Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0087/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                                 Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                                              Я.Сансар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                Г.Баярсайхан,

Шүүгдэгч                                                                      Н нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н-д холбогдох  1939001140077  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 3, эцэг, эхийн хамт  Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй,  Н /РД:

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг, Булган 5-5 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч М-н нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр согтуугаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг, Булганы 5-5 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч М-н нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:  

1. Хохирогч М-н мөрдөн байцаалтанд өгсөн... 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 16 цаг өнгөрч байх үед манай хамтран амьдрагч болох Н надруу утсаар залгаад хаана байгаа юм, би архи ууж байна гэж ярьсан. Тэгээд намайг та хамгийн сүүлийн удаа нэг толгой угаагаад өгчих гээд байсан. Энэ явдлаас өмнө нь цагаан сарын баярын өмнө Нтай муудчихсан байсан юм. Залгахаар нь би за тэгвэл хүрээд ирээ гэж хэлсэн. Тэгээд 21 цагийн үед Н манай гэрт нилээн согтуу ирсэн. Тэгээд толгой угаалгана гэж ирснээ за за усаа халаагаагүй юм бол больё гээд байсан. Тэгж байснаа надад агсам тавиад гөлөг минь миний малыг аваарай, би угаасаа үхнэ гэх зүйл яриад байсан. Тэгээд гэрийн багананы хажууд хэвтээд өгсөн. Тэгээд гудас өгчих пизда минь, танайд унтъя болох уу, мөнгө өгнө гээд л хэрүүл өдөөд байсан. Тэгээд намайг чи Дэлгэрхаанд байхдаа өөр хүнтэй байж байгаад ирсэн биздээ гээд байсан. Тэгж байгаад гэнэт босож ирээд намайг заамдаж барьж аваад гараараа шууд миний зүүн нүд рүү цохьсон. Тэгээд намайг дараад гэрийн хойд талын орон дээр боогоод унагаасан. Тэгээд миний дээрээс боссон, намайг босоод ирсэн чинь Н мал минь наад нүд чинь хавдчихлаа гэж хэлж байсан.... Ныг гэрээс гарсны дараа би хажуу айлын хашаанд байх аавынхаа гэр лүү хүүхдээ аваад орсон. Тэгээд Н-ын ээж рүү хүүхэд чинь намайг зодоод байна ирж ав гэж хэлсэн. Тэгээд хүүхдээ аавынд үлдээчихээд буцаад гэр рүү орж байтал Н 2 ширхэг төмс аваад хүрээд ирсэн. Тэгснээ Н намайг чи манай ээж рүү ярьсан уу пизда гээд миний зүүн талын гуяруу өшиглөсөн....гэх мэдүүлэг..../ХХ-ийн 9-22 дүгээр хуудас/

2. Гэрч Х.Наранчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн... 2019 оны 02 дугаар сарын 22-ний шөнө яг хэдэн цаг гэдгийг нь бол сайн санахгүй байна. Намайг гэртээ хүүхдүүдээ хараад байж байхад М манай гэрт хүүхдээ дагуулаад орж ирсэн. Тухайн үед Мн зүүн талын нүд хөхөрч хавдсан байсан. Тэгээд Н намайг зодчихлоо гээд орж ирсэн. Тэгээд манайд хүүхдээ үлдээгээд Ныг ирж байна гээд гэрээс гараад явсан... Маргааш өглөө нь намайг Мн гэрт ороход хоёр талын шанаа нь хавдчихсан байсан....гэх мэдүүлэг..../ХХ-ийн 19-20 дугаар хуудас/

3. Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 90 дугаартай дүгнэлт....

- М-н биед зүүн нүдний зовхи, баруун шанаа бугалга, зүүн бугалга, гуянд цус хуралт, баруун шанаа зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна......гэх дүгнэлт....../ХХ-ийн 30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Н-ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч М нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Ныг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ .

Шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй байдлыг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б овогт Э-гийн Н-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ыг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-т оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын тамгын газарт өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин, хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Нт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.ГАНЗОРИГ