Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2016/00369/И |
Дугаар | 498 |
Огноо | 2016-07-27 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 498
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт байрлах, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сум 11 дүгээр баг, Хөдөлмөрийн дээд сургууль хаягт байрлах, Увс аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэл 6.909.818 төгрөг, түүнд ногдох алданги 3.454.909 төгрөг нийт 10.364.727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ч.Даваадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, мөн хуулийн 16, 17 дугаар зүйлүүдэд заасны дагуу ажил олгогч нь сар бүр олгож буй цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогоос шимтгэл төлөх үүрэгтэй. Хуулийн энэ үүргээ Увс аймгийн Үйлдвэрчний эвлэл биелүүлээгүйгээс Нийгмийн даатгалын санд хуримтлагдсан өр авлага үүсч, улмаар ажиллагсад нь нийгмийн даатгалын үйлчилгээ авч чадахгүй хохирч байна. Иймд Увс аймгийн Үйлдвэрчний эвлэлээс нийгмийн даатгалын шимтгэл 6.909.818 төгрөг, түүнд ногдох алданги 3.454.909 төгрөг, бүгд 10.364.727 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, мөн хуулийн 16, 17 дугаар зүйлүүдэд заасны дагуу ажил олгогч нь сар бүр олгож буй цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогоос шимтгэл төлөх үүрэгтэй. Хуулийн энэ үүргээ Увс аймгийн Үйлдвэрчний эвлэл биелүүлээгүйгээс Нийгмийн даатгалын санд хуримтлагдсан өр авлага үүсч, улмаар ажиллагсад нь нийгмийн даатгалын үйлчилгээ авч чадахгүй хохирч байна. Манай байгууллагын зүгээс шимтгэлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж албан шаардлага хүргүүлж байсан. Мөн “Итгэлийн аяны” хүрээнд тухайн байгууллагын дансыг нь нээж өгч байсан. Гэтэл шимтгэлээ төлөөгүй. Иймд Увс аймгийн Үйлдвэрчний эвлэлээс нийгмийн даатгалын шимтгэл 6.909.818 төгрөг, түүнд ногдох 0.3 хувийн алданги 3.454.909 /2015 оны 1 дүгээр сараас 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл алданги/ төгрөг, бүгд 10.364.727 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Увс аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ц.Лумжав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Увс аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь нийгмийн даатгалын шимтгэлийн 6.909.818 төгрөгийн өглөгтэй. Үүнд хүү алданги тооцож 3.454.909 төгрөг нэмж нийт 10.364.727 төгрөг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай холбоо нь нийгмийн даатгалын шимтгэлийг зах зээлд шилжсэн сүүлийн 25 жилд холбогдох хууль дүрэм журмын дагуу төлж ирсэн бөгөөд өглөг, авлага үүсэх нь санхүүгийн ил тод байдал, байгууллага хооронд явагдаж байгаа хэвийн үзэгдэл юм. Иймд манай байгуулага уг асуудлыг холбогдох байгууллагатай ярилцаж шийдвэрлэсний үндсэн дээр энэ онд барагдуулах юм. Шүүхэд өгөх ямарч хууль зүйн үндэслэлгүй учир тайлбар хийж байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Увс аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 6.909.818 төгрөг, түүнд ногдох алданги 3.454.909 төгрөг нийт 10.364.727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Увс аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ц.Лумжав нь “Увс аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь нийгмийн даатгалын шимтгэлийн 6.909.818 төгрөгийн өглөгтэй. Үүнд хүү алданги тооцож 3.454.909 төгрөг нэмж нийт 10.364.727 төгрөг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж маргаж байна.
Увс аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь 6.909.818 төгрөгийн шимтгэл төлөөгүй байгаа болох нь Увс аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2016 оны 4 дүгээр сарын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар тогтоогдож байна.
Мөн нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй болох нь хэрэгт авагдсан заавал даатгах даатгуулагчдын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэлүүд, үйлдвэрчний холбооны 2014, 2015, 2015 оны нийт цалингийн баримтууд, Аймгийн ҮЭ-ийн холбооны ажиллагсдын хугацаандаа төлөгдөөгүй Нийгмийн даатгалын шимтгэлд ногдуулсан алдангийн баримтуудаар тогтоогдож байна.
Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн төлүүлэхээр Увс аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж байжээ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна” гэж заажээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Увс аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нийгмийн даатгалын шимтгэл 6.909.818 төгрөг, түүнд ногдох алданги 3.454.909 төгрөг нийт 10.364.727 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож шийдвэрлэлээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, няцаах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос улсын тэмдэгтийн хураамж 180.786 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар хариуцагч Увс аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нийгмийн даатгалын шимтгэл 6.909.818 төгрөг, түүнд ногдох алданги 3.454.909 төгрөг нийт 10.364.727 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст /шимтгэлийн сангийн 5800202604 тоот данс/ олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос улсын тэмдэгтийн хураамж 180.786 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР