Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2016/00386/И |
Дугаар | 501 |
Огноо | 2016-07-29 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 501
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багт оршин суух, 1960 онд төрсөн, 56 настай, эрэгтэй, ОБ60061919 регистртэй, Тайжууд овогт Батчулууны Нямбаярын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төмөрчөдөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Нямбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1960 онд төрсөн. 56 настай. Би 1977 оны 1 дүгээр сард тракторын курс төгсөж ирээд Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд тракторчноор 1978 оны 6 дугаар сар хүртэл ажиллаад цэргийн албанд татагдсан юм. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн учраас Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болж шүүхэд хандаж байна. Иймд миний1977 оны 1 дүгээр сараас 1978 оны 6 дугаар сар хүртэл Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төмөрчөдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Нямбаяр нь миний дүү юм. Б.Нямбаяр 1977 оны 1 дүгээр сараас Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд тракторчноор 1978 оны 6 дугаар сарыг дуустал ажиллаад цэргийн албанд явсан. Энэ хугацаанд нээгдсэн хөдөлмөрийн дэвтэр байхгүй бөгөөд тухайн үеийн цалингаа архиваас шүүлгэж авсан. Иймд түүний 1977 оны 1 дүгээр сараас 1978 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Нямбаяр нь Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд 1977 оны 1 дүгээр сараас 1978 оны 6 дугаар сарыг дуустал тракторчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гаргаж ирүүлсэн Батчулууны Нямбаярын Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд 1977 оны 1 дүгээр сараас 1978 оны 6 дугаар сарыг дуустал тракторчноор ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
2. 1977 онд Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд тракторчноор ажиллаж байхдаа хадлангийн талбайд тракторын хажууд авахуулсан фото зураг,
3. Гэрч Б.Нордогийн шүүхэд өгсөн: “Би 196 оноос эхлэн Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд бичээчээр 1991 он хүртэл ажилласан юм. Б.Нямбаяр нь 1977 оноос тус нэгдлийн 3 дугаар бригадын хадлангийн салаанд тракторын жолоочоор ажиллаж байгаад 1978 оноос 1981 он хүртэл цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн нэгдэл тарах хүртэл ажилласан юм. Би тухайн үед “Бадрал” нэгдлийг бүхэлд нь хариуцан ажилладаг бичээч байсан учраас Б.Нямбаярыг сайн таньж мэднэ. “Бадрал” нэгдлийн даргаар Ж.Дүгэржав, н.Орших, н.Эрдэнэ гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
4. Гэрч Б.Нордогийн Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Б.Нямбаяр нь Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд 1977 оны 1 дүгээр сараас 1978 оны 6 дугаар сарыг дуустал тракторчноор ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас гаргаж ирүүлсэн Б.Нямбаярын цалингийн тодорхойлолт, 1977 онд Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд тракторчноор ажиллаж байхдаа хадлангийн талбайд тракторын хажууд авахуулсан фото зураг, гэрч Б.Нордогийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.Нямбаярын Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд 1977 оны 1 дүгээр сараас 1978 оны 6 дугаар сарыг дуустал 1 жил, 6 сар тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Нямбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайжууд овогт Батчулууны Нямбаярын Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд 1977 оны 1 дүгээр сараас 1978 оны 6 дугаар сарыг дуустал 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сар тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Нямбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР