Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 42

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ  даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч: Д.Б ,

Шүүгдэгч: Б.Г  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бичээч овгийн Б.Г , Цогнууд овгийн Д.Б нарт холбогдох 1928000330024 дугаартай эрүүгийн нэг хавтаст хэргийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 09-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Жинг тон” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сум 5 дугаар баг ......................... оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Цогнууд овгийн Д.Б /регистрийн дугаар ......................./,

 

2. Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Жинг тон” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг .......................... тоотод оршин суух, урьд нь Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Бичээч овгийн Б.Г  /регистрийн дугаар ................../,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Б.Г , Д.Б  нар нь бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн нутаг дэвсгэрт М.Т ийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө М.Т  зам хааж машинаа тавьчихсан байсан. Би хажуугаар нь гарч зогсоод кабиныг нь нээж М.Т ийг хэд хэдэн удаа цохиж авсан. Тэгж байтал М.Т  миний гарыг бариад авсан тэр үед Б.Г  араас орж ирээд М.Т ийг миний гарыг тавь гэхэд  М.Т  тавиагүй тэгээд Б.Г  миний хажуугаар орж ирээд М.Т ийг цохиж авсан. Тэгэхэд М.Т  буруу талын хаалгаараа буугаад явсан гэв.

Шүүгдэгч Б.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө бид 2 машинтайгаа цуварч явж байгаад зам хааж зогссон машины хажуугаар машинаа гаргаад машинаа унагаачихсан. Д.Б  зам хааж зогссон машин руу орсон би араас нь орж очоод Д.Б ы гарыг салгах гэсэн боловч тавихгүй байхаар нь М.Т ийг 2-3 удаа цохиж авсан. Тэгээд  М.Т  машинаас буугаад зугтсан гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Т  нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 01 сарын 24-25-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээвэрлэлтийн зам дээр оочирт хоноод машиндаа унтаж байхад гэнэт хүн машины хаалга нүдээд байхаар нь жолоочийн хаалгыг нээхэд машины кабин руу Д.Б  гэх залуу нь орж ирээд үгийн зөрүүгүй миний нүүр лүү нэг удаа цохиж аваад чамаас болоод машинаа унагаачихлаа гэсэн үргэлжлүүлээд толгой руу цохиход нь би жолоочийн суудлын ар тал руу нь толгойгоо хийгээд доошоо суухад миний толгой, нүүр лүү Д.Б  нилээд хэдэн удаа цохьсон тэгэхэд Б.Г  гэх залуу нь араас жолоочийн хаалгаар машины кабин руу орж ирж байсан тэгээд намайг доошоо тонгойсон байхад миний толгой руу бас хэд хэдэн удаа цохиод байсан. Би болъёо хувцасаа өмсье гэж хэлэхэд үгийн зөрүүгүй миний толгой руу цохиод байсан. Д.Б  миний Баруун талын шанаа хэсэг рүү 4-5 удаа цохиж байгаад нь миний хамар луу нэг удаа цохьсон тэгэхэд миний хамарнаас цус гарсныг би гараараа арчиж тогтоогоод машины урд талын 2 суудлын голд суугаад Д.Б гийн гарыг бариад байж байхад Б.Г  гэх залуу нь одоо би зодъё гээд миний хамар луу нэг удаа цохиход нь хамарнаас цус гарахаар нь би цусаа тогтоосон би болилдоо одоо болийшдээ гэхэд толгой руу цохиод байхаар нь жолоочийн хажуу талын суудал дээр гарч суугаад хаалгаа нээгээд машинаасаа бууж зугтаагаад компанийхаа жолооч О  гэх залуугийн машин руу очсон би О гийн өмд, гутлыг өмсөж буцаж машин дээрээ очход Д.Б , Б.Г  нар нь явсан байсан тэгэхээр нь би машинаа түгжээд өөрийнхөө хувцасыг аваад буцаж О гийн машинд очиж унтаж тэгээд өглөө нь цагдаад мэдэгдсэн... Би шинжээч эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би Улаанбаатар хотод очиж эмнэлэгт үзүүлэхэд нүдний ухархайн доош ясны шал цөмөрсөн, хамрын ясны хугаралтай гэсэн оноштойгоор 2019 оны 01 сарын 31-ний өдөр нүд, хамарны хагалгаанд зэрэг орсон. Миний баруун нүдний доод зовхины дотор хэсэгт оёдол тавьсан, хамарны дотор талд бас шарх ихтэй байгаа одоо бүрэн эдгээгүй өвчтэй байгаа. Миний баруун талын хамар болон нүдний доод хэсэг уруул хүртэл мэдээгүй байгаа...Би гомдолтой байна. Миний эмчилгээний зардалд нийтдээ 2.939.500 төгрөг  болсон. Би эмчилгээ, шинжилгээний төлбөрийн баримтаа авч ирсэн бүгд бичигдсэн байгаа. Б.Г , Д.Б нар нь надад эмчилгээний зардал гэж 1 сая төгрөг 2019 оны 01 сарын 27-ны өдөр миний данс руу шилжүүлж өгсөн. Үлдэгдэл мөнгөө би Д.Б, Б.Г  нараас гаргуулж авах хүсэлтэй байна...” гэжээ /хх-9-10/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Т  нь мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 01 сарын 24-25-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээвэрлэлтийн зам дээр оочирт хоноод машиндаа унтаж байхад гэнэт хүн машины хаалга нүдээд байсан тэгээд хаалгаа нээхэд 2 хүн машины кабин руу орж ирээд үгний зөрүүгүй намайг 2лаа зодож эхэлсэн. Би тухайн үед болъёоо хувцасаа өмсье гэж хэлэхэд үгийн зөрүүгүй шууд зодоод байсан тэгээд би намайг зодохоо болихгүй байсан нэг цохиж зодож байхад нөгөө нь байж бай одоо би зодъё гээд хажуугаар нь орж ирээд зэрэг зодсон. Тухайн үед би цохиулахгүй гээд нэгнийх нь гарыг барьж авхад нөгөөдөх нь хажуунаас намайг цохиж зодоод байсан тэгээд би зодохоо болихгүй байхаар нь шууд жолоочийн хажуу талын хаалгаар машинаасаа бууж зугтаагаад компанийхаа жолооч нар дээр очиж нэг жолоочийн машинд нь орж унтсан тэгээд өглөө нь цагдаад мэдэгдсэн... Би тухайн үедээ хэн намайг зодсоныг мэдээгүй. Тэр 2 намайг зодохдоо дандаа л толгой руу цохиод байсан. Миний баруун нүд хавдаж хөхөрсөн. Баруун чихнээс урагш нүд хүртэл хавдартай, хамар бас хавдсан байгаа толгой их өвдөж байна... Би тэр хүнтэй огт хэрүүл маргаан хийгээгүй. Миний машинд шууд орж ирээд зам хааж тавьсанаас болоод машинаа унагаасан гээд л зодож эхэлсэн. Би тухайн үед шөнийн цагаар жолооч нар урсгал сөрөөд оочир дайраад машинуудын өмнүүр ороод байдаг болохоор нь би өмнөө машин гаргахгүй гээд урсгал хааж тавьсан байсан юм... О  гэх залуугийн машинд орж би унтсан. Зодуулчихаад машинаас буухдаа би бараг хувцасгүй шалдан гүйж О ын машин дээр очсон. Би гомдолтой байна ямар нэгэн хэрүүл маргаан үүсгэж зодоон болоогүй, намайг машиндаа амарч байхад ямар нэгэн шалтгаангүй машинаа зам хааж тавьсан байна гээд намайг зодож миний биед гэмтэл шарх учруулсан болохоор өөрийн биед учирсан гэмтлийн эмчилгээний мөнгийг гаргуулж авмаар байна...” гэжээ /хх-11-12/,

Шүүгдэгч Д.Б ы мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Би Шивээхүрэн хилийн нүүрс тээвэрлэлтийн замын оочирт уурхайгаас нүүрс ачуулаад 19 цагийн үед очиж хоол хийж идчихээд оочирт зогсож байгаад жолооч нарт хэлээд оочрийн хажуугаар машинтайгаа явж байсан. 23 цагийн үед машин явуулахгүй гээд зам хааж тавьсан машины ард очиж зогссон. Тэндээс би машин дотроо архи байсныг хамт явж байсан Б.Г  гэх найзтайгаа хувааж уух гэхэд манай найз уухгүй байхаар нь ганцаараа тэр архийг уусан. Манай найз тэр архинаас 2-3 удаа татсан. Архиа ууж дуусгаад манай найз Б.Г  зам хааж зогссон машины хажуугаар бетон замын хөвөөгөөр явж хажуугаар нь гарч урагшаа явсан би араас нь дагаж явж байгаад машиныхаа чиргүүлийг замын хажуу руу унагаасан. Би машинаасаа буугаад зам хааж тавьсан байсан машины хаалгыг тогшиж нээлгэж ороод жолоочийг нь зодсон. Б.Г  миний машинд орж ирээд тэр залууг 2-3 удаа цохиж авсан. Дараа нь би тэр залууг дахин хэдэн удаа нүүр лүү нь цохьсон. Би тухайн үед машиныхаа чиргүүлийг унагаасан байсан болохоор уурлаж зам хааж тавьсан машины жолооч залууг зодож биед нь гэмтэл учруусан. Буруу үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна... Би тухайн үед уурлаад М.Т ийн толгой болон цээж рүү нь цохиж гэмтэл учруулсан. Б.Г  бас миний араас толгой, нүүр лүү нь 2-3 удаа цохьсон...” гэжээ /хх-13-14/,

Шүүгдэгч Б.Г ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 01 сарын 24-ний өдөр найз Д.Бы хамтаар Эс жи Эс уурхайгаас нүүрс ачуулаад нүүрсний машинуудын оочир луу орж зогсож хоолоо хийж идсэн тэгэхэд манай компаниас хүн утсаар яриад маргааш өглөө эрт орж ирээд цалингаа ав тэгэхгүй бол би буцах гэж байгаа гэхээр нь эртхэн БНХАУ-руу эртхэн ороод цалин мөнгөө бодуулж авъя гээд өмнө зогсож байсан машинуудаас гуйгаад бетон замаар урсгал сөрөөд машинайгаа явсан. Тухайн үед би түрүүлж яваад Д.Б араас дагаад явж байхад 40 дэх км-г өнгөрч байхад нэг машин эсрэг урсгалын замыг хаачихсан байсан. Тэгээд зогсож байгаад хажуугийн машины жолоочоос урсгал зам хааж зогссон машины жолооч байгаа эсэхийг асуухад арын машины жолооч нь машинаа түгжээд жижиг машинд суугаад явчихсан гэсэн. Тэнд Д.Б бид 2 уг машины жолоочийг хүлээгээд 2 цаг гаруй болсон тэгээд би машинтайгаа тэр зогсож байсан машины хажуугаар замын хөвөө хэсгээр хажуугаар нь гарч явсан. Д.Б нь миний араас дагаж явж байгаад тэр машины ард ирээд замын хөвөөний хажуу тал руу нүүрстэй чиргүүлээ унагаасан байсан. Намайг урагшлаад нилээд явсан дараа Д.Б араас утсаар залгаад би чиргүүлээ унагаачихлаа гэж хэлсэн. Би машинаа зогсоож тавьчихаад Д.Б дээр очход нүүрстэй чиргүүлээ замын хажуу руу унагаасан тэгээд кабиндаа сууж байсан. Би юу болсон юм бэ гэж асуухад хаасан машины жолоочоос боллоо гэж хэлээд машинаасаа буугаад уг машины хаалгыг нүдсэн тэгэхэд машины дотроос хүн хаалгаа нээхэд Д.Б эхэлж машин руу ороод Д.Б уг жолоочтой муудалцаж байгаад нүүр лүү цохиод авсан. Би араас нь кабин руу нь ороод тэр залуугийн хамар луу нь цохьсон. Тэгээд дараа нь Д.Б тэр залууг нилээд хэдэн удаа нүүр толгой руу цохьсон тэгэхэд нь би Д.Бг болиулаад байж байхад тэр залуу буруу талынхаа хаалгыг нээгээд машинаас буугаад явчихсан би Д.Бг аваад машин руугаа явж машиндаа орж унтсан...Би М.Т  гэх залуугийн хамар луу нь баруун гараараа нэг удаа л цохьсон. Толгой руу нь хэдэн удаа цохьсон...” гэжээ /хх-15-16/,

Гэрч Б.О ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би тэр өдөр Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээврийн замын 40 дэх км-т арай ороогүй оочирт машиндаа унтаж байхад 03 цагт М.Т  гэх манай компаний жолооч залуу миний машины кабинд орж ирсэн тэгээд унтаж байгаад сэрээд юу болсон талаар асуухад М.Т  нь надад хэлэхдээ намайг машин дотроо унтаж байхад танихгүй 2 залуу орж ирээд намайг зодчихлоо тэгээд би машиныхаа буруу талын хаалгаар бууж зугтаж ирлээ гэсэн. М.Т  нь миний машинд орж ирэхдээ цамц өмд байхгүй хөл нүцгэн шалдан орж ирсэн тэгээд миний өмд гутлыг өмсөөд буцаад машинаа үзчихээд ирье гэсэн тэгээд машинаас буугаад явсан. М.Т  машин руугаа яваад 40 гаруй минут болсон байхаа эргэж ирээд миний машинд унтсан. Өглөө 07 цаг болж байхад машин руугаа явсан... Тиймээ баруун нүд хөхөрч хавдсан баруун талын хацарын яс нь дарж үзэхэд дугарч байсан ба нилээн хавдсан байдалтай байсан. Хамарнаас нь цус гарсан байсан ба хамар нь хугарсан юм шиг 2 хөдөлгөхөд шажигнаж дуугарч байсан... Ямар хүнд зодуулснаа надад тодорхой яриагүй. Ямар ч байсан машиндаа унтаж байхад нь 2 хүн орж ирээд өөрийг нь зодсон гэж ярьсан...” гэжээ /хх-17-18/,

Шүүгдэгч Б.Г ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 01 сарын 24-ний өдөр Эс жи Эс уурхайгаас нүүрс ачуулаад нүүрс тээврийн замын 39 дэх км-т оочирт зогссон. Би тухайн өдөр найз Д.Б ы хамтаар явж байсан ба жолооч нараас өмнө гаргачих гэж гуйж оочирын хажуугаар урсгал сөрөөд явж байсан. Тэгэхэд 40 дэх км-т нэг нүүрстэй машин эсрэг талын урсгалыг хаагаад машинаа тавьсан байсан. Би машинаасаа буугаад Д.Бтай хамт уг машин дээр очиж хаалгыг нь татхад цоожтой байсан. Тухайн үед цаг 23 цаг болж байсан байхаа тэгээд уг жолоочийг хүлээгээд машиныхаа кабинд байж байгаад би дахин очиж хаалгыг нь татаж үзэхэд хаалга нь цоожтой байсан. Буцаж машиндаа орж уг машины жолоочийг ирэхийг хүлээсэн. Тэгээд 2 цаг гаруй хүлээгээд хүн ирэхгүй болохоор нь уг машины хажуу талаар замын хөвөө хэсгийн шороог харж байгаад би эхлээд уг машины хажуугаар нь явсан. Миний араас Д.Б машинтайгаа хөдөлсөн байсан. Би машинаа зам руу оруулаад нийлээд явж байгаад зогсож Д.Быг хүлээж байхад Д.Б утсаар залгахаар нь аваад ярихад машинаа замын хажуу руу унагаачихлаа гэж ярьсан. Би машинаа зогсоож тавьчихаад Д.Б руу алхаж очход Д.Б нь машиныхаа чиргүүлийг замын хажуу руу унагаачихсан машины толгой хэсэг нь замын хөвөөн дээр далийж тогтсон байсан. Тэгээд Д.Б нь уг урсгал хааж тавьсан машины хаалгыг нүдэхэд дотроос нь жолооч нь хаалгаа дотроос нь нээсэн. Д.Б чи зам хааж тавьснаас болоод машинаа унагаачихлаа гээд тэр залууд хэлж байсан тэгээд би араас нь жолоочийн хаалгаар орж очсон тэгэхэд Д.Б машины жолоочийн М.Т ийг нүүр лүү 2-3 удаа цохиж авсан. М.Т  нь Д.Бы гарыг барьж авахаар нь Д.Бы хажуугаар ороод М.Т ийн нүүр толгой руу нь 4-5 удаа цохьсон байхаа. Тэгээд байж байхад М.Т  одоо болъёо гэж хэлсэн тэгээд кабинд нь байж байхад М.Т  сууж байгаад жолоочийн эсрэг хаалгаар буугаад зугтсан. Д.Быг аваад би машин руугаа алхаад явсан. Машиндаа очоод би Д.Бтай хамт хоносон...Би нүүр болон толгой руу нь 4-5 удаа цохьсон. Д.Б нь нилээд хэдэн удаа бас л толгой нүүр лүү нь цохьсон. М.Т тэй маргааш нь уулзахад нүд нь хөхөрч хавдсан байсан... Надаас М.Т  нь эмчилгээний зардал, хохирлын мөнгө гэж 2.936.500 төгрөг нэхэмжилсэн. Д.Б бид 2 М.Т ийг эмчилгээнд явахад нь 1 сая төгрөг өгсөн одоо Д.Б бид 2 М.Т т 2019 оны 03 сарын 05-ны өдөр үлдэгдэл 1.936.500 төгрөгийг өгөхөөр харилцан торхирч эвлэрлийн гэрээ байгуулан М.Т ийг гомдол саналгүй болгосон. М.Т  нь өөр нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэжээ. /хх-26-27/,

Шүүгдэгч Д.Б ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 01 сарын 24-ний өдөр Эс жи Эс уурхайгаас нүүрс ачуулаад нүүрс тээврийн замын 39 дэх км-т оочирт зогссон. 01 сарын 25-ны өдөр өглөө БНХАУ-руу гараад машины эзэнтэйгээ цалин мөнгөө бодуулах ажилтай байсан болохоор хэдэн машин өмнө орж зогсоё гээд найз Б.Г тай явж байсан тэгээд оочирт зогсож байсан жолооч нараас гуйгаад өмнө нь гараад явж байсан. Б.Г  миний өмнө машинтайгаа явж байсан тэгээд нэг машин эсрэг урсгал хаагаад өмнөө машин гаргахгүй гээд зогсчихсон байсан. Би Б.Г тай хамт уг машины хаалгыг очиж тогшиход хүн байхгүй байх шиг болсон тэгээд Б.Г  бид 2 хоол зардаг хүнээс нэг шил аваад миний машинд сууж уусан уг архинаас Б.Г  2 удаа татсан байхаа үлдсэн архийг нь би ганцаараа уусан байсан. Машиндаа өмнө зогссон машины жолоочийг ирэхийг хүлээж байгаад хүн ирэхгүй болохоор нь уг машины хажуугаар замын хөвөөгөөр нь гараад явья гэж Б.Г тай яриад Б.Г  эхлээд хажуугаар зүгээр гараад явсан. Би араас нь дагаж гарах гэж байгаад машиныхаа чиргүүлийг замын хажуур уу унагаасан машины урд тал хөвөөн дээр тогтоод хазайсан тэгэхээр нь би Гантуга руу утсаар ярьж дуудсан тэгээд Б.Г  ирсэн би машинаа унагаасан болохоор жоохон уур хүрээд зам хааж зогссон машины жолоочийн хаалгыг нүдэхэд дотроос нь жолооч нь хаалгаа нээсэн тэгээд би ороод уурандаа чамаас болоод машинаа унагаачихлаа гээд М.Т ийн нүүр лүү шууд цохьсон. Тэгээд дараа нь тогой руу хэдэн удаа цохьсон тэгээд дээшээ болход бас дахиж хэд хэдэн удаа цохьсон...М.Т  нь миний 2 гарыг барихад араас Б.Г  орж ирсэн байж байгаад М.Т ийн нүүр толгой руу нь 2-3 удаа цохьсон. Тэгээд би гараа тавиулж байгаад дахиж хэдэн хэдэн удаа М.Т ийн нүүр нүд рүү нь цохьсон. Тэгэхэд М.Т  болъёо гэхээр нь би цохихоо болчихоод байж байхад М.Т  нь жолоочийн эсрэг талын хаалгаар буугаад зугтчихсан. Би Б.Г тай жолоочийн хаалгаар машинаас буухад М.Т  гүйгээд явчихсан байсан. Б.Г тай би машин руу нь явж хоносон. Би нүд хамар луу нь цохиж гэмтэл учруулсан. Миний гарыг М.Т  нь барьчихсан байхад Б.Г  хажуугаар орж ирээд миний гарыг тавиулах гээд 2-3 удаа нүүр лүү цохиж авсан. Би уурандаа М.Т ийн нүүр толгой руу нь хэд хэдэн удаа цохьсон... Машинаараа зам хаагаад тавьчихсан тэгээд тэрийг нь тойрч гарч байгаад машины замын хажуу руу унагаасан болохоор уурандаа М.Т ийг зодчихсон юм. Би өөрийн буруугаас болж хэрэгт холбогдсон буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... Б.Г  бид 2-оос М.Т  нь эмчилгээний зардал, хохиролын мөнгө гэж 2.936.500 төгрөг нэхэмжилсэн. Б.Г  бид 2 М.Т ийг эмчилгээнд явахад нь 1 сая төгрөг өгсөн одоо Б.Г  бид хоёр М.Т т 2019 оны 03 сарын 05-ны өдөр үлдэгдэл 1.936.500 төгрөгийг өгөхөөр харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулан М.Т ийг гомдол саналгүй болгосон. М.Т  гомдол саналыг барагдуулсан. Одоо М.Т  нь бид хоёроос нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэжээ. /хх-31-32/,

2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 90 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...М.Т ийн биед баруун нүдний ухархайн дотор хана, элхэгийн хөндий рүү цөмөрсөн, доод ханын хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар ясны баруун хажуу хана зөрүүтэй, зүүн хажуу ханын цөмөрсөн, таславчийн урд хэсгийн зөрүүтэй хугарал, мурийлт, зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид            ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-19/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-6/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-7/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох мөрдөгчийн тогтоол /хх-8/,

Хувийн баталгаа /хх-23/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-24/,

Хувийн баталгаа /хх-28/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-29/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-45/,

Шүүгдэгч Б.Г ын бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-46/,

Шүүгдэгч Б.Г ын иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэх, мэргэжлийн үнэмлэхний хуулбар /хх-48/,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-51/,

Шүүгдэгч Д.Б ы мэргэжлийн боловсролын үнэмлэхний дүнгийн жагсаалт /хх-52/,

Шүүгдэгч Д.Б ы иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэх, мэргэжлийн үнэмлэхний хуулбар /хх-54/,

Шүүгдэгч Д.Б ы гадаад паспортны хуулбар /хх-55/,

Эвлэрлийн гэрээ /хх-58/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Т ийн эмчилгээ хийлгэсэн талаарх баримт /хх-62-69/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Т ийн эмчилгээний зардлын баримт /хх-70/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Т ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-72-73/,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-75-79/,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 05-ний өдрийн 114 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-80-84/,

Өмгөөлөгчийн мэдэгдэл /хх-90/,

Шүүгдэгч Б.Г , Д.Б  нарын хүсэлт /хх-91/,

Шүүгдэгч Б.Г , Д.Б  нарын хохирол, төлбөр төлсөн баримт /хх-92-93/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-97/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.  

Прокуророос шүүгдэгч Б.Г , Д.Б  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Г , Д.Б  нарын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Г , Д.Б  нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Шүүгдэгч Б.Г , Д.Б  нарын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Г , Д.Б  нар нь бүлэглэн , согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн нутаг дэвсгэрт Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээвэрлэлтийн замд М.Т ийг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож  байна гэж шүүх дүгнэлээ.

Бүлэглэж гэмт хэрэг үйлдэх гэдэг нь хоёр болон түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцсон, тохиролцоогүй аль ч байж болохоор санаатай нэгдснийг ойлгохоор хуульд тайлбарласан.

Шүүгдэгч Б.Г , Д.Б  нар нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан тохиролцоогүй хэдий ч хохирогч М.Т ийн бие эрх чөлөөнд нь халдаж зодохдоо санаатай нэгдэж бүлэглэж зодсон нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Т ийн “...машиндаа унтаж байхад гэнэт хүн машины хаалга нүдээд байсан. Хаалгаа нээхэд машины кабин руу Д.Б  гэх залуу орж ирээд үгийн зөрүүгүй миний нүүр рүү нэг удаа цохиж аваад чамаас болоод машинаа унагаачихлаа гэсэн...Б.Г  гэх залуу араас нь кабин руу орж ирээд миний толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан...” гэсэн мэдүүлэг /хх-9-10/, гэрч Б.О ын “...машиндаа унтаж байхад 03 цагт М.Т  гэх манай компаний жолооч залуу миний машины кабинд орж ирсэн. Юу болсон талаар асуухад машин дотроо унтаж байхад танихгүй 2 залуу орж ирээд зодчихлоо тэгээд зугтаж ирлээ гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх17/, шүүгдэгч Д.Баясайхан, Б.Г  нарын хохирогч М.Т ийг бүлэглэж зодсон талаарх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Хохирогч М.Т ийн “...тухайн 2 хүн архи уучихсан 2-лаа согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-12/, гэрч Д.Баясайханы “...би машин дотор байсан архиа хамт явсан найз Б.Г тай хувааж уусан...” гэсэн мэдүүлэг  /хх-13-14/, гэрч Б.Г ын “...би архинаас бага зэрэг уусан байсан болохоор бараг согтоогүй...Д.Б нь бараг нэг шил архи ганцаараа уусан болохоор нилээд согтсон...” гэсэн мэдүүлэг  /хх-15-16/ -ээр шүүгдэгч Д.Б , Б.Г  нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь тогтоогдож байх тул согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.    Уг гэмт хэргийн улмаас хохирогч М.Т ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 90 дугаартай шинжээчийн “...М.Т ийн биед баруун нүдний ухархайн дотор хана, элхэгийн хөндий рүү цөмөрсөн, доод ханын хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар ясны баруун хажуу хана зөрүүтэй, зүүн хажуу ханын цөмөрсөн, таславчийн урд хэсгийн зөрүүтэй хугарал, мурийлт, зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид        ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-19/, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Т ийн эмчилгээ хийлгэсэн талаарх баримт /хх-62-69/, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Т ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-72-73/ зэргээр хөтөлбөргүй нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасны дагуу шүүгдэгч Б.Г , Д.Б  нар нь хохирогч М.Т ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруу нь санаатай хэлбэртэй байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.Г , Д.Б  нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй.

 Шүүгдэгч Б.Г , Д.Б  нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Т т  учруулсан хохирол төлбөрөө төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нарын хувийн байдлыг дүгнэж үзвэл шүүгдэгч Д.Б , Б.Г  нар нь бүрэн дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд амьдардаг, мэргэшсэн жолооч, Жинг тон ХХК-нд жолоочийн ажилтай, цалин хөлс авч нийгмийн даатгалын шимтгэл төлдөг зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн хуулбар, Мөрөн сумын багийн засаг даргын тодорхойлолт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдож байна.    

Шүүгдэгч нар нь ял шийтгэлийн тухайд шүүгдэгч Д.Б  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Шүүгдэгч Б.Г  нь 2010, 2011 онд ял шийтгүүлж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41,42/, 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолын /хх-75-79/, 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолын хуулбараар тус тус нотлогдож байна. 

Прокуророос шүүгдэгч Б.Г , Д.Б  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах санал гаргасан ба уг саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Б.Г , Д.Б  нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Т т 2.939.500 төгрөг төлсөн /хх-92, 93/, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь шүүгдэгч нартай эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа илэрхийлсэн эвлэрлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Шүүгдэгч Б.Г , Д.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, эд мөрийн баримт болон хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Г , Д.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4, 17.5 дугаар зүйлийн 5, 6, 7, 8, 9 дэх  дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бичээч овгийн Б.Г , шүүгдэгч Цогнууд овгийн Д.Б нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Г ,  шүүгдэгч Д.Б  нарыг тус тус 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч нарт оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б , шүүгдэгч Б.Г  нар нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг мэдэгдсүгэй.   

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г ,  шүүгдэгч Д.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.Г , шүүгдэгч Д.Б  нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Т т 2.939.500 /хоёр сая есөн зуун гучин есөн мянга таван зуу/  төгрөг төлсөн болохыг дурдсугай.   

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Б.Г , шүүгдэгч Д.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Э.ОЮУН-ЭРДЭНЭ