Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/01201

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 07 210/МА2024/01201

 

 

П., Н. нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/01044 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: П., Н.

Хариуцагч: Н ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нийт 73,500,000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.Т, хариуцагчийн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн өмгөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Н. нь Н ХХК-д 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн рестораны зохион байгуулалт, үйлчилгээний заал хариуцсан менежерийн ажил албан тушаалд, П. нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ахлах тогоочийн ажил албан тушаалд тус тус томилогдож, ажиллаж эхэлсэн.

1.2 Ажилд томилогдох үед Н ХХК нь Н.гийн үндсэн цалинг 1,000,000 төгрөгөөр, П.ын сарын үндсэн цалинг 1,200,000 төгрөгөөр тус тус тогтоосон боловч өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй. Мөн менежерийн болон ахлах тогоочийн албан тушаалд томилсон тушаал гаргаагүй. Улмаар хариуцагч нь нэхэмжлэгч нарын ажлын гүйцэтгэлийг үнэлж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Н.гийн сарын үндсэн цалинг 1,500,000 төгрөг болгож, П.ын сарын үндсэн цалинг 2,000,000 төгрөг болгож тус тус нэмэгдүүлсэн.

1.3 Н ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Д нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тухайгаа амаар мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нарт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ямар үндэслэлээр дуусгавар болгож байгаагаа танилцуулаагүй, тушаал бичгээр гаргаж өгөөгүй.

1.4 Иймд П.ыг Н ХХК-ийн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 42,000,000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах, Н.г Н ХХК-ийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 31,500,000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг тус тус даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Ерөнхий тогоочоор ажиллаж байсан П. ажлаас гарах хүсэлтээ компанид тавьсны үндсэн дээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Менежерээр ажиллаж байсан Н.гийн хувьд нөхөр П.тай хамтран компанийн хөрөнгийг завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Рестораны ашиг орлогоос тодорхой хэмжээгээр өөртөө авсан. Өнөөдрийг хүртэл компанид буцааж төлөөгүй. Ресторанд танхайрсан, гүйцэтгэх захирал Б.Дын биед халдаж, гэмтэл учруулсан. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.

2.2 Хариуцагчийн зүгээс мөрдөн байцаалтын явцад нэхэмжлэгч нар компанид хохирол учруулсан нь тодорхой болмогц сөрөг нэхэмжлэл гаргана.

2.3 Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.ыг Н ХХК-ийн ахлах тогоочийн ажилд, Н.г Н ХХК-ийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Н ХХК-иас нэхэмжлэгч П.ын өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 40,000,000 төгрөгийг гаргуулж П.д, нэхэмжлэгч Н.гийн олговорт 24,570,850 төгрөгийг гаргуулж, Н.д тус тус олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын 2022 оны 07 дугаар сараас 2024 оны 02 дугаар сарыг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын дансанд шилжүүлэн, дэвтэрт зохих бичилтийг нөхөн хийж, баталгаажуулахыг хариуцагч Н ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 8,929,150 төгрөг гаргуулах шаардлага болон нэхэмжлэгч нарын 2022 оны 06 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг хийх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-иас 140,400 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хариуцагч хуульд заасны дагуу 5,429,150 төгрөгийг буцаан гаргуулах талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Нэхэмжлэгч нарыг тухайн асуудлаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 хэлтэст шалгаж, хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Тус хэрэг бүртгэлтийн хэрэг шалгагдаж байгаа бөгөөд яллагдагчаар татаагүй, шүүхээр гэм буруутай эсэхийг тогтоогоогүй. Гэтэл шүүхээс ямар баримтад тулгуурлаж энэхүү мөнгийг завшсан гэж үзэж байгаа нь тодорхой бус байна.

4.2 Хөдөлмөрийн тухай хуульд эд хөрөнгийн бүрэн эсхүл хязгаарлагдмал хариуцлага хүлээх тухай заасан. Бүрэн хариуцлагыг хөдөлмөрийн гэрээний дагалдах гэрээгээр эсхүл хөдөлмөрийн гэрээнд заасны үндсэн дээр гаргуулдаг. Гэтэл ажил олгогч нь нэхэмжлэгч нартай хөдөлмөрийн гэрээ, бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй юм. Иймээс шүүхээс тус мөнгийг гаргуулж байгаа нь үндэслэлгүй бөгөөд гэм хор эсхүл Хөдөлмөрийн тухай хуульд заасан бүрэн хариуцлагын хүрээнд мөнгийг гаргуулж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа юм.

4.3 Тухайн дансаар мөнгө орсон нь үнэн боловч энэхүү маргаантай огт хамааралгүй үйл баримт бөгөөд мөнгө дансаар орсон нь завшсан гэсэн агуулга илэрхийлэхгүй. Харин нэхэмжлэгч нар нь тухайн байгууллагын ногоо, хүнс, дотоод хэрэгцээтэй бараа материалыг авдаг байсан тул ажил олгогчоос нэхэмжлэгч рүү мөнгө шилжүүлж байсан. Үүнтэй холбоотой баримт болох тул нэхэмжлэгч Н.г зөвхөн Хаан банкны дансаар мөнгө орсон гэсэн баримтаар мөнгө авсан гэж буруутгаж, гэм бурууг тогтоох нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу нэхэмжлэгч Н.гийн олговроос 5,429,150 төгрөгийг хасч тооцсон хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Нэхэмжлэгч нарт холбогдуулан цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа. Бид 2 удаа шүүхэд эрүүгийн хэргийг шийдвэрлэгдтэл иргэний хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан. Сөрөг нэхэмжлэлийн тухайд бид сөрөг нэхэмжлэл гаргаагүй, мөнгө завшсан буюу Н. өөрийн дансаар 5,000,000 гаруй төгрөгийг хүлээн авсан гэдгээ шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн. Шүүх Н. авсан, дансаар авсан нь тогтоогдож байна гээд шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.5 дахь хэсэгт бичсэн боловч Н.г ажлаас халсан, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж үзэхээр харагдаж байгаа.

5.2 Нэхэмжлэгчийн зүгээс энэ мөнгийг ийм зүйлүүдэд зарцуулсан гэдэг талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Өөрийн Хаан банкны дансаар байгууллагын рестораны орлогыг авсан гэдэг нь нотлогдож байгаа гэжээ.

6. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 П. нь 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн бүх ажилчдын хурал дээр ажлаасаа гарах тухайгаар өөрийн биеэр хэлсэн. Тэрээр компанид бичгээр өргөдөл гаргаж өгөөгүй тул П.ын энэхүү үйлдлийг нотлуулахаар хариуцагчийн хүсэлтээр тус ресторанд ажиллаж байсан С., Б., Ч. нарыг тус тус гэрчээр асуулгасан. Ийнхүү 3 гэрчийн мэдүүлгээр өөрийн хүсэлтээр ажлаас гарсан гэдгийг нотлогдсон. Гэтэл шүүх эдгээр гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын түвшинд үнэлэлгүйгээр зөвхөн П.ын бичгээр гаргасан өргөдөл байхыг шаардаж байгаа нь үндэслэлгүй.

6.2 Н.тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасныг үндэслэн цуцалсан. Учир нь, Н.гийн хувьд 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хүлээн авалтын мөнгийг өөрийн дансаар авсан гэдэг нь тодорхой болсон тул хөдөлмөрийн гэрээ цуцалсан. Энэ талаар Н. нь өөрөө 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хурал дээр хүлээн зөвшөөрсөн. Рестораны дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.10, 9.24 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн.

6.3 Эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах талаар ажилтантай тохиролцоогүй, энэ талаар бичгийн нотлох баримт байхгүй гэдэг нь Н.г мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэж үзэхгүй байх үндэслэл болохгүй.

6.4 Н.гийн хувьд рестораны заалны зохион байгуулалтыг хариуцахаас гадна хүлээн авалт, арга хэмжээний захиалга хүлээн авах, захиалга оруулах, төлбөрийг байгууллагын дансаар хүлээн авах, тооцоо хийх, түүнчлэн ресторанаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчээс төлбөр тооцоог хүлээн авах, ажлын өдрийн эцэст кассын тооцоог гаргах, лангуун дээрх уух зүйлсийг залхалах, хүлээн авах ажил үүргийг гүйцэтгэдэг ажилтны хувьд ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийг хариуцсан ажилтан гэдэг нь тодорхой. Хариуцагчийн зүгээс мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.5 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нарт тушаалыг гардуулах гэсэн боловч тэд 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс хойш ажилдаа ирээгүй, ирж уулз, тушаалаа ав гэхээр өмгөөлөгчтэй очно гэдэг байсан. Ингэж явсаар 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан.

6.5 Н.гийн рестораны орлогыг хувийн дансаар авч, завшсан байж болзошгүй, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны хүлээн авалтын нийт 5,429,150 төгрөгийг өөрийн дансаар авч компанид эргүүлэн өгөөгүй байгаа үйлдлийг шалгуулахаар Н ХХК-аас 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгуулахаар гомдол гаргасан. Ингэхдээ ерөнхий тогооч П.ыг мөн адил шалгуулахаар цагдаад гомдол гаргасны дагуу өнөөдрийг хүртэл тус гомдлоор хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийгдэж байна. Хариуцагчийн зүгээс энэхүү нөхцөл байдлыг тайлбарлаж, тухайн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэх боломжтой тул эрүүгийн хэрэгтэй хамт иргэний хэргийг шийдвэрлүүлэх зорилгоор шүүх хурлыг хойшлуулах, хэрэг бүртгэлтийн талаар нотлох баримтыг Сүхбаатар дүүргийн прокуророос гаргуулах хүсэлтийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан боловч шүүхээс тус хүсэлтийг бүтэн 8 сарын дараа буюу 2023 оны 06 сарын 29-ний өдрөөр шийдвэрлэсэн байдаг. Улмаар 2023 оны 10 сарын 02-ны өдрийн хуралдаан дээр тус иргэний хэргийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлүүлэхээр хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч шүүгч үндэслэлгүйгээр хариуцагчийн гаргасан энэхүү хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

6.6 Энэ хугацаанд Н. болон П. нарын арилжааны банк дахь дансны хуулга дээр үндэслэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын санхүүгийн шинжээчээс дүгнэлт гарсан. Дүгнэлтээр Н. болон П. нарын дансаар 1 жилийн хугацаанд 486,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээс 111,000,000 төгрөг нь рестораны орлого, 98,000,000 өгрөгийг ямар учиртай орлого талаар мөрдөн байцаалт хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс өнөөдрийн байдлаар шинжээчийн дүгнэлтэд дурдсан дүнгээр мөрдөн байцаалт хийгдэж байна. Ийнхүү шүүх болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны удаашралтай байдлаас шалтгаалж өнөөдрийг хүртэл эрүүгийн хэрэг шийдэгдээгүй байхад энэхүү хөдөлмөрийн маргааны шийдвэрлэж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэн нь хүртэл үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 Н.г ажлаас халсантай холбоотой асуудлын хувьд гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт зааснаар ажлаас халсан. Тус зохицуулалт нь ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь тогтоогдсон бол ажлаас чөлөөлнө гэж заасан. Ажил олгогч нь үндэслэлгүйгээр цагдаад өгчихөөд тогтоогдоогүй байхад ажлаас халаад байж болохгүй гэдэг санааг хуульд тусгасан. Шүүх хуралдаанд удаа дараа тушаал гаргах үед тогтоогдсон, дотоодын баримт бичиг, хурлын тэмдэглэлээр тогтоосон зүйл байдаг уу гэж асуухад хариуцагч тал байхгүй гэдэг.

7.2 Мөн эрүүгийн журмаар тогтоогдсон зүйл байхгүй. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлийг хангахгүй байхад Н.г халсан үйлдэл нь буруу болох нь харагддаг. Тийм учраас шүүхийн зүгээс дээр дурдсан шинжээчийн дүгнэлтийг гаргуулах, хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээж аваагүй нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь өмнө нь тогтоогдсон баримт байхгүй учраас одоо хянан шийдвэрлэгдэж байгаа хэргийн талаар баримт татаад энэ хэргийг шийдвэрлэх нь нотлох баримтын хувьд ач холбогдолтой биш. Н., П. нарт хоёуланд нь тушаал гарсантай холбогдуулан гардуулах ажиллагаа хийгээгүй. П.ын ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй гэж үзсэн шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна.

7.3 Хариуцагч талаас 3 гэрч асуулгасан, гэрч н., н. нарын хувьд хурал дээр ажлаас гарах хүсэлтээ илэрхийлсэн гэдэг талаар ярьдаг. Гэтэл н. нь Н ХХК-д ямар нэгэн албан тушаал хашдаггүй. Харин хариуцагч компанийн захирлын нөхөр. Гэрч нь ашиг сонирхолгүй этгээд байх ёстой, мөн тухайн хуралд н. оролцоогүй. Тус компанид албан тушаал хашдаггүй байж энэ талаар үйл баримтыг мэдүүлээд байгаа нь нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээтэй байдлыг үүсгэсэн гэж үзэж байна. н.ийн хувьд хуралд оролцсон, П. ажлаас гарах талаар илэрхийлсэн гэж мэдүүлсэн. н.ээс гадна нэг гэрч мэдүүлэхдээ тухайн хуралд оролцсон боловч ажлаас гарах хүсэлт илэрхийлсэн талаар мэдэхгүй гэж хэлдэг. Гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байгаа учраас үйл баримт эргэлзээтэй байна. Тийм учраас шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримт эргэлзээтэй байгаа учраас гэрчийн мэдүүлэг үндэслэлгүй гэсэн нь зөв гэж үзэж байна.

7.4 Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт ажлаас чөлөөлүүлэх тухай хүсэлтээ бичгээр гаргах талаар заасан. Гэтэл хүсэлт байхгүй байхад өөрийн хүсэлтээр гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байна. Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч П., Н. нар нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нийт 73,500,000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.1 Нэхэмжлэгч П. нь шаардлагын үндэслэлээ ...өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй гэж, нэхэмжлэгч Н. нь ...компанийн үйл ажиллагаатай холбоотой орсон орлогыг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж тус тус тодорхойлсон.

2.2 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...П. нь ажлаас гарах хүсэлтээ амаар илэрхийлсэн, ... Н. нь хариуцагч байгууллагын орлогыг өөрийн хувийн дансаар авч, хохирол учруулсан, энэ талаар нэхэмжлэгч нарыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэх үндэслэлээр үгүйсгэн маргажээ.

3. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 220902044 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Дын ...менежер, ерөнхий тогооч нар нь 2021 оны 07 дугаар сараас хойш байгууллагын мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. /хх 56-58/

3.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгч нарыг рестораны орлогыг хувийн дансаар авч, хувьдаа ашиглаж байсныг нотлохоор Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг дээрх эрүүгийн хэргээс гаргуулах хүсэлтийг гаргажээ. /хх 160-161/

3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шаардлагын болон татгалзлын үндэслэлээ баримтаар өөрсдөө нотлох үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.

3.3 Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхээр нотлох баримт бүрдүүлүүлэх дээрх хүсэлт нь хэрэгт хамааралтай байна. Өөрөөр хэлбэл, тухайн хүсэлт нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзалтай холбоотой, ач холбогдол бүхий байхад анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна. /хх 164/

4. Түүнчлэн, мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ. Ийнхүү шийдвэрлэхдээ мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар шүүгч захирамж гаргана.

4.1 Хариуцагчийн өмгөөлөгчийн дээрх хүсэлтийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх дээрх хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан талаар 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан боловч уг хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байх тул шүүх тухайн хүсэлтийг ямар үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан болох нь тодорхойгүй гэж үзнэ.

5. Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу хэрэгжүүлээгүй, дутуу бүрдүүлснийг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн бүрдүүлэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/01044 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 761,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

М.БАЯСГАЛАН