Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 496

 

     Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 18-20 тоотод оршин суух,  1984 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ84080462, Хольдог овогт Ургамалын Ганчимэгийн нэхэмжлэлтэй,  

        Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 11-90 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, 39 настай, эрэгтэй,  регистрийн дугаар ОМ77062916, Шаавай овогт Балбааны Нямзоригт холбогдох,

       Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Ганчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч У.Ганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болог шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2002 онд Б.Нямзоригтой гэр бүл болж 2002 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүү Н.Гантогтох, 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүү Н.Баттөр нарыг тус тус төрүүлсэн. Нөхөр бид хоёр 11 жил хамт амьдарсан. Эхний үед бид хоёр үр хүүхэд амьдрал ахуйгаа өөд нь татах гэж зүтгэж, эвтэй найртай ажиллаж амьдарч хөдөлмөрлөж байсан юм. Манай нөхөр урд нь надтай хамт амьдарч байхдаа архи хааяа уудаг байсан юм. Гэтэл 2006 оноос Б.Нямзориг нь архи хэтрүүлэн ууж ирээд намайг зодож олон нийтийн газар хүний дэргэд хэл амаар доромжилж, миний төрсөн ээж 64 настай Зинахүүг “Гал голомтоор чинь устгана” гэж айлган сүрдүүлдэг байсан. Түүний архи уух нь хэрээс хэтэрч байнга ууж, үр хүүхдэдээ анхаарал хандуулахаа больж, намайг зодож дарамталж, миний эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулдаг болсон юм. Би Б.Нямзоригийг удаа дараа эрүүлжүүлэх дуудаж хонуулахад маргааш нь гарч ирээд дахин архи ууж дарамтлан агсам согтуу тавьдаг байсан. Иймд аргагүйн эрхэнд цагдаад хандаж сүүлийн удаагийн зодсон үйлдлийг прокурорын байгууллагаар шалгуулснаас хойш буюу 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс хойш нөхөр бид хоёр тус тусдаа амьдарч байна. Б.Нямзориг намайг зодохдоо миний биед байнга гэмтэл учруулдаг, намайг байнга “Араас чинь хутгалж ална, нүдэнд чинь харагдахгүй чулуу шидэж ална, чи амьд явахгүй, 2 хүүхдээ үхсэнд тооцсон” гэж хэлдэг. Миний зүүн нүд хараа сулралтай, гэтэл Б.Нямзориг миний нөгөө нүдийг цохиж гэмтээсэн, би 2 хүүхдээ бодож түүний асар их дарамтыг тэвчиж ирсэн боловч сүүлдээ Б.Нямзоригоор зодуулж бие эрхтнээсээ хагацах хэмжээнд хүрсэн. Иймээс миний бие насанд хүрээгүй 2 эрэгтэй хүүхдээ авч гэр орноо орхин Улаанбаатар хотод 2 жил гаруй амьдарч байна. Энэ хугацаанд би нөхрөө эргээд хамт амьдах болвуу, ухаарах болвуу гэж их харсан. Гэтэл огт өөрчлөгдөөгүй. Надаас салаад өг гэсэн. Би нөхөр Б.Нямзоригтой амьдрах хугацаандаа байнгын гэр бүлийн хүчирхийлэлд байсан ба одоог хүртэл тусдаа амьдрахдаа утсаар залгаж, мессежээр дарамталж байгаа юм. Иймд эвлэрүүлэн зуучлагчид хандахгүйгээр шүүхэд хандаж байна. Бид хоёрын хооронд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй. Хоёр хүүхэд маань бид хоёрыг салахад намайг дагаж яваад хамт амьдарч, сурч байгаа. Би 2 хүүгээ өөрийн асрамжид авна. Иймд гэрлэлтээ цуцалж, 2 хүүхдэд тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.

      Хариуцагч Б.Нямзориг шүүхэд гаргасан тайлбартаа: “Миниы бие эхнэр Б.Нямзоригтой 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж амьдарсан. 2002 онд хүү Н.Гантогтох, 2006 онд хүү Н.Баттөр нар төрсөн. Мөн 2012 оны 2 дугаар сараас охин Гэрэлгэгээг асран авч ам бүл 5-уулаа амьдарч байсан. Манай гэр бүлийн маргаан нь эхнэр У.Ганчимэгийн хийж байсан бизнес, болон зарлага орлогын тооцоо, банк хувь хүний зээл авалт, төлөлтийн асуудлаас үүсдэг байсан. Мөн эхнэр У.Ганчимэг өөрөө хөдөө тогоочийн ажил хийхээр яваад сураггүй алга болсон. 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүү Н.Баттөр мөн алга болоход би цагдаа болон шүүхийн байгууллагад хүүхэд хулгайлсан хэргээр хандсан боловч төрсөн ээж нь учраас хүлээн аваагүй. Хүү Н.Гантогтох мөн дүүгээ Улаанбаатар хотоос авч ирэхээр яваад сураггүй болсон. Би хүүхдүүдтэйгээ утсаар ярьж уулзахыг эхнэрээсээ гуйдаг боловч намайг яриулдаггүй, миний хоёр хүүхдийг ааваас нь хүчээр холдуулж байгаад маш их гомдолтой байна. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Би эхнэр У.Ганчимэгт бүх хөрөнгө болох 2 ширхэг талбай, дэлгүүр, жимс хадлангийн талбайгаа өгөхөөр тохирсон, харин хүүхдийн тэтгэлэг төлж чадахгүй. Би өөрийн бүх хөрөнгөө У.Ганчимэгт өгөөд охин Гэрэлгэгээ болон өндөр настай ээжийн хамт үлдэж байгаа учир миний энэ байдлыг харгалзан үзэж 2 хүүхдийн тэтгэлгээс чөлөөлж өгнө үү. Өөр маргаан байхгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч У.Ганчимэг нь хариуцагч Б.Нямзоригоос гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      У.Ганчимэг, Б.Нямзориг нар 2002 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж хамт амьдарсан, тэдний дундаас 2002 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүү Н.Гантогтох, 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүү Н.Баттөр нар төрсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох дугаар 104/000131 тоот гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, дугаар 104/000130 тоот төрсний бүртгэлийн лавлагаа, дугаар 104/000129 тоот төрсний бүртгэлийн лавлагаа болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

        Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбар, мөн 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор тус тус нотлогдож байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн бөгөөд эвлэрүүлэх хугацаа өгөх шаардлагагүй гэж үзлээ.

      Мөн эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, хөдөлмөр эрхлэлт зэрэг нөхцөл байдал болон зохигчдын тайлбар, хүүхдийн саналыг харгалзан хүү Н.Гантогтох, Н.Баттөр нарыг эх У.Ганчимэгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Н.Гантогтохыг 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, хүү Н.Баттөрийг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Б.Нямзоригоор сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.

    Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтууд нь хэрэгт хамааралгүй, мөн нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул үнэлээгүй болно.

      Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч  эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж,  хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.   

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан тул хариуцагч Б.Нямзоригоос улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Ганчимэгт олгох, хариуцагчасс 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн тул 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж /Улаанбаатарт амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээ нь 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 183.700 төгрөг байх ба 183.700, мөн үүний 50 хувь буюу 91.850 төгрөгийг сар бүр нэхэмжлэгч нь хариуцагчид төлөх тул үүнийг 12 сараар тооцвол нийт 3.306.600 төгрөг, үүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 67.856 төгрөгийг нэхэмжлэгч Б.Нямзоригоос гаргуулж улсын орлогод оруулах зэрэг үндэслэлтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Хольдог овогт Ургамалын Ганчимэг /РД:ОЭ84080462/, Шаавай овогт Балбааны Нямзориг /РД:ОМ77062916/  нарын гэрлэлтийг цуцалсугай.

      2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэгчдийн 2002 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүү Н.Гантогтох, 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүү Н.Баттөр нарыг эх У.Ганчимэгийн асрамжид үлдээсүгэй.

        3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү  Н.Гантогтохыг 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, хүү Н.Баттөрийг  11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр  эцэг Б.Нямзоригоор тэжээн тэтгүүлсүгэй.

         4. Зохигчдод эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.

       5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т  нэхэмжлэгчийн төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Нямзоригоос 70.200  /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Ганчимэгт олгож, хариуцагч Б.Нямзоригоос 67.856 /жаран долоон мянга найман зуун тавин зургаа/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

       6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       П.БОЛОР