Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/01207

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 07 210/МА2024/01207

 

 

Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2024/02001 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ө ХХК

Хариуцагч: М ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 24,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Ө ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр М ХХК-тай ө хотхоны В1, В2 болон 1-8 давхарын дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэхээр барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Бидний зүгээс тус хотхоны 2 орцны шатны маршийг бүхэлд нь, 1-8 давхарын нийт 20 орчим айлын орон сууцны дотоод заслын нийт 30,000,000 гаруй төгрөгийн хөлс бүхий ажлуудыг хийсэн.

1.2 Хариуцагч нь гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын хөлсөнд цувуулж 10,000,000 төгрөг төлсөн. Гэрээний хугацаа 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл байсан боловч хариуцагч талаас хамааралтайгаар ажил удааширч байсан. Хариуцагч нь хотхоныг халаалтаар хангах үүргээ биелүүлээгүйн улмаас ажил гүйцэтгэхэд хүндрэлтэй буюу цаашид ажлыг гүйцэтгэх боломжгүй байсан тул 2019 оны 10 дугаар сарын сүүлээр хариуцагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг цуцлаад, хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгсөн.

1.3 Талууд ажил хүлээлгэн өгөх үед хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлсийг 24,000,000 төгрөгөөр тооцож, хариуцагч нь төлөхөөр тохиролцож, хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч Б.Мтай уулзаж ажлын хөлсийг төлж барагдуулах талаар бичгээр гэрээ байгуулсан. Үлдэгдэл ажлын хөлс 24,000,000 төгрөг болохыг талууд хүлээн зөвшөөрч баталгаажуулсан.

Иймд хариуцагчаас ажил гүйцэтгэсний үлдэгдэл төлбөр 24,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Манай компани 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчтэй барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хооронд ажил гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон. Ажлын гүйцэтгэлээр гэрээгээр тохирсон ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй бөгөөд нийт 39,995,000 төгрөгийн ажлыг хийсэн болохоо илэрхийлсэн.

2.2 М ХХК нь захирал Б.Мын Хаан банк дахь 000000000 дугаар данснаас Ө ХХК-ийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирал П.Батдоржийн дансанд ажлын хөлсөнд 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 08 дугаар сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөг, 08 дугаар сарын 24-ний өдөр 7,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөг, нийт 27,500,000 төгрөг шилжүүлсэн.

Тодруулбал, нэхэмжлэгчээс хариуцагчид түүний хийж гүйцэтгэсэн нийт 39,995,000 төгрөгийн ажлын гүйцэтгэлээс 27,500,000 төгрөгийг төлсөн тул одоо үлдэгдэл 12,495,000 төгрөгийг төлнө.

2.3 Хэргийн 12 дугаар талд авагдсан хэлцлийг зөвшөөрөхгүй. Учир нь, хуулийн этгээдийн маргаан байхад тухайн баримт н.Батдорж нь н.Маас мөнгө нэхэмжилж байгаа тухай баримт гэж үзнэ.

2.4 Нэхэмжлэлд дурдсан 24,000,000 төгрөг яаж гарч ирсэн гэдгийг тодруулах ёстой. Хариуцагч нь 58,000,000 гаруй төгрөгийн ажил хийсэн гэж үзсэн. Гэхдээ авсан гэх 39,000,000 төгрөг дээр 27,000,000 төгрөгийг нэмэх юм бол 67,000,000 төгрөг болж, зөрүүтэй тоо гараад байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид 12,495,000 төгрөг төлөх үүрэгтэй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг үндэслэн хариуцагч М ХХК-иас 24,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,000.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 278,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Хоорондын хэлцэл гэх баримтыг үнэлэхдээ Б.М нь хариуцагчийг төлөөлөн байгуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь, тухайн баримтад хариуцагч байгууллагын тэмдэг дарагдаагүй тул хариуцагчийн байгуулсан хэлцэл гэж үзэхгүй. Түүнчлэн, ямар учраас 24,000,000 төгрөгийн үлдэгдэл болохыг шүүх зөв тогтоогоогүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 11,505,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Хариуцагчийн зүгээс нийт 39,000,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэж, 27,500,000 төгрөгийг төлсөн учраас 11,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг. Нэхэмжлэгч нь хариуцагч ө барилгын 1, 2 дугаар орцны дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэсэн учраас нийт 50,000,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч талаас хариуцагчид гаргаж өгсөн нэхэмжлэх баримтад 2 дугаар орцны дотоод заслын төлбөрт 39,995,000 төгрөгийг ашигласан. Мөн 2 дугаар орцны дотоод заслын төлбөрт хариуцагч нь 10,000,000 төгрөгийг төлсөн. Тухайн ажлыг хийж дуусгаад ажлыг хүлээлгэн өгөх үед талууд тооцоо нийлж, үлдэгдэл төлбөр 24,000,000 төгрөгийг удахгүй төлөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагчийн зүгээс 27,500,000 төгрөгийг төлсөн гэх боловч уг төлбөр нь тухайн барилгын 1, 2 дугаар орцны ажлын хөлс байсан. Нэхэмжлэгчийн зүгээс 2 дугаар орцны ажлын үлдэгдэл төлбөрийг аваагүй байсан учраас анх нэхэмжлэл гаргахдаа зөвхөн 2 дугаар орцны ажлын гүйцэтгэл, ажлын хөлстэй холбоотой асуудлыг нэхэмжлэлд дурдсан. Хариуцагч нь 2019 оны 02 дугаар сард ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг 24,000,000 төгрөг гэж тохиролцсоноос хойш төлөөгүй.

5.2 Хавтаст хэргийн 16 дугаар талд авагдсан талуудын хооронд хэлцэл гэх нэртэй баримтыг үйлдсэн. Уг баримтыг үйлдэхдээ хариуцагч сайн дураараа хүсэл зоригоо илэрхийлж, үлдэгдэл 24,000,000 төгрөгийг төлнө гэдгээ илэрхийлж, нотлох баримт үйлдсэн. Тухайн баримт нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн гэж үзэж байна. Мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын үлдэгдэл төлбөр 24,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоож, хэрэглэх ёстой хууль тогтоомж зөв тайлбарлан хэрэглэсэн. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 24,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Шаардлагын үндэслэлээ ...талууд үлдэх төлбөрийн талаар тооцоо нийлж баримт үйлдсэн гэж тодорхойлсон.

2.1 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 12,495,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг ...хэлцлийг хариуцагчийг төлөөлөх эрхтэй этгээд байгуулаагүй, ...тухайн хэлцэлд хариуцагч байгууллагын тэмдэг дарагдаагүй,...24,000,000 төгрөгийн үндэслэл тогтоогдоогүй гэж үгүйсгэн маргасан.

3. Ө ХХК болон М ХХК-уудын хооронд 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээгээр Ө ХХК нь ө хотхоны 1-8-р давхар В1, В2-ийн заслын ажлыг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр, М ХХК нь ажлын хөлс 126,857,050 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 8-13/

3.1 Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

3.2 Талууд гэрээгээр Ө ХХК нь Хан-Уул дүүрэгт баригдаж байсан Ө хотхоны 1 дүгээр ө хотхоны В1, В2-ийн заслын ажлыг хийж гүйцэтгэхээр, М ХХК нь ажлын хөлс 126,857,050 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон боловч гэрээ цуцлагдсан талаар зохигч маргаагүй. Гэрээ цуцлагдсан тохиолдолд ажил гүйцэтгэгч нь цуцлагдах хүртэлх хийсэн ажлын хөлсийг захиалагчаас шаардах эрхтэй.

3.3 Гэрээнд заасан ажлын хөлсөнд буюу 2 дугаар орцны заслын ажлын хөлсөнд хариуцагчаас нэхэмжлэгчид нийт 27,500,000 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй. Өөрөөр хэлбэл, хэргийн 49 дүгээр талд авагдсан хийсэн ажлын гүйцэтгэл 39,995,000 төгрөгөөс 27,500,000 төгрөгийг хариуцагч төлсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

4. 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Хоорондын хэлцэл гэх бичгийн баримтад СМ орон сууцны ажлын гүйцэтгэлийн төлбөрийг М ХХК Ө ХХК-д төлөх нь үнэн болно. Талуудын үнийн дүн 24,000,000 төгрөг гэжээ. /хх 16/

4.1 Улсын бүртгэлийн мэдээлэлд М ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Б.М 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс хойш бүртгэгдсэн, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан нь байх тул хариуцагчийн Б.М нь хариуцагчийг төлөөлөн байгуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй. Тодруулбал, ажлын хөлсний үлдэгдэл 24,000,000 төгрөгийг төлөх талаар хариуцагчийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.М хэлцэл байгуулсныг хариуцагч гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

5. Түүнчлэн, хариуцагч нь тухайн 24,000,000 төгрөгийг дээрх ажил гүйцэтгэх гэрээтэй холбоогүй буюу маргаанд хамааралгүй гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2024/02001 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

М.БАЯСГАЛАН