Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/01136

 

 

 

 

 

 

 

2024 05 29 210/МА2024/01136

 

 

П.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2024/01555 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: П.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын ******* яам, ******* ТӨҮГ-т холбогдох

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу 36 сарын цалин, хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн буцалтгүй тусламж олгохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж 51,007,284 төгрөгийг Монгол Улсын ******* яамнаас гаргуулах,

******* ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 7.12 дахь заалтыг ажилтны эрхийг дордуулсан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах, төрийн албанд ажилласан жилийг ******* ТӨҮГ-т ажилласантай адилтган тооцож, 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 201,644,003 төгрөгийг ******* ТӨҮГ-аас гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.*******, Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие санхүүч, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, мэргэшсэн нягтлан бодогч, Монгол Улсын анхны шилдэг дотоод аудитороор шалгарч байсан, нягтлан бодогч, санхүүч, эдийн засагч, дотоод аудитороор төрийн жинхэнэ албанд 33 жил ажилласан.

Үүнээс 18 жил ******* яамны Нягтлан бодох бүртгэлийн газар, Төсвийн бодлого, зохицуулалтын газар, Санхүүгийн хяналт, Эрсдэлийн удирдлагын газарт мэргэжилтэн, дотоод аудитороор ажиллаж хуримтлуулсан мэдлэг, ажлын туршлага, чадварыг харгалзан ******* ТӨҮГ-ын удирдлагын зүгээс хамтран ажиллах саналыг тавьж улмаар ******* яам зөвшөөрсөн учир ******* ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/542 дугаар тушаалаар Дотоод хяналтын хэлтсийн орлогч даргаар томилогдон ажилласан.

1.2. Монгол Улсын Засгийн газар төрийн албанд удаан тогтвортой ажилласан боловсон хүчний нийгмийн баталгааны зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор Төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ыг 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан. Энэ журмын гол үзэл санаа нь төрийн албанд удаан хугацаанд ажилласан албан хаагчид мөнгөн хэлбэрээр нэг удаагийн тэтгэмж өгөхөд чиглэгдсэн.

1.3. Хариуцагч ******* яам буцалтгүй тусламж олгохгүй байгаа үндэслэлээ Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын 1.2 дахь заалтыг үндэслэн тайлбарладаг. Гэтэл Төрийн албанд ердөө таван жил ажилласан хүмүүст буцалтгүй тусламж олгохоор журамласан атлаа гуч, дөчин жил ажиллаад түр завсардсан хүмүүст тэтгэмжийг нь олгохгүй заавал гурван жил ажиллахыг хатуу шаардаж байгаа нь шударга ёсны шалгуурыг хангахгүй, тэгш бус байдлыг үүсгэж байна.

Бүх насаараа төрд ажилласан хүмүүст зориулсан цор ганц нийгмийн баталгаа болох төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн буцалтгүй тусламж авах баталгаа нь хэрэгжихгүй байлгахад Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 1.2 дахь заалт бүхэлдээ чиглэсэн бөгөөд аливаа журам тухайн хуулийнхаа агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх шаардлагыг хангаагүй.

Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ2023/0035 тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 1.2 дахь заалтыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлсэн. Дээд шүүхийн тогтоолыг Засгийн газар 2023 оны 243 дугаар тогтоолоор биелүүлж Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 1.2 дахь заалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүйд тооцсоноор насаараа төрд ажилласан нэхэмжлэгч надад нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх зүйн орчин бий болсон. байхад тэтгэмж олгохгүй байгаа Монгол Улсын ******* яамны үйлдэл нь хууль бус байна.

1.4. Түүнчлэн Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр ажилд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 2.5-д заасны дагуу ******* ТӨҮГ болоход тус үйлдвэрийн Дотоод хяналтын хэлтсийн орлогч даргын албан тушаалд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс шилжиж ажилласан тул төрийн албанаас чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй.

1.5. Иймд Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу 36 сарын цалин, хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн буцалтгүй тусламж олгохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжид 51,007,284 төгрөгийг Монгол Улсын ******* яамнаас гаргуулахаар нэхэмжилж байна.

1.6. Монгол Улсын ******* яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газарт мэргэжилтэн, дотоод аудитороор ажиллаж хуримтлуулсан мэдлэг, ажлын туршлага, чадварыг харгалзан ******* ТӨҮГ-ын удирдлагын зүгээс хамтран ажиллах саналыг тавьж, улмаар ******* яам зөвшөөрсөн учир ******* ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/542 дугаар тушаалаар Дотоод хяналтын хэлтсийн орлогч даргаар томилогдон 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажилласан.

Ажиллах хугацаандаа ******* ТӨҮГ-т Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр дотоод аудитыг гүйцэтгэсэн. Дэлхий даяар цар тахал тархсан эрсдэлт орон зай, цаг хугацаа болох 2020-2021 онуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд эрсдэлээ удирдаж сурах талаар онолын болон чадварын сургалт, зөвлөгөөг өгч ажилласан. Үр дүнд нь Засвар механикийн заводод Эрсдэлийн удирдлага-бодлогын инноваци нэвтэрч үйлдвэрт төдийгүй нийгэм, эдийн засагт үр дүнгээ ч өгсөн. Тухайлбал, Эрсдэлт орон зай, цаг хугацааны үед эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, сургалт зөвлөгөөг өгсний үр дүнд Засвар механикийн заводын инженер техникийн ажилтан нарын зан үйлд өөрчлөлт орж эрсдэлийн талаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж эрсдэлээ удирдаж, өөрсдийн хүчээр шинэ тоног төхөөрөмжөө угсарч чадсанаар үйлдвэрийн төлөвлөгөө биелэхэд нөлөөлж чадсан юм.

Түүнчлэн эрсдэлээ удирдаж сурсан. Эрсдэл удирдах ур чадварыг эзэмшинэ гэдэг амаргүй ч тус заводын хамт олон богино хугацаанд зан үйл болгож чадсан нь үйлдвэрийн зорилтыг хангахад томоохон түлхэц болоод зогсохгүй олон эерэг өөрчлөлтийг бий болгосон юм. ******* ТӨҮГ 2019 он хүртэл бүтээмжийг сайжруулах чиглэлээр 10 орчим жил төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж тодорхой ажлуудыг зохион байгуулж ажилласан туршлагатай байсан.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үзлэг хийх явцад сайн саналын систем, 5С+тоног төхөөрөмж, Кайзен гэх мэт нэгжид чиглэсэн сэтгэлгээний арга барил голлож байсан нь ажиглагдсан. Иймээс энэ ажлыг сайжруулахаар үүрэг хүлээсэн ажилтан болон судлаачийн хувьд эрсдэлээ удирдах арга барилыг нэгдмэл санаа, хамтын хариуцлага, санаачлага-манлайлалд тулгуурлаж зан үйлд нь өөрчлөлт оруулахдаа системийн болон загварчлалын сэтгэлгээний аргыг ашиглан хэрэгжүүлсний үр дүнд эрсдэлээ удирдах үйл явцад шинэчлэлийг авчирсан. Тиймээс 2023 оны 11 дүгээр сард тус үйлдвэр инновацийн төсөл шалгаруулах, эрсдэлийн удирдлага илтгэлийн уралдаан зарласан байдаг нь үр дүнтэй гэдгийг батлаж байгаа болно. Ковид цар тахал дэгдсэн үед үйлдвэрийг эрсдэлээс сэргийлэх зорилгоор хоёргүй сэтгэлээр хичээн зүтгэн ажилласан. Мөн ажилтан нарын сэтгэлгээ, зан үйлд эерэг өөрчлөлтийг бий болгосон.

1.7. Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагчийн нийгмийн баталгааг дордуулахгүй байх талаар ******* ТӨҮГ-ын удирдлага амлалт өгч байсан учраас өндөр насны тэтгэвэрт гарахдаа үйлдвэрийн хамтын гэрээнд заасны дагуу 30 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгөхийг хүссэн.

1.8. Гэвч 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан хамтын гэрээний 7 дугаар зүйлийн 7.12-т Үйлдвэрийн газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ажилтанд тус үйлдвэрт ажилласан жилийг үндэслэнэ гэх шалгуураар надад тэтгэмж олгохгүй гэж буй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасан ажилтны эрхийг дордуулсан хамтын гэрээний заалт учир тухайн зохицуулалт нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Тухайлбал, ******* ТӨҮГ-т 3-аас дээш жил ажиллаагүй ч төр болон хувийн хэвшилд 33 жил ажилласан хэн нэгнийг алаг үзэх, хуулийн өмнө эрх тэгш байх зарчмын эсрэг шинжтэй, ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан гэрээний заалт гэж үзэж байна.

Түүнчлэн ******* ТӨҮГ-т 30 хүртэлх жил ажиллаагүй иргэнийг манай үйлдвэрт 30-аас дээш жил ажиллаагүй гэх шалгуур тавьж тэтгэмж өгөхгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д өндөр наслах, ... хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй, мөн хуулийн төрийн үйл ажиллагааны тэгш байдлын зарчмыг зөрчиж байна.

Иймд ******* ТӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 7.12 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, нэг удаагийн буцалтгүй тусламж 201,644,003 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагч Монгол Улсын ******* яамны тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг үндэслэн төрийн албанд ажиллаж байсан хугацаанд тэтгэвэртээ гарсан учраас нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах эрхтэй гэж тайлбарлаж байна.

2.2. Гэтэл энэ заалт 2 урьдчилсан нөхцөлийг агуулдаг. Нэгдүгээрт, төрийн албан хаагч байх, хоёрдугаарт, өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн байх. Хэрэв энэ 2 үндэслэлийг хангаж байгаа бол Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах эрхтэй.

Нэхэмжлэгч П.******* энэхүү 2 урьдчилсан нөхцөлийг хангаж байгаа юу гэвэл... эхлээд нэхэмжлэгч төрийн албан хаагч мөн үү?, Төрийн албаны тухай хуулийн 3.2.1 дэх заалтад төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгоно гэсэн байдаг. Нэхэмжлэгч чөлөөлөгдөх үедээ ******* ТӨҮГ-т ажиллаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

******* ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15.1-т зааснаар төрийн өмчит үйлдвэрийн газрын ангилалд хамаардаг мөн тус хуулийн 14.1-т Төрийн өмчит үйлдвэрийн газар төрийн өмчид хамаарахгүй буюу төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ гэж заасан.

Нэхэмжлэгч аль хэдийн төрийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Төрийн өмчит үйлдвэрийн газар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан.

Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөхдөө өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн үү? гэдэг асуудал. П.*******г төрийн албанаас 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/40 тоот тушаалаар чөлөөлсөн.

Ажлаас чөлөөлөх үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэл байхгүй буюу энэ хүн төрийн албанаас чөлөөлөгдөхдөө өндөр насны тэтгэвэр тогтоолгож эсхүл тухайн насанд хүрсэн үндэслэлээр чөлөөлөгдөөгүй гэсэн үг. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөлийг хангахгүй байна.

2.3. Засгийн газрын 2017 оны 7 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 1.1-т Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж өндөр насны тэтгэвэр тогтоолгосон улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид төрийн албаны тухай хуулийн 60.1 дэх заалтад заасан тэтгэмжийг олгоно гэсэн байдаг.

Нэхэмжлэгч Монгол Улсын ******* Яамнаас ******* ТӨҮГ-т сэлгэн ажилласан гэж ярьж байна. Монгол Улсын Сайд, Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга нарын хамтран 2019 оны 34/31 тушаалаар батлагдсан төрийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн сэлгэн ажиллуулах журмын зохицуулалт, Төрийн албаны тухай хуулиар төрийн албанаас сэлгэн ажиллуулах, шилжүүлэн ажиллуулахдаа төрийн албанаас төрийн алба руу гэдэг агуулгатай. Түүнээс биш төрийн албанаас төрийн өмчийн үйлдвэрийн газар руу сэлгэн ажиллуулах, шилжүүлэн ажиллуулах хууль зүйн ойлголт байхгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хангагдахгүй байх тул Монгол Улсын ******* яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3.Хариуцагч ******* ТӨҮГ-ын тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-т Хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээнээс дордуулахгүйгээр харилцан тохиролцож ажилтныг илүү таатай нөхцөлөөр хангах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нийгмийн хамгаалалтай холбоотой хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэхээр ажил олгогч, ажилтны төлөөлөгчийн хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог хэлнэ гэж заасан.

3.2. ******* ТӨҮГ нь хуулийн энэхүү зохицуулалтыг үндэслэн ажилтны төлөөлөл болсон Үйлдвэрчний Эвлэлийн холбоотой 2000 оноос эхлэн 2 жил тутам Хамтын гэрээ-г байгуулж, ажилтны хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээнээс дордуулахгүй нөхцөлөөр харилцан тохиролцож, ажилтныг илүү таатай нөхцөлөөр хангах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нийгмийн хамгаалалтай холбоотой хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг нарийвчлан зохицуулсаар ирсэн.

Үүний нэг нь тус үйлдвэрийн газраас Үйлдвэрчний Эвлэлийн холбоотой хамтран 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баталж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн хамтын гэрээ юм.

Тус хамтын гэрээний зохицуулалт нь тухайн үед үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хууль /1999/-д үндэслэсэн боловч одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хууль /2022/-ийг дордуулаагүй. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хууль /2022/-ийн 82 дугаар зүйлийн 82.5-т Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон ажилтанд ажил олгогч энэ хуулийн 82.1-д заасан хэмжээний тэтгэмж олгоно, 82.1.2-т Тухайн аж ахуйн нэгж, байгууллагад хоёр жилээс тав хүртэл жил ажилласан бол хоёр ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох-оор хуульчлан зохицуулсан.

3.3. Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд ******* ТӨҮГ-ын Дотоод хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан П.*******гийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хүсэлтийг ажил олгогч хүлээн авч, түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 82.5 дахь заалтуудыг үндэслэн тус үйлдвэрийн газарт 3 жил 1 сар ажилласан тул 2 сарын үндсэн цалин (4,670,476х2)-тай тэнцэх хэмжээний буюу 9,340,958 төгрөгийн тэтгэмжийг олгосон нь хууль тогтоомж зөрчөөгүй.

3.4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... ******* ТӨҮГ-т 3-аас дээш жил ажиллаагүй ч төр болон хувийн хэвшилд 33 жил ажилласан хэн нэгнийг алаг үзэх, хуулийн өмнө эрх тэгш байх зарчмын эсрэг шинжтэй, ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан гэрээний заалт гэж үзэж, тус үйлдвэрийн газар нь хамтын гэрээний дээрх заалтыг үндэслэн 30-с дээш жил манай үйлдвэрт ажиллаагүй үндэслэлээр шалгуур тавьж байгаа нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 16 дугаар зүйлийн 16.5 дахь заалтуудыг зөрчиж байна ... гэсэн.

******* ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 7.12-т заасан ...тус үйлдвэрийн газарт ажилласан жилийг үндэслэн тэтгэмж олгох... талаарх зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан тухайн аж ахуй нэгж, байгууллагад ажилласан хугацааг үндэслэсэн.

Дээрх хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол холбогдох асуудлаараа Үндсэн хуулийн цэцэд хандаж, хуулийн зохицуулалт ажилтны эрх, ашгийг дордуулсан, хууль зөрчсөн маргаанаа шийдвэрлүүлэх боломжтой.

Тус үйлдвэрийн газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 32, 33 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар хамтын гэрээг хууль тогтоомжид нийцэж буй эсэх асуудлаар тухайн нутаг дэвсгэрийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн байгууллагад хүргүүлдэг бөгөөд бүртгэх эрх бүхий байгууллагаас хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг хянаж, хамтын гэрээ хэлэлцээрийг хуульд нийцсэн үндэслэлээр бүртгэж, хамтын гэрээнд зааснаар талууд гэрээний хяналтыг харилцан хэрэгжүүлэн ажилласан.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талаас гаргаж буй ******* ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 7.12 дахь заалт ажилтны эрхийг дордуулсан, хүчин төгөлдөр бус гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

3.5. Нэхэмжлэгчийн төрийн албанд ажилласан жилийг ******* ТӨҮГ-т ажилласантай адилтган тооцож, тус үйлдвэрийн газраас 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 201,644,003 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Одоогийн эрх зүйн зохицуулалтад Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилласан хугацааг төрийн албанд ажилласнаар тооцох эсхүл төрийн албанд ажилласан хугацааг төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилласнаар тооцох талаарх зохицуулалт байхгүй.

3.6. Хууль тогтоогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагад ажилласан жилийг үндэслэн тэтгэмж олгох талаар тусгасан нь тухайн аж ахуйн нэгж байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах хүний нөөцийн бодлогыг зохицуулсан. Аливаа хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичиг нь эрх тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт, авлига, хээл хахуул гэх мэт нийгэмд байдаг бусармаг үйлдлээс ангид иргэн (ажилтан) бүрт адил тэгш үйлчлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэгддэг.

Нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлага нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, нийтээр тогтоосон эрх зүйн хэм хэмжээг зөрчиж, өөртөө давуу байдал бий болгохыг хүссэн хууль бус шаардлага гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8-д зааснаар хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам нь хүнийг ялгаварлан гадуурхсан, эрхийг нь хязгаарласан, эсхүл бусдад аливаа хэлбэрээр давуу байдал бий болохыг хориглодог. Гэтэл зөвхөн 1 ажилтанд давуу байдал олгож, тус үйлдвэрийн газарт 3 жил, 1 сар ажилласан атал 30 жил ажилласнаар тооцож тэтгэмж олгох хууль эрх зүйн үндэслэлгүй.

3.7. Нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Нэгдүгээрт ******* ТӨҮГ-т 3 жил, 1 сар үр бүтээлтэй, ажилласан. Хоёрдугаарт тус үйлдвэрийн газрын удирдлагын зүгээс төрийн жинхэнэ албан хаагчийн нийгмийн баталгааг дордуулахгүй байх талаар амлалт өгсөн. Гуравдугаарт төрд 30 гаран жил ажилласан боловч тэтгэмж авч чадаагүй талаар тайлбарлаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасан тэтгэмж нь ажилтны ажлын гүйцэтгэл, үр дүнгээс хамааралгүйгээр тухайн аж ахуй нэгж байгууллагад ажиллаж, хуульд заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох, цуцлагдахад олгогддог тэтгэмж бөгөөд аливаа хэлбэрээр ажлын гүйцэтгэлээс үүдэлтэйгээр түүний хувь хэмжээ нэмэгдэх үндэслэлгүй. Харин ажлын гүйцэтгэл, үр дүн, ур чадварыг үнэлэх урамшуулах асуудал нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэмэгдэл, шагнал, урамшуулал олгох хэлбэрээр зохицуулагддаг.

******* ТӨҮГ-ын хувьд ажилтнуудынхаа ажлын гүйцэтгэл, үр дүнг урамшуулах зорилгоор Цалин хөлсний тухай журмыг баталж мөрдүүлдэг бөгөөд тухайн ажилтны ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн сар бүр гүйцэтгэлийн урамшуулал, улирал бүр ур чадварын нэмэгдэл, сар, жилийн үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалин зэргийг олгож байна.

Үүний тод жишээ нь ажилтан П.*******д тус үйлдвэрийн газарт ажилласан цагаас эхлэн /2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс/ ажлын үр дүнгийн урамшуулалд 25,115,731 төгрөг, ур чадварын нэмэгдэлд 29,729,772 төгрөг, жилийн үр дүнгийн урамшуулалд 13,315,443 төгрөг, нийт дээрх урамшуулал, нэмэгдэл, нэмэгдэл цалинд 68,160,946 төгрөгийг үндсэн цалингаас гадна олгосон.

Нэхэмжлэгчээс тус үйлдвэрийн газрын удирдлагын зүгээс төрийн жинхэнэ албан хаагчийн нийгмийн баталгааг дордуулахгүй байх талаар амлалт өгч, төрийн албанаас миний биеийг шилжүүлэн авч ажиллуулсан гэх тайлбарыг өгдөг ч төрийн албанаас төрийн өмчит хуулийн этгээдэд ажилтан шилжүүлэн авах хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Түүнчлэн дээр дурдсанчлан төрийн өмчит хуулийн этгээдэд 3 жил ажилласан ажилтанд 30 жил ажилласнаар тооцож тэтгэмж олгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8-д тус тус заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын ******* яамнаас 36 сарын цалин, хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн буцалтгүй тусламж олгохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжид 51,007,284 төгрөг гаргуулах, хариуцагч ******* ТӨҮГ-аас ******* ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 7.12 дахь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т зааснаар ажилтны эрхийг дордуулсан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах, Төрийн албанд ажилласан жилийг ******* ТӨҮГ-т ажилласантай адилтган тооцож, тус үйлдвэрийн газраас 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 201,644,003 төгрөг гаргуулах тухай П.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.******* нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Би санхүүч, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй. Мэргэшсэн нягтлан бодогч. Монгол Улсын анхны шилдэг дотоод аудитороор 2018 онд шалгарсан. Нягтлан бодогч, санхүүч, эдийн засагч, дотоод аудитороор төрийн жинхэнэ албанд 33 жил ажилласан. Үүнээс 18 жил ******* яамны Нягтлан бодох бүртгэлийн газар, Төсвийн бодлого, зохицуулалтын газар, Санхүүгийн хяналт, Эрсдэлийн удирдлагын газарт мэргэжилтэн, дотоод аудитороор ажиллаж хуримтлуулсан мэдлэг, ажлын туршлага, чадварыг харгалзан ******* ТӨҮГ-ын удирдлагын зүгээс хамтран ажиллах саналыг тавьж, улмаар ******* яам зөвшөөрсөн учир ******* ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/542 дугаар тушаалаар Дотоод хяналтын хэлтсийн орлогч даргаар томилогдон ажилласан.

5.2. Томилогдон ажиллах энэ цаг үед хувийн эзэмшилд байсан 49 хувийн төрд шилжүүлж, тус үйлдвэрт онцгой байдал зарласан /2019-2020 онууд/, дэлхий даяар Ковид-19 хэмээн цар тахал дэгдсэн /2020-2022 он/ эрсдэлт орон зай, цаг хугацааны үе байв. Тиймээс очсон даруйдаа тус үйлдвэрийн нэгж бүр дотоод журмаа шинэчилж, ТӨҮГ-ын статусаар ажиллах нөхцөл байдал үүссэн. Дотоод хяналтын хэлтэс нь Ерөнхий захирлын 2019 оны А/426 дугаар тушаалаар баталсан журмын дагуу 2 чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан. Үүнд:

1. Дотоод хяналт, шалгалт хийх,

2. ХАБЭА-н IV шатны үзлэгийг хийх.

Гэвч дотоод хяналтын хэлтсийн үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлд Дотоод хяналтын хэлтсийн орлогч даргын хэрэгжүүлэх эрх, үүрэг-ийг заасан боловч тодорхойгүй шалтгааны улмаас 3 жилийн хугацаанд огт хийлгэхгүй эрх, үүргийг хязгаарлав. Иймээс Ерөнхий захирлын 2019 оны А/662 дугаар тушаалаар баталсан журмын дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн IV шатны үзлэгийг хийх чиглэлээр багийн гишүүдийн хамт гүйцэтгэсэн.

Дэлхий даяар цар тахал тархсан эрсдэлт орон зай, цаг хугацаа болох 2020-2021 онуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд эрсдэлт хүчин зүйл маш их тохиолдож байв. Иймээс баялаг бүтээгч нарыг эрсдэлээ удирдаж сурах талаар мэдлэг олгохоор онолын ойлголтыг өгөх, чадварт сургах, зан үйл болгох талаар ганцаарчилсан зөвлөгөө өгөх гэх мэт ажлуудыг гүйцэтгэсэн. Үр дүнд нь Засвар механикийн заводод Эрсдэлийн удирдлага-бодлогын инноваци нэвтэрч үйлдвэрт төдийгүй нийгэм, эдийн засагт үр дүнгээ ч өгсөн.

Өөрөөр хэлбэл, Эрсдэлт орон зай, цаг хугацааны үед эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, сургалт зөвлөмжийг өгсний үр дүнд Засвар механикийн заводын инженер техникийн ажилтнууд Ковид-19 цар тахлын үед хил хаагдаж шинэ тоног төхөөрөмжийг угсрах гадаадын мэргэжилтэн ирэх боломжгүйгээс шинэ технологийн угсралтын ажилд үүсээд байсан эрсдэлээ удирдаж өөрсдийн хүчээр гүйцэтгэсэн. Үүний үр дүнд үйлдвэрийн төлөвлөгөө биелэж, улмаар нийгэм, эдийн засагт үр дүнгээ өгсөн. Энэ тухай 2021 онд тус үйлдвэрийн ******* телевиз-ээр гарсан, Засвар механикийн заводыг удирдлагын баг нь өөрсдийн ажилд гарсан сайн ажил бүрээ илэрхийлсэн хамтын бүтээлийн Эрсдэлийн удирдлага-Бодлогын инновац бичлэг гарсан, түүнийгээ баталсан гарын үсэг бүхий баримт байдаг.

Эрсдэлийн удирдлагын талаарх тус үйлдвэрийн баримт бичгийг судлан үзэхэд ******* ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний Эрсдэлийн үнэлгээний матриц картыг нэвтрүүлэх тухай А/747 дугаар тушаалаар баталсан заавраас өөр баримт бичиг байгаагүй болно. Иймд түүнийг шинэчлэхээр 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх тухай тушаалын төсөл, нийтлэг журмыг боловсруулан батлуулахаар хүргүүлсэн боловч хэлтсийн дарга О.******* цааш нь явуулаагүй юм.

Тус үйлдвэр ТӨҮГ болохоос өмнө нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд улс төрчид гэж нэрлэгддэг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд гэж нэрлэгддэг нөхдүүд албан тушаал, мөнгө, санхүүтэй холбогдож, хүний амь нас ч хүртэл эрсдэж байсан нь нийгэмд ил тод илэрсээр л байна. Тус үйлдвэр ТӨҮГ болоод үйл ажиллагаа нь дардан сайхан явагдаагүй. Олон намын, нам доторх фракцуудын гишүүдийн хоорондын зөрчил, албан тушаал, эрх мэдлээ булаацалдсан байдал нь тус үйлдвэрийг Төрийн статустай үйл ажиллагаа явуулахад ихээхэн хүндрэлийг учруулж байсан нь шинээр очсон хяналтын орлогч дарга П.*******д тод ажиглагдаж, 3 жилийн хугацаанд үргэлжилсээр л байв. Энэ нь Монголын Засгийн газарт том эрсдэл учруулахаар байсан юм. Түүний бодит жишээ нь эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх ажлыг дэмжээгүй үйл явдлууд юм. Өнөөдөр Монгол оронд Бодлогын шинэчлэлт хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй байна. Сэтгэлгээний өөрчлөлтийг хийх шаардлага тулгарч байна уу? гэвэл тулгарч байна. Гэвч Эрсдэлийн удирдлагын Бодлогын инновац-ийг хэрэгжүүлэх санал санаачлагыг гаргаж, тодорхой хэмжээнд туршин үр дүнтэй гэдгийг харуулсаар байтал дараах нөхцөл байдлаар хийсэн ажлыг худал үнэлэв. Үүнд:

1.Тус үйлдвэрийг төлөөлж буй Б.******* өөрөө эрсдэлийн удирдлагын талаар буруу тайлбар өгөх, гэрч нараас та нар үр дүнгийн шагнал авсан уу? гэж ямар ч холбогдолгүй асуулт асуусан нь гэрч нарыг орлогоор нь дарамтлах үйлдлийг хэлзүйгээрээ илэрхийлсэн.

2. Гэрч болох Засвар механикийн заводын удирдах ажилтан инженер техникийн ажилтнууд 2 жилийн өмнө хэлсэн үгнээсээ өөрөөр мэдүүлэг өгсөн, эрсдэлийн удирдлагын талаар асууж байхад чанарын удирдлагын талаар хариулж байсан. Хурлын үеэр гэрч н.Баянжаргал утсаа харж хариултыг илэрхийлсэн зэрэг нь зориуд бэлтгэсэн мэдээлэл уншиж, түүнчлэн тус үйлдвэрт ажиллаж байсан үе үеийн захирал нарыг шүүмжлэх үгийг хэлж байгаа нь нэг талаасаа үйлдвэрийг бодит байдлыг илэрхийлж буй ч нөгөө талаасаа асуудлыг том зургаар харж чаддаггүйг хэлзүйгээрээ илэрхийлсэн, түүнчлэн би хийсэн гэж 2008 оны үйл явдлыг хамааралгүй цаг хугацаанд сөхөн ярьж байгаа нь асуудлыг төөрөгдүүлэх гэсэн зориудын санаачлагатай ажиллагаа байсан.

3. Шүүгч шийдвэр гаргахдаа Эрсдэлийн удирдлага-Бодлогын инноваци нэвтрүүлсэн тухайн цаг хугацаанд тус үйлдвэрийн ******* телевиз-ээр гарсан нэвтрүүлгийн хуулбар болох CD бичлэг, Засвар механикийн заводын дарга н.Баасансүрэн гэрчийн мэдүүлэг өгөхдөө өөрийнхөн асуултанд хариулсан. Бодлогын инноваци П.*******гийн санаа байсан, Тэр оролцсон нь үнэн, Бодлогын инноваци гэдэг нэрийг тэр гаргасан гэж хэлсэн зүйлийг үнэлгээнд оруулалгүй үгүйсгэгдэж байна хэмээн үнэлсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хүний эрх, эрх чөлөө 2 дугаар бүлгийн 1-д заасан Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. гэсэн заалтыг зөрчсөн.

Түүнчлэн гэрчийг асуух шүүх хуралдааны явцад шүүгчийн зүгээс гэрчид тавьж буй асуултаас харахад Эрсдэлийн удирдлагын стандарт, Чанарын удирдлагын стандарт, Эрсдэлийн удирдлага-Бодлогын инноваци зэргийг хольж, ойлгомж муутай, ялгаа заагийг тодорхойлж асуухгүй байгаа байдлаар нотлогдсон.

Эдгээр шүүх хуралдаанд оролцогч нарын байдал нь Монгол Улсыг хөгжүүлэхийн тулд тохиолдоод буй эрсдэлийг бууруулахад зориулж Эрсдэлийн удирдлага Бодлогын инноваци нэвтрүүлэх зөв санаа, санаачлагыг зөв талаас нь харж хэрэгжүүлэх сонирхолгүй байгаа.

Үндсэн хуулийн үзэл санаатай нийцээгүй Хамтын гэрээний заалт, Хөдөлмөрийн хуулийн зарчмаа баримтлаагүй хуулийн заалт, үндэслэлд нийцэж тушаалаа гаргаагүй, хүний нөөцийн ажилтны хариуцлагагүй алдаа зэрэгт тулгуурлан хүний эрхийг зөрчсөн үйл ажиллагааг дэнслэх шүүгчийн оюуны дүгнэлтийг үндэслэлгүй хэмээн үзэж байна.

Хариуцлагыг хэн гэдэг этгээд алдсаныг тодруулаагүй. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Хүний эрх, эрх чөлөө 2 дугаар бүлгийн 2 дугаар заалт Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна заалтыг зөрчсөн хэмээн үзэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2024/01555 дугаар шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. ******* яамнаас тэтгэмж гаргуулах үндэслэлийн талаар.

Монгол Улсын Засгийн газар Төрийн албанд удаан, тогтвортой ажилласан боловсон хүчний нийгмийн баталгааны зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор Төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ыг Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан. Энэ журмын гол үзэл санаа нь төрийн албанд удаан хугацаанд ажилласан албан хаагчид мөнгөн хэлбэрээр нэг удаагийн тэтгэмж олгоход чиглэсэн. Харин хариуцагч ******* яам буцалтгүй тусламж олгохгүй байгаа үндэслэлээ тайлбарлахдаа Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын 1.2 дах заалтыг үндэслэн тайлбарладаг.

Гэтэл Төрийн албанд ердөө таван жил ажилласан хүмүүст буцалтгүй тусламж олгохоор журамласан атлаа гучин жил ажиллаад түр завсардсан хүмүүст тэтгэмжийг нь олгохгүй заавал гурван жил ажиллахыг хатуу шаардаж байгаа нь шударга ёсны шалгуурыг хангахгүйн дээр тэгш бус байдлыг үүсгэж байна. Бүх насаараа төрд ажилласан хүмүүст зориулсан цор ганц нийгмийн баталгаа болох төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн буцалтгүй тусламж авах баталгаа нь хэрэгжихгүй байлгахад Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 1.2 дахь заалт бүхэлдээ чиглэсэн бөгөөд аливаа журам тухайн хуулийнхаа агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх шаардлагыг хангаагүй.

6.2. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж нь мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д заасан төрийн албан хаагчид төрөөс үзүүлэх нийтлэг баталгааны нэг бөгөөд зорилго нь төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг хангах үүднээс тус албанд тасралтгүй, олон жил ажилласан иргэнийг урамшуулах зорилгоор өндөр насны тэтгэвэрт гарахад нь төрөөс нэг удаа дэмжлэг үзүүлэх явдал юм.

Гэтэл нэхэмжлэгч нь Төрийн жинхэнэ албанд тасралтгүй 33 жил ажилласан атлаа цор ганц нийгмийн баталгаа болох нэг удаагийн буцалтгүй тусламж авах баталгаа нь хэрэгжихгүй, хангагдаж чадахгүй байна.

6.3. Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 001/XT2023/0035 тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 1.2 дахь заалтыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Уг тогтоолыг Засгийн газар 2023 оны 243 дугаар тогтоолоор биелүүлж, Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 1.2 заалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүйд тооцсон.

Ингэснээр насаараа төрд ажилласан нэхэмжлэгчид нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх зүйн орчин бий болсон байхад түүнд тэтгэмж олгохгүй байгаа ******* яамны үйлдэл хууль бус юм.

******* яамнаас гаргуулах нэг удаагийн буцалтгүй тусламжийг тооцохдоо Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 2.1 заасны дагуу 2016 оны 5 сараас 2019 оны 4 сар хүртэлх буюу 36 сарын хугацаанд авч байсан цалингийн дундажаар тооцсон ба үүнээс 1 сарын дундаж цалин хөлс 1,416,869 x 36/cap /51,007,248, төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.

6.4. ******* яамны төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 540 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалт болон Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга нарын хамтарсан 2019 оны 34/31 тоот тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын 2.5 дахь заалтыг үндэслэж, нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулах тушаал гарсан. Үүний нотолгоо нь ******* яамнаас 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ******* ТӨҮГ-т хүргүүлсэн 12/5674 дугаартай албан бичигт П.*******г шилжүүлэн ажиллуулсан талаар тодорхой дурьдсан.

Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно, 49.2-т "Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно гэж тус тус заасан байхад хууль дээдлэх зарчмыг үл огоорч тушаал нь хуульд нийцсэн эсэхийг хянаж чадаагүй. Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын илтэд алдаатай шийдвэрийг зөвтгөх ямарч боломжгүй юм. Өөрөөр хэлбэл өөрийг нь шилжүүлэхтэй холбоотой, тушаал алдаатай эсэхийг төрийн албан хаагч хянах, түүний үр дагаврыг хариуцах үүрэггүй ба түүний үр дагаврыг шийдвэр гаргасан буруутай албан тушаалтан нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгах үүрэг хүлээх юм.

6.5. Анхан шатны шүүх ... П.******* нь ******* яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирлагын газрын мэргэжилтний албан тушаалд ажиллаж байгаад тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 640 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь:

Дээрх тушаал нь П.*******гийн хүсэлтийг үндэслэж, түүнийг шилжүүлэн ажиллуулахаар гарсан. Харин хариуцагч ******* яам нь П.******* нь өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн мэтээр тайлбарлаж, түүний хүсэлтийг үндэслэж, ажлаас нь чөлөөлсөн гэж мэтгэлцсэн ч энэ талаар нотлох баримт хэрэгт огт авагдаагүй, хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Хариуцагчийн тайлбар Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2-т заасантай нийцэхгүй байгаaг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзэхийг хүсье. П.******* нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт огт өгч байгаагүй.

Засгийн газрын 2023 оны 243 дугаар тогтоолоор Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 1.2 дахь заалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүйд тооцсон.

Уг тогтоолын гол агуулга нь төрийн албанд сүүлийн гурван жил ажилласан байх шалгуур гол биш харин удаан хугацаанд мэргэшиж тогтвортой ажилласан, төрд өөрийн оюун, санаа, бие махбодын эрч хүч, энергээ зарцуулсан хүнд тэтгэмж өгөх нь зөв гэх санаагаар батлагдсан. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг төрд тасралтгүй 33 жил ажилласаныг дурьдсан атлаа төрд удаан хугацаанд ажилласан, нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх зүйн орчин бий болсон байдлыг анхаарч үзэлгүй шийдвэртээ энэ талаар огт дурдаагүй.

6.6. Нэхэмжлэгч талын зүгээс Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 001/XT2023/0035 дугаартай тогтоолыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Энэхүү тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг тайлбарлан хэрэглэж, ижил төрлийн маргааныг шийдвэрлэсэн байдаг бөгөөд уг тогтоолын агуулга, тогтоолд дурьдсанаар П.*******д төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх нь үүссэн гэж мэтгэлцсэн боловч анхан шатны шүүх энэхүү баримтыг огт үнэлээгүй, хэрхэн үнэлээгүй болон нэхэмжлэгчийн үндэслэлийг няцаасан үндэслэлээ шийдвэрт тусгаагүй, мөн тогтоолыг нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтын жагсаалтад оруулаагүй байгааг дурьдах нь зүйтэй байна.

6.7. Нэхэмжлэгч нь төрийн албанаас хувийн хэвшилд шилжсэн асуудал байхгүй харин *******-ийг бүхэлд нь төрийн мэдэлд авсны дараагаар шилжин очсон. ******* ТӨҮГ нь төрийн байгууллагад хамаарах хуулийн этгээд юм.

6.8. ******* ТӨҮГ-аас тэтгэмж гаргуулах үндэслэлийн тухайд.

П.*******гийн ******* яамны Нягтлан бодох бүртгэлийн газар, Төсвийн бодлого, зохицуулалтын газар, Санхүүгийн хяналт, Эрсдэлийн удирдлагын газарт мэргэжилтэн, дотоод аудитороор ажиллаж хуримтлуулсан мэдлэг, ажлын туршлага, чадварыг харгалзан ******* ТӨҮГ-ын удирдлагын зүгээс хамтран ажиллах саналыг тавьж улмаар ******* яам зөвшөөрсөн учир ******* ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/542 дугаар тушаалаар Дотоод хяналтын хэлтсийн орлогч даргаар томилогдон ажилласан.

2020-2021 онуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд эрсдэлээ удирдаж сурах талаар онолын болон чадварын сургалт, зөвлөгөөг өгч ажилласны үр дүнд Засвар механикийн заводод Эрсдэлийн удирдлага-бодлогын инноваци нэвтэрч үйлдвэрт төдийгүй нийгэм, эдийн засагт үр дүнгээ ч өгсөн. Эрсдэл удирдах ур чадварыг эзэмшинэ гэдэг амаргүй ч тус заводыг хамт олон богино хугацаанд зан үйл болгож чадсан нь үйлдвэрийн зорилтыг хангахад томоохон түлхэц болоод зогсохгүй олон эерэг өөрчлөлтийг бий болгосон. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үзлэг хийх явцад сайн саналын систем, 5С+тоног төхөөрөмж, кайзен гэх мэт нэгжид чиглэсэн сэтгэлгээний арга барил голлож байсан. Иймээс энэ ажлыг сайжруулахаар үүрэг хүлээсэн ажилтан болон судлаачийн хувьд эрсдэлээ удирдах арга барилыг нэгдмэл санаа, хамтын хариуцлага, санаачлага-манлайлалд тулгуурлаж зан үйлд нь өөрчлөлт оруулахдаа системийн болон загварчлалын сэтгэлгээний аргыг ашиглан хэрэгжүүлсний үр дүнд эрсдэлээ удирдах үйл явцад шинэчлэлийг авч ирсэн.

Тиймээс 2023 оны 11 дүгээр сард тус үйлдвэр инновацийн төсөл шалгаруулах, эрсдэлийн удирдлага илтгэлийн уралдаан зарласан нь үр дүнтэй гэдгийг батлан харуулж байгаа болно.

6.9. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан хамтын гэрээний 7 дугаар зүйлийн 7.12-т Үйлдвэрийн газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ажилтанд тус үйлдвэрт ажилласан жилийг үндэслэнэ гэсэн шалгуураар нэхэмжлэгчид тэтгэмж олгохгүй гэж буй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасан ажилтны эрхийг дордуулсан хамтын гэрээний заалт учир тухайн зохицуулалт нь хүчин төгөлдөр бус юм. Тухайлбал, ******* ТӨҮГ-1 3-0 дээш жил ажиллаагүй ч төр болон хувийн хэвшилд 33 жил ажилласан хэн нэгнийг алаг үзэх, хуулийн өмнө эрх тэгш байх зарчмын эсрэг шинжтэй, ажилтаны эрх зүйн байдлыг дордуулсан гэрээний заалт гэж үзэж байна.

Түүнчлэн ******* ТӨҮГ-т 30 хүртэлх жил ажиллаагүй иргэнийг манай үйлдвэрт 30 дээш жил ажиллаагүй гэх шалгуур тавьж тэтгэмж өгөхгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно., Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-т өндөр наслах, ... хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй, мөн хуулийн төрийн үйл ажиллагааны тэгш байдлын зарчмыг зөрчиж байна.

******* ТӨҮГ-т ажилласан хугацааны тэтгэмжийг тооцохдоо 2019 оны 12 сараас 2022 оны 5 сар хүртэлх буюу 30 сарын хугацаанд авч байсан цалингийн дундаар тооцсон ба үүнээс 1 сарын дундаж цалин хөлс 6,721,466,77 x 30/cap/=201,644,003 төгрөг гарах хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2024/01555 дугаар шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү.

7. Давж заалдах гомдолд хариуцагч ******* ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ы гаргасан тайлбарын агуулга:

7.1. ******* ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 7.12 дахь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т зааснаар ажилтны эрхийг дордуулсан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар.

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээнээс дордуулахгүйгээр харилцан тохиролцож ажилтныг илүү таатай нөхцөлөөр хангах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нийгмийн хамгаалалтай холбоотой хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэхээр ажил олгогч, ажилтны төлөөлөгчийн хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог хэлнэ гэж заасан.

******* ТӨҮГ нь хуулийн энэхүү зохицуулалтыг үндэслэн ажилтны төлөөлөл болсон Үйлдвэрчний Эвлэлийн холбоотой 2000 оноос эхлэн 2 жил тутам Хамтын гэрээ-г байгуулж, ажилтны хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээнээс дордуулахгүй нөхцөлөөр харилцан тохиролцож, ажилтныг илүү таатай нөхцөлөөр хангах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нийгмийн хамгаалалтай холбоотой хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг нарийвчлан зохицуулсаар ирсэн.

Үүний нэг нь тус үйлдвэрийн газраас Үйлдвэрчний Эвлэлийн холбоотой хамтран 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баталж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Хамтын гэрээ юм.

Тус хамтын гэрээний зохицуулалт нь хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хуулийг дордуулаагүй болно. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хууль /2022.01.01/-ийн 82 дугаар зүйлийн 82.5-т Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон ажилтанд ажил олгогч энэ хуулийн 82.1-д заасан хэмжээний тэтгэмж олгоно, 82.1.2-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагад хоёр жилээс тав хүртэл жил ажилласан бол хоёр ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор хуульчлан зохицуулсан. Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд ******* ТӨҮГ-ын Дотоод хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан П.*******гийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хүсэлтийг хүлээн авч, түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 82.5 дахь заалтуудыг үндэслэн тус үйлдвэрийн газарт 3 жил 1 сар ажилласан тул 2 сарын үндсэн цалин (4,670,476*2)-тай тэнцэх хэмжээний буюу 9,340,958 төгрөгийн тэтгэмжийг олгосон нь хууль тогтоомж зөрчөөгүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...******* ТӨҮГ-т 3-аас дээш жил ажиллаагүй ч төр болон хувийн хэвшилд 33 жил ажилласан хэн нэгнийг алаг үзэх, хуулийн өмнө эрх тэгш байх зарчмын эерэг шинжтэй, ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан заалт гэж үзэж байна.

Тус үйлдвэрийн газар нь хамтын гэрээний дээрх заалтыг үндэслэн 30-с дээш жил манай үйлдвэрт ажиллаагүй үндэслэлээр шалгуур тавьж байгаа нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 16 дугаар зүйлийн 16.5 дахь заалтуудыг зөрчиж байна гэж тайлбарладаг.

******* ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 7.12-т заасан ... тус үйлдвэрийн газарт ажилласан жилийг үндэслэн тэтгэмж олгох... талаар зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан тухайн аж ахуй нэгж, байгууллагад ажилласан хугацааг харгалзах талаарх Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтад үндэслэгдсэн. Тиймээс хуулийн дээрх заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол Үндсэн хуулийн цэцэд хандаж, хуулийн зохицуулалт ажилтны эрх ашгийг дордуулсан, хууль зөрчсөн маргаанаа шийдвэрлүүлэх боломжтой байсан.

Тус үйлдвэрийн газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 32, 33 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар хамтын гэрээг хууль тогтоомжид нийцэж буй эсэх асуудлаар тухайн нутаг дэвсгэрийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн байгууллагад хүргүүлдэг бөгөөд бүртгэх эрх бүхий байгууллагаас хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг хянаж, хамтын гэрээ хэлэлцээрийг хуульд нийцсэн үндэслэлээр бүртгэж, хамтын гэрээнд зааснаар талууд гэрээний хяналтыг харилцан хэрэгжүүлэн ажилласан болно.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талаас гаргаж буй ******* ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 7.12 дахь заалт ажилтны эрхийг дордуулсан, хүчин төгөлдөр бус гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

7.2. Нэхэмжлэгчийн төрийн албанд ажилласан жилийг ******* ТӨҮГ-т ажилласантай адилтган тооцож, тус үйлдвэрийн газраас 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 201,644,003 төгрөг гаргуулах шаардлагын талаар.

Одоогийн эрх зүйн зохицуулалт /холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмууд/-д Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилласан хугацааг төрийн албанд ажилласнаар тооцох эсхүл төрийн албанд ажилласан хугацааг төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилласнаар тооцох талаарх зохицуулалт байхгүй.

Хууль тогтоогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагад ажилласан жилийг үндэслэн тэтгэмж олгох талаар тусгасан нь тухайн аж ахуйн нэгж байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах хүний нөөцийн бодлогыг зохицуулсан зохицуулалт гэж үздэг.

Аливаа хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичиг нь эрх тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт, авлига, хээл хахуул гэх мэт нийгэмд байдаг бусармаг үйлдлээс ангид иргэн /ажилтан/ бүрд адил тэгш үйлчлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэгддэг. Нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлага нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, нийтээр тогтоосон эрх зүйн хэм хэмжээг зөрчиж, өөртөө давуу байдал бий болгохыг хүссэн хууль бус шаардлага юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8-т зааснаар хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам нь хүнийг ялгаварлан гадуурхсан, эрхийг нь хязгаарласан, эсхүл бусдад аливаа хэлбэрээр давуу байдал бий болохыг хориглодог. Гэтэл зөвхөн 1 ажилтан /П.******* тухайн үед ажиллаж байсан/-д давуу байдал олгож, тус үйлдвэрийн газарт 3 жил 1 сар ажилласан атал 30 жил ажилласнаар тооцож тэтгэмж олгох хууль эрх зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Нэгдүгээрт ******* ТӨΥΓ-т 3 жил 1 сар ажилласан боловч үр бүтээлтэй, ажилласан, Хоёрдугаарт тус үйлдвэрийн газрын удирдлагын зүгээс төрийн жинхэнэ албан хаагчийн нийгмийн баталгааг дордуулахгүй байх талаар амлалт өгсөн, Гуравдугаарт төрд 30 гаран жил ажилласан боловч тэтгэмж авч чадаагүй гэж тайлбарладаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасан тэтгэмж нь ажилтны ажлын гүйцэтгэл, үр дүнгээс хамааралгүйгээр тухайн аж ахуй нэгж байгууллагад ажиллаж, хуульд заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох, цуцлагдахад олгогддог тэтгэмж бөгөөд аливаа хэлбэрээр ажлын гүйцэтгэлээс үүдэлтэйгээр түүний хувь хэмжээ нэмэгдэх үндэслэлгүй. Харин ажлын гүйцэтгэл, үр дүн, ур чадварыг үнэлэх урамшуулах асуудал нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэмэгдэл, шагнал, урамшуулал олгох хэлбэрээр зохицуулагддаг.

******* ТӨҮГ-ын хувьд ажилтнуудынхаа ажлын гүйцэтгэл, үр дүнг урамшуулах зорилгоор Цалин хөлсний тухай журам-ыг баталж мөрдүүлдэг бөгөөд тухайн ажилтны ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн сар бүр гүйцэтгэлийн урамшуулал, улирал бүр ур чадварын нэмэгдэл, сар, жилийн үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалин зэргийг олгодог.

Жишээ нь П.*******д тус үйлдвэрийн газарт ажилласан 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажлын үр дүнгийн урамшуулалд 25,115,731 төгрөг, ур чадварын нэмэгдэлд 29,729,772 төгрөг, жилийн үр дүнгийн урамшуулалд 13,315,443 төгрөг, нийт дээрх урамшуулал, нэмэгдэл, нэмэгдэл цалинд 68,160,946 төгрөгийг үндсэн цалингаас гадна олгосон.

Нэхэмжлэгчээс тус үйлдвэрийн газрын удирдлагын зүгээс төрийн жинхэнэ албан хаагчийн нийгмийн баталгааг дордуулахгүй байх талаар амлалт өгч, төрийн албанаас миний биеийг шилжүүлэн авч ажиллуулсан гэх тайлбарыг өгдөг ч холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн албанаас төрийн өмчит хуулийн этгээдэд ажилтныг шилжүүлэх хууль эрх зүйн үндэслэл байхгүй /Төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах журамд зааснаар төрийн нэг байгууллагаас нөгөөд шилжүүлэн ажиллуулах талаар зохицуулсан/ бөгөөд мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар бүхий ажилтныг ажилд авч байгаа тохиолдолд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтантай контракт байгуулж нэмэлт нөхцөл, баталгааны талаар тохиролцох боломжтой байсан ч ийнхүү тохиролцсон асуудал болоогүй болно.

Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар П.*******г төрийн албанаас шилжүүлэн авсан талаар хэрэгт баримт байхгүй байгаа болон нэмэлт нөхцөл тохироогүй талаарх хариуцагчийн тайлбар, П.*******г ажилд томилсон тушаал, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнээс тус тус тодорхой харагдана. Анхан шатны шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь зөв зүйтэй дүгнэж, холбогдох хууль тогтоомжийг зөв тайлбарласан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд аливаа хэлбэрээр процесс зөрчсөн алдаа гараагүй. Нэхэмжлэгч тал нь давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх хуулийн ямар заалтыг, хэрхэн буруу тайлбарлаж хэрэглэсэн, анхан шатны шүүхийн шийдвэрийн аль хэсэг хууль зөрчсөн талаар дурдаагүй, өөрийн нэхэмжлэлийн шаардлага нь ямар хууль тогтоомжийг үндэслэсэн болон нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар нотлогдож тогтоогдсоныг шүүх юу гэж буруу дүгнэсэн талаар дурдаагүй тул энэхүү гомдол нь хуулийн шаардлагыг хангахгүй.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2024/01555 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

8. Хариуцагч Монгол Улсын ******* яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.*******ын гаргасан тайлбарын агуулга:

8.1. Нэхэмжлэгч нь 36 сарын тэтгэмж авах эрхтэй гэх үндэслэлээ төрийн албанд 33 жил ажилласан гэж тайлбарладаг. Тухайн харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хууль болон төрийн албан хаагчид олгох тэтгэмжийн тухай журмын зохицуулалтын талаар.

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тухайн төрийн албан хаагч нь чөлөөлөгдөх үедээ төрийн албан хаагч байх ёстой гэх агуулгаар хуульчилсан. Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан журмын 1.1-д энэхүү журмын зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.2.3-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид тэтгэмж олгох харилцааг зохицуулна гэж заасан.

Нэхэмжлэгч П.******* өндөр насны тэтгэвэр тогтоолгох үедээ төрийн албан хаагч байсан эсэх нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. П.******* нь ******* ТӨҮГ-т ажиллаж байхдаа өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. ******* ТӨҮГ нь төрийн байгууллага биш бөгөөд төрийн албан хаагч биш байх үедээ чөлөөлөгдсөн этгээдэд тэтгэмж олгох хууль эрх зүйн зохицуулалт байхгүй.

Хэрэв шүүхээс нэхэмжлэгчийн тайлбарлаж буй агуулгаар хуулийг тайлбарлаж хэрэглэвэл хууль зүйн хувьд буруу жишиг тогтох эрсдэлтэй.

8.2. Монгол Улсын ******* яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/40 дугаар тушаалыг нэхэмжлэгч тал дурдсан. Анхан шатны шүүх хуралдаанд ******* ТӨҮГ-ын төлөөлөгч тайлбартаа хэрэв ******* ТӨҮГ-т шилжин эсхүл сэлгэн ажилласан бол ажилд томилсон тушаал энэ агуулгаар гарах байсан, гэвч энэ агуулгаар гараагүй буюу анх томилж байгаа албан хаагч гэдэг агуулгаар гарсан. ******* ТӨҮГ руу төрийн албан хаагч шилжин, сэлгэн ажиллах боломжгүй, ийм тохиолдол байгаагүй гэдгийг дурдсан. Төрийн албаны тухай хуулиас харахад төрийн албан хаагч нь төрийн албанаас хувийн хэвшил буюу ******* ТӨҮГ руу шилжиж юм уу эсхүл сэлгэн ажиллах боломжгүй.

Тушаалыг харвал П.*******г ажлаас чөлөөлөх тухай гэж гарсан. Эхний заалтаар 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэж гарсан. П.******* нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалтай 5 дугаар сард танилцсан гэдгээ шүүх хуралдаанд мэдэгдсэн. Гэвч 2019 оны 5 дугаар сард танилцсан ч гэсэн өнөөдрийг хүртэл уг тушаалтай маргаагүй. Дээр дурдсан сэлгэн, шилжүүлэн ажиллуулах журмын 5.3-д энэхүү журамтай холбоотойгоор маргаан үүсвэл Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасны дагуу хянан шийдвэрлэнэ гэж заасан. Нэхэмжлэгч талын тайлбарласан шиг хууль бус гэж үзсэн бол яагаад огт маргаагүй вэ гэдэг асуудал яригдана. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* яам болон ******* ТӨҮГ-ын аль алинаас нь шаардах эрхтэй, алинаас нь гаргуулахыг шүүх шийдэх эрхтэй гэж тайлбарласан. Гэвч ийм зүйл байх боломжгүй, хэнээс юуг шаардаад байгааг нэхэмжлэлд тодорхой дурдаад, нотлох үүрэгтэй байдаг. Шүүх өөрөө хэнээс нь хэдийг гаргуулахаа шийднэ гэдэг агуулгаар шийдвэрлэвэл нэхэмжлэлийн агуулгаас давсан буюу хууль хэрэглээний хувьд алдаа гарах эрсдэлтэй.

Дээрх байдлаар нэхэмжлэгч нь ******* яамнаас 36 сарын тэтгэмж гаргуулах нь хууль зүйн хувьд боломжгүй. Иймд анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Монгол Улсын ******* яаманд холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу 36 сарын цалин, хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн буцалтгүй тусламж олгохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж 51,007,284 төгрөг гаргуулах, ******* ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 7.12 дахь заалтыг ажилтны эрхийг дордуулсан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах, төрийн албанд ажилласан жилийг ******* ТӨҮГ-т ажилласантай адилтган тооцож, 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 201,644,003 төгрөгийг ******* ТӨҮГ-аас гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. ******* яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б40 дугаар тушаалаар П.*******г ******* яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн ажил, албан тушаалаас 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн байна. /2-хх-ийн 243 дугаар тал/

3.2. ******* ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/542 дугаар тушаалаар П.*******г тус газрын Дотоод хяналтын хэлтсийн орлогч даргын ажил, албан тушаалд томилжээ. /1-хх-ийн 81 дүгээр тал/

3.3. Улмаар ******* ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/860 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 10 дахь заалтууд, Хөдөлмөрийн туахй хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх залат, 82 дугаар зүйлийн 82.1.2, 82.5 дахь заалт, 83 дугаар зүйлийн 83.3, 83.4, 83,5 дахь заалтууд, 110 дугаар зүйлийн 110.3 дахь заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, ажилтан П.*******гийн өргөдөл зэргийг үндэслэн Дотоод хяналтын хэлтсийн орлогч дарга П.*******г өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж, хүсэлт гаргасан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөр дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн. /1-хх-ийн 83 дугаар тал/

4. Анхан шатны шүүх Монгол Улсын ******* яаманд холбогдох нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхдээ хэргийн харьяалал зөрчсөн байна.

4.1. Нэхэмжлэгч П.******* нь Монгол Улсын ******* яамнаас 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, 51,007,284 төгрөг гаргуулахаар шаардсан.

Талуудын тайлбар болон хэргийн баримтаас дүгнэвэл нэхэмжлэгчийг шилжүүлэх болон сэлгэн ажиллуулах байдлаар өөр байгууллагад ажиллуулж байсан эсэх, үүнтэй холбоотойгоор төрийн албан хаагчид олгох тусламж авах эрхтэй эсэх асуудлаар маргажээ.

Дээрх нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан иргэний хэрэг үүсгэх үндэслэлд хамаарахгүй буюу иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд анхан шатны шүүхээс хариуцагч Монгол Улсын ******* яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт хийхгүй.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон ******* ТӨҮГ-ын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч маргааны үйл баримтыг буруу тогтоож, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдаа болон тогтоох хэсэгт баримталсан хуулийн зохицуулалт оновчгүй болсныг залруулсан өөрчлөлт оруулна.

5.1. Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Нэхэмжлэгчийн хувьд Хамтын гэрээний 7.12-т заасан тэтгэмж авах нөхцөл бүрдсэн эсэх, тухайн заалт хууль зөрчсөн эсэх асуудал нь маргааны зүйл болсон.

5.2. Нэхэмжлэгч нь 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд ******* ТӨҮГ-ын Дотоод хяналтын хэлтсийн орлогч даргаар 3 жил 1 сар ажилласан, тус байгууллагын ерөнхий захирлын 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/860 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5 дахь хэсэгт өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон ажилтанд ажил олгогч нь энэ хуулийн 82.1-д заасан тэтгэмжийг олгоно гэж зохицуулсан.

Талуудын тайлбар болон хэргийн баримтаар нэхэмжлэгчийн хариуцагч байгууллагад ажилласан хугацаанд авах тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад хамаарч, ажил олгогч нь хоёр ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох үүрэгтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээнээс дордуулахгүйгээр харилцан тохиролцож ажилтныг илүү таатай нөхцөлөөр хангах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нийгмийн хамгаалалтай холбоотой хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэхээр ажил олгогч, ажилтны төлөөлөгчийн хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог хамтын гэрээ гэж тодорхойлсон.

******* ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 7.12-т тус үйлдвэрийн газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ажилтанд тус үйлдвэрт ажилласан жилийг нь үндэслэн тодорхой хугацааны үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор зохицуулж, 10 буюу түүнээс дээш жил ажилласан ажилтанд хуульд заасан хэмжээнээс илүү, 10-аас доош жил ажилласан бол хуульд заасан хэмжээний тэтгэмж олгохоор тохирч, ажилласан хугацаа тус бүрээр тэтгэмжийн хэмжээг тодорхойлжээ.

Хамтын гэрээний дээрх тохиролцоо Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар олгох тэтгэмжээс дордуулаагүй, мөн ажилтанд илүү ашигтай, ажилтны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангасан гэж үзэх үндэслэлтэй тул тухайн тохиролцоог хүнийг ялгаварлан гадуурхсан, эрхийг нь хязгаарласан, давуу байдал олгосон гэж дүгнэхгүй. Иймд Хамтын гэрээний 7.12-т заасан зохицуулалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага хангагдахгүй бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

5.3. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй туслаж олгох журам нь төрийн албан хаагчийн төрийн албанд ажилласанд тооцох хугацаа болон төрийн албанд ажилласан жилээс хамааран тооцох цалингийн дундаж хэмжээг хэрхэн тооцох талаар зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл дээрх журмаар төрийн албанд ажилласан жилийг төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилласан хугацаанд тооцох асуудлыг зохицуулаагүй тул энэ үндэслэлээр 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 201,644,003 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруу гэж үзнэ.

Талуудын хөдөлмөр эрхлэлтийн харилцаанаас үүссэн тэтгэмжтэй холбоотой маргааныг Хөдөлмөрийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна.

Хамтын гэрээгээр хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэх зорилготой бөгөөд үүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогчоос ажилтанд олгох тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг дээрх гэрээгээр зохицуулж болохыг заасан.

Хэрэгт авагдсан ******* ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний тэтгэвэр, тэтгэмж олгохтой холбоотой асуудлаар ажилтны өөр газарт ажилласан хугацааг тус үйлдвэрт ажилласан хугацаанд тооцох талаар зохицуулаагүй байх тул нэхэмжлэгчийн төрийн албанд ажилласан хугацааг хариуцагч байгууллагад ажилласантай адилтган тооцох үндэслэлгүй юм.

5.4. Түүнчлэн, хариуцагч байгууллагад үр бүтээлтэй ажилласан ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдолд тус байгууллагад ажилласан хугацаанаас үл хамааран 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох талаар хамтын гэрээнд зохицуулаагүй байна. Иймд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр дотоод аудитыг гүйцэтгэсэн, түүний үр дүнтэй холбоотой нотлох баримтуудыг үнэлээгүй, буруу үнэлсэн талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхино.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын удирдлагаас төрийн жинхэнэ албан хаагчийн нийгмийн баталгааг дордуулахгүй байх талаар амлалт өгсөн гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2024/01555 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т ТӨҮГ-т холбогдох, ******* ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 7.12 дахь заалтыг ажилтны эрхийг дордуулсан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах, төрийн албанд ажилласан жилийг ******* ТӨҮГ-т ажилласантай адилтган тооцож, 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 201,644,003 төгрөг гаргуулах тухай П.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсэгт шинээр 2 гэсэн заалтыг нэмж, уг заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын ******* яаманд холбогдох Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу 36 сарын цалин, хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн буцалтгүй тусламж олгохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж 51,007,284 төгрөг гаргуулах тухай П.*******гийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 гэснийг 3 гэж, 3 гэснийг 4 гэж, 4 гэснийг 5 гэж тус тус дугаарлалтыг өөрчилж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.ГАНДИЙМАА