Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2016/00427/И |
Дугаар | 497 |
Огноо | 2016-07-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 497
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүннаран 12-130 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, РД:ОГ66040500 регистртэй, Алаг адуу овогт Пүрвээгийн Урангуагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Урангуа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Би 1982 оны 4 дүгээр сараас эхлэн Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Гэтэл хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан юм. Одоо би 50 настай, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор архивын газраас цалингийн тодорхойлолтоо шүүлгэж авсан. Иймд намайг Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 1982 оны 4 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.Урангуа миний төрсөн эгч бөгөөд Улаанбаатар хотод амьдардаг тул би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь оролцож байна. П.Урангуа нь 1982 оны 4 дүгээр сараас эхлэн Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Тэрээр үхэр, хонь ямаа маллаж байсан. Иймд П.Урангуаг Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 1982 оны 4 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Урангуа нь Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 1982 оны 4 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гаргаж ирүүлсэн Пүрвээгийн Урангуагийн Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 1982 оны 4 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
2. П.Урангуагийн 47 дугаартай төрөлтийн түүхэд түүний ажлын газрыг Завхан сумын 1-р бригадад малчин гэж бичжээ,
3. Гэрч Ч.Гүрбадарын шүүхэд өгсөн: “Би 1972 оноос Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд эдийн засагчаар 1984 он хүртэл ажиллаад улмаар аймгийн ХАА-н удирдах газрын ТЭЗ-ийн хэлтэст шилжин ажиллах болсон юм. П.Урангуа нь миний төрсөн дүүгийн хүүхэд учраас би түүнийг хар багаас нь мэдэх бөгөөд 1982 оноос буюу 7 дугаар ангиа төгсөөд Завхан сумын “Сандалай” нэгдэлд мал дээр гарч эхэлсэн хүүхэд байгаа юм. Миний санаж байгаагаар П.Урангуа 1990 оныг дуустал нэгдэлд ажиллаад түүнээс хойш гэр бүлийн хамтаар Улаанбаатар хот руу шилжин тэндээ амьдарч байгаа” гэх мэдүүлэг,
4. Гэрч У.Нордогийн шүүхэд өгсөн: “Би 1972 оноос Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд эхчүүдийг хүлээх байрны сувилагчаар 1981 он хүртэл ажиллаад нөхрийн хамтаар Улаангом сум руу шилжин ажилласан юм. Би П.Урангуаг 1972 оноос эхлэн таних бөгөөд манай нөхөр П.Гүрбадарын төрсөн дүүгийнх нь хүүхэд байгаа юм. Миний санаж байгаагаар П.Урангуа 1982 оноос Завхан сумын “Сандалай” нэгдэлд малчнаар ажиллаж байгаад нэгдэл тарахын өмнөхөн Улаанбаатар хот руу шилжсэн. Тухайн үед нэгдлийн даргаар Г.Норов, Д.Дашзэвэг, П.Самдан гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
5. Гэрч Ч.Гүрбадар, У.Нордог нарын Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч П.Урангуа нь Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 1982 оны 4 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас гаргаж ирүүлсэн “П.Урангуагийн Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 1982 оны 4 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, төрөлтийн түүх, гэрч Ч.Гүрбадар, У.Нордог нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч П.Урангуагийн Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 1982 оны 4 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал 8 жил, 9 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч П.Урангуа нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Алаг адуу овогт Пүрвээгийн Урангуагийн Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 1982 оны 4 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал 8 /найм/ жил, 9 /ес/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч П.Урангуаг улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлснийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР