Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/01203

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 07 210/МА2024/01203

 

 

Б.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Н дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 104/ШШ2024/00197 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.А

Хариуцагч: Н

Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие 2017 оны 9 дүгээр сараас Нийн халдвартын тасгийн эрхлэгч, 2021 оны 01 дүгээр сараас амбулаторийн тасгийн А-ын их эмчээр ажиллаж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ажлаас халагдсан. Шүүхийн шийдвэрээр амбулаторийн тасгийн халдвартын кабинетын эмчээр эргэн томилогдон халдвартын эмчийн тушаал гарч, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт байгуулан ажиллаж байсан.

1.2 Нийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 дугаар тушаалаар миний үндсэн ажлын чиг үүргийг өөрчилж, жижүүрт гаргахгүй, багц цагийн сургалтад явуулахгүй, өрөөндөө дуудаж олон мэргэжлийн албаны хүмүүсийн дэргэд зүй бус үг хэллэгээр гутаан гүтгэн доромжилж, ёс зүйгүй авирлаж, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхэд халдаж ялгаварлан гадуурхаж байна.

1.3 Иймд Нийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Нийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 дугаар тушаал нь ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилготой. Эрүүл мэндийн төвийн дарга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан арга хэмжээ. Уг тушаалаар амбулаторийн тасагт ажиллаж байгаа нэр бүхий 6 эмчийг мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд ажиллах ажил үүргийн хуваарилалтыг хавсралтаар баталсан. Уг тушаалыг Монгол улсын төсвийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 16.5.1, 16.5.4, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын Эрүүл мэндийн даргын эрх үүргийн 2.6.3, 2.6.10, мөн ажил олгогчийн эрх үүргийн 4.1.1 дэх хэсэгт нийцүүлж гаргасан.

2.2 Багц цагийн сурталтад явуулаагүй гэх тухайд халдварт өвчин судлалын үндэсний төвийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.маагийн баталсан 2 хоногийн гепатит вирусийн халдварын тандалт, урьдчилан сэргийлэлт илрүүлэх, оношилгоо эмчилгээний хяналтын сургалтад удирдлагын түвшинд яриад сургалтад явах эмч нарын нэрсийг гаргаж, сургалтад хамруулсан. Харин Б.А эмч би явах ёстой гэсэн байр сууриас хандсан нь Эрүүл мэндийн төвийн даргын удирдах чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндэтгэлгүй хандаж, өгсөн үүрэг даалгаврыг эсэргүүцсэн үйлдэл гаргасан. Энэ нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.2.1, 4.2.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Сургалтад шаардлага хангасан эмч нар оролцсон. Өөрөө хуралд оролцсон атлаа өөрийнхөө хуралдсан хурлын тэмдэглэлийг өөрөө бичээд, үүнийгээ нотариатаар батлуулаад хэрэгт нотлох баримтаар өгчихсөн. Энэ нь байгууллагын дотоод журмыг зөрчсөн. Албан ёсоор н. гэдэг эмч хурлын тэмдэглэлийг хөтөлсөн. Хуралд Б.А эмчийг доромжилсон асуудал байхгүй.

2.3 Нэхэмжлэлдээ тэтгэвэрт гараад эмнэлгийн урилгаар ажиллаж байгаа эмч нарыг өндөр насны тэтгэвэрт гарсан авгайчууд гэж нас хүйсээр нь ялгаварлан гадуурхаж гэж бичсэн байдаг. Мөн эвлэлдэн нэгдэх эрхэд халдлаа гээд 16 тасгийн эрхлэгчийг үйлдвэрчний эвлэлийн хороонд гишүүнээр элсүүлэлгүй бүгдийг нь ажил мэргэжлээр нь жендерийн ялгаварлан гадуурхалт хийсэн. 4 жилийн хугацаанд Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга байхдаа нэг ч удаа Үйлдвэрчний эвлэлийн хурлыг зохион байгуулаагүй, ажилчдынхаа төлөө нэг ч юм хийгээгүй.

2.4 Б.А 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 дугаар тушаалыг Ндүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст гомдол гаргасан. Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн улсын байцаагч н.Б шалгаад Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.5.1-т заасныг удирдлага болгон Б.А эмчийн гаргасан гомдлыг холбогдох хүмүүсийн мэдүүлэг, нотлох баримтаар тогтоогдохгүй үндэслэлээр гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж, Ндүүргийн прокурорын байгууллага үүнийг хянаад Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна гэж үзсэн. Энэ дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан.

Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар Нийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 тоот тушаалын Б.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Нөөс 99,558 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Ажил үйлчилгээ зохицуулах тухай А/88 дугаар тушаалд Төсвийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 16.5.1-д заасан төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах, мөн хуулийн 16.5.4-т заасан төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх хуулийн заалтыг тус тус баримталсан нь актад тавигдах хуулийн шаардлага хангаагүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.2 Анхан шатны шүүхээс хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хэлсэн үгийг мушгин гуйвуулж, шүүхийн шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч талд ашигтай байдлыг зохиомлоор бий болгосон гэж үзэж байна. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Ажил үйлчилгээ зохицуулах тушаал гаргахдаа ажилтан нэг бүртэй уулзсан эсэхийг тодорхой мэдэхгүй байна, уулзсан байх, хүн нэг бүртэй зайлшгүй уулзах шаардлага байгаа юм уу гэж мэдүүлсэн ба анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтдээ Д., Б., Г. нарыг гэрчээр асуусан.

Уг тушаал нь хуульд нийцүүлэн, төсвийн шууд захирагчийн бүрэн эрх хэмжээний хүрээнд гарсан тушаал. Тушаалаар амбулаторийн тасгийн зарим эмч нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор гаргасан түр хугацаатай, зохицуулалтын чанартай тушаал бөгөөд нэхэмжлэгч Б.Атэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт-д заагдсан ажил үүргийн хэмжээнд хийгдсэн.

4.3 Анхан шатны шүүх Ндүүргийн Прокурорын газрын шийдвэрийг нотлох баримтын хүрээнд огт ач холбогдол өгөөгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч Б.Аийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад огт байхгүй зүйлийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтны ажил үүргийн хуваарийг өөрчилсөн тухай түүнд урьдчилан мэдэгдэж, тохиролцох талаар хуульд заасан журмыг зөрчсөн байна гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй, ор үндэсгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Нд холбогдуулан тус төвийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...тус төвийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 дугаар тушаалаар миний үндсэн ажлын чиг үүргийг өөрчилж, жижүүрт гаргахгүй, багц цагийн сургалтад явуулахгүй, өрөөндөө дуудаж олон мэргэжлийн албаны хүмүүсийн дэргэд зүй бус үг хэллэгээр гутаан гүтгэн доромжилж, ялгаварлан гадуурхсан гэж тодорхойлсон.

3.1 Хариуцагч шаардлагын үндэслэлийг ...төвийн дарга хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх үндэслэлээр ажилчдын ажлыг зохион байгуулсан тушаал гаргасан гэх агуулгаар үгүйсгэн маргасан.

4. Ажил олгогч Нийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 дугаар тушаалаар тус төвийн амбулаторийн тасагт ажиллаж байгаа зарим эмч нарын ажиллах ажил үүргийн хуваарь гарган, хавсралтаар баталж, хуваарийн дагуу ажиллуулахаар тогтоосон. Тушаалын хавсралтаар ажилтан Б.Аийн ажиллах үйл ажиллагааны чиглэлийг халдварт өвчин / вирусээс бусад халдварт/ гэж баталсан байна. /хх 23-24/

4.1 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Учир нь, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...А/88 дугаар тушаалаар миний үндсэн ажлын чиг үүргийг өөрчилж, жижүүрт гаргахгүй, багц цагийн сургалтад явуулахгүй, өрөөндөө дуудаж олон мэргэжлийн албаны хүмүүсийн дэргэд зүй бус үг хэллэгээр гутаан гүтгэн доромжилж, ялгаварлан гадуурхсан гэж тодорхойлж, уг тушаалыг хүчингүй болгуулахаар шаардсан.

4.2 Дээрх шаардлагын үндэслэл нь тушаалыг хүчингүй болгох шаардлагатай хэрхэн хамааралтай болохыг шүүх тодруулаагүй нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хэд хэдэн үндэслэлийг заасан байх бөгөөд эдгээр үндэслэл бүрд шүүх хууль зүйн дүгнэлт өгсний үндсэн дээр холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэх учиртай. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд энэ талаар бүрэн мэтгэлцээгүй байна.

4.3 Түүнчлэн, шаардлагын хүрээнд ажил олгогчийн тухайн тушаал нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх ямар эрхийг зөрчиж буй үйл баримтыг шүүх нотлох баримтын хэмжээнд зөв тогтоохоос гадна тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх ямар эрх сэргэх эсэхийг анхан шатны шүүх тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын үр дагаврыг тодруулах нь зүйтэй. Мөн нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээгээр ямар ажил гүйцэтгэж байсан, уг тушаалаар ажил нь хэрхэн өөрчлөгдсөн үйл баримт тодорхойгүй байна.

5. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, талууд энэ талаар мэтгэлцээгүй тохиолдолд хэргийн үйл баримт тогтоогдсон гэж үзэхгүй, давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ндүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 104/ШШ2024/00197 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 99,558 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

М.БАЯСГАЛАН