Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/01205

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 07 210/МА2024/01205

 

 

Х ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/01868 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Х ХК

Хариуцагч: З., Х.

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 6,916,065 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Х., З. нар нь Х ХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ЦЗГ0301/200109 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нар нь гэрээгээр 4,500,000 төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай Х ХК-иас зээлсэн. Хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.

Иймд үндсэн зээл 4,001,653 төгрөг, үндсэн хүү 2,580,325 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 320,086 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг, нийг 6,916,065 төгрөг гаргуулж өгнө үү.

1.2 Зээлдэгч Х. нас барсан тул түүнд холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

2. Хариуцагч З.ын тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Манай нөхөр Х. нь хүнд өвчний улмаас 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нас барсан. Зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлөөгүй бид нарын буруу. Би одоогоор 5 хүүхдийн хамт зорилтот бүлгийн энгийн түрээсийн байранд амьдардаг бөгөөд одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй тул энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү.

2.2 Зээлийн гэрээ байгуулагдсан ба гэрээний дагуу 4,500,000 төгрөгийг 30 сарын хугацаанд хүү 1250,000 төгрөгийн хамт эргүүлэн төлөх байснаас 138,866 төгрөгийн, 120,996 төгрөгийн, 118,217 төгрөгийн, 120,266 төгрөгийн, 448,646 төгрөгийн төлөлтийг тус тус хийсэн. Үндсэн зээлийн үлдэгдэл 4,001,653 төгрөг дутуу, хүү 1,250,000 төгрөгөөс 450,000 төгрөгийг хасахаар 800,000 төгрөг, үүний 20 хувь 250,000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлнө.

2.3 Зээлийн үүргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл бодох үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, 30 сарын хүү төлнө. Харин хэтэрсэн хугацааны хүү төлөх ёсгүй. Учир нь, хоёр хариуцагчтай гэсэн утгаар дээрх мөнгөний тал хувь буюу 2,525,827 төгрөгийг хүлээн зөвшөөрнө.

2.4 Нотариатын зардал гэх баримт нь байхгүй. Мөн өвлөгч биш болохоор бас төлөх үүрэггүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 т зааснаар хариуцагч З.аас 5,951,795 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 964,270 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,607 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110,178 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагч З.ын давж заалдах гомдлыг агуулга:

4.1 Нөхөр Х. нь Х ХК-тай зээлийн гэрээ байгуулсан. Улмаар 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нас барсан. Гэтэл анхан шатны шүүх намайг хамтран зээлдэгч гэж үзэн надаас зээлийн төлбөр гаргуулсан нь үндэслэлгүй.

4.2 Зээлийн гэрээний 3.2.4-т зээлдэгч нас барсан тохиолдолд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж өв залгамжлагчаас үүргийг хангуулах талаар заасан. Миний хувьд хамтран зээлдэгчийн хувьд өөрт ногдох хэсгийг төлөх үндэслэлтэй. Миний бие өвийг хүлээн аваагүй байгаа.

4.3 Анхан шатны шүүхэд өвтэй холбоотой нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Иймд шийдвэрт надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч З., Х. нарт холбогдуулан үндсэн зээл 4,001,653 төгрөг, зээлийн хүү 2,580,325 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 320,086 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг, нийт 6,916,065 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч З. 2,525,827 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Х.т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.

3. Х ХК болон Х., З. нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ЦЗГ0301/200109 дугаартай Цалингийн зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч Х ХК нь 4,500,000 төгрөгийг жилийн 22,80 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэгч Х., З. нарт зээлдүүлэх, зээлдэгч нар зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд гэрээнд заасан хүүгийн хамт зээлдүүлэгч Х ХК-д буцаан төлөхөөр харилцан тохиролцсон. /хх4-5/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн, талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

4.1. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгч нарт шилжүүлэх үүргээ биелүүлсэн. /хх 8-11/ Хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа дууссан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

5. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байдаг.

5.1. Гэрээнд хамтран зээлдэгчээр З. оролцсон байх тул түүнийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж, түүнээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 5,951,795 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгүүлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгчээс сонгож үүргийг шаардах эрхтэй. Иймд хариуцагчийн ...тал хувийг хариуцна гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

5.2. Түүнчлэн, хариуцагч нь зээлийн гэрээний хүүгийн үлдэгдэл болон хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөр, мөн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

6. Гэрээний 3.2.4-т Зээлдэгч нар барсан, сураггүй алга болсон, эрх зүйн чадамжгүй болсон тохиолдолд зээлдэгчийн өв залгамжлагч залгамжилсан хөрөнгийн хэмжээгээр зээлийн төлбөр, хүүгийн төлбөр, бусад төлбөр, зардлыг төлж барагдуулна гэж заасан. Уг заалтыг хамтран үүрэг гүйцэтгэгчтэй тохиолдолд хэрэглэхгүй тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй.

6.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчөөс Х.той холбоотой өвийн хүсэлт бүртгэгдсэн эсэх, өв нээгдсэн талаарх лавлагаа мэдээллийг гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШЗ2024/08435 дугаар захирамжаар ...Х. нас барсантай холбоотойгоор өвийн хүсэлт бүртгэгдсэн эсэх, өв нээгдсэн талаарх лавлагаа, мэдээллийг гаргуулах хүсэлт нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, учир нь нэхэмжлэгч нь өвлөгч бус хамтран үүрэг гүйцэтгэгч гэдэг агуулгаар нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардал 14,000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй нь буруу байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг баримталсан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

8. Мөн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.т холбогдох шаардлагаасаа татгалзсан байхад анхан шатны шүүх үүнийг шийдвэрлээгүй байх тул тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.т холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч Х ХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/01868 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...242 дугаар зүйлийн 242.1, 242.3 гэснийг ...219 дүгээр зүйлийн 219.1 гэж,

2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж өөрчлөн дугаарлаж,

тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.т холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч Х ХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 62,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

М.БАЯСГАЛАН