Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0090/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн шүүх  хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                                 С.Мөнхтөр

Улсын яллагч                                                              Т.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                              Б.М

Насанд хүрээгүй хохирогч                                          Э.О

Насанд хүрээгүй хохирогчийн

хууль ёсны төлөөлөгч                                                 Х.У

Шүүгдэгч                                                                     И.Ц нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Б-аас Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт И.Ц холбогдох ....  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг Рапит харш 3 дугаар байрны 136 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Н овогт И.Ц /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч И.Ц нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат насанд хүрээгүй хохирогч Э.О-ыг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж 2017 оны 04 дүгээр сараас 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед:

Насанд хүрээгүй хохирогч Э.О-ын өгсөн: ...надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг

Мөрдөн байцаалтын үед:

Насанд хүрээгүй хохирогч О.О-ын...Анх 2017 оны 04 дүгээр сард би И.Ц-тэй фэйсбүүк найз болж байсан...Тэгээд л чат бичилцээд 2 хоног чаталсан. Тэр үед би Өмнөдэлгэр сумын дунд сургуулийн 9б ангид сурдаг байсан. Манай хичээл өдөр ордог байсан болохоор 3 цаг хичээллэсний дараа их завсарлага болоход ангийнхантайгаа хамт сагсны талбай дээр очиж сагс тоглодог байсан. Талбай дээр очиход И.Ц ах сууж байдаг байсан. Тэр үед урд нь чаталдаг байсан болохоор намайг хараад таньдаг байсан. Тэгээд урд өмнө чатаар миний дугаарыг авсан байсан болохоор миний дугаар луу залгаад чи яг одоо хаана явж байна гэхээр нь сургуулийн хаалган дээр сургууль руугаа орох гээд явж байнаа, яасан бэ гэтэл шууд мотоцикльтой давхиад ирж байсан...Тэр өдрийнхөө маргааш орой нь И.Ц ах над руу утсаар залгаад хоёулаа уулзъя гээд би баруун эгнээнд хүрээд ирээч тэнд хальт уулзъя гэсэн. Би хэлсэн газар нь яваад очтол И.Ц ах намайг тосч аваад гэр лүүгээ хамт орсон. Би очихдоо И.Ц ахын гэрийг тэнд байдгыг мэдээгүй...Би тэднийд ороход цаг орой 21 цаг болж байсан. Би тэдний орон дээр сууж байтал И.Ц ах зэрэгцэж суугаад миний уруул дээр үнссэн. Тэгээд хувцсыг маань тайлах гэхээр нь би өөрөө тайлъя гэсэн. Тэгээд би хувцсаа тайлж бид хурьцал үйлдсэн... Түүнээс хойш И.Ц ах над руу өдөр болгон залгадаг болсон. Тэгээд бид ихдээ л 2 өдөр өнжөөд уулздаг. Уулзах болгондоо л бэлгийн харьцаанд ордог байсан...Ингэж бид өдөр алгасахгүй шахуу уулзсаар 9 сарын 9-ныг хүртэл явсан.....2017 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр И.Ц над руу залгаад “Манайд ороод ирээ, би өнөөдөр самарт явах гээд байна” гэсэн. Тэгээд би яг хашааных нь хажуугаар явж байсан болохоор гэрт орсон ...Тэгээд гэрт нь И.Ц-тэй бэлгийн харьцаанд орсон ... Түүнээс хойш манай сургууль дээр 10 дугаар сарын 07-ны өдөр охидын үзлэгийг манай сумын эрүүл мэндийн төвөөс хийж би болон манай хамгийн сайн найз Отгонжаргал бид хоёр жирэмсэн гэдэг нь гарсан. Тэгээд 10 дугаар сарын 09 гэхэд ээжтэйгээ цуг аймгийн нэгдсэн эмнэлэгт ирээд Кулжан эмч дээр абортонд /үр хөндүүлсэн/ орсон...Тэгээд очоод 5 хонож чадсан уу үгүй юу зүүн талын өрөөсөн хөх маань хатгаж өвдөөд цээжээ дийлэхээ байсан. Тэгээд 2-3 хоног ээжийн төрсөн эгчийн нь охин Дэлгэрмөрөнгийнд халуурч өндийж чадалгүй хэвтэж байсан...Тэгтэл орой нь их эмч ирээд намайг яаралтай аймаг руу явах хэрэгтэй гээд наашаа аймаг руу пургонтой бие маш хүнд байдалтай, өвчин намдаах тариа тариулж ирсэн...Тэгээд тэр оройдоо наркозонд ороод зүүн талын хөхөө нэг хагалуулсан...Үүнээс хойш 2 удаа хөхөндөө хагалгаа хийлгүүлсэн...Тэгээд бараг эмнэлэгт сар гаруй хэвтсэн...Би И.Ц-ээс өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй. Би И.Ц-тэй 2017 оны 04 дүгээр сараас хойш 09 сар хүртэл тасралтгүй бэлгийн харьцаанд орж байсан болохоор өөрөө сайн мэднэ...Бэлгэвч ер нь бол хэрэглэдэггүй байсан. Ганц хоёр удаа л хэрэглэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 07-10 хуу/

Насанд хүрээгүй гэрч Э.О...Надтай бол нийлээд И.Ц ахтай уулзаж учраад явж байгаагүй. Сургууль дээр байхдаа И.Ц ахтай уулзаж бэлгийн харьцаанд ордог гэж манай ангийн охидууд болон надад ярьж байсан.....2017 оны 10 сард манай сургууль дээр эмэгтэйчүүдийн үзлэг болоод Э.О бид хоёр жирэмсэн гарсан. Тэгээд сургуулиас бөөн юм болоод бид хоёрын асуудлыг эцэг, эхчүүдэд маань хэлсэн. Тэгээд түүнээс хойш Э.О надад хэлэхдээ би И.Ц ахаас жирэмсэн болчихсон. Аймгийн төв орж хүүхдээ авахуулна. И.Ц ахаас хүүхдээ авахуулах мөнгө авах гэж байгаа гэж надад ярьж байсан...гэх мэдүүлэг..../хх-ийн 26-27 хуу/

 

Яллагдагч И.Цгийн  өгсөн  ...2017 оны 7 дугаар сарын үеэр манайд ирээд анх удаа бэлгийн харьцаанд орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 35 хуу/

И.Ц-гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 112 хуу/

Ял шалгах хуудас /хх-ийн 115 хуу/

Э.О-ын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 17 хуу/

Э.О-ын үр хөндөлтийн түүх болон өвчний түүхийн хуулбар /хх-ийн 37-40, 81-99 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 116-117 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч И.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч  И.Ц нь 14 насанд хүрсэн Э.Оыг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж 2017 оны 04 дүгээр сараас 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд гэртээ бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.   

 

Шүүгдэгч И.Ц нь шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь насанд хүрээгүй хохирогч Э.О, гэрч Э.Отгонжаргалын  мэдүүлэг,  насанд хүрээгүй хохирогч Э.О-ын үр хөндөлтийн түүх болон өвчний түүхийн хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байх бөгөөд  шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

Насанд хүрээгүй хохирогч Э.О нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үр хөндөлт хийлгэж, улмаар 2017 оны 11 дүгээр сарын 07-29-ний өдрүүдэд хоёр удаа хөхөндөө мэс заслын эмчилгээ хийлгэсэн болох нь үр хөндөлтийн түүх болон өвчний түүхийн хуулбар зэрэг баримтуудаар нотлогджээ.

            Насанд хүрээгүй хохирогч Э.О нь 2002 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн бөгөөд хэрэг гарах үед буюу 2017 оны 4 дүгээр сард 14 настай байсан болох нь Э.Оын төрсний гэрчилгээний хуулбараар /хх-ийн 17 хуу/ тогтоогдсон, шүүгдэгчийн  үйлдэл нь арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орж хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэргийн шинжийг хангаж байна.    

Аймгийн Прокурорын газраас И.Ц-гийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж,  яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч И.Ц-г 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, И.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой талаар дүгнэлт гаргасан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлгүй гэж үзэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Насанд хүрээгүй хохирогч Э.О нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгсөн, /хх-ийн 10, 16 хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н овогт И.Ц -г 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч И.Ц-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч И.Ц-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч И.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч И.Ц-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч эдлэх ялыг 2019 оны 04 сарын 18-ны өдрөөс тоолсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

   7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Э.ОДХҮҮ