Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 502

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын Холбоо багт оршин суух, 1964 онд төрсөн, эмэгтэй, ОЙ64020309 регистртэй, Зуутраг овогт Жумдааны Гэмгүйгийн, нас тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Гэмгүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Ж.Гэмгүй шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааа: “Миний бие Зуутраг овогт Жумдааны Гэмгүй нь 1963 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Өмнөговь сумын “Бөхөн шар” гэдэг газар төрсөн боловч намайг сургуульд оруулахгүй гэж аав, ээж маань миний насыг дарж бүртгүүлснээс иргэний үнэмлэхний төрсөн он, сар, өдөр буруу бичигдэж одоо 1964 онд төрснөөр олгогдсон байдаг. Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж байгаа учир намайг 1963 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр төрснийг тогтоож өгнө үү. Мөн намайг багад минь Нэргүй гэж дууддаг байсан ба төрсний бүртгэлд Нэргүй нэрээр бүртгэгдсэн байна”  гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Ж.Гэмгүй 1963 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн болохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.Үүнд:

1. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 6 дугаар 15-ны өдөр ирүүлсэн Төрсний бүртгэлийн лавлагаанд: “Баглаагийн Жумдаа, Жамьяны Орлом нарын гэр бүлд 1963 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Ж.Нэргүй /Ж.Гэмгүй/ төрснийг Увс аймгийн Өмнөговь сумын төрөлтийн бүртгэлийн 38-рт бүртгэсэн байна” гэжээ,

2. Зуутраг овогт Жумдааны Гэмгүйгийн иргэний үнэмлэхний хуулбар,

3. Жумдааны Нэргүйгийн төрсний гэрчилгээнд Б.Жумдаа, Ж.Орлом нарын гэр бүлд түүнийг 1963 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр төрснийг 1963 оны 3 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн гэж бичжээ,

4. Жамьян овогтой Орломын №043584 тоот “Олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтэр”-т Ж.Нэргүйг 1963 оны 1 дүгээр сарын 15-ны  өдөр төрсөн гэж бичигджээ,

5. Ж.Бямбаа, Ж.Цэрэндулам нарын иргэний үнэмлэхний хуулбар, Ж.Хатан, Ж.Чулуун нарын төрсний бүртгэлийн лавлагаа,

6. Гэрч Н.Хорлоогийн шүүхэд өгсөн: “Ж.Гэмгүй нь 1963 оны 1 дүгээр сард Увс аймгийн Өмнөговь сумын Бөхөн шарын хондлой, Хэвгийн хөх толгой гэх газарт төрсөн. Тухайн үед би 13 настай хүүхэд байсан бөгөөд манайд Жумдаан ах ирээд “Орлом эгч чинь төрөх гээд өвдөөд байна, манай хонийг хариулаад байж байгаач” гэж хэлээд өөрөө сумын төв рүү эмч дуудаж ирэхээр явсан. Тэгэхэд Ж.Гэмгүйгийн ах эгч нар нь сургуульд орчихсон байсан учраас гэрт нь өөр хүн байхгүй байсан байхаа. Ж.Гэмгүй нь 5 хүүхэдтэй айлын 4 дэх хүүхэд бөгөөд хамгийн том хүү нь нас барсан юм. Удаах эгч нь 1958 онд төрсөн, Ж.Гэмгүйгийн дээд талын эгч нь 1960 онд төрсөн, доод талын дүү нь 1965 онд төрсөн, бүгд 2-3 насны зөрүүтэй хүүхдүүд байдаг юм. Ж.Гэмгүйг уг нь багад нь Нэргүй гэж дууддаг байсан юм. Миний санаж байгаагаар сургуульд орохдоо ч Нэргүй нэртэй байсан бөгөөд хэзээнээс Гэмгүй нэртэй болсныг сайн мэдэхгүй байна. Жумдаан гэх айлд Нэргүй болон Гэмгүй гэх нэртэй өөр хүүхэд байдаггүй, хамгийн том хүү Ж.Даваасамбуу, удаах охин нь Ж.Цэрэндулам, дараагийн охин Ж.Бямбаа, тэгээд Ж.Гэмгүй,  дүү нь Ж.Чулуун гэх нэртэй юм” гэх мэдүүлэг,

7. Гэрч Н.Жаргалын шүүхэд өгсөн: “Ж.Гэмгүй нь 1963 оны 1 дүгээр сард Увс аймгийн Өмнөговь сумын Бөхөн шарын хондлой, Хэвгийн хөх толгой гэх газарт төрсөн. Тухайн үед би Холбоо бригадын хэсгийн ахлагчаар ажилаж байсан бөгөөд Ж.Гэмгүйгийн аав Жумдаан манай гэрт ирээд “Манай эхнэр төрөх гээд өвдөөд байна, манай хонийг хариулах хүн хэрэгтэй байна” гэж хэлээд манай дүү Н.Хорлоог гэр лүүгээ явуулаад өөрөө сумын төв рүү эмч дуудаж ирэхээр явсан санагдаж байна. Тийм учраас би Ж.Гэмгүйг 1963 онд төрсөн гэдгийг сайн мэдэж байна. Жумдааных уг нь 5 хүүхэдтэй бөгөөд хамгийн том нь одоо нас барчихсан. Миний санаж байгаагаар Ж.Гэмгүйгийн дээд талын эгч нь 1960 онд төрсөн, яг доод талын дүү нь Ж.Гэмгүйгээс 2-3 насны зөрүүтэй, ямар ч байсан 1 насны зөрүүтэй хүүхэд тэдний гэр бүлд байхгүй. Ж.Гэмгүйг уг нь багад нь Нэргүй гэж дууддаг байсан юм. Тэгээд 1966-1969 оны хооронд намайг цэрэгт яваад ирэхэд Гэмгүй гэж дууддаг болчихсон байсан юм. Түүнээс хойш л хүмүүс Гэмгүй гэж дууддаг болсон байхаа” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.

      Нэхэмжлэгч Ж.Гэмгүй нь Увс аймгийн Өмнөговь суманд Жумдааны гэр бүлд 1963 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, түүний төрсний гэрчилгээнд 1963 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн гэж бичигдсэн байдал, Баглаагийн Жумдаа, Жамьяны Орлом нарын гэр бүлд 1963 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Ж.Нэргүй /Ж.Гэмгүй/ төрснийг Увс аймгийн Өмнөговь сумын төрөлтийн бүртгэлийн 38-рт бүртгэсэн лавлагаа, Жамьян овогтой Орломын №043584 тоот “Олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтэр”-т Ж.Нэргүйг 1963 оны 1 дүгээр сарын 15-ны  өдөр төрсөн гэж бичигджээ, гэрч Н.Хорлоо, Н.Жаргал нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

     Нэхэмжлэгч Ж.Гэмгүйг бүртгүүлэхдээ Ж.Нэргүй нэрээр бүртгүүлсэн нь гэрч Н.Хорлоогийн “Ж.Гэмгүйг уг нь багад нь Нэргүй гэж дууддаг байсан юм. Миний санаж байгаагаар сургуульд орохдоо ч Нэргүй нэртэй байсан бөгөөд хэзээнээс Гэмгүй нэртэй болсныг сайн мэдэхгүй байна”,  гэрч Н.Жаргалын “Ж.Гэмгүйг уг нь багад нь Нэргүй гэж дууддаг байсан юм. Тэгээд 1966-1969 оны хооронд намайг цэрэгт яваад ирэхэд Гэмгүй гэж дууддаг болчихсон байсан юм. Түүнээс хойш л хүмүүс Гэмгүй гэж дууддаг болсон байхаа” гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

      Иймд нэхэмжлэгч Зуутраг овогт Жумдааны Гэмгүйг 1963 оны  1 дүгээр сарын 15-ны өдөр төрснөөр тогтоож  шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Гэмгүйгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар нэхэмжлэгч Зуутраг овогт Жумдааны Гэмгүйг 1963 оны  1 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Гэмгүйгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       П.БОЛОР