Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/01206

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 07 210/МА2024/01206

 

 

А ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/01369 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: А ХК

Хариуцагч: Т., Т. , Б.Т, ХХК

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 650,490,751 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. , нэхэмжлэгчийн өмгөөлөгч С. , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 А ХК болон Х ХХК-ийн хооронд 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр Х ХХК нь А ХК-иас 2,000,000,000 төгрөгийг 14 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Х ХХК-ийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 6 дугаар байр, 420 м.кв талбайтай гаражийн зориулалттай барилга, С ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 00 дугаар байр, 0 дүгээр давхар, 524 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, Х ХХК-ийн орон сууц, хашаа байшингийн барьцаат зээлийн багц, А дахь Х ХХК-ийн 0000000 дугаартай төгрөгийн харилцах дансны орлого, Х ХХК-ийн хувьцааны Б ХХК-ийн эзэмшлийн 33.939 ширхэг буюу 99.97 хувийн хувьцаа, ирээдүйд бий болох хөрөнгө барьцаалах тухай хэлцлээр Ы ХХК-ийн оффис, үйлчилгээний зориулалтай барилгын 3 давхар, 455 м.кв талбайтай оффисийн зориулалттай байрны гэрчилгээ зэргийг барьцаалсан.

1.2 Х ХХК нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй учир Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181ШЗ200016665 дугаар захирамжаар 0034 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулж, тус гэрээнд Х ХХК нэхэмжлэгчид төлөх 660,000,000 төгрөгийн төлбөрт тооцож зээлийн гэрээний хавсралт 1, 2-т дурдсан зээлийн гэрээний барьцаа буюу зээлийн гэрээний шаардах эрх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийн хамт нэхэмжлэгчид эсвэл түүний нэрлэн заасан этгээдэд шилжүүлнэ гэж заасан. Тус гэрээний хавсралт 3 дахь хэсэгт зээлдэгч Б.Т, ХХК нарын 1303070 дугаартай зээлийн гэрээний шаардах эрхийг шилжүүлж өгсөн.

1.3 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүгчийн 2024 оны 00 дүгээр сарын 06-ны өдрийн захирамжаар нэхэмжлэгчийг А ХК-аар сольсон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2019 оны 00 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл 153,593,250 төгрөг, үндсэн хүү 429,806,232 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,091,267 төгрөг, нийт 650,490,751 төгрөгийг Б.Т, ХХК-аас гаргуулна.

1.4 Барьцааны гэрээний дагуу ............................................ болон уул уурхайн тоног төхөөрөмжүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Х ХХК, Б.Т, ХХК-ийн хооронд 2013 оны 00 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу зээл авсан ба уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх хэсэгт гэрээний нэг тал нөгөө талаас бичгээр зөвшөөрөл аваагүй тохиолдолд гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ ямар нэг хэлбэрээр гуравдагч этгээдэд шилжүүлж, залгамжлуулж болохгүй гэж заасан. Гэтэл Х ХХК болон А ХК нь зээлийн гэрээ байгуулаад, шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Шаардах эрх шилжүүлэх гэрээг С ХХК нөхөрлөл гэх үндэслэлээр 2018 оны 00 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн эрх олгосон зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болох бөгөөд зөвшөөрөл олгох журмыг хуулиар олгоно гэж заасан.

2.2 Банк эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 5.1.8, 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх хэсэгт тус тус зааснаар С ХХК тусгайлсан эрхтэй эсэх нь тодорхойгүй. Мөн А ХК нь Х ХХК-аас зээлийн гэрээний үүрэг шаардаж эвлэрүүлэн зуучлалд хандаж, шүүх талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг хуульд нийцэж байгуулагдсан эсэхийг шалгах ёстой байхад шалгалгүйгээр гэрээг баталгаажуулсан.

2.3 А ХК ямар үндэслэлээр 600,000,000 төгрөг болсон, мөн тухайн мөнгийг ХХК болон Б.Т нарт өгсөн учир шаардаад байгаа эсэх нь ойлгомжгүй. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж заасан. Гэтэл гэрээнд үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр эрх шилжүүлж болохгүй гэж заасан байхад шаардах эрх шилжүүлсэн гэж тайлбарлаад нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй.

2.4 Мөн Х ХХК нь хариуцагч нарт зээл олгож, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагууд болох бичгээр байгуулах, нотариатаар гэрчлүүлэх, зэрэг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр гэрээ бус. Шаардах эрхийг шилжүүлж байгаа бол албан ёсоор барьцааны гэрээг хуулийн дагуу шаардлагад нийцүүлж улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой.

2.5 Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасан шаардлага хангагдаагүй бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна. А ХК болон Х ХХК-ийн хооронд 2,908,590,147 төгрөг буюу өндөр үнийн дүнгээр эвлэрлийн гэрээ байгуулагдсан. Х ХХК-аас зээлийн төлбөрөө авсан харагддаг. 1,258,814,453 төгрөгийг Б.Т, ХХК-д шилжүүлсэн баримт, зээлийн гэрээ байдаггүй бөгөөд 334,895,388 төгрөг шилжүүлсэн гэж дурдсан байдаг. Иймд хууль зөрчсөн, үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Х ХХК, ХХК, Б.Т нарын хооронд 2013 оны 00 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зээлийн гэрээний нэг тал нөгөө талаас хохирол учруулсан тохиолдолд гэрээний эрхийг гуравдагч талд шилжүүлж, залгамжлуулж болохгүй гэж заасан. А ХК нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхийг шилжүүлж авсан гэж тайлбарлаж байна.

3.2 Х ХХК, Ө ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 00 дүгээр сарын 28-ны өдрийн шаардах эрх болон барьцааны эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул шаардах эрхийг шилжүүлсэн гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 С ХХК нь 2019 оны хуулиар Ө ХХК болох боломжтой болсноос хойш нэршил нь ХХК болсон. С ХХК нэхэмжлэгч биш тул үүнийг нэхэмжлэлдээ дурдаж ярьж байгаа нь үндэслэлгүй.

4.2 Эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжтай холбоотой маргаан энэ хэрэгт хамааралгүй. Энэ эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах маргаан тусдаа Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж байгаа талаар хариуцагч талаас хэлсэн тул энэ хэрэгт хамааралгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ХХК, Б.Т, Т., Т. нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 650,490,751 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай А ХК-ийн, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Б.Т, Т. нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,480,604 төгрөг, хариуцагч Б.Т, Т. нарын төлсөн 1,832,427 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах тухай зохицуулалтыг хэрэглээгүй. Ямар үндэслэлээр хэрэглээгүй талаар үндэслэл бүхий тайлбар хийгээгүй. ХХК, Б.Т, Т., Т. нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг хэрэгжүүлж Ө С ХХК нь 2018 оны 00 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан.

Тухайн нэхэмжлэл гаргасан цаг хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна. Гэтэл шүүх А ХК болон Х ХХК-ийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг шүүх баталгаажуулсан 2000 оны 12 дугаар сарын 19-ны өдрийг шаардах эрх үүссэн үе хэмээн буруу тодорхойлсон. Шаардах эрхийг зөвхөн А ХК өөрийн нэрээр шүүхэд нэхэмжлэл гаргасан бол тасалдах ёстой байсан мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 00 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/01001 дугаар шийдвэрт хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болохыг тогтоож шийдвэрлэсэн байдаг ба энэхүү үйл баримт тогтоосон шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүх үгүйсгээгүй.

6.2 Шүүх Ө С ХХК-ийн тус шаардах эрхтэй холбоотой нэхэмжлэл гаргасан асуудалд тодорхой дүгнэлт хийгээгүй. 2019 оны 00 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан ямар нэг гэрээ хэлцэл хэрэгт байхгүй. Х ХХК нь өөрөө А ХК-д зээлийн өртэй. Уг зээлийн барьцаанд өөрийн актив хөрөнгө болох орон сууц, хашаа байшингийн барьцаат зээлийн багцыг барьцаалсан байсны дотор хариуцагч Б.Т, ХХК-д олгосон энэ хэргийн нэхэмжлэлийн зүйл болох Х ХХК-ийн зээл багтаж байсан. А ХК-ийн зээлийн өрөнд тооцож, зээлийн багцыг буюу зээлийн гэрээгээр шаардах эрхийг шилжүүлэхээр талууд эвлэрснийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2000 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/Ш32000/16665 дугаар захирамжаар баталгаажуулсан. Тус эвлэрлийн гэрээнд шаардах эрхийг хүлээн авах этгээд нь зөвхөн А ХК бус мөн түүний нэр заасан этгээд байхыг тодорхой заан шүүгчийн захирамжид мөн тусган баталгаажуулсан.

6.3 А ХК-ийн нэр заасан этгээд нь Ө С ХХН болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас тодорхой харагдана. Ийнхүү эвлэрлийн гэрээ, шүүгчийн захирамжид тодорхой заан баталгаажуулсан үйлдлийг анхан шатны шүүх ойлгомжгүй, үндэслэлгүй гэж дүгнэсэн нь тухайн асуудалд шүүх хэт нэг талыг барьж, үндэслэлгүй шийдвэр гаргасныг нотолж байна. Тухайн зээлийн талаар Х ХХК, А ХК, Ө С ХХК-ийн хооронд Х ХХК, А ХК-ийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ, А ХХК нь эвлэрлийн гэрээний дагуу Ө С ХХК-ийн эрх шилжүүлэн авагчаар нэр заасан шийдвэр, дээрхийг үндэслэн эрх шилжүүлэн авагчаар заагдсан Ө С ХХК болон Х ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 00 дүгээр сарын 26-ны өдрийн шаардах эрх шилжүүлэх гэрээнүүдийг байгуулсан.

Дээрх хэлцлүүдийн аль аль нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний чөлөөт байдалд нийцсэн, бусад этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хүчин төгөлдөр хэлцлүүд. Эдгээрийн алиныг ч хүчин төгөлдөр бусад тооцсон зүйл байхгүй.

6.4 2018 оны 00 дүгээр сарын 26-ны өдрийн шаардах эрх шилжүүлэх гэрээний 2.5-д эрх хүлээн авагч (Ө С ХХК) нь эрх шилжүүлэгчид (Х) ямар нэг төлбөр төлөхгүй ба зээлийн эх үүсвэрийг буцаан төлөх үүргийг А ХК-ийн өмнө хариуцна гэж заасан нь тухайн шаардах эрхийг хэрэгжүүлсний үр дүн болох мөнгөн төлбөрийг хүлээн авагч нь А ХК хэвээр байгааг харуулж байгаагийн зэрэгцээ уг хэлцэл нь эвлэрлийн гэрээний дараа байгуулагдсан, түүнийг хэрэгжүүлэх зорилготой хэлцэл болохыг нотлон харуулж байна.

6.5 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А ХК болон Ө С ХХК-ийн хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ дуусгавар болсон. Шаардах эрхийг цуцлах тухай гэрээ-г 2021 оны 00 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан. Энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлж, нэхэмжлэгчийг солих хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангасан. Тус шаардах эрх мөн өдрөөр А ХК-д өөрт нь буцаж шилжсэн гэж үзнэ. Зээлийн гэрээний харилцаа нь нэг талт үүргийн харилцаа буюу зээлдэгчийн зээл төлөх үүрэг нь үүрэг гүйцэтгүүлэгч солигдсон эсэх, шаардах эрхийг шилжүүлсэн эсэхээс үл хамааран хэрэгжих үндэслэлтэй.

6.6 Хариуцагч Б.Т, түүний төлөөлөгч нь зээл авсан, эргүүлэн төлөхөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны турш хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар огт маргаж байгаагүй. Б.Т 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа зээл төлөх үүргээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан тодорхой үйлдэл байх ба мөн заалтын дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 2019 онд Ө Сөөс Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн байгууллагын албан бланк дээр компани гэх боловч нэхэмжлэгчийн нэр нь нөхөрлөл гэж тамга дарагдсан үйл баримт тогтоогддог. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ХХК-ийн нэрийг шүүх хуралдааны явцад дурдсан. ХХК-аар 2000 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан. Мөн Улсын бүртгэлийн холбогдох журам, нөхөрлөл болон компанийн холбогдох журам, хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу тухайн үеийн Хуульчдын холбоонд бүртгүүлж, бүртгэлд хамрагдсан тэмдэглэгээ хийх ёстой байсан. Улсын Дээд шүүхийн тогтоолд уг асуудлаар дүгнэлт хийх боломжгүй байгаа бөгөөд шаардах эрх шилжүүлсэн гэрээ хэлцэл нь хүчин төгөлдөр байдлын талаар шүүхээс дүгнэлт хийх боломжгүй.

7.2 Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зөвшөөрөл авсны үндсэн дээр гэрээ байгуулсан тохиолдолд тухайн гэрээг хүчин төгөлдөр гэж тооцно. Ө С нь нэхэмжлэх эрхтэй этгээд байсан эсэхийг шалгах шаардлагатай. А ХК-тай гэрээ байгуулж, шаардах эрхийг шилжүүлэн авсан гэх боловч ХХК-аар 2000 онд гэрээ байгуулж, 2019 онд Ө С гэх байгууллагаар нэхэмжлэл гаргасан.

7.3 Зээлийн гэрээ нь Иргэний хуульд зааснаар энгийн зээлийн гэрээний харилцаа эсхүл мөн хуулийн 280 дүгээр зүйлд заасан харилцаа байгаа эсэхийг тодруулах ёстой. Мөн Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх хэсэгт зааснаар уг хуулийн 2-0 дүгээр бүлгийн асуудлыг зөвхөн хуульд заасан банк, эрх бүхий хуулийн этгээд эрхлэхээр зохицуулсан. Гэвч уг үйл ажиллагааг Ө С буюу Ө үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байгууллага эрхэлж болох эсэх асуудлыг тодруулахад анхаарах ёстой.

7.4 Иргэний хуулийн 450 дүгээр зүйл, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.5-д зааснаар дансандаа А ХК-аас ямар нэгэн байдлаар мөнгө хүлээж аваагүй байхад үнийн дүнг өсгөж шаардсан нь үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс А ХК, Ө Сийн шаардаж буй төлбөрийг үгүйсгэж байгаа бөгөөд Х ХХК-тай холбоотой асуудлыг нээлттэй гэж үзэж байна.

7.5 Мөн А ХК-ийн шаардах эрх үгүйсгэгдэж байгаа бөгөөд хэзээ нэхэмжлэл гаргасан талаар маргаантай байгаа учраас үгүйсгэж байна. Эрх бүхий этгээдийн үйл ажиллагааг Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасныг баримталж, шууд шилжүүлэн авсан үйл баримт тогтоогддог. Гэвч Иргэний хуульд хууль болон гэрээнд харшлах үйлдэл байгаа тохиолдолд шилжүүлэх боломжгүй гэж зохицуулсан. Уг зохицуулалтыг нэхэмжлэгч талаас өөрөөр тайлбарлан хэрэглэж байна. Зээлийн гэрээний дагуу барьцааны гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээнүүдийг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгэгдсэн. Шаардах эрхийг шилжүүлэхээр бичиг үйлдсэн нь Иргэний хууль зөрчигдөж байна.

7.6 Хуульд заасан хэлцэл, хэлбэрийн шаардлага хангаагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулагдсан гэж үзэж байна. А ХК, Х ХХК-уудын хооронд хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн. Мөн А ХК нь Х ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулсны дагуу 2000 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс захирамж гаргасан. Гэвч Х ХХК нь А ХК-аас зээл авсан тул зээлийн барьцаанд эд хөрөнгийг барьцаалсан үйл баримт тогтоогддог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлд дурдсан зээлийн асуудалд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахгүй гэх зохицуулалттай. Мөн хуульд тусгайлан заасан үүргийг бусдад шилжүүлж атлаа шаардах эрхийг хүчин төгөлдөр гэж тайлбарласан нь үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч А ХК нь хариуцагч Т., Т. , Б.Т, ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 650,490,751 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг шаардлага гарган маргажээ.

2.1 Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...Х ХХК болон Б.Т, ХХК-ийн хооронд 2013 оны 00 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан ЗГ1000/13/03/070 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 153,593,250 төгрөг, үндсэн хүү 429,806,232 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,091,267 төгрөг, нийт 650,490,751 төгрөгийг болон барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрхийг А ХК болон Х ХХК-ийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу шилжүүлж авсан. Уг эвлэрлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2000 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2000/16665 дугаар захирамжаар баталгаажуулсан гэж тодорхойлсон.

2.2 Хариуцагч нар нэхэмжлэлийг ...Х ХХК болон Б.Т, ХХК-ийн хооронд 2013 оны 00 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан ЗГ1000/13/03/070 дугаартай зээлийн гэрээний 3.1.9 дэх хэсэгт гэрээний нэг тал нөгөө талаас бичгээр зөвшөөрөл аваагүй тохиолдолд гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ ямар нэг хэлбэрээр гуравдагч этгээдэд шилжүүлж, залгамжлуулж болохгүй гэж заасан тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас шаардах эрхгүй гэж үгүйсгэн маргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдлийн хувьд зөв боловч маргааны зүйлийг буюу нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлолгүйгээр Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийн үндэслэлийг өөрчлөн дүгнэв.

4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна.

4.1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2000 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2000/16665 дугаар захирамжаар өргөдөл гаргагч А ХХК болон тайлбар гаргагч Х ХХК нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад ...Х ХХК-иас олгосон урьдчилж хийсэн ГБ/ТАХ-00-34 тоот гэрээний хавсралт 1, хавсралт 2-т дурдагдсан нийт 1,258,816,453 төгрөгийн дүнтэй зээлийн багцыг буюу зээлийн гэрээний төлбөр шаардах эрхийг, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийн хамтаар нийт 660,000,000 төгрөгийн төлбөр тооцон А ХХК, эсхүл А ХХК-ийн нэр заасан этгээдэд шилжүүлэх-ээр талууд эвлэрсэн 2000 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 200 дугаар эвлэрлийн гэрээг баталгаажуулсан, шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон. /3хх 00-21/

5. Хэрэгт Х ХХК болон Б.Т, ХХК-ийн байгуулсан гэх 2013 оны 00 дүгээр сарын 03-ны өдрийн ЗГ1000/13/03/070 дугаартай зээлийн гэрээ, мөн ЗНГ1000/13/06/147 дугаартай, 16/ЗНГ1000/13/12/256 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ тус тус авагдсан. /1хх 14-15, 00-18/ Гэрээнд Х ХХК нь 164,000,000 төгрөгийг, сарын 3,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар Б.Т, ХХК-д зээлүүлэхээр, мөн гэрээний төлбөрийн хуваарийг өөрчилсөн, мөн 164,300,000 төгрөгийг, сарын 4,5 хувийн хүүтэй болгон өөрчлөлт оруулсан талаар тусгасан. Түүнчлэн, 2013 оны 00 дүгээр сарын 03-ны өдрийн БГ/1000/13/03/070 дугаартай Зээлийн барьцааны гэрээ авагдсан. Уг гэрээнд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар нэхэмжлэлд дурдсан хөрөнгийг барьцаалсан талаар тусгасан байна. /1хх 19-36/

5.1 Дээрх Х ХХК болон Б.Т, ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх 2013 оны 00 дүгээр сарын 03-ны өдрийн ЗГ1000/13/03/070 дугаартай зээлийн гэрээний 3.1.9-д гэрээний нэг тал нь нөгөө талаас бичгээр зөвшөөрөл аваагүй тохиолдолд гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ ямарваа нэг хэлбэрээр гуравдагч этгээдэд шилжүүлж, залгамжлуулж болохгүй. Зээлдэгч нь нэгдэх, нийлэх, тусгаарлах зэргээр зохион байгуулалтын хэлбэрээ өөрчилж байгаа тохиолдолд 30 хоногийн өмнө зээлдэгчид бичгээр мэдэгдэх бөгөөд гэрээг шинээр бий болгож байгаа хууль ёсны эрх залгамжлагчид зээлдэгч нар барсан тохиолдолд хууль ёсны өв залгамжлагчид албан ёсоор шилжсэнд тооцно гэж заажээ.

5.2 Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж заасан. А ХК нь Х ХХК-аас хариуцагч нарт холбогдох зээлийн болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардах эрхийг өөртөө шилжүүлж авахдаа гэрээнд зааснаар хариуцагч нарт буюу үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 450 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу зээлийн болон хүүгийн, мөн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 650,490,751 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхгүй. Түүнчлэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй тул мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 450 дүгээр зүйлийн 451.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулж, шаардах эрхийг шилжүүлэн авсан талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлд харилцан тооцогдохгүй талаар зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйл, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа 2000 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ГБ/ТАХ-00-34 дугаартай эвлэрлийн гэрээгээр шаардах эрхийг шилжүүлж авсан гэх үндэслэлийг зааж, зээлийн гэрээний үүрэг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч нараас шаардсан. /2хх 5/

6.1 Гэтэл хариуцагч Б.Т, Т. нар нь дээрх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох ГБ/ТАХ-00-34 дугаартай эвлэрлийн гэрээ болон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2000 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2000/16665 дугаар захирамжид хамааралгүй Х ХХК болон Ө С ХХН-ийн хооронд байгуулсан гэх 2018 оны 00 дүгээр сарын 28-ны өдрийн ЭШ/18-05/КМ-16 дугаартай Шаардах эрх болон барьцааны эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /2хх 62-66/ шүүх хүлээн авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт нийцээгүй байна. Учир нь, сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохооргүй байна. Иймд шийдвэрийн тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

7. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2000 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181ШЗ200016665 дугаар захирамжаар А ХК, Х ХХК-ийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсан. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хариуцагч Т., Т. , Б.Т, ХХК оролцоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар уг үйл баримтыг энэхүү маргааны хувьд шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэхгүй.

8. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг зээлийн гэрээний үүрэг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч нараас шаардах эрхгүй гэж дүгнэсэн тул хөөн хэлэлцэх хугацааны талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй. Иймд хөөн хэлэлцэх хугацааны талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/01369 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 450 дүгээр зүйлийн 451.1, 005 дугаар зүйлийн 005.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ХХК, Б.Т, Т., Т. нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 650,490,751 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай А ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж,

тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч А ХК-д холбогдох хариуцагч Б.Т, Т. нарын сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,480,604 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 002 дугаар зүйлийн 002.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

М.БАЯСГАЛАН