Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0111/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч: Т.Б

Шүүгдэгч:   Д.Г нарыг оролцуулан, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Озаяагаар хөтлүүлэн

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Б-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Д.Г-т холбогдох ............ дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 09-13 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Дорнод аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Т овогт Д.Г /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 23-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 09-13 тоотод өөрийн гэртээ эхнэр Г.О-той маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, баруун нүдэн тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Г.О өгсөн:..Би нөхөр Д.Г-тай 1998 онд анх танилцаж гэр бүл болж дундаасаа 2 хүүхэд гаргасан. Манай нөхөр 2015 онд надад согтуу агсан тавьж байсан. 3 жилийн өмнө агсан тавихдаа зодож цохиж байгаагүй. Харин 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр надад согтуу агсан тавихдаа миний нүүр рүү өшиглөж миний баруун нүдэнд гэмтэл учруулсан учир би Улаанбаатар хотод нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, энэ талаараа цагдаагийн газарт өргөдөл гаргаж хандсан... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 хуу/

Яллагдагч Д.Г-ын өгсөн: ...  Би 2019 оны 02 дугаар сарын 23-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 09-13 тоотод эхнэр Г.О-той маргалдаж байгаад хөлөөрөө нүүрэн тус газарт нь өшиглөж, баруун нүдэнд нь гэмтэл учруулсан нь үнэн. Би тэр өдөр бага зэрэг архи уусан байсан юм. Манай эхнэр намайг архи дарс уулаа гээд уурлаад байсан юм. Би урьд өмнө нь эхнэрээ зодож байгаагүй... Тэгээд намайг загнаад байхаар нь гэнэт уур хүрээд орон дээрээ сууж байхаар нь өшиглөсөн юм. Би эхнэрээ зодсон асуудлаа хүлээн зөвшөөрнө... гэх мэдүүлэг  /хх-ийн 10, 20 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 106 дугаартай дүгнэлт:  Г.О биед баруун ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхи алимны салстад цус хуралт, баруун нүдний шар толбон доорхи цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо.  Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....гэжээ /хх-ийн 12 хуу/

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 39-42 хуу/

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 43-51 хуу/

Д.Г, Г.О нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 38 хуу/

Д.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 22 хуу/

Ял шалгах хуудас /хх-ийн 23 хуу/

Хохирогч Г.Ооос гаргасан гомдол, саналгүй тухай хүсэлт /хх-ийн 57 хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 54-55 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Д.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

                                                                                                                                                                    

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Г нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 20 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 09-13 тоотод өөрийн гэртээ согтуугаар эхнэр Г.О-той маргалдан нүүрэнд нь өшиглөж, баруун ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхи алимны салстад цус хуралт, баруун нүдний шар толбон доорхи цус харвалт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

 

Шүүгдэгч Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Г.О, шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 106 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд  шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно. 

            Шүүгдэгч Д.Г нь хохирогч Г.О-ыг нүүрэнд нь өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогчийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.    

 

Аймгийн Прокурорын газраас Д.Г-ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.

 Иймд шүүгдэгч Д.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Яллагдагч болон хохирогч нараас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Д.Г хүлээн зөвшөөрч /хх-ийн 57, 58, 59, 63 дугаар хуу/  гарын үсэг зуржээ. 

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Д.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 Хохирогч Г.О нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгсөн, хүсэлт гаргасан /хх-ийн 57 хуу/ хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн /хх-ийн 54-55 дугаар хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон    

                                                 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Д.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Э.ОДХҮҮ