээтэй элэгдэж  хуучирсан 2 дугуй тавьсан байсан. 2 дугаар сарын 16-ны өдөр Э- ахыг ажилдаа хамт явцгаая гэхэд ах нь хоёр бэлэн дугуй бэлдээд араас чинь очно гэсэн боловч ажилдаа ирээгүй юм. Орой нь ажлаасаа буугаад очиход 52-31 дугаартай тээврийн хэрэгслийг гараашийн зүүн хойд буланд шахаж тавьсан байсан. Олдох инженер Э-ын хадам нас барсан гэж хэлсэн. Тэр орой 22 цагийн үед Х- утсаар над руу яриад “би Баянхонгор явах гэж байна, та хоёр машинаа маллаж явахыг чинь харна аа гэж байсан юм” гэсэн мэдүүлэг  /хх-14-15 дахь тал/

 

            2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 559 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний тайланд:

            “Хово” машины шинэ дугуй 2 ширхэг нэг бүрийн үнэ 680 000 төгрөг нийт 1 360 000 төгрөг, “Хово” машины хуучин дугуй 2 ширхэг нэг бүрийн үнэ 190 000 төгрөг нийт 380 000 төгрөг, “Хово” машины дугуйны олгой хамер 2 ширхэг нэг бүрийн үнэ 35 000 төгрөг нийт 70 000 төгрөг, “Хово” машины дугуйны элгэвч хамер 2 ширхэг нэг бүрийн үнэ 15 000 төгрөг нийт 30 000 төгрөг, дугуй нөхөж наадаг багаж 1 ком 35 000 төгрөг, ком түлхүүр багаж 1 ком 37 000 төгрөг нийт дүн 1 912 000 төгрөг гэжээ. /хх 22 дахь тал/

           

2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн эд зүйл хураан авч эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд

“Б.Э-өөс “Хово” маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг шинэ дугуй, Ц.Э-аас тээврийн хэрэгслийн обуд 2 ширхэг, дугуй нөхөж наадаг багаж 1  ширхэг, түлхүүр 9 ширхэгийг тус тус хураан авч Б.Х-д хүлээлгэн өгсөн гэжээ. /хх 44-46 дахь тал, гэрэл зургийн үзүүлэлтүүд/

 

Улсын яллагч дүгнэлтдээ:

Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 850 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 2 850 000 төгрөгөөр торгох саналтай байна гэв.

 

Шүүгдэгч  Ц.Э- дүгнэлтдээ:

Би өөрийгөө өмгөөлж оролцож байгаа ба гэмт  үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Прокурорын оногдуулж байгаа   2 850 000 төгрөгийн торгуулийн ялыг зөвшөөрч байна. Би ганцаараа ажил хийдэг учир торгуулийг боломжоороо хэсэгчилж төлөх саналтай байна гэв.

             

Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

            Ц.Э- нь амаар гэрээ хийж иргэн Ц.Х-ы Хово маркийн 52-31 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн жолоодож ..........ын уурхайн экскаватороос нүүрс ачиж вагонд ачуулах цэгт буулгах ажлыг гүйцэтгэж байхдаа 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тухайн тээврийн хэрэгслийн нэг бүр нь 680 000 төгрөгийн үнэтэй шинэ дугуй хоёрыг хуучин дугуйгаар сольж зөрүүд нь 300 000 төгрөг бусдаас авсан, машинаас 35000 төгрөгийн үнэ бүхий дугуйны дотуур хаймар нөхдөг хайрцагтай багаж, 37 000 төгрөгийн үнэ бүхий түлхүүрийн иж бүрдэл зэрэг 1 432 000 төгрөгийн эд хөрөнгийг борлуулж мөнгө болгох зорилгоор авч явсан байна.  Энэ бодит байдал нь хохирогч Ц.Х-, гэрч Г.Э-, Д.Ж- нарын мэдүүлэг, үнэлгээний баримт, мөрдөгчийн эд мөрийн баримтыг хураан авсан тухай /хх-44,49 дэх талууд/ эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тухай /хх-45, 50 дахь талууд/ зэрэг тэмдэглэлүүд зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.   

Дээр тогтоогдсон үйл баримтыг шүүгдэгч прокурорын шатанд хүлээн зөвшөөрсөн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт мөн хүлээн мэдүүлсэн болно.

            Харин хохирогчийн гомдолд дурдсан нэг бүр нь 290 000 төгрөгний үнэлгээтэй 2 ширхэг хуучин дугуй, нэг бүр нь 35 000 төгрөгийн үнэтэй дугуйны шинэ олгой хаймар 2 ширхэг, нэг бүр нь 15 000 төгрөгийн үнэтэй дугуйны элгэвч хаймар 2 ширхэг зэргийг Ц.Э- нь дээрх үйлдэл болохоос өмнө Ц.Х-ы Хово маркийн 52-31 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэлийг нь засаж тавьсан эд ангиуд байсан ба нэг дугуй нь буудаж хагарсан байсан зэрэг нь мөрдөгчийн тэмдэглэл /хх-52 дахь тал/, хохирогчийн  “урьд нэхэмжилж байсан 2 ширхэг хуучин дугуй, дугуйны шинэ олгой хаймар 2 ширхэг, дугуйны элгэвч хаймар 2 ширхэг зэрэг нь тээвэрлэлтийн явцад миний машинд ашиглагдсан талаар Э-тай ойлголцсон” гэсэн мэдүүлгээр /хх-10 дахь тал/ тогтоогджээ. Иймд Ц.Э- нь хохирогчийн 480 000 төгрөгийн эд хөрөнгийг өөртөө авч ашигласан нь тогтоогдсонгүй.

 

           Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг гаргуулахдаа үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу гаргуулж бэхжүүлсэн, гэрч хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалж тогтоогдсон, мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна. Эд мөрийн баримтын хураан авсан тэмдэглэлүүд нь хөндлөнгийн гэрчүүдийг оролцуулан хуульд заасан журмын дагуу хийгджээ. Мөн  шүүгдэгчийн гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэлүүдээр давхар батлагдсан.

  Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн гэж дүгнэлээ.

 

            Ц.Э- нь шунахай сэдэлтээр үйлдэлдээ шууд санаатай ханджээ.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” ойлгоно гэж заасан бөгөөд гэмт үйлдлийн улмаас хохирогчид нийт  1 432 000 төгрөгийн хохирол учирсан нь  бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй. Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ хохирлын нийт хэмжээг  1 912 000 төгрөг гэж тодорхойлсноос 480 000 төгрөгийн үйлдэл тогтоогдоогүй нь Ц.Э-ын үйлдэлд хийх эрх зүйн дүгнэлт буюу хуулийн зүйл хэсэгт нөлөөлөхгүй байгааг тэмдэглэе.

Шүүгдэгч Ц.Э-ын үйлдэл нь иргэн Ц.Х-ы Монгол Улсын Үндсэн хуулийн  16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “эд хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх” эрхэд нь халдсан байна.

Иймд Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :

Шүүгдэгч нь хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлт, шүүх хуралдаанд хэлсэн эцсийн үг зэргээр нь батлагдаж байна. Шүүгдэгч хохирогчийн  1 432 000 төгрөгийг үнэ бүхий эд зүйлсийг нэг бүрийн шинжээр нь буцааж өгсөн байна. Хохирогч  Ц.Х- нь гомдол саналгүй цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг тэмдэглэе. Мөн иргэний нэхэмжлэгч Г.Э-өд 300 000 төгрөгийг төлсөн нь иргэний нэхэмжлэгчтэй ярьсан мөрдөгчийн ярианы бичлэг түүний тэмдэглэл зэргээр нотлогдсон. Иймд шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүйг дурдвал зохино.

Ц.Э-ын ар гэрт ажил эрхэлдэг хүнгүй шалтгаанаар өөрөө тасралтгүй ажил эрхлэх шаардлагатай тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх боломжгүй, байдлыг харгалзан прокурортой торгуулийн ялыг сонгож тохиролцсон, уг торгуулийг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлүүлэх хүсэлт байгаа зэргийг шүүгдэгч илэрхийлсэн.

Иймд Ц.Э-т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар гаргасан прокурорын саналыг харгалзан 2850 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлбэл зохино.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.     

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ярилцлагын сидийг хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн  8, 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн  4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц- овгийн Ц-ын Э-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц- овгийн Ц-ын Э-ыг 2850 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу  хоёр сая найман зуун тавин мянган /2 850 000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос эхлэн нэг /1/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлэхийг Ц.Э-т мэдэгдсүгэй.
  5. Энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Ц.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ц.Э- нь гэмт хэргийн хохирол нэг сая дөрвөн зуун гучин хоёр мянган /1 432 000/ төгрөгийн эд хөрөнгийг хохирогч Ц.Х-д нэг бүрийн шинжээр нь буцааж өгснийг  баталж, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг мэдэгдсүгэй.
  7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сидиг /1ш/ тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган архивт шилжүүлсүгэй.
  8. Ц.Э-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах,  прокурор түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба  гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах журамтайг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                         Д.ОЮУНБАТ