Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 84

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0106/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн даргаар                              Г.Отгонзаяа

Улсын яллагч                                               Я.Сансар,

Шүүгдэгч                                                       Ц.О нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.О-д холбогдох эрүүгийн 1939001580110 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, дээд боловсролтой, эрчим хүчний менежмент мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, К17-53 тоотод оршин суух хаягтай Ц.О /РД:/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.О нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Энхсайханыг Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, К17 дугаар байрны 53 тоотод байх гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Энхсайханыг Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, К17 дугаар байрны 53 тоотод байх гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Э.Энхсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай нөхөр Цахилгаан түгээх сүлжээ салбарт монтёроор ажилладаг. 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр манай нөхөр ажлаа хийж яваад хөлөө бэртээсэн юм. Тэгээд 7 хоногийн акт аваад гэртээ байж байхдаа ангийнхны уулзалт гээд Багануур явсан. Манай нөхрийг Багануурт байх хугацаанд нь түүний ажлын залуу Баярсайхан утсаар ярьж, танай нөхөрт хүн бэлэг өгсөн, чи ирээд авчих уу гэсэн. Би Баярсайхантай холбогдож байгаад манай нөхөрт өгсөн бэлгийг нь харахад эрэгтэй хүний тэлээ, амттан байсан. Тэгээд нөхөр рүүгээ залгаад энэ бэлгийг хэн чамд өгч байгаа юм бэ гэж асуухад манай хүн мэдэхгүй гээд утсаа тасалсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр манай нөхөр гэртээ ирэхэд нь энэ бэлгийг хэн чамд өгсөн юм бэ, нилээн үнэтэй бэлэг байна гэж хэлсэн чинь чамд хамаагүй, чамаас үнэтэй бэлэг өгөө л биз чамд хэлэхгүй гэхээр нь хамаагүй юм бол явлаа гээд гарах гэсэн чинь гэрийн түлхүүр байхгүй байсан. Түлхүүрээ хайж байхдаа нөхөртэйгөө хэрэлдэхэд, манай нөхөр буйдан дээрээс над руу дэр аваад шидэхээр нь би гартаа барьж байсан нөхрийн ажлын цүнхийг өөр рүү нь шидсэн юм. Тэгтэл босож ирээд миний зүүн нүд рүү цохьчихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №130 дугаартай шинжээчийн: “...Э.Энхсайханы биед зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 18 тал/,

Ц.Огийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар болон шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн: “...эхнэр Энхсайханы биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм зүйл хийхгүй, хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж гэмшиж байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Огийн  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ц.Од холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Ог Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Э.Энхсайханд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хариуг хэлсэн тул шүүгдэгч Ц.Ог бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Од холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг шүүгдэгчийн саналаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Ц.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.О-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-г 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ц.О-д оногдуулсан 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 300.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.О-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Ц.МӨНХТУЛГА