Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/01144

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 29 210/МА2024/01144

 

 

гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2024/01386 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: го

Хариуцагч: А ХХК

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: А ХХК-иас итгэлцлийн гэрээний төлбөрт 657,000,000 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 54,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н..л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 го нь А ХХК-тай 2020 оноос хойш Итгэлцлийн гэрээ-ний дагуу хамтран ажиллаж байсан ба 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болсон. Тус компанид 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 180,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 320,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 40,000,000 төгрөг, нийт 540,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

1.2 А ХХК нь төлбөрийг хүлээн зөвшөөрч, 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 22/109 дугаартай албан бичгээр ...2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөр хамтын ажиллагаа дуусгавар болж байна. Ийнхүү дуусгавар болж байгаа тул сүүлийн 6 сар төлөгдөөгүй хүү болох 54,000,000 төгрөг, үндсэн зээл 540,000,000 төгрөг, нийт 594,000,000 төгрөгийг гын 00000000000 тоот Хны дансанд нэг удаа бөөн дүнгээр шилжүүлэхээр хоёр тал харилцан тохиролцсон гэж мэдэгдсэн.

Иймд хариуцагчид шилжүүлсэн 540,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сар хүртэл 13 сарын хүү 117,000,000 төгрөг, нийт 657,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 178,000,000 төгрөгийг А ХХК-ийн дансанд шилжүүлсэн, үүнийг зөвшөөрч байна. Үүнээс 54,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн.

2.2 Талуудын хооронд бичгээр албан ёсоор зээлийн гэрээ байгуулагдаагүй. Мөн итгэлцлийн үйлчилгээ үзүүлэх тухай тусгай зөвшөөрлийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр албан ёсоор Санхүүгийн зохицуулах хорооноос авсан. 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр, 05 дугаар сарын 17-ны өдөр А ХХК нь итгэлцлийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллага байгаагүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 124,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 го нь Г.Гийн хувийн дансанд мөнгө шилжүүлж байсан. Тэрээр гын шилжүүлсэн мөнгөнөөс 178,000,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр А ХХК-ийн Хаан банкны 5178010816 тоот дансанд 9 удаагийн шилжүүлгээр шилжүүлсэн. Г.Г нь тухайн үед А ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тул түүний хэлсний дагуу год А ХХК-иас нийт 54,000,000 төгрөгийг хүүгийн төлбөрт шилжүүлсэн.

3.2 Талуудын хооронд зээлийн гэрээ болон итгэлцлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдаагүй тул год хүү авах эрх үүсэхгүй.

Иймд нэхэмжлэгчээс түүнд хүүгийн төлбөрт шилжүүлсэн 54,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байхын тулд талуудын хооронд ямар нэгэн гэрээний харилцаа болон бусад харилцаа үүсээгүй байхыг шаарддаг. 2020 оноос хойш зээлийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр мөнгө оруулсан. Үүнийхээ үр шимийг сар болгон авдаг байсан. Талуудын хооронд итгэлцлийн болон зээлийн гэрээний харилцаанд хүү явуулах үед тасралтгүй үргэлжилж байсан гэдгийг харуулах зорилгоор А ХХК год сар болгон хүү төлдөг байсан.

4.2 Иргэн болон хуулийн этгээдийн хоорондын харилцаа хэлцэл хэлбэрээр хийгдсэн. Хожим амаар хийсэн хэлцлийг бичгээр байгуулж, баталгаажуулсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 594,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч год олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 63,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч А ХХК-ийн гаргасан 54,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,442,950 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 427,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3,127,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2020 оноос хойш Итгэлцлийн гэрээ-ний дагуу хамтран ажиллаж байсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байсан. Гэтэл бодит байдал дээр А ХХК нь итгэлцлийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр авсан байсан бөгөөд нэхэмжлэгчийн дурдаж буй цаг хугацаанд итгэлцлийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл аваагүй, ийм үйл ажиллагаа явуулдаггүй байсан.

6.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Г.Гийн дансанд 320,000,000 төгрөг, 180,000,000 төгрөг, 40,000,000 төгрөг, нийт 540,000,000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарладаг. Гэтэл А ХХК-д нэг ч удаа мөнгө шилжүүлж байгаагүй. Шүүх хэрэгт авагдсан мөнгө шилжүүлсэн баримтуудыг үнэлээгүй. Гэсэн атлаа Г.Гоос 57,022,220 төгрөг, Б.Бээс 6,000,000 төгрөг, А ХХК-аас 54,000,000 төгрөг, нийт 117,022,220 төгрөгийг хүлээн авсан байна. Шүүх уг хүү гэх 117,022,220 төгрөгийг ямар хугацаанд хамаарах, аль үнийн дүнгээс хэрхэн бодсон хүү гэдэгт дүгнэлт хийгээгүй.

6.3 А ХХК-ийн нэрээр гаргасан 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 22/22 дугаартай албан бичгийг үндэслэн шүүх 320,000,000 төгрөгийн бичгийн хэлцэл хийгдсэн гэж үзсэн. Гэтэл тухайн өдөр гоос ямар нэгэн шилжүүлэг огт хийгдээгүй. 22/109 дугаар албан бичиг нь 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бичигдсэн атлаа хамтын ажиллагаа 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болж, талууд сунгагдах асуудал хөндөхгүй болж байна. Тиймээс 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр сүүлийн 6 сар төлөгдөөгүй хүү болох 54,000,000 төгрөг, үндсэн зээл 540,000,000 төгрөгийн хамт нийт 594,000,000 төгрөгийг гын харилцах данс руу нэг удаа бөөн дүнгээр шилжүүлэхээр тохиролцов гэсэн байсан. Энэ агуулгаас үзвэл шүүгчийн 22/22 дугаар албан бичгийг дүгнэсэн дүгнэлт үгүйсгэгдэж байна.

6.4 Гэрч Н.Булган нь нэхэмжлэгч гын олон жилийн өмнөөс мэддэг, найз нь байсан, ашиг сонирхол нэгтэй, хоорондоо мөнгө төгрөг өгч авдаг байсан. Мөн гэрч нь шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө зарим асуултад хариулахдаа эргэлзэж өөртэй итгэлгүйгээр, год ашигтай байлгахыг хичээж хариулж байсан зэргийг огт харгалзаж үзээгүй.

6.5 го нь А ХХК-д нэг ч мөнгө шилжүүлээгүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн шүүх талуудын хооронд бичгээр хийсэн хэлцэл байхгүй байхад 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн тоотыг талуудын хооронд бичгээр хийсэн хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

6.6 Нэхэмжлэгч нь 2020 оноос хойш зээлийн гэрээ байгуулсан гэж шаардлагаа тодорхойлдог хэдий ч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд го 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Г.Гийн дансанд 180,000,000 төгрөг шилжүүлсэн тухайн цаг үед Г.Г го нарын хооронд, эсхүл А ХХК-ийн нэрээр Г.Г го нарын хооронд ямар нэгэн тоот, бичгийн хэлцэл, тохиролцоо огт байдаггүй, ямар нэг тохиролцоо хийсэн гэж үзэх ямар ч нотлох баримт байдаггүй.

6.7 Шүүх хүү төлөх үүрэг үүссэн гэдгийг нотлох баримт огт байхгүй байхад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хүү төлөх талаар тохиролцсон байна гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан 178,000,000 төгрөгөөр хангаж, үлдэх 416,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 54 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 А ХХК, го нар нь 180,000,000 төгрөгийг сарын 1,3 хувийн хүү буюу жилийн 20 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан. 3 жил орчим уг харилцаа үргэлжлээд 2022 оны 02 дугаар 17-ны өдрийн 22/222 дугаар албан бичгээр зээлийн гэрээний харилцаатай байснаа захирал Г.Г хүлээн зөвшөөрдөг. 2022 оны 05 дугаар сард тусгай зөвшөөрөл авсны дараа 2022 оны 11 дүгээр сард өгсөн албан бичгээр итгэлцлийн гэрээгээр амжилттай ажилласан бөгөөд хүү болон үндсэн зээлээ төлнө гэх агуулгатай албан бичгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

7.2 А ХХК нь 2022 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны хүү 132,000,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүүг А ХХК-ийн өгсөн албан бичгийг үндэслэж 1 сарын хүүг 9,000,000 төгрөгөөр тооцож, 13 сарын хүү буюу 117,000,000 төгрөг, нийт 657,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх албан бичиг явуулсан үеийн 6 сарын хүүг гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

7.3 Гэрч Н.Булган нь одоогоос 4 жилийн өмнө болсон үйл баримтын талаар ярихдаа зарим зүйлийг мэдэхгүй гэж хариулсныг шүүх гэрчийн мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн үнэлээгүй гэж үзэх үндэслэлгүй.

7.4 Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.2 дахь хэсэгт заасныг үндэслэн го нь хариуцагч компани дээр очиж мөнгөө шилжүүлж, А ХХК-ийн захирал албан бичиг хийж өгч, сар бүр хүүгээ шилжүүлсэн үйл баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд зээлийн гэрээг бичгээр хийсэн үндэслэлд хамаарна.

7.5 Сөрөг нэхэмжлэлийн тухайд гэрээний дагуу сар бүр хүүгээ төлж явж байсан атлаа өнөөдөр 54,000,000 төгрөгийг үндэслэлгүй авсан гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч го нь хариуцагч А ХХК-д холбогдуулан итгэлцлийн гэрээний төлбөрт 657,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 124,000,000 төгрөгийн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч, 54,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гарган маргасан.

3. Хэргийн 104 дүгээр талд авагдсан Х ХХК-ийн дансны хуулгаар 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гоос 180,000,000 төгрөгийг Итгэлцлийн зээл гэх утгатайгаар, 10-11 дүгээр талд авагдсан Хасбанк ХХК-ийн дансны хуулгаар 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр итгэлцлийн зээл А ХХК гэх утгатайгаар 320,000,000 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гоос Бд гэх агуулгатайгаар 40,000,000 төгрөгийг тус тус Г.Гийн данс руу шилжүүлсэн байна.

3.1 А ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээгээр 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Г.Г гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

4. А ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 22/22 дугаар албан бичгээр ...Тус компани нь иргэн гоос 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 320,000,000 төгрөгийг жилийн 20 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлийг гүйцэтгэх захирал Г.Гийн хаан банкин дахь 000000000 тоот төгрөгийн дансанд авсан болно. Зээлийн хүүгийн төлбөрийг улирал бүрийн тухайн зээл буюу 320,000,000 төгрөг орж ирсэн өдрөөр Хин дахь гын 0000000000 тоот төгрөгийн харилцах данс руу шилжүүлэхээр тохиролцов. Дээрх иргэний хувийн зайлшгүй шаардлагаас үүдэн зээлдүүлсэн мөнгөн хөрөнгийг тохиролцсон хугацаанаас өмнө эргүүлэн татах тохиолдолд тухайн хүсэлтээ 15 хоногийн өмнө мэдэгдэх бөгөөд хүүг сарын 0,5 хувиар тооцон нэг удаагийн үндсэн төлөлтийг 100,000,000 төгрөг байхаар хоёр тал харилцан тохиролцсон болно. Зээлдүүлэгч гын зээлдүүлсэн мөнгөн хөрөнгө нь тус компанийн бусад төлбөр тооцооноос тэргүүн ээлжинд төлөгдөх бөгөөд аливаа эрсдэл, давагдашгүй хүчин зүйлийн улмаас эрсдэлд орох эс орохоос үл хамааран А ХХК бүрэн хариуцан хамтран ажиллах болно гэжээ. /хх 7/

4.1 Мөн 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 22/109 дугаар Зээлийн эргэн төлөлтийн хуваарь хүргүүлэх тухай албан бичгээр ...Тус компани нь готой 2020 оноос хойш итгэлцэлэлээр амжилттай хамтран ажилласан бөгөөд энэхүү хамтын ажиллагаа 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болж талууд сунгагдах асуудал хөндөхгүй болж байна. Тиймээс 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр сүүлийн 6 сар төлөгдөөгүй хүү болох 54,000,000 төгрөг, үндсэн зээл 540,000,000 төгрөгийг Хин дахь гын 00000000000 тоот төгрөгийн харилцах данс руу нэг удаа бөөн дүнгээр шилжүүлэхээр, хоёр тал харилцан тохиролцсон болно гэсэн байна. /хх 6/

5. Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн боловч гэрээг бичгээр байгуулсан гэж дүгнэн зээлийн гэрээний үндсэн үүргийг хүүгийн хамт хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

5.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

5.2 Хэрэгт талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Учир нь, дээрх хоёр албан бичгээр хариуцагчийг зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө болох нийт 540,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсныг баталгаажуулсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа амаар байгуулагдсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, тухайн цаг хугацаанд хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгө зээлсэн талаар баримт үйлдсэн байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийг буцаан шаардах эрхтэй тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.3 Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд зээлдүүлэгч нь хүү шаардах эрхгүй. А ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 22/22 дугаар, 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 22/109 дугаар албан бичгүүдээр талууд хүүгийн талаар бичгээр тохиролцсон гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх уг баримтыг үндэслэн талууд хүүгийн талаар бичгээр гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, тухайн баримт нь нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн, талууд хүүгийн талаар бичгээр байгуулсан гэж дүгнэх үндэслэлийг бий болгож чадахгүй байна. Иймд хүүгийн төлбөр төлөх үндэслэлгүй гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

6. Хариуцагчаас нэхэмжлэгчид нийт 54,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт буцаан төлсөн талаар зохигч маргаагүй. Хариуцагч нь тухайн төлбөрийг хүүгийн төлбөрт төлсөн нь үндэслэлгүй тул нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн агуулгаар буцаан шаардсан. Анхан шатны шүүхийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэл зөв боловч уг хүүгийн төлбөрт төлсөн 54,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж шийдвэрлээгүй нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

6.1 Талууд хүүгийн талаар бичгээр гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэгч нь хүү авах эрхээ алдана. Уг төлбөрийг хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлснээр нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн тул хариуцагчийн үндсэн зээлийн төлбөрт төлөх 540,000,000 төгрөгийн үүргээс уг 54,000,000 төгрөгийг хасаж, хариуцагчаас 486,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзэв. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангуулах гомдлыг агуулгаар нь хангана.

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2024/01386 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын 594,000,000 гэснийг 486,000,000 гэж, 63,000,000 гэснийг 171,000,000 гэж,

2 дахь заалтын 3,127,950 гэснийг 2,587,950 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,507,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

М.БАЯСГАЛАН