Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2016/00484/И |
Дугаар | 504 |
Огноо | 2016-08-02 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 504
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Баруунтуруун сумын 4 дүгээр багт оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, ОА61081516 регистртэй, Элжгэн овогт Базарсадын Сүрэнхорлоогийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өлзийцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Сүрэнхорлоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1961 онд төрсөн, 55 настай. Би Увс аймгийн Баруунтуруун сумын “Хар цагаан ус”-ны цогцолборт 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хот хоорондын монтёриор ажиллаж байсан. Одоо нас өндөр болж байгаа тул тэтгэврийн бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай болсон юм. Гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн учраас намайг Увс аймгийн Баруунтуруун сумын “Хар цагаан ус”-ны цогцолборт 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хот хоорондын монтёриор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Миний ажилд орсон тушаалыг гаргахдаа “Хот хоорондын” монтёр гэхийг “гол шугамын” монтёр гэж буруу нэршлээр гаргасныг зөвтгөн тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өлзийцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Сүрэнхорлоо нь миний аав юм. Аав маань Увс аймгийн Холбооны газрын Баруунтуруун сумын “Хар цагаан ус”-ны цогцолборт 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2003 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хот хоорондын монтёроор ажиллаж байсан. Гэтэл аавын хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн учраас түүнийг Увс аймгийн Холбооны газрын Баруунтуруун сумын “Хар цагаан ус”-ны цогцолборт 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2003 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэо хот хоорондын монтёроор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Анх ажилд орсон тушаалд нь хот хоорондын монтёр гэхийг гол шугамын монтёр гэж буруу бичигдсэн байдаг. Б.Сүрэнхорлоо нь Баруунтуруун сумаас Завхан аймгийн Тосонцэнгэл сум хүртэлх шугамыг хариуцаж ажиллаж байсан юм” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Сүрэнхорлоо нь Увс аймгийн Холбооны газрын Баруунтуруун сумын “Хар цагаан ус”-ны цогцолборт 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2003 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хот хоорондын монтёроор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Холбооны газрын даргын 1982 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 140 тоот “Монтёроор ажиллуулах тухай” тушаалд “Сүрэнхорлоог 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн авч ажиллуулсугай” гэжээ,
2. Увс аймгийн Холбооны газраас 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гаргаж ирүүлсэн Б.Сүрэнхорлоогийн Увс аймгийн Холбооны газар Баруунтуруун сум Хар цагаан усны Хот хоорондын монтёроор 1982 оны 11 дүгээр сараас 1994 оныг дуустал ажиллаж авч байсан цалин бичиж ирүүлжээ,
3. 1991 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Ж.Сүрэнхорлоогийн шагнуулсан “Баярын бичиг”,
4. Б.Сүрэнхорлоогийн 1995 оны 9 дүгээр сараас 2003 оны 4 дүгээр сар хүртэл бичилттэй Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
5. Увс аймгийн Холбооны газрын даргын 2003 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 51 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “…Б.Сүрэнхорлоог 2003 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй” гэж бичигджээ,
6. Гэрч Ч.Баттулгын шүүхэд өгсөн: “Би 1995 оноос эхлэн Увс аймгийн Холбооны газрын тооцооны нягтлан бодогчоор 1997 он хүртэл ажиллаад, 1997 оноос 2000 он хүртэл тус газрын эдийн засагчаар, 2000-2013 он хүртэл ахлах, ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажилласан. Б.Сүрэнхорлоо нь 1995 онд намайг Увс аймгийн Холбооны газарт ажилд ороход Увс аймгийн Холбооны газрын харьяа Барууруун сумын Холбооны салбарт Хар цагаан усны цогцолборын “Хот хоорондын монтёр”-оор ажилаж байсан бөгөөд 2003 он хүртэл тасралтгүй ажилласан юм. Би тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа сумдын цалин хөлс, бараа материалыг хариуцдаг, эдийн засагчаар ажиллаж байхдаа сумдын төсөв төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын ажлыг хариуцаж ажилладаг байсан. Мөн бүх сумдын засварчин, монтеруудын сургалт семинаруудыг жил бүр зохион байгуулж, жил бүр сумуудад хяналтын ажлаар явдаг байлаа. Энэ үеэр Баруунтуруун сумын Хар цагаан усны цогцолборт очиж ажилтай нь танилцаж заавар зөвлөгөө өгч ажиллаж байлаа. Мөн Б.Сүрэнхорлоогийн тушаал нь гол шугамын сүлжээний монтёр гэж явж байсан боловч яг өөрийнх нь хариуцан хийж байсан ажил нь Баруунтурууны Хар цагаан уснаас Цагаан уулын магнай хүртэл, Улаангомоос Малчин, Хяргас, Цагаанхарйхан, Зүүнтуруун, Зүүнхайнгай, Зүүнхангайн Цавдан, Завхан аймгийн Тэс сум, Тосонцэнгэл, Тосонцэнгэлээс Улаанбаатар хүртэл холбогдож байсан учраас хот хооронд хариуцдаг байсан гэсэн үг. Харин шугамын монтёр нь зөвхөн сумаа хариуцан ажилладаг байсан” гэх мэдүүлэг,
7. Гэрч Н.Буянтогтохын шүүхэд өгсөн: “Би 1982 оноос эхлэн Увс аймгийн Холбооны газрын харьяа Малчин холбооны салбарт шугамын гол монтероор 1982 оны 11 дүгээр сар хүртэл, 1982 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс Увс аймгийн Холбооны газрын харьяа Өлгий салбарын эрхлэгчээр 1983 оны 3 дугаар сар хүртэл ажиллаад, 1983 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс Увс аймгийн Холбооны газарт 2008 оныг дуустал тус тус ажилласан юм. Б.Сүрэнхорлоо нь Увс аймгийн Холбооны газрын харьяа Барууруун сумын Холбооны салбарт Хар цагаан усны цогцолборын хот хоорондын монтёроор 2003 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан юм. Тухайн үед би сумуудаас монтёруудыг цуглуулж хамтарч ажилладаг байсан учраас Б.Сүрэнхорлоог сайн таньж мэднэ, бид хамт ажиллаж байсан нь үнэн. Увс аймгийн Холбооны газрын даргаар А.Шаалуу, н.Шагдаржав, Ядамсүрэн, Ж.Лхагвасүрэн, Ш.Жамбалдорж, Баруунтуруун сумын салбарын даргаар Г.Нямгэрэл, Р.Баасанжав гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,
8. Гэрч Ч.Баттулгын Увс аймгийн Холбооны газар ажиллаж байсныг нотлох түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Н.Буянтогтохын Увс аймгийн Холбооны газар ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, итгэмжлэл зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Б.Сүрэнхорлоо нь Увс аймгийн Холбооны газрын Баруунтуруун сумын “Хар цагаан ус”-ны цогцолборт 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2003 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хот хоорондын монтёроор ажиллаж байсан болох нь Увс аймгийн Холбооны газрын даргын 1982 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 140 тоот “Монтёроор ажиллуулах тухай” тушаал, Увс аймгийн Холбооны газраас гаргаж ирүүлсэн Б.Сүрэнхорлоогийн цалингийн тодорхойлолт, 1991 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шагнуулсан “Баярын бичиг”, Б.Сүрэнхорлоогийн 1995 оны 9 дүгээр сараас 2003 оны 4 дүгээр сар хүртэл бичилттэй Нийгмийн даатгалын дэвтэр, Увс аймгийн Холбооны газрын даргын 2003 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 51 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч Ч.Баттулга, Н.Буянтогтох нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.Сүрэнхорлоогийн Увс аймгийн Холбооны газрын Баруунтуруун сумын “Хар цагаан ус”-ны цогцолборт 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2003 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 19 жил, 3 сар хот хоорондын монтёроор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Сүрэнхорлоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Элжгэн овогт Базарсадын Сүрэнхорлоогийн Увс аймгийн Холбооны газрын Баруунтуруун сумын “Хар цагаан ус”-ны цогцолборт 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2003 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 19 жил, 3 сар хот хоорондын монтёроор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Сүрэнхорлоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР