Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2016/00465/И |
Дугаар | 491 |
Огноо | 2016-07-25 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 491
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 05 дугаар баг, 1-22 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, эмэгтэй, РД:ОЮ89062608 регистртэй, Борлууд овогт Цэрэнчимэдийн Мөнгөнчимэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг, 1-36 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, эрэгтэй, РД:ТВ90102310 регистртэй, Мажаа овогт Дуламхандын Зоригт холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мөнгөнчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Мөнгөнчимэг нь 2014 оны 09 дүгээр сард Д.Зоригтой гэр бүл болж 1 хүүхэдтэй болсон. Д.Зориг нь өөр хүнтэй давхар уулзаж тэр эмэгтэй нь Зориг эхнэрээсээ салж надтай амьдарна гэсэн гэж хүн амьтанд ярьж явдаг. Одоо Д.Зориг нь надтай хамт амьдрахгүй бид 2 тусдаа амьдраад 10 сар болж байна. Миний бие нь эвлэрүүлэн зуучлах албанд салах өргөдлөө гаргаж эвлэрэх боломжгүй гэсэн шийдвэр гарсан учир шүүхэд хандаж байна. Иймд Д.Зоригоос гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа учир бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Зориг шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Д.Зориг нь нэхэмжлэгч Ц.Мөнгөнчимэгтэй 2014 оны 9 дүгээр сард гэр бүл болж өөрийн болох нэг хүүхэд төрүүлсэн. Одоогоор тусдаа амьдарч байгаа нь үнэн болно. Хүүхдээ өнчрүүлэхгүй амьдархын тулд эвлэрүүлэн зуучлах албаар дамжуулан уулзаж үзсэн. Ц.Мөнгөнчимэг нь намайг өөр хүнтэй уулзаж байгаа, тэр хүн нь надтай амьдрах гэж байна гэж худал нэхэмжлэл шүүхэд гаргасанд би гомдолтой байна. Мөн миний эхнэр болох Ц.Мөнгөнчимэг нь өөрийн эгч, ах, дүү нархынхаа үгээр “Тусдаа амьдарна” гээд миний эзгүйд эд хогшилоо авч явсан. Миний хувьд хүүхэд, гэр бүлээ бодож цаашид хамт амьдрах хүсэлтэй байгаа нь чин үнэн болно. Энэ бүхнийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мөнгөнчимэг нь хариуцагч Д.Зоригт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Мөнгөнчимэг нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгч Ц.Мөнгөнчимэгийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ц.Мөнгөнчимэг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн ба тал хувь болох 35.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 35.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мөнгөнчимэгт олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Мөнгөнчимэг нь хариуцагч Д.Зоригт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 35.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мөнгөнчимэгт олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР