Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2016/00402/И |
Дугаар | 503 |
Огноо | 2016-08-01 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 503
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын 2 дугаар багт оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, ОЙ66032303 регистртэй, Зөөд овогт Бадарчийн Норовын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Урансайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Норов шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1966 онд төрсөн. 50 настай. Би 1982 оны 7 дугаар сараас Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан. Одоо нас өндөр болж тэтгэврийн бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай болоход хөдөлмөрийн дэвтрээ гээдүүлсэн учраас шүүхэд хандаж байна. Иймд миний 1982 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Урансайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Норов нь миний холын хамаатан юм. Б.Норов нь 1982 оны 7 дугаар сараас Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан. Одоо нас өндөр болж тэтгэврийн бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай болоход хөдөлмөрийн дэвтрээ гээдүүлсэн учраас шүүхэд хандаж байна. Иймд Б.Норовын Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Норов нь Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргаж ирүүлсэн Бадарчийн Норовын Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
2. Б.Норовын 1989 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн төрөлтийн түүхэнд түүний ажлыг малчин гэж бичжээ,
3. Гэрч Б.Явууны шүүхэд өгсөн: “Миний бие 1981 оноос Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн Улиаст бригадад малчнаар ажилд орж 1992 онд нэгдэл хувьчлагдах хүртэл ажиллаад 1993 оны 3 дугаар сард “Цог” ХХК болоход нь үргэлжлүүлэн 2015 он хүртэл ажилласан юм. Б.Норов бид хоёр нэг нутгийн айл хоршоо олон жил амьдарсан хүмүүс юм. Миний санаж байгаагаар 1982 оноос эхлэн нэгдлийн малчин болж 1990 оныг дуустал ажилласан. Түүний нөхөр нь мөн “Цог” нэгдлийн малчин хүн байдаг юм. Б.Норов 1985 оны үеэр Эвлэлийн төв хорооноос баярын бичгээр шагнагдаж байсан санагдаж байна. Тухайн үед нэгдлийн даргаар Н.Юнгэр, Л.Дүүдэй, намын хорооны даргаар н.Дамдин гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
4. Гэрч Р.Пүрвээгийн шүүхэд өгсөн: “Би 1978 оноос Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлийн харьяа Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор ажилд орж 1985 он хүртэл ажиллаад Өмнөговь сумын “Цог” нэгдлийн Үйлдвэр бригадад тракторчноор 1990 он хүртэл, “Цог” компанид 1992 оны 6 дугаар сар хүртэл тракторчноор ажиллаж байсан. Б.Норов нь 1982 оны эхээр Өмнөговь сумын “Цог” нэгдлийн Улиастай бригадын малчнаар ажилд орж нэгдэл хувьчлагдах хүртэл буюу 1990 оныг дуустал ажилласан юм. Түүний нөхөр н.Энхтөр нь мөн Улиастай бригадын малчин байсан. Одоо ч гэр бүлээрээ малаа маллан амьдарч байгаа хүмүүс юм. Бид нэг байгууллагад хамт ажиллаж байсан нь үнэн юм” гэх мэдүүлэг,
5. Гэрч Б.Явуун, Р.Пүрвээ нарын Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Б.Норов нь Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас гаргаж ирүүлсэн Б.Норовын цалингийн тодорхойлолт, 1989 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн төрөлтийн түүхэнд түүний ажлыг малчин гэж бичсэн байдал, гэрч Б.Явуун, Р.Пүрвээ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.Норовын Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал 8 жил, 6 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Норовын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зөөд овогт Бадарчийн Норовын Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал 8 /найм/ жил, 6 /зургаа/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Норовын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР