Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/01138

 

 

 

 

 

 

  2024 05 29 210/МА2024/01138

 

Т.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2024/01526 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.*******д холбогдох

Цалин хөлсний үлдэгдэл 2,700,000 төгрөг гаргуулах хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. С.*******тай Сүхбаатар дүүрэг, 7 буудлын эцэс, ******* плаза худалдааны төвийн 2 давхарт ******* зоог нэртэй хоолны газарт касс, менежер зэрэг албан тушаалд 1 сарын 3,000,000 төгрөгөөр ажиллахаар тохирсон.

1.2. ******* зоог хоолны газар нь аж ахуйн нэгжээр бус иргэн С.******* хариуцан ажиллуулдаг. Тохирсон ёсоор миний бие касс, менежер гэх мэт ажил үүргийг 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажилласан. 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр анхны цалинг бэлэн мөнгөөр өгсөн. Энэ нь цалингийн цэсээр нотлогдоно. Сард 2 удаа цалингаа олгодог.

1.3. 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс гэр бүлийн хүний эрүүл мэндийн байдлаас шалтгаалан БНХАУ-д эмчилгээ хийлгэх /харвалтын дараах/ шаардлагатай байсан тул чөлөө авч 2023 оны 4 дүгээр сарын 17-ноос 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд БНХАУ-д 10 хоногийн эмчилгээ, сувилгааг хийлгүүлээд ирсэн. Энэ хугацаанд 2023 оны 3 дугаар сарын цалин хөлсийг 15 хоногоор бодож 1,500,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сард 300,000 төгрөг тус тус олгосон ба үлдэгдлийг дараа олгохоор болсон боловч өнөөг хүртэл олгоогүй тул Т.*******гийн ажилласан хугацааны цалингийн үлдэгдэл 2,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ******* ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* плаза-1 үйлчилгээний төв-д зоогийн газар ажиллуулахаар болсон.

2.2. Т.*******тэй касс, менежерийн ажилд 1 сарын 3,000,000 төгрөгөөр цалинжуулж ажиллуулахаар тохиролцоогүй. Тус зоогийн газрын кассанд анх А.******* ажилласан. Т.******* менежер, кассын ажлыг хийгээгүй. Үйл ажиллагаа нь тогтворжоогүй байхад ийм өндөр хэмжээний цалин амлаж хүн ажилд авахгүй.

2.3. Т.*******г ажилд авсан тушаал, шийдвэр, хөдөлмөрийн гэрээ, цалин тохиролцсон гэрээ хэлцэл огт байгуулаагүй. Харин Т.******* нягтлангийн мэргэжилтэй тул манай үйл ажиллагаа явуулж байх үеийн тайланг гаргаж өгөхөөр тохиролцсон.

2.4. Т.******* болон түүний нөхөр Д.*******ыг таньдаг бөгөөд намайг уг зоогийн газрыг түрээсэлж ажиллуулахыг мэдээд бид 20,000,000 төгрөг оруулья, зоогийн газрын үйл ажиллагаа жигдрээд ирэхээр бид танайд хамтран ажиллах эсвэл цалинжиж ажиллахаа шийдье гэж ярьж тохиролцоод 13,000,000 төгрөг үйл ажиллагаанд оруулсан.

Ингээд Т.*******гийн нөхөр Д.******* нь Хятад улс руу 2023 оны 4 дүгээр сарын 12-ны үед эмчилгээнд явах боллоо гээд хөрөнгө оруулсан 13,000,000 төгрөгөө орлогын мөнгөнөөс гаргаж аваад явсан. Үүнээс хойш Т.*******, Д.******* нар нь ажил дээр ирээгүй. Манайх сар бүрийн 15 болон 30-ны өдрөөр цалин бодогддог. Энэ хүн нягтлан тайлан тооцооны ажлыг ирэн очин хийсэн. Энэ хүн нэг сарын хугацаанд 1,500,000 төгрөгийн цалин авсан. Гадагшаа яваад ирэхэд нь 300,000 төгрөг өгсөн. Түүнээс хойш 4 дүгээр сарын 30-ны өдөр ажил дээр ирсэн байсан, хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*******гийн цалин хөлс 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шийдвэрийн 4 дүгээр зүйлд Нэхэмжлэгч Т.******* нь ******* зоогийн газар 2024 оны 3 дугаар сарын 12 өдрөөс С.*******гийн амаар гаргасан шийдвэрээр нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон ажилласан болох нь ******* зоог ХХК-ийн ажилчдын 2023 оны 3 дугаар сарын цалингийн тооцоо, 2023 оны 4 дүгээр сарын урьдчилгаа цалингийн тооцоо, 2023 оны 4 дүгээр сарын цагийн бүртгэл, 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, талуудын тайлбараар тогтоогдож байна гэж нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцаанд орсон хугацаа болон хөдөлмөрийн харилцаанд орсон албан тушаалыг зөв тодорхойлсон.

Гэсэн боловч хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон хугацаа болон талуудын хоорондын цалингийн хэмжээ тогтоосон хэлцлийг бодитойгоор бус /нотлох баримт/ тогтоож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

4.2. Нэхэмжлэгч хөдөлмөрийн харилцааг 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаагаар ажилласан гэж маргасан ба үүнийг 2023 оны 4 дүгээр сарын цагийн бүртгэл баримт, 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, талуудын /нэхэмжлэгч, хариуцагчийн/ тайлбараар бүрэн нотолсон.

Гэтэл шүүхээс нэхэмжлэгч Т.******* 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл ******* зоогийн газарт нягтлан бодогчоор ажилласан ба энэ талаар талууд маргаагүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

4.3. Нэхэмжлэгч 4 дүгээр сарын үлдэгдэл цалин 2,700,000 төгрөг авах эрхтэй гэж үзэх үндэслэл хэрэгт цугласан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл цалин 1,500,000 төгрөг авсан. Өөрөөр хэлбэл хагас сарын цалин 1,500,000 төгрөг авсан талаар маргаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасантай нийцнэ. Т.*******гийн цалин хөлс нь хагас сарын 1,500,000 төгрөг байхаар талууд хэлэлцэн тохирсоныг нотолж байгааг шүүх үнэлсэнгүй.

4.4. 2023 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгчид 300,000 төгрөгийн цалинг нөхөр Д.*******ын дансаар шилжүүлсэнд хэн аль нь маргаагүй.

4.5. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгчийг 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл ажилласан гэдгийг нотолж байгаа ба 4 дүгээр сарын үлдэгдэл цалинг нэхэмжлэгчид олгоогүйг бүрэн нотолсоор байтал шүүх хэрэгт цугласан баримтаар тогтоогдсонгүй гэж үзсэн нь үндэслэл муутай.

4.6. Хэрэв талуудын хооронд 1 сарын цалин, хөлсийг 3,000,000 төгрөгөөр тогтоосон хэлцэл үгүй гэж үзвэл 2023 оны 3 дугаар сарын сүүлд олгосон цалин 1,500,000 төгрөгт шүүхээс дүгнэлт хийлгүй орхисон нь хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэхгүй тул нэхэмжлэлийг хангаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2024/01526 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан цалингийн үлдэгдэл 2,700,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Т.******* нь 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс хариуцагчийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг зоогийн газрын нягтлан бодох бүртгэлийн тайланг гаргахаар тохирч ажилласан, хариуцагчаас ажлын хөлс 1,800,000 төгрөг өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй алдааг залруулж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын дор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг ойлгоно гэж тодорхойлсон, уг харилцаа нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүснэ.

Талуудын тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагчийн үйл ажиллагааг нь эрхлэн явуулдаг зоогийн газрын нягтлан бодох бүртгэлийн тайланг гаргаж байхаар тохирч, тодорхой хэмжээний хөлс авсан үйл баримт тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлт зөв бөгөөд энэ нь талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэл болохгүй. Дээрх харилцаа нь агуулгын хувьд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтад нийцнэ.

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохирсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь зохих хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

4.2. Дээрх гэрээний дагуу хөлс төлөх хэлбэр, хэмжээг талууд тохиролцон тогтоох бөгөөд гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлөх болохыг Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт заасан.

Хэргийн баримтаар талууд хөлс төлөх журмыг хуульд зааснаас өөрөөр тохиролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь тохирсон ажлыг гүйцэтгэсний дараа хөлс шаардах эрхтэй.

Хөлсөөр ажиллах гэрээ нь тодорхой үйл ажиллагаа явуулж, түүнд тохирсон хөлс авах эрхийг олгох бөгөөд нэхэмжлэгч 2023 оны 4 дүгээр сарын 17-27-ны өдрүүдэд ажиллаагүй нь өөрийнх нь тайлбараар тогтоогдсон, мөн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан талаарх тайлбараа баримтаар нотолж чадаагүй байх тул түүнийг 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 17-ны хооронд ажилласан талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Иймд нэхэмжлэгч ажиллаагүй хугацааны хөлс шаардах эрхгүй юм.

4.3. Түүнчлэн, талууд ажлын хөлсний хэмжээний асуудлаар маргаж байгаа тохиолдолд нотолгооны үүргийн хуваарилалтын хувьд нэхэмжлэгч нь хийж гүйцэтгэсэн ажил болон тохирсон хөлсний хэмжээг нотлох үүргийг хүлээнэ.

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнээд гүйцэтгэсэн ажлын хөлсөнд сар бүр цалин хөлс хэлбэрээр 3,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэх үйл баримт тогтоогдоогүй талаарх шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй байна.

Учир нь хэрэгт нэхэмжлэгчийн өөрийнх нь хийсэн ажилчдын 2023 оны 3, 4 сарын цалингийн тооцоо гэх тооцоолол авагдсан байх бөгөөд уг тооцооллыг бусад санхүүгийн баримтаар нотлоогүй нөхцөлд маргаж буй үйл баримтыг эргэлзээгүйгээр нотолсон гэж үзэхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Хэргийн 72 дугаар талд 2023 оны 4 дүгээр сарын 1-15-ны өдөрт хамаарах ажилчдын 2023 оны 4 дүгээр сарын цагийн бүртгэл гэх баримт авагдсан, уг баримтад нэхэмжлэгчийн нэр тусгагдаагүй байх боловч дээрх хугацаанд нэхэмжлэгчийг ажилласан эсэх асуудлаар талууд маргаагүй.

Мөн шүүхээс хийсэн үзлэгийн ажиллагааны тэмдэглэлд ня-бо *******гийн гарын үсэг бүхий 2023 оны 3,4 дүгээр сарын бэлэн мөнгөний орлого болон зарлагын баримтууд, кассын зарлагын баримт-д үзлэг хийсэн талаар тусгагдсан байх ба энэ нь ажиллаагүй хугацааны хөлс шаардах үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч нь сарын цалин хөлсийг 3,000,000 төгрөгөөр тохирсон гэх тайлбараа нотлох зорилгоор гэрч Д.*******аас мэдүүлэг авсан, тэрээр ...*******г нягтлангаар авна..., 1 сарын 3,000,000 төгрөг гэж хэлсэн гэж мэдүүлсэн, түүний мэдүүлэг нь өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй нөхцөлд маргаж буй үйл баримтыг эргэлзээгүйгээр нотолсон баримт гэж үзэхэд хангалтгүй тул гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг нотлогдсон гэж үзэхгүй.

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгч нь 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж, гүйцэтгэсэн ажлын хөлсийг авсан гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2024/01526 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 гэснийг, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

  ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

Т.ГАНДИЙМАА